Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0207

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр

 

 

Дугаар 221/МА2018/0207

 

 

Улаанбаатар хот

 

Д.Ц нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээд Ж.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0045 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ц нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Ц 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар захирамж, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах”-г хүсчээ.

Хоёр. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0045 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Ц нэхэмжлэлтэй Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар захирамж, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Б нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 123/ШШ2018/0045 дугаар шийдвэр үндэслэл муутай, хэт нэг талыг баримталсан.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ гол үндэслэлийг нэхэмжлэгчийг ажилд анх томилсон Төв аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Б/640 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт байсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэжээ. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг томилсон захирамж нь илт хууль бус байгаагүй гэдгийг дараах үйл баримтаар баталгаажуулдаг.

Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт “аймгийн Засаг даргын 2013 оны Б/640 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан.

Үүнээс үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийг анх ажилд томилсон Төв аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Б/640 дугаар захирамжийг илт хууль бус гэж тайлбарлаж байгаа нь дээрх Б/106 дугаар захирамжаар үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл илт хууль бус актыг захиргааны байгууллага шийдвэр гарган хүчингүйд тооцох эрх зүйн үндэслэл байхгүй.

Мөн хариуцагч нэхэмжлэгчийн түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээг 2016 оны хагас, бүтэн жилийн байдлаар дүгнэсэн нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан. Хэрэв илт хууль бус актаар ажилд томилогдсон гэж үзэж байгаа бол үр дүнгийн гэрээг дүгнэх шаардлагагүй. Гэтэл үр дүнгийн гэрээг дүгнэсэн нь илт хууль бус актаар томилогдсон гэсэн тайлбараа үгүйсгэдэг. Мөн ажлаас чөлөөлсөн актын тэргүү хэсэгт “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” гэсэн байдаг нь төрийн албан хаагч бөгөөд эрх зүйн харилцаа байсан, илт хууль бус актаар томилогдоогүй гэдгийг захиргаа өөрөө хүлээн зөвшөөрч байна.

Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээ, цалингийн сүлжээ зэргийг хэргийн материалд нотлох баримтаар авагдсан.

Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчим баримтлана”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.

Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дүгээр захирамжийн тэргүү хэсэгт “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” гэсэн байдаг бөгөөд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг заасан Төрийн албаны тухай хууль болон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн аль ч зүйл заалтыг уг захирамждаа үндэслээгүй. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад тусгасан боловч анхан шатны шүүх харгалзаж үзээгүй.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамжийн гол үндэслэх хэсгийг Төв аймаг дахь Төрийн албан салбар зөвлөлийн 2017 оны 21 дүгээр тогтоол болгосон. Төрийн албаны төв зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай 128 дугаар тогтоолын 4.2 дахь хэсэгт “Салбар зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн” гэж журамласан. Гэтэл салбар зөвлөл 2017 оны 21 дүгээр тогтоолыг хуралдалгүйгээр гаргасан, хэрэв хуралдсан бол хурлын тэмдэглэл гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваад шаардсан, шүүхийн шийдвэрт хурлын тэмдэглэл ирүүлээгүй. Үүгээр хуралдалгүйгээр тогтоол гаргасан, уг тогтоол нь захиргаан актын үндэслэх хэсэг болсон нь харагддаг. Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дүгээр захирамжид сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан гэх Ж.Г томилсон. Удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь 3 үе шаттай явагддаг. 1-т баримт бичгийн шалгалт, 2-т ерөнхий мэдлэгийн шалгалт, З-т ур чадварын /ярилцлага/.

Гэтэл уг захирамжаар томилогдсон Ж.Г Ойн ангийн даргын ажлын байранд тавигдах баримт бичгийн шаардлага буюу “Байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх” гэсэн шалгуурыг хангаагүй, түүнчлэн Газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй этгээдийг Батсүмбэр суман дахь Ойн ангийн даргаар томилсон нь хууль бус сонгон шалгаруулалт, нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсоор байтал анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үнэлж дүгнээгүй.

Энэ талаар Төрийн албан зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1293 дүгээр албан дүгнэлт хэргийн материалд авагдсан.

Мөн хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/106, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дүгээр захирамжуудыг тус тус гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах, 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас, 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх зэрэг хуульд заасан үйл ажиллагаануудыг огт хийгээгүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад дээрх ажиллагаанууд хийгдсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгтээ тусгасан боловч анхан шатны шүүх хянаж үзээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд Захиргааны актыг мэдэгдэх үйл ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан боловч хариуцагч ийм ажиллагааг огт хийгээгүй, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/106 дугаар захирамжийг нэхэмжлэгч өөрөө байгууллагынхаа бичиг хэргээс лавлаж байж 7 хоногийн дараа олж мэдсэн гэдэг. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх ажиллагаа явуулсан гэж анхан шатны шүүх үзэж байгаа нь илт үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг мэдэгдсэнээ баталгаажуулна” гэж заасныг зөрчсөн. Ийнхүү дээрх захирамжийг мэдэгдсэн баталгаажуулсан талаар хэргийн материалд ямар нэг үйл баримт байхгүй.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Зөвлөмжийн 2.2 дахь хэсэгт боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэхдээ, мөн хуульд заасан боловч ажилтан хуульд заасан болзол хангахаар цаашид суралцаж байгаа байдал зэргийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх нь зүйтэй гэж заасныг шүүх баримтлаагүй.

Нэхэмжлэгч хэдийгээр тухайн албан тушаалыг эрхлэх мэргэжлийн шаардлага хангаагүй байсан хэдий ч ажилтан хуульд заасан шаардлагыг хангах талаар байгаль орчны чиглэлээр цаашид суралцаж төгссөн талаарх боловсролын гэрчилгээг хэргийн материалд нотлох баримтаар авахуулсан боловч анхан шатны шүүх дүгнэж үзээгүй.

Анхан шатны шүүхийн хууль бус үйл ажиллагааны тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гаргасан бөгөөд хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу 259 хоногийн дараа хянан шийдвэрлэсэн. Мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр буюу 34 хоногийн дараа бичгээр үйлдсэн. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсан даруйд нь гардаж авсан.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2018/0045 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэл, бусад холбогдох баримтаар Д.Ц нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” А/106 дугаар захирамжийг тухайн үед мэдэж байсан болох нь хангалттай тогтоогддог, энэ талаар ч үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох бус харин нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаагүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Төв аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Б/640 дүгээр захирамжаар Батсүмбэр сум дундын ойн ангийн даргаар нэхэмжлэгч Д.Ц анх томилохдоо Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж, сонгон шалгаруулалт явуулаагүй, энэ талаарх Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 135 дугаар албан бичгийг үндэслэн хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар дээрх захирамжийг хүчингүй болсонд тооцон, улмаар 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ойн ангийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Гэтэл нэхэмжлэгч энэхүү тушаалыг тухайн үед мэдэж байсан ч маргаагүй, харин уг ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар Ж.Г томилж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан түр орлон гүйцэтгэгчээр томилсон өмнөх дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын захирамжийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй боловч энэхүү хугацааг нэхэмжлэгч хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, хэдийгээр уг захирамжийг Д.Ц хэрхэн мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй ч, “…байгууллагынхаа бичиг хэргээс лавлаж байж 7 хоногийн дараа олж мэдсэн…” гэх өөрийнх нь тайлбар, бодит нөхцөл байдлаас үзэхэд “мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчийг буруутган нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.

Иймд нэгэнт түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалтай хуульд заасан хугацаанд маргаагүй нэхэмжлэгчийн тухайд Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн даргын албан үүргийг бүр бус түр орлон гүйцэтгэж байсны хувьд Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдахгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ц нь зарласан сонгон шалгаруулалтад оролцоогүйгээс гадна ойн ангийн даргын ажлын байранд тавигдах “байгаль орчин, экологич” мэргэжилтэй байх шаардлагыг хангахгүй байх тул аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар ойн ангийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор нэр дэвшүүлсэн Ж.Г томилж, нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй.

Давж заалдах гомдолд дурдсанчилан анхан шатны шүүхээс Засаг даргын 2013 оны Б/64 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт байсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар болон Салбар зөвлөлийн 2017 оны 21 дүгээр тогтоолыг тус тус шийдвэрийн үндэслэл болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалттай маргаагүй ч хавтаст хэргийн 95 дугаар талд авагдсан Төв аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаар албан бичигт “салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр тогтоолын тэмдэглэл нь 2 дугаар сарын 3-ны өдрийн 1 дүгээр тэмдэглэл болохыг, тогтоолын огноо, дугаарыг андууран бичиж техникийн алдаа гаргасан болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх тул 21 дүгээр тогтоолыг хуралдалгүйгээр гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0045 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “…Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар захирамж,…” гэснийг хасч, тогтоох хэсэгт “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/106 дугаар захирамжийн Д.Ц холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН