Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 853

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Б, Н.О,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Давааравдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Номч овогт Н.О нарт холбогдох эрүүгийн 1706016600449 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Б,

 

Монгол Улсын иргэн, Н.О.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Н.О нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто тээврийн газарт иргэн Ч.Баянмөнхийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний хугарал, уруулд шарх, зүүн нүдний дотор булан, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Баянмөнхийн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний 15:30 цагийн үед БЗД-ийн 8-р хороонд байрлах Автотээврийн газар руу хүүхдээ ээжээсээ авах гээд ортол манай дүү Батмөнхийг 3 залуу заамдаж байсан. Тэгтэл хүмүүс боль гээд бахираад байсан. Манай дүүг араас нь нэг бүдүүн залуу тэврээд барьчихсан байсан болохоор нь гүйж очоод араас салгах гэтэл эргэж хараад намайг мөргөөд үүдэн шүд унагаасан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгтэл тэр цагдаа над руу залгаад “наад хүмүүсээ байлгаж бай” гэж хэлсэн болохоор нь "та нар явахгүй байж бай” гэсэн чинь гадаа гараад тэр бүдүүн ах намайг заамдаж аваад боогоод доошоо дартал хүү нь гээд нэг залуу миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Миний дээд талын 1 үүдэн шүд унасан, уруул дээд хэсэгтээ сэтэрсэн, хамар хонхойж баруун тал руу муруйж гэмтсэн, баруун талын нүд хөндүүрлэж гэмтсэн байна. ...Тухайн үед миний цамц урагдсан тэр цамцыг 35000 төгрөгөөр авч байсан. Мөн надад эмчилгээ хийлгэхэд 4 сая төгрөг гарч байгаа, тэрийгээ нэхэмжилж байна. Мөн би томографт харуулсан 110000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгний баримт нь байгаа тэрийг авчирч өгч болно...

...Би тухайн үед зодуулахаасаа өмнө огт хиймэл шүдгүй байсан... ...Б миний шүд рүү хоёр удаа толгойгоороо мөргөсөн. Түүнээс бол миний 1 шүд хугарсан, Б мөргөснөөс болж миний хамранд бол гэмтэл учраагүй, харин түүний хүүхэд миний хамар луу гараараа 2-3 удаа цохиж хөлөөрөө 1 удаа өшиглөснөөс болоод хамар гэмтсэн. Би Бд би “танаас шүд хийлгэсэн мөнгийг авмаар байна, харин хамрын эмчилгээний мөнгийг бол нэхэхгүй та миний шүд хийлгэсэн мөнгийг л өгчих” гэж хэлсэн. ...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчид өөрийн гар утсан дээрх бичлэгээ үзүүлсэн байсан. Одоо тэр гар утсаа эвдлээд эргэж засагдах боломжгүй болчихоод байгаа, одоо надад тухайн бичлэг байхгүй байна. Би буруутай этгээдүүдээс шүдний эмчилгээний зардал болон томографийн зураг авахуулсан мөнгө нийт 1 сая 300.000 төгрөгийг нэхэмжилнэ. Баримтыг хэргийн материалд хавсаргасан байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13, 18, 115-116/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Түвшинбаярын: “...2017 оны 09 дүгээр сарын эхээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна би өөрийнхөө машиныг хүн рүү шилжүүлж өгөхөөр нь бага хүү Батмөнхийн хамт хүү Баянмөнхийнхөө хүүхдийг сургуулиас нь авчихаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто тээврийн газарт очиж нэрээ шилжүүлэхээр оочирлоод зогсож байсан. Тэгсэн нэг том биетэй хүн манай хүүгийн урдуур нь ороод зогссон. Тэгсэн тэр хавиар байсан хүмүүс “оочирлооч” гээд орилж байсан. Тэгсэн манай хүү бас оочирлооч гэсэн чинь тэр том биетэй залуу эргэж хараад оочирлож байсан манай хүүг татаж гаргаж ирээд манай хүүг хэд хэдэн удаа цохичихсон. Тэгээд би болиоч гээд орилж хашхирч байхад гаднаас Баянмөнх хүүхдээ авахаар орж ирсэн. Тэгээд дүүг нь зодож байгаад хараад болиулах гэсэн чинь манай хүү Баянмөнхийг мөргөж шүдийг нь унагасан... Тэндээс гараад гадаа нь зогсож байгаад бид нар цагдаа дуудсан. Тэгсэн нөгөө хүмүүс явчих гээд байхаар нь манай том хүү Баянмөнх хашаад явуулахгүй гэсэн чинь дахиад нэг мөргөх шиг болсон. Нэг мэдэхэд манай хүүгийн ам хамарнаас нь дахиад цус гараад байсан. ...Эхлээд ямар ч байсан нэг бүдүүн хүн цохисон тэгээд гараад тэрний хүүхэд нь нэг залуу бас сүүлд нь цохисон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Наранбямбын: “...Авто тээврийн газрын хашаагаар ороход хашаан дотор манай нөхрийг нэг залуу явуулахгүй гээд зогсож байсан. Тэгэхээр нь “яасан юу болов” гэсэн оочирны асуудлаас болж маргалдсан гэсэн. Тэгээд намайг ирсний дараа тэр залуу нь манай нөхрийг дахиад бариад авсан. Тэгэхээр нь салгах гээд голоор нь ороод “чи наадахаа болиоч ээ наадах чинь группт байдаг хүн” гэсэн чинь “зүгээр гэртээ харьж архиа уугаад зодооноо хийгээд явж бай” гээд над руу салаавч гаргаад нүүрлүү нулимаад би бичлэг хийх гэсэн чинь миний утсыг газар шидсэн. Тэгсэн манай нөхөр “чи манай эхнэрийг яахаараа нулимдаг юм бэ” гээд барьсан чинь тэр залуутай хамт явсан хүмүүс нь манай нөхрийг энд тэндээс нь бариад ууж байсан ус ундааны саваараа цохиод байсан. Тэгсэн тэр нөгөө залуу нь “миний хамарлуу цохичихлоо” гээд амнаас нь цус гарчихсан амаа дарж байсан. Тэгээд тэрүүгээр дүүрэн орилж чарлаад манайхан бичлэг хийгээрэй гээд байсан. Тэгээд би сэргийлэх дуудсан юм уу гэсэн чинь дуудсан хүн нэг ч байгаагүй, тэгээд би сэргийлэх дуудсан. ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22/,

 

Мөрдөн байцаалтанд шинжээч эмч М.Золжаргалын: “...Тухайн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд. Тухайн үед хохирогчийн баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл учирсан. Тухайн шүд нь хиймэл шүд байгаагүй, хохирогчийн өөрийн шүд байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-121/,

 

Мөрдөн байцаалтанд Н.Оийн яллагдагчаар: “...Баянзүрх дүүргийн авто тээврийн газрын гадаа аавыгаа хүлээгээд зогсож байхад аавын найз гарч ирээд “аав чинь дотор хүнтэй муудалцаад байна” гэхээр нь орсон чинь аавыг 2-3 залуу барьсан энд тэндээс нь татчихсан зогсож байсан. Тэгэхээр нь очоод салгах гэсэн чинь салахгүй буцаж ирээд хэрүүл хийгээд доромжлоод байсан. Тэгээд гадаа гараад явах гэсэн чинь явуулахгүй энд тэндээс татаад байсан. Тэгсэн манай ээж ирсэн чинь ээжийг хэл амаар доромжлоод нүүр лүү нь салаавч өгөөд байсан. ...Би цохиогүй, салгах гэж л очсон. Би тэр хүнд гар хүрээгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-54/,

 

Мөрдөн байцаалтанд Б.Бын яллагдагчаар: “...Би Баянмөнхийн унасан гэх хиймэл шүдийг хараагүй. Зааланд байхад гүйж ирээд миний араас тэврээд авсан юм. Тэгсэн тэнд байсан хүмүүс өө хиймэл шүд нь уначихлаа гээд инээлдээд байсан. Ам хамраас нь цус гараагүй. ...Ер нь толгойгоо өгөөд л манайхан бичээрэй гээд л дайраад байсан. Болж өгвөл цохиулчих гээд л байсан байх. Миний хувьд бол Баянмөнхийг цохисон асуудал байхгүй. Манай хүү О болон Дашмягмар хоёрыг ална аа гээд л занаад байсан. Тэгээд манай эхнэр бичлэг хийх гэхэд утсыг нь цохиж унагаад нүүрийг нь хагалсан. Хэрэв би зодож цохисон бол тэнд хоёр гурван хүн бичлэг хийгээд байсан. Тэр бичлэг нь байх ёстой гэж бодож байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-111/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №11306 тоот:

1. Ч.Баянмөнхийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний хугарал, уруулд шарх, зүүн нүдний дотор булан, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт /хх-25/

 

Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/,

Н.Оийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б: “Тэр хүүхдийг зодож байхад ах нь араас нь ирээд салгаж авсан гэж байгаа. Тэр хүүхдийг яаж зодсон юм, зодож байхад ах нь араас яаж ирж салгаж авсан нь ойлгомжгүй. Маш олон хүн байсан. Надаас хол байхдаа, хүмүүс шуугилдаад явсан чинь хиймэл шүд ойччихлоо гэж дуу гарсан. Сүүлд шүдээ олж авсан гэж байсан. Гарч явсан гэж байна. Ерөөсөө гараагүй. Би цагдаа дуудаж 2 цаг тэнд байсан. Манай эхнэр бас тэнд байсан. Гаргахгүй зууралдсаар байгаад цагдаа ирлээ гэхэд гарахдаа манай эхнэрийн нүүр лүү нулимаад, тэгээд би дахин барьцалдаж авсан. Тэгээд миний гарнаас хазаад авахаар нь гараа салгах гэж түлхсэн. Тэгэхэд хамраас нь цус гоожсон юм уу, тийм л зүйл болсон. Ийм учир цагдаа ирсэн. Өөр зодоон цохион болоогүй. Би гомдолтой л байна. Би хэрэг хийгээгүй. Хэн ч гэсэн эхнэр рүү нь нулимсан тохиолдолд тэгэх л байсан” гэж мэдүүлэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.О: “Би бол юу ч мэдэхгүй шүү дээ. Гадаа байсан. Сүүлд орж ирсэн” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, Н.О нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто тээврийн газарт иргэн Ч.Баянмөнхийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний хугарал, уруулд шарх, зүүн нүдний дотор булан, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Баянмөнхийн: “...Манай дүүг араас нь нэг бүдүүн залуу тэврээд барьчихсан байсан болохоор нь гүйж очоод араас салгах гэтэл эргэж хараад намайг мөргөөд үүдэн шүд унагаасан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгтэл тэр цагдаа над руу залгаад наад хүмүүсээ байлгаж бай гэж хэлсэн болохоор нь та нар явахгүй байж бай гэсэн чинь гадаа гараад тэр бүдүүн ах намайг заамдаж аваад боогоод доошоо дартал хүү нь гээд нэг залуу миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Миний дээд талын 1 үүдэн шүд унасан, уруул дээд хэсэгтээ сэтэрсэн, хамар хонхойж баруун тал руу муруйж гэмтсэн, баруун талын нүд хөндүүрлэж гэмтсэн байна. ...Тухайн үед миний цамц урагдсан тэр цамцыг 35000 төгрөгөөр авч байсан. Мөн надад эмчилгээ хийлгэхэд 4 сая төгрөг гарч байгаа тэрийгээ нэхэмжилж байна. Мөн би томографт харуулсан 110000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгний баримт нь байгаа тэрийг авчирч өгч болно...

...Би тухайн үед зодуулахаасаа өмнө огт хиймэл шүдгүй байсан... ...Б миний шүд рүү хоёр удаа толгойгоороо мөргөсөн түүнээс бол миний 1 шүд хугарсан, Б мөргөснөөс болж миний хамранд бол гэмтэл учраагүй, харин түүний хүүхэд миний хамар луу гараараа 2-3 удаа цохиж хөлөөрөө 1 удаа өшиглөснөөс болоод хамар гэмтсэн. Би Бд “би танаас шүд хийлгэсэн мөнгийг авмаар байна, харин хамрын эмчилгээний мөнгийг бол нэхэхгүй та миний шүд хийлгэсэн мөнгийг л өгчих” гэж хэлсэн. ...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчид өөрийн гар утсан дээрх бичлэгээ үзүүлсэн байсан. Одоо тэр гар утсаа эвдлээд эргэж засагдах боломжгүй болчихоод байгаа, одоо надад тухайн бичлэг байхгүй байна. Би буруутай этгээдүүдээс шүдний эмчилгээний зардал болон томографийн зураг авахуулсан мөнгө нийт 1 сая 300.000 төгрөгийг нэхэмжилнэ. Баримтыг хэргийн материалд хавсаргасан байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13, 18, 115-116/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Түвшинбаярын: “...Тэгсэн манай хүү бас оочирлооч гэсэн чинь тэр том биетэй залуу эргэж хараад оочирлож байсан манай хүүг татаж гаргаж ирээд манай хүүг хэд хэдэн удаа цохичихсон. Тэгээд би болиоч гээд орилж хашхирч байхад гаднаас Баянмөнх хүүхдээ авахаар орж ирсэн. Тэгээд дүүг нь зодож байгаад хараад болиулах гэсэн чинь манай үү Баянмөнхийг мөргөж шүдийг нь унагасан... Тэндээс гараад гадаа нь зогсож байгаад бид нар цагдаа дуудсан. Тэгсэн нөгөө хүмүүс явчих гээд байхаар нь манай том хүү Баянмөнх хашаад явуулахгүй гэсэн чинь дахиад нэг мөргөх шиг болсон. Нэг мэдэхэд манай хүүгийн ам хамарнаас нь дахиад цус гараад байсан. ...Эхлээд ямар ч байсан нэг бүдүүн хүн цохисон тэгээд гараад тэрний хүүхэд нь нэг залуу бас сүүлд нь цохисон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Наранбямбын: “...Тэгсэн манай нөхөр “чи манай эхнэрийг яахаараа нулимдаг юм бэ” гээд барьсан чинь тэр залуутай хамт явсан хүмүүс нь манай нөхрийг энд тэндээс нь бариад ууж байсан ус ундааны саваараа цохиод байсан. Тэгсэн тэр нөгөө залуу нь миний хамарлуу цохичихлоо гээд амнаас нь цус гарчихсан амаа дарж байсан. Тэгээд тэрүүгээр дүүрэн орилж чарлаад манайхан бичлэг хийгээрэй гээд байсан. Тэгээд би сэргийлэх дуудсан юм уу гэсэн чинь дуудсан хүн нэг ч байгаагүй, тэгээд би сэргийлэх дуудсан. ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22/,

 

Мөрдөн байцаалтанд шинжээч эмч М.Золжаргалын: “...Тухайн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд. Тухайн үед хохирогчийн баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл учирсан. Тухайн шүд нь хиймэл шүд байгаагүй, хохирогчийн өөрийн шүд байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-121/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №11306 тоот: Ч.Баянмөнхийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд 1-р шүдний хугарал, уруулд шарх, зүүн нүдний дотор булан, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-25/ зэргээр нотлогдон тогтоогдов.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б, Н.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б, Н.О нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан саналыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б, Н.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806026250776 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас 60.000 төгрөг, Н.Оээс 60.000 төгрөгийг тус тус гаргуулж, Ч.Баянмөнхийн нэхэмжилсэн 1.100.000 төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор хангахгүй орхиж,  хохирогч Ч.Баянмөнх нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, Н.О нараас нэхэмжлэн авах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Б, Н.О нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Н.О нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Н.О нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Б.Б, Н.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас 60.000 төгрөг, Н.О-с 60.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ч.Баянмөнхөд олгож, хохирогч Ч.Баянмөнх гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Б.Б, Н.О нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Б.Б, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б, Н.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОЛЗОД