| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0776/Э |
| Дугаар | 883 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 1806028220779 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г. Э.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 03 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 47б байрны 13 тоотод хохирогч Х.Хуланг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Хулангийн: “...2018 оны 3 сарын 26-ны өдөр найз залуу Э нь гэрт ирэх ёстой байсан боловч ирээгүй. Тэгэхээр нь шөнө 02 цагийн үед Жуковт байрлах гэрт нь очиход машин нь гэрийнх нь гадаа байсан боловч хаалгаа онгойлгоогүй. Тэгэхээр нь 13-аас дүүгээс нь гэрийнх нь илүү түлхүүрийг аваад буцаж ирээд хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь түлхүүрээр онгойлгож орсон чинь “Э нь өөр эмэгтэйтэй байсан тул цонхоор гарах гэснээ болиод түлхэж гаргаад хаалгаа хаасан. Тэгээд 2 давхрын тагтаараа дамжаад бууж байснаа намайг харчаад буцаад орсон. Тэгэхээр нь буцаж ороод Этэй хэрэлдэж, маргалдаж, зодолдож байгаад би цээж, хүзүү хэсэгт нь маажсаны дараа гараараа 1-2 удаа баруун нүд рүү цохисон ба багалзуурдаж байгаад буйдан руу жийж унагаасан. Энэ үед хамт байсан охин нь салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4-5/,
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч О.Танангийн: “...Би Г.Этэй 2017 онд интернэтээр танилцаж 2017 оны 6 сараас хойш уулзаж үерхдэг болсон. ...Г.Эийн гэрт нь ирээд нэг өрөөнд унтаж байхад шөнө хаалга нүдээд байхаар нь сэрсэн чинь Г.Э харчихаад “салсан найз охин Хулан байна чимээгүй байгаарай тэгвэл явах байх” гэж хэлсэн. ...Тэгтэл Хулан түлхүүрдэж орж ирээд сандал өшиглөөд над руу дайрах гэхээр нь Э салгаад тэр 2 нөгөө өрөөнд ороод хаалга хаасан. Хулан “чи яахаараа ингэдэг юм бэ өөдгүй новш” гэж хэлээд Эийг алгадаад байх шиг байсан сонсогдсон. Тэгээд нэг юм мөргөх чимээ гарахаар нь ороод харсан чинь Хулан буйдан дээр уйлсан, явмаар байна гээд уйлаад сууж байсан. ...Э миний хажууд Хуланг зодож цохиогүй, өрөөн дотор юу болсныг хараагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7/,
Мөрдөн байцаалтанд Г.Эийн яллагдагчаар: “...Би Хулантай урьд нь 2012 оноос хойш найзалж байгаад салсан, нэг гэрт орж хамт амьдарч байгаагүй. 2018 оны 3 сарын 26-ны өдөр Хулан надтай уулзана гээд байхаар нь би зөвшөөрөөгүй юм. Гэтэл шөнө 03-05 цагийн хооронд ...гэртээ найз Танангийн хамт унтаж байхад найз охин Хулан хаалга өшиглөж нүдээд байсан тул онгойлгож өгөлгүй Танан бид хоёр цонхоор гарах санаатай цонхоор гараад саравчин дээр зогсож байхад Хулан харчихаад орилоод байхаар нь буцаж ороод байж байсан чинь гаднаас түлхүүрдэж орж ирсэн. Тэгээд хамт байсан Танан руу орилж хашхирч, дайрч давшлаад байхаар нь Хулан бид хоёр хажуу өрөөнд ороод хаалгаа хаасан. ...Өрөөн дотор 1 цаг орчим хэрэлдэж байгаад өөдөөс самардаад байхаар нь буйдан дээр түлхэж унагаагаад хоёр хөл рүү нь өшиглөсөн. Энэ үед Танан орж ирээд боль гэсэн. ...Тэгээд хэрэлдэж байгаад Хулан явлаа гээд түрүүлж гарсны дараа Танан бид хоёр гарсан чинь миний машиныг өшиглөөд зогсож байсан. Би машиндаа суугаад явах гэсэн чинь хохирогч урд хааж зогсоод явуулахгүй, чулуугаар машины хамран дээр цохисон. Тэгэхээр нь өргөж холдуулаад түлхэж унагаачихаад зугтаж ирээд машиндаа суугаад хөдөлсөн чинь хажуунаас машины урд талын салхины шилийг чулуугаар цохиж хагалсан... Гэхдээ энэ асуудалд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Ял сонсгож яллагдагчаар татаж байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учирсан хохирлыг барагдуулна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-32-33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №4117 тоот:
1. Х.Хулангийн биед хоншоор ясны баруун талын хугарал, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт /хх-13/,
Г.Эийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э: “Энэ бүх зүйл болохоос өмнө цагдаа дуудах ёстой байсан юм байна лээ. ...Гэртээ ороод унтаж байхад хаалга нүдсэн. Би Хуланг хохирооё гэж бодоогүй. Би тэр хүнийг хориглохыг хичээсэн. Шилбэ рүү нь өшиглөснөө хүлээн зөвшөөрч байна. Хамрын яс нь хугарсанд гайхаж байна. Гэхдээ би хохирогчоос уучлалт гуйсан” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 03 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 47б байрны 13 тоотод хохирогч Х.Хуланг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Хулангийн: “...Тэгээд 2 давхрын тагтаараа дамжаад бууж байснаа намайг харчаад буцаад орсон. Тэгэхээр нь буцаж ороод Этэй хэрэлдэж, маргалдаж, зодолдож байгаад би цээж, хүзүү хэсэгт нь маажсаны дараа гараараа 1-2 удаа баруун нүд рүү цохисон ба багалзуурдаж байгаад буйдан руу жийж унагаасан энэ үед хамт байсан охин нь салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-4-5/,
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч О.Танангийн: “...Хулан түлхүүрдэж орж ирээд сандал өшиглөөд над руу дайрах гэхээр нь Э салгаад тэр 2 нөгөө өрөөнд ороод хаалга хаасан... Э миний хажууд Хуланг зодож цохиогүй, өрөөн дотор юу болсныг хараагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7/,
Мөрдөн байцаалтанд Г.Эийн яллагдагчаар: “...Хулан бид хоёр хажуу өрөөнд ороод хаалгаа хаасан. ...Өрөөн дотор 1 цаг орчим хэрэлдэж байгаад өөдөөс самардаад байхаар нь буйдан дээр түлхэж унагаагаад хоёр хөл рүү нь өшиглөсөн...Тэгэхээр нь өргөж холдуулаад түлхэж унагаачихаад зугтаж ирээд машиндаа суугаад хөдөлсөн чинь хажуунаас машины урд талын салхины шилийг чулуугаар цохиж хагалсан... Гэхдээ энэ асуудалд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Ял сонсгож яллагдагчаар татаж байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учирсан хохирлыг барагдуулна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-32-33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №4117 тоот: Х.Хулангийн биед хоншоор ясны баруун талын хугарал, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-13/ зэргээр нотлогдон тогтоогдов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Г.Э нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Х.Хулан мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806028220779 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД