Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ20176/00111

 

“Агь” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00605 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1874 дүгээр магадлалтай,

“Агь” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Мөнхтуяад холбогдох,

53.696.603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч П.Ачмаа, Г.Цэцэгдэлгэр, Б.Даваажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр,  нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Агь” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Мөнхтуяатай 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ, барьцааны гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12A-XG тоот хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус  байгуулж, худалдааны төлөөлөгчөөр ажиллуулсан.  Барьцааны гэрээг эх Д.Сэлэнгэ, эгч С.Мөнхтуул нараас С.Мөнхтуяа өөрөө итгэмжлэл хийлгэн байгуулсан. Компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлж,  нийгмийн даатгал бусад цалин хангамжийг цаг тухайд нь өгч, борлуулах бараа бүтээгдэхүүнийг С.Мөнхтуяагийн захиалсан төрөл, тоо, хэмжээгээр зээлээр нийлүүлж байсан. С.Мөнхтуяа өөрийн борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг цаг тухайд нь төлөх үүрэг хүлээж, 2016 оны 01 дүгээр cap хүртэл 3 жил ажилласан. 2015 оны эхнээс С.Мөнхтуяа бараа бүтээгдэхүүн борлуулсаны төлбөрийг хугацаанд төлөхгүй байсан ба өр төлбөрөө барагдуулж ажиллаж чадна, хугацаа өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу хугацаа олгож өр барагдуулах гэрээ хийсэн. С.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 132.1, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.1-т заасны дагуу С.Мөнхтуяатай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг үндэслэн, түүний хүлээн авсан барааны төлбөрийн үлдэгдэл, торгууль, гар утас болон ажлын хувцасны төлбөр, мөн  нотариатын зардал  нийт  53.696.603 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. С.Мөнхтуяа нь өөрийн буруугаас компанид хохирол учруулсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.3-т энэхүү гэрээтэй дагалдаад бараа материал хүлээлцэх хуудас байна гэж заасан бөгөөд бараа хүлээлцэх бүрт хөтөлж явахаар тусгасан боловч энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй. Иймд ямар ч нотлох баримтгүйгээр хариуцагчаас 52.684.603 төгрөгийг шаардах эрхгүй. С.Мөнхтуяа нь уг барааг авсан, хэрэглэсэн, хугацаа олгохыг хүссэн талаар бичээгүй харин өөр компаниуд өртэй байгааг хасч тооцож өгнө үү гэсэн байгаа. Энэхүү хэлцэлд С.Мөнхтуяагийн хүсэл зориг байхгүй, компани хүчээр байгуулсныг дурдах нь зүйтэй. Хэлцэл дээр өөр хүн С.Мөнхтуяа гэж бичээд өөрөөр нь хурууны дардсыг даруулсан. Уг хэлцлийг ямар өр төлбөр гарсан баримтын үндсэн дээр хийгдсэн нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00605 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Агь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Мөнхтуяад холбогдох 53.696.603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж дутуу төлсөн 4.553 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1874 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00605 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т зааснаар хариуцагч С.Мөнхтуяагаас 7.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Агь” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45.796.603 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426.433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 141.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Агь” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Агь” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426.433 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1874 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 53.696.603 төгрөгийн шаардлагаас 45.796.603 төгрөгийг хэрэгсэхгүй болгон компанид асар хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг үндэслэсэн боловч энэхүү заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2, мөн хуулийн 64.2-д бичгээр олгосон итгэмжлэл нь ямар шаардлагыг хангахыг тодорхойлсон.

Хариуцагч С.Мөнхтуяа нь “Амгалан ахуй аудит” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 58/16 тоот хараат бус аудиторын тайлангаар 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 31-ний хооронд “Агь” ХХК-ийн  няраваас хүлээн авдаг зарлагын баримт, санхүүтэй тооцоо нийлдэг авлагын бүртгэлийн 819 ширхэг баримтаар,

2013 онд 485.414.513 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээн авч 7.900.000 төгрөгийн барааны төлбөр барагдуулаагүй,

2014 онд 663.260.880 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээн авч 15.666.040 төгрөгийн барааны төлбөр барагдуулаагүй,

2015 онд 820.108.520 төгрөгийн үнэ бүхий барааг хүлээн авч 33.006.010 төгрөгийн барааны төлбөр барагдуулаагүй болох нь тогтоогдсон. Иймд 2013-2015 оны хугацаанд хариуцагчийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үнийн дүн 56.572.050 төгрөг буюу ийм үнийн дүн бүхий барааг хариуцагч эгүүлж төлөөгүй болно.

Харин энэхүү өр авлагыг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хүрээнд нэхэмжлэгчээс 2015 оны 8 дугаар сарын 31-нээс 12 дугаар сарын 30-ны хооронд хариуцагчийн цалин, барьцаа хөрөнгийн хуримтлал, шагналаас нь суутгаж 5.396.948 төгрөгийг барагдуулсан. Ингэхэд хариуцагчийн хүлээн авсан нийт барааны авлагын үлдэгдэл буюу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үнийн дүн 51.175.102  төгрөг болсон. Мөн тайланд хариуцагч С.Мөнхтуяа нь бараанаас гадна байгууллагаас утасны төлбөрт нийт 537.365 төгрөгийн, байгууллагаас түүнд олгосон ажлын хувцасны үнэ болох 77.916 төгрөгийг эгүүлж төлөөгүй болохыг тогтоосон. Түүнчлэн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Өр төлбөр барагдуулах хэлцлээр С.Мөнхтуяа нь “Агь” ХХК-иас хүлээн авсан барааны төлбөр тооцооны үлдэгдэл 48.672.050 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн байгууллагад хандан 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ 48.672.050 төгрөгийн өр авлагатай байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Энэ дүн нь хариуцагчийн 2014 онд хүлээн авсан барааны үлдэгдэл болох 15.666.040 төгрөг, 2015 онд хүлээн авсан 33.006.010 төгрөгийн нийлбэр юм. Иймд хариуцагч С.Мөнхтуяа нь 2014, 2015 онд нэхэмжлэгчээс баримтаар бараа буюу эд хөрөнгө хүлээн авснаа зөвшөөрсөн болно.

Давж заалдах шатны шүүх аудитын тайлан, өр барагдуулах хуваарь зэрэг баримтуудыг үнэлж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 819 ширхэг баримтаар 51.175.102 төгрөгийн үнэ бүхий бараа хүлээн авсан боловч түүний төлбөрийг барагдуулаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа зөвхөн 1 жил буюу 2013-2014 он хүртэлх хугацаанд үүссэн өр төлбөр буюу буцааж өгөөгүй тооцооны үлдэгдэл 7.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүх Аудитын тайланд тусгагдсан 2014-2016 оны тооцооны үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хүрээнд төлүүлэх боломжгүй гэж үзэх болсон учир шалтгаанаа зөвтгөхдөө хуулийн ямар ч зүйл, заалтыг үндэслээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг ноцтой зөрчжээ.

Давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтээрээ нэхэмжлэгч нь 2014 оноос хойш хариуцагчийн учруулсан эд хөрөнгийн хохиролд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч байгаа атлаа үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь магадлал зөрчилтэй болохыг харуулж байна.

2. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг заасан. Иймд шүүх мөн хуулийн 135 дугаар зүйлийг 135.1-ийг хэрэглэхдээ дээрх заалтыг заавал үндэслэх учиртай. Өөрөөр хэлбэл, шүүх байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирол нь ажилтны хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой эсэхийг тогтоосны үндсэн дээр ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг шалгах учиртай. Харин давж заалдах шатны шүүх  Хөдөлмөрийн  хуулийн 132.1-ийг хэрэглэлгүйгээр шууд 135.1-ийг шалгасан. Нэхэмжлэгч “Агь” ХХК болон хариуцагч С.Мөнхтуяагийн хооронд 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар хариуцагчид хөдөлмөрлөх үүрэг үүссэн. Тус гэрээний 4.2.3-т “ажилтан нь компанид 1-2 жил тогтвор суурьшилтай ажиллах үүрэгтэй” гэж зааснаар гэрээний хугацаа тодорхойлогдсон. Мөн гэрээний 1.9, 1.6, 4.2.9-д заасныг буруу ойлгожээ.

Ийнхүү нэхэмжлэгч буюу ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч С.Мөнхтуяаг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл хугацаанд тэрээр ажил үүргээ тасралтгүй гүйцэтгэж, цалин хөлсөө хэвийн авч явсан. Харин энэ хугацаанд хариуцагч нь байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн хөдөлмөрлөх үүрэг дуусгавар болоогүй байхад эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ дуусгавар болсон гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйтэй шууд холбоотой.

Нөгөө талаас давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор буюу хохирол учруулсан этгээд уг гэм хор буюу хохирлыг хариуцан арилгах нь гэрээгээр бус хуулиар хүлээсэн үүрэг билээ. Гэтэл шүүх хариуцагч байгууллагад хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад түүний 2014-2016 он хүртэл хугацаанд байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирол болох бараа бүтээгдэхүүний өр авлагыг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг үндэслэн нөхөн төлөх үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг гэрээгээр хязгаарласан ноцтой зөрчил гэж үзэж байна.

3. Шүүх нэхэмжлэгчээс Аудитын тайлан гаргуулахад болон нотариатын зардалд 1.012.000 төгрөгийг нэхэмжилсэн нь хариуцагчийг үүргээ биелүүлээгүйгээс гаргасан нэмэлт зардал, хохирол гэж үзэх боломжгүй гэж дүгнэхдээ мөн хуулийг үндэслээгүй байна. Учир нь Иргэний хуулийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан. Аудитын тайлан, нотариатын зардал нь хариуцагч хөдөлмөрлөх үүргээ зөрчсөний улмаас байгууллагад учирсан хохирлыг төлүүлэхийн тулд нэхэмжлэгчээс гарсан шууд зардал билээ. Иймд шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1874 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжилсэн 53.696.603 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Агь” ХХК нь хариуцагч С.Мөнхтуяад холбогдуулан барааны үнийн үлдэгдэл төлбөр 51.175.102 төгрөг, торгууль 1.037.506 төгрөг, гар утасны ярианы төлбөр 393.623 төгрөг, ажлын хувцас үнэ 77.916 төгрөг, нотариатын зардал 1.012.000 төгрөг нийт 53.696.603 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...компанид хохирол учруулаагүй” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

“Агь” ХХК нь С.Мөнхтуяаг худалдааны төлөөлөгчийн ажилд томилж, 2013 оны 1 дүгээр сарын 08-ний өдөр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ. Түүнчлэн зохигчдын хооронд 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах болон барьцааны гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 16-ний өдөр худалдааны төлөөлөгчийн зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээ тус тус байгуулагдсан байх ба нэхэмжлэгч дээрх гэрээнүүдийг шаардлагын үндэслэлд дурджээ /хавтаст хэргийн 1-2, 10-31 дүгээр тал/.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нөхцөлийг тусгах шаардлагатай бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хуульд заасан шаардлагууд тусгагдж

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар С.Мөнхтуяа нь борлуулалтын албаны ахлах менежерийн шууд удирдлага дор ажиллаж, тус албанаас оноож өгсөн чиглэлд бараа бүтээгдэхүүнийг борлуулж, тооцоог бие даан шийдвэрлэх үүрэг хүлээжээ. Тэрээр ажиллаж байх хугацаандаа тодруулбал 2013-2015 онд нийт 820.108.520 төгрөгийн бараа хүлээн авч үүнээс 787.102.510 төгрөгийн тооцоог хийж, үлдэх 51.175.102 төгрөгийн тооцоо хийгээгүй болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, өр төлбөр барагдуулах хэлцэл, өр барагдуулах хуваарь, “Амгалан ахуй аудит” ХХК-ийн тайлангаар тогтоогдсон бөгөөд эдгээр баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Дээрх баримтаас үзвэл хариуцагч барааны төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч улмаар төлж барагдуулахаа илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан барааг хэнд өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд  дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж өгөөгүй ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.3-т заасан.

Давж заалдах шатны шүүх, хариуцагч хүлээн авсан бараа материалын үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа зөвхөн 2013 оны тооцооны үлдэгдэл 7.900.000 төгрөгийг гаргуулсан нь учир дутагдалтай болжээ.

С.Мөнхтуяа нь эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнийг дутаасан, үрэгдүүлсэн, ашигласан, бүрэн бүтэн байдлыг хангаагүй, төлбөр тооцоог дуусгавар болгоогүй тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр тохирч гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т нийцжээ.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг байхаар талууд тохиролцсон бөгөөд “Агь” ХХК-ийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/351 дүгээр тушаалаар С.Мөнхтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх тул хариуцагч нь энэ хүртэл  хугацаанд хүлээн авсан барааны төлбөрийг бүрэн хариуцах үндэслэлтэй. 

“Агь” ХХК нь “Суман хүлэг” ХХК-с худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.837.600 төгрөг нэхэмжилсэн, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 564 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 94 дүгээр тал/.

Иймд барааны төлбөрт нэхэмжилсэн 51.175.102 төгрөгийн шаардлагаас “Суман хүлэг” ХХК-с нэхэмжилсэн 7.837.600 төгрөгийг хасаж, үлдэх 43.337.502 төгрөгийн шаардлагыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх зохицуулалтад нийцнэ.

Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1874 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7.900.000” гэснийг “43.337.502” гэж, “45.796.603” гэснийг “10.359.101” гэж, “141.350” гэснийг “374.638” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төлсөн 386.940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ