Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/29

 

 

 

 

 

    2025           01              02                                       2025/ДШМ/29

 

Д.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/751 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Мөнхтөрийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Тт холбогдох эрүүгийн 2410 03355 1197 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Т нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21А байрны автомашины зогсоол дээр хохирогч Ш.Аийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota Allion” загварын тээврийн хэрэгслийн толийг хугалж, зүүн урд талын хаалгыг өөрийн “Land Cruiser-200” маркийн автомашины хаалгаар цохиж гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Д.Тыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Д.Тт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Тт сануулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Мөнхтөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шатнаас хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцох болсон ба хэргийн материалтай танилцахад хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаагүй хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй, үнэлгээ үндэслэлгүй гарсан, гэрчүүдийг асууж тодруулаагүй, сиди бичлэг хохирогчид байсаар байхад хэрэгт хавсаргаагүй зэрэг нэмж хийлгэх ажиллагаанууд байсан. Дээрх ажиллагааг хэргийн оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарлан хэргийн материалд хавсаргаагүй /CD/ байна.

Шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногт багтаан нөхөн гүйцээх боломжоор хангаж өгөөгүй шууд гэм буруутайд тооцон шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой.

Хэргийн хувьд 2024 оны 08 дугаар сарын 16-ны орой Д.Т нь гэрийнхээ үүдэнд буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21дүгээр байрны урд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн Ланд 200 маркийн ... дугаартай автомашины арын хаалгаар гарахдаа машины хажуу талд зогсож байсан Тоёота Аллион маркийн ... автомашины толины суурийг хугалж, хаалга хонхойлгосон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйл “Гэм буруугийн зарчим”-ийн 2 дахь хэсэгт “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан байдаг.

Гэм буруугийн зарчим нь санаатай, болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй ба санаатай үйлдэл нь объектив, субьектив гэсэн хоёр шинжээс бүрддэг. Тэгвэл Д.Тын үйлдэлд машинаасаа буухаар хаалга онгойлгохдоо хажуу талын машиныг анзаарч харалгүй хүчтэй хаалгаа онгойлгон зэргэлдээх машинд гэмтэл учруулсан үйлдэлд субьектив талын шинж болох бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх шууд санаа зорилго байгаагүй гэдэг нь харагдаж байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж,

мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд бодит хохирол учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасан байна.

Иймд Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/751 дүгээр шийтгэх тогтоолыг дахин хянаж, миний үйлчлүүлэгчид оногдуулсан 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

Д.Тын хувьд санаатай бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл, машинаас буухдаа хажуу талын машины толийг хугалсан. Прокурор болон анхан шатны шүүх практик байдлаар бусдын эд хөрөнгийг эвдэлсэн үү эвдэлсэн, хохирлыг хэмжээ 300.000 төгрөг хүрсэн үү хүрсэн гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэрэгт субьектив санаа, зорилго байгаагүй гэсэн байр суурьтай анхан шатны шүүхийн шатнаас оролцсон. Тухайн үед Д.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд машиныхаа хаалгыг хүчтэй онгойлгож буухдаа хажуу талынхаа машины толийг хугалж гэмтээсэн асуудал байгаа. Өмгөөлөгчийн зүгээс үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Толь гэдэг машины эд анги нь дотроо толь, толины гэр, толины мотор, суурь гээд 4, 5 ангилагдан хуваагддаг. Тухайн тээврийн хэрэгслийн толины суурь нь хугараад утас дээрээ унжсан байсан. Түүнээс дотор талын толь, мотор зэрэг бусад эд анги бүрэн бүтэн байхад бүтэн толиор нь үнэлгээг гаргасан. Эрүүгийн хуулийн зарчим нь бодит учирсан хохирлыг төлүүлнэ гэж байгаа. Гэтэл толины суурь хугарсан байхад бүтэн толины үнээр хохирлыг тооцсон байх жишээтэй. Хоёрдугаарт, машины хаалга хонхойлгосон асуудал байгаа. Тээврийн хэрэгслийн хаалга өмнө нь хонхойсон байх магадлал өндөр буюу будаг нь ховхроод зэвэрсэн байдаг. Д.Тын хувьд “нэгэнт толийг нь хугалсан учраас хохирлыг нь төлье” гэдэг байдлаар 550.000 төгрөгийг 600.000 төгрөг болгож төлсөн асуудал байгаа. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлаас харахад Д.Тт энэ гэмт хэргийг үйлдэх субьектив санаа, зорилго байгаагүй. Анхан шатны шүүх болон прокурорын зүгээс практик байдлаар хохирлын хэмжээ тогтоогдсон уу, тогтоогдсон гээд субьектив санаа, зорилгыг анхаарч үзээгүй. Д.Т машинаас буухдаа хажуу талын машины толийг хугалчихаж байгаа болохоос санаатай, устгаж гэмтээе гэсэн санаа, зорилго байгаагүй. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр сууринаас гомдол гаргасан. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд бодит хохирол учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Иймд Д.Тт оногдуулсан ял шийтгэлийг тал бүрээс нь анхаарч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед хохирогчийн машины толийг хугалах санаа, зорилго надад байгаагүй. Би машины хаалгыг хүчтэй онгойлгоод тухайн машины толь гацаад татсан чинь салчихсан. Хохирогч анх “намайг агсам тавиад орилж чарласан” гэж мэдүүлсэн байсан. Ийм зүйл огт болоогүй. Хохирогч гарч ирээгүй, байхгүй байсан. Дараа нь толь хугарчихлаа гэхээр нь би дүүтэйгээ сууж байгаад төлье гээд өнгөрсөн. Тэгээд дараа нь өргөдөл, гомдол гаргасан. Үүнийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Т нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21А байрны автомашины зогсоол дээр хохирогч Ш.Аийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota Allion” загварын тээврийн хэрэгслийн толийг хугалж, зүүн урд талын хаалгыг өөрийн “Land Cruiser-200” маркийн автомашины хаалгаар цохиж гэмтээсний улмаас 370.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ш.Аийн “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 16-ны 19:00 цагийн үед гэртээ байж байтал ... дугаараас миний гар утас руу залгасан. Нэг эрэгтэй хүн надад “таны машины толийг нэг эрэгтэй хүн эвдэлж хугалж байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад машинаа тавьсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны урд талын автомашины зогсоол дээр иртэл миний машины зүүн талын толь хугарч эвдэрсэн, зүүн талын урд хаалга хонхойж эвдэрсэн байсан. Тэгээд яг миний хажууд байрлах ... улсын дугаартай “Ланд Круйзер 200” маркийн тээврийн хэрэгсэлд 2 хүн байж байсан. Тухайн үед намайг очиход тус “Ланд Круйзер 200” тээврийн хэрэгсэлд байсан 1 эрэгтэй хүн нь согтуу байсан ба тэр хүн сууж байсан машины харалдаа миний машиныг савж цохиж байсан. ...” /хх 17-18/,

шүүгдэгч Д.Тын яллагдагчаар өгсөн “...тээврийн хэрэгслээсээ буух гээд хаалга онгойлгох гээд оролдсон. Би согтуу байсан тул хүчтэй 2-3 удаа хаалга бүтэн онгойлгох гэж оролдсон. Тухайн үед хажууд байсан тээврийн хэрэгслийн толь нь хугарч эвдэрсэн. Мөн тухайн тээврийн хэрэгслийн хажуу хаалгыг өөрийн тээврийн хэрэгслийн хаалгаар цохичихсон. ...” /хх 41-42/ тус тус мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №905 дугаартай “...... улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалга, зүүн толь болон толины суурь зэргийг 370.000 төгрөгөөр үнэлсэн. ...” дүгнэлт /хх 25-26/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Тыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Тын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Тоёота Ланд Круйзер 200” маркийн автомашины хаалгаар “Тоёота Аллион” маркийн машиныг цохиж, толийг нь хугалж, зүүн урд талын хаалгыг гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Мөнхтөр “...Гэм буруугийн зарчим нь санаатай, болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй ба санаатай үйлдэл нь объектив, субьектив гэсэн хоёр шинжээс бүрддэг. Тэгвэл Д.Тын машинаасаа буухаар хаалга онгойлгохдоо хажуу талын машиныг анзаарч харалгүй хүчтэй хаалгаа онгойлгон зэргэлдээх машинд гэмтэл учруулсан үйлдэлд субьектив талын шинж болох бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх шууд санаа зорилго байгаагүй тул миний үйлчлүүлэгчид оногдуулсан 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Тоёота Ланд Круйзер 200” маркийн автомашинаас буухдаа уг машины хаалгаар зэргэлдээ байсан хохирогч Ш.Аийн эзэмшлийн автомашины толь, хаалга зэргийг цохиж, улмаар 370.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан гэж үзэхгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Тын дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үеийн илрэх зан төрх, ухамсар дээр үүссэн үйл хөдлөлтэй хамааралтай байх тул болгоомжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Шүүгдэгч Д.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Мөнхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/751 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Мөнхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР