Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 30

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгч Ц.Сувдмаа, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, иргэдийн төлөөлөгч З.Энхбаяр, нэхэмжлэгч Д.Шинэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баттулга, гуравдагч этгээд Ц.Цогдорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хорлоо, тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.Шинэнгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Галуут сумын Засаг даргад тус тус холбогдох  “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 14-т заасан Цэендоржийн Цогдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож манай газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Шинэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Шинэн нь 1970 оноос хойш өдийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт "Өргөөтийн голын хад" гэх өвөлжөө, "Богоч" гэх хаваржааг эзэмшиж нутагласаар байр хороог нь өөрийн хүчээр барилцаж босгосон юм.

Ингээд 2003 оноос эхлэн сумын удирдлагаас өгсөн үүргийн дагуу "Өргөөт" гэх ТББ-ыг мал аж ахуй эрхлэх, өвөлжөө, хаваржаа, бэлчээр ашиглах зорилгоор байгуулж

өөрийн эзэмшиж байсан "Өргөөтийн голын хад" гэх өвөлжөө, "Богоч" гэх хаваржааны газруудыг тус тус ТББ-ын нэр дээр бүртгүүлж, Галуут сумын Засаг даргын зөвшөөрлөөр одоог хүртэл ашиглаж байна.

Би Галуут сумын 1 дүгээр багийн Өргөөт гэх рашааны дээд талд орших "Богоч" гэх тус хаваржааг анх барихад нь буюу 1968 онд суурийг нь тавилцаж чулуу гуплэн хороог нь барилцаж байгаад цэргийн албанд явсан. Ингээд 1971 онд халагдаад ирэхэд тус хороог барьж дуусгасан, манай аав Дамбий суурийн ахлагч фермийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Улмаар тухайн хороог намайг мал маллахаар боллоо гэж надад өвөлжөө "Голын хад", хаваржаа "Богоч" гэж албан ёсоор хүлээлгэж өгч байсан. Үүнээс хойш би тасралтгүй 45 жил тус хаваржааг эзэмшиж, хамгаалсаар өдийг хүрсэн. Би 1971 онд эхнэр Цэдэндоржийн Бямбасүрэнтэй гэрэлснээс хойш зургаан хүүхэд өсгөсөн. Ингэхдээ жилийн жилд тус хаваржаанд хаваржиж, хашаа, хороог нь засаж сайжруулж байсан. Нэгдэл гэж байх үед сууриараа тус хаваржааг зургаан өрх айл эзэмшиж хамгаалж байсан бөгөөд 1992 оноос эхлэн мал хувьчлахад тус хаваржааг манайх ээж Донжоо, дүү Цэрэндорж, манай хүүхдүүд үргэлжлүүлэн эзэмшиж улмаар одоог хүртэл тус хаваржаанд хаварждаг.

Тус хаваржааны хороог 2014 оны 08 сарын 06, 07, 08-ны өдрүүдэд жижиг гэр барьж хороог нь сэлбэн өндөрлөж, өөр газраас машинаар чулуу ачин буулгаж байсан. Энэ хороог засаж байхад ажилласан Б.Баасанбат /Баян-Овоо сумын малчин/, Н.Ганболд , Доотүдэв, Баасанбатын Нямсүрэн, /манай багийн малчид/ манай хоёр хүүхэд болох Ш.Лхагвасүрэн, Ш.Батзориг нартай хамтарч сэлбэж сайжруулж байсан.

Гэтэл Ц.Цогдорж гэх айл 2015 оны 3 сард "Богоч" гэх хаваржааны газар нь манай хаваржаа гэж ирээд манай хаваржаан дээр бууж улайм цайм малын бэлчээр булаацалдан хэл амаар доромжилж эцэг, өвгөдөөс эхлэн уламжлагдаж олон жилийн хугацаатай үе дамжин нутаглан эзэмшиж ирсэн нутаг, бэлчээрийг авахаар дайрсан. Энэ үед яагаад энд ингэж буусан талаар хэлэхэд "Танайх үхэх гэж хэвтэж хичнээн юм хэрэглэдэг юм бэ" гэж хэлж хэл амаар доромжилж байсан. Энэ оноос өмнө Ц.Цогдорж гэх айл ерөөсөө бууж байгаагүй, манай хаваржаа байсан гэдгийг тэр газар байгаа малчид сайн мэднэ. Мөн Ц.Цогдорж нь 1990 оны дунд үеэс Өргөөтөд нутагласнаас хойш одоо хоёр өвөлжөө эзэмшиж байгаа бөгөөд энэ өвөлжөөгөө бүрэн эзэшихгүй байж манай хаваржааг булаацалдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яагаад энэ асуудал гарсан талаар бид 2015 оны 03 сарын сүүлээс эхлэн асууж, сураглахад 1 дүгээр багийн Засаг дарга Ц.Батнасан нь өөрийн дүү Ц.Цогдоржид бичиг баримт бүрдүүлж өгсөн тухай хүмүүс хэлсэн байсан. Улмаар манай хүү 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бидэнд Галуут сумын Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гэх бичгийг гаргаж өгсөн. Тэгээд яагаад үүнийг бидэнд эрт өгөөгүй юм бэ гэхээр "Гэртээ авч ирсэн байсан. Та хоёрт хэлье гэж байгаа мартсан байна лээ." гэж хэлсэн.

Ингээд энэ талаар гарсан тоггоолыг сүүлд үзээд улмаар бичиг баримт нь "Өргөөт" ТББ-н нэр дээр сумын засаг даргын шийдвэр гарсан байсан тул шүүхэд тухайн үед нь "Өргөөт" ТББ-н нэрээр нэхэмжлэл өгч одоо шийдвэрлэгдэх гэж байгаа. Би насан туршдаа эзэмшиж байсан хаваржаагаа "Өргөөт" ТББ байгуулсан гэж тухайн сумд мэдээлж байсан.

Миний гэр бүлээрээ хаваржиж байсан хаваржааг баталгаажуулж сумын Засаг дарга 2003 оны 11 сарын 21-ны өдрийн №36 тоот захирамжаар манай ТББ-н нэр дээр Галуут сумын "Богоч" гэх хаваржааны газрыг ашиглуулахаар олгосон, мөн манайх насан туршдаа тус хаваржааг эзэмшиж байсныг мэдсээр байж "Галуут сумын 1-р багийн Иргэдийн Нийтийн хурлын тогтоол" гэх 2007 оны 04 сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг гаргасан нь бидний газар ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн.

Мөн манайх Галуут сумын 1 дүгээр баг "Богоч" гэх хаваржааны газрыг 1970 оноос хойш тасралтгүй одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байхад дээр гарсан Иргэдийн Нийтийн хурлын тоггоол гэх зүйлийг үндэслэн "Галуут" сумын Засаг дарга нь 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот захирамж гаргаж Ц.Цогдоржид "Өргөөтийн үзүүрийн бууц" нэртэй хаваржааны доорхи газрыг олгосон нь миний болон манай хүүхдүүдийн эрх ашгыг ноцтой зөрчиж байна.

Иймд Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2007 оны 04 сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хавсралтын 14-д заасан Цэендоржийн Цогдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Галуут сумын засаг даргын 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжын Ц.Цогдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгч бидний насан түршид хаваржиж байсан хаваржаагаа эзэмших бололцоогоор хангаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Шинэн нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 14-т заасан Цэендоржийн Цогдоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож манай газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад талууд харилцан тохиролцож “..нэг талаас “Өргөөт” ТББ иргэн Д.Шинэн нөгөө талаас Галуут сумын Засаг дарга С.Баттулга, гуравдагч этгээд Ц.Цогдорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хорол бид дараахи үндэслэлээр эвлэрэв.

1.Талууд маргаж буй “Өргөөтийн богоч” гэх хаваржааны газрыг иргэн Д.Шинэн буюу “Өргөөт” ТББ-ын эзэмшилд, түүний дээрхи хаваржааны чулуун хороог 100% буюу бүгдийг нь Ц.Цогдорж болон түүний гэр бүл Ж.Хорол нар авахаар боллоо.

 2.Тус хаваржааны чулуун хороог шинэ газарт зөөж барихад Д.Шинэн болон түүний гэр бүл “Өргөөт” ТББ, сумын Засаг даргын тамгын газраас хамтран барилцаж өгнө.

3. Хариуцагч болох сумын Засаг дарга нь тус “Өргөөтийн богоч” гэх хаваржааны газар байрлаж байгаа газраас ертөнцийн зүгээр баруун зүгч 100 м газарт 0,7 га газрын хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор гаргаж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Ц.Цогдоржид өгнө.

4. Шинэ олгогдсон газарт 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор шинэ чулуун хороог барилцаж өгөх үүргийг нэхэмжлэгч хариуцагч нар тус тус хүлээнэ.

5. Сумын Засаг даргын тамгын газраас шинэ чулуун хороо барихтай холбогдуулан 3 хүний гурван өдрийн ажлын хөлсийг бодож олгон хүн хүчний туслалцаа үзүүлнэ.

6. Талууд тухайн хэргийн талаар нэгэнт эвлэрсэн тул энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй, үндэсний өв уламжлал, бие биенээ хүндэтгэх харилцааг урьтал болгож цаашид бие биенээ элдэв муу үгээр дайрч давшлахгүй байх үүрэг хүлээнэ.

7. 2017 оны хавар “Өргөөтийн богоч” хаваржаанд гуравдагч этгээд Ц.Цогдорж түүний гэр бүл хаваржихаар тохиролцов.

8. Шинээр хаваржаа барих хүртэл хугацаанд тус маргаан бүхий хаваржааны чулуун хороог хэн аль нь хөндөхгүй байх үүрэг хүлээнэ.

9. Энэ асуудлыг талууд сайн дураараа биелүүлэх үүрэг хүлээнэ..” гэсэн эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасантай нийцэж байх ба мөн хуулийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн баталж, Д.Шинэнгийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Галуут сумын Засаг даргад тус тус холбогдох   захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрлийн баталж, Д.Шинэнгийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Галуут сумын Засаг даргад тус тус холбогдох   захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ