Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01220

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/01220

 

 

Л.Өсөхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 181/ШШ2017/00985 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Өсөхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит ААТҮ газарт холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2 523 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очирпүрэв

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Өсөхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очирпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Өсөхбаяр нь АСЕМ-ын чуулга уулзалтад автобусны жолоочоор ажиллахаар 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 48 хоногийн хугацаанд ажиллахаар гэрээ байгуулсан. Ажлын хөлсийг өдрийн 30 000 төгрөгөөр тооцохоор Нийслэлийн авто тээврийн үндэсний төвтэй тохиролцож, ажлыг гүйцэтгэсэн. Авто тээврийн үндэсний төв нь автобусаа 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан. Ажил гүйцэтгэх гэрээний 9 дүгээр зүйлийн 5-д Захиалагчаас даалгасан ажил дууссан тээврийн хэрэгслийг захиалагчид хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болно гэсэн заалтын дагуу би гэрээнд заасан хугацаанаас 5 хоног илүү ажилласан. Захиалагчид тээврийн хэрэгслийг албан ёсоор 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгч, актад гарын үсэг зурсан боловч Автотээврийн үндэсний төв нь 7 дугаар сарын 18-ны өдөр урьдчилан бэлтгэсэн актаар автомашиныг хүлээн авсан байна. Тухайн үед огноог нь анзааралгүй гарын үсэг зурсан байна. Анх 6 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулсан, 6 дугаар сарын 2-ны өдрөөс 8-ны өдрийг хүртэл сургалтад суулгаж, үүний дараа Автотээврийн үндэсний төвийн ажилтан Алтанхуягаар ахлуулсан 4 инженер биднийг хариуцан Номуун санчир авто сургууль дээр өглөө 08:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл жолоочийн аюулгүй ажиллагааны дадлага, зочин төлөөлөгчидтэй харьцах, угтах, үдэх талаар хичээл орсон. Автобус хүлээлгэж өгсний дараа парклан явах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Бид өдөр бүр ирж, бүртгүүлэн зааварчилгааны дагуу ажиллаж байсан. Би 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 53 хоног ажилласан бөгөөд хоногийн 30 000 төгрөгөөр тооцоход 1 590 000 төгрөгийг авах ёстой. Гэвч дарга нар нь өөр хоорондоо зөвшилцөж огт үндэслэлгүйгээр 35 хоног ажилласнаар тооцож 1 050 000 төгрөг олгохоор болсон. Ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т зааснаар Ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэн, түүнийг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлнө гэж заасны дагуу 7 дугаар сарын 25-ны өдөр ажлын хөлсийг өгөх ёстой байтал нэг ч төгрөг өгөхгүй байсаар 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 855 000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Авто тээврийн үндэсний төвийн санхүүгийн тооцоолол бодсоноор ажилласан хоногийг дутуу тооцож 53 хоногоор бодох ёстой байтал 35 хоногоор тооцож олгосон. Ажил гүйцэтгэх гэрээнд ямар нэгэн шимтгэл суутгалын заалт заагдаагүй байтал 20 хувийн шимтгэл буюу 195 000 төгрөгийн шимтгэл авсан. Яагаад ийм мөнгөний шимтгэл авах болсныг шүүхээр шалгуулах, ажилласан хоногийг үнэн зөв 53 хоногооор тооцуулж ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэсэн заалтын дагуу 157 хоногийн алдангийг гаргуулан авах хүсэлтэй байна. /53 хоног х 30 000 төгрөг = 1 590 000 төгрөг, 157 х 0.5 % = 78.5 %, 78.5 % х 1 590 000 = 1 248 150 төгрөгийн алдангийг тооцуулах, 53 хоногоор тооцох ёстой байтал 35 хоногоор тооцож, 18 хоногийн зөрүү мөнгө 18 хоног х 30 000 төгрөг = 540 000 төгрөгийг нэмж/ гаргуулах ба 12 сарын 30-ны өдөр дансаар олгосон 855 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч тооцвол 1 590 000 855 000 = 735 000 төгрөг, дутуу олгогдсон. Тийм учраас 735 000 + 1 248 150 + 540 000 = 2 523 150 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай улсад 2016 оны 7 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдсан. Энэ үед зочид төлөөлөгчид аюул осолгүй, соёлтой зорчигч тээврийн үйлчилгээг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ хариуцан үзүүлсэн. Үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд 44 иргэнтэй гэрээ байгуулан Universe Luxury загварын Hyundia маркийн автобусыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгч ажил гүйцэтгэхэд бэлэн байдалд байлгах болсон. 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд АСЕМ-ын төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлж 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр автобусыг хүлээн авсан. Нэхэмжлэгч нартай 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдаж зочид төлөөлөгчдийг тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий хугацааг 2016 оын 6 дугаар сарын 2-2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд харилцан тохиролцож АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдаж зочид төлөөлөгчдөд 2 хоногийн хугацаанд зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлсэн. Жолооч нарын ажлын гүйцэтгэлийг автобусаа хүлээн авсан 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хүлээлгэн өгсөн 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаанд тээвэрлэлт гүйцэтгэхэд бэлэн байдалд байсан гэж үзэж, мөн мөнгийг нь хугацаанд нь олгож чадаагүй гэдэг үндэслэлээр нэмэгдэл 10 хоногийг бодож нийт 35 хоногоор тооцож нэг хүнд 1 050 000 төгрөгийн хөлсийг олгосон. Гэрээнд талууд өдрийн 30000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Нэмэгдэл 10  хоногийн хөлсийг алдангид тооцож олгосон гэж үзэж байна. Гэрээний хөлс 1 050 000 төгрөг олгохоос нийгмийн даатгалын шимтгэл 10 хувь 105 000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт орлогын 10 хувь 87 500 төгрөгийг суутгаж 857 500 төгрөгийг жолооч бүрт олгосон. Иймд нэхэмжлэгч нарын ажлын хөлсийг бүрэн төлсөн учир 2 523 150 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

Шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ-аас 1 110 000 /нэг сая нэг зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж Л.Өсөхбаярт олгож, нэхэмжлэлээс 1 413 150 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Өсөхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ-аас 31 190 төгрөгийг гаргуулж Л.Өсөхбаярт олгож шийдвэрлэсэн байна.

  

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун давж заалдах гомдолдоо:... Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д "гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө" гэж ажил гүйцэтгэгчид хамааралтай заалтыг захиалагч буюу "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-т хамаатуулсан. Мөн гэрээний зорилго нь тээврийн хэрэгслээр АСЕМ-ийн зочид төлөөлөгчид үйлчлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд сонгон шалгарсан жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сургалт зохион байгуулсан, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр автобуснуудыг хүлээн авч жолооч нарт хүлээлгэн өгч 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр буцаан хүлээн авч ажил дууссан үүнтэй холбогдуулан жолооч тус бүрт ажилласан хугацааны хөлс болгож 1 550 000 төгрөг олгосон болно. Иймд анхан шатны шийдвэр, Л.Өсөхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Л.Өсөхбаяр хариуцагч Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит ААТҮ газарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2 523 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр бичгээр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 4165 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр АСЕМ-ын зочид төлөөлөгчид тээврийн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь ажлын хөлсийг хоногт 30000 төгрөгөөр тооцож төлөхөөр талууд тохиролцжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Талууд гэрээ байгуулагдсан, ажиллагч ажлаа гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй боловч нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд гэрээ байгуулан, 2016 оны 7 дугаар сарын 25 хүртэл нийт 53 хоног ажилласан гэж, ажил олгогч 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сургалтад хамруулж 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны хооронд ажилласан хугацааг тооцон нийт 35 хоног ажилласан гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллага гэрээнд заасан ажлын хөлс өгөх үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсэн хөлсийг 157 хоногт тооцож , Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт үнэ нь гүйцэтгээгүй үнийн дүнгээс 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 720 000 төгрөгийн анзыг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх талууд хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байх тул уг хугацаагаар ажлын хөлсийг тооцсоныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... тээвэрлэлт гүйцэтгэхэд бэлэн байдалд байсан хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хүлээлгэн өгсөн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 25 хоног, хугацаандаа төлөөгүй нэмэгдэл 10 хоногийг бодож нийт 35 хоногоор тооцож олгосон гэжээ.

 

Ажиллагч нь 2016 оны 6 дугаар 2-ны өдрөөс хойш 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай сургалтад хамрагдсан нь талуудын тайлбараас нотлогдож байна. Иймд сургалтад хамрагдсан хугацааг гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 181/ШШ2017/00985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит ААТҮ газар 31190 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО