| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2405008851315 |
| Дугаар | 2025/ДШМ/43 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/43
2025 01 07 2025/ДШМ/43
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Х.Отгончимэг,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 2405 00885 1315 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Б.Б нь цахим хэрэгсэл ашиглаж “...Нийтийн байранд 1 өрөө байр суларлаа, сарын 400.000+200.000 дотроо нойлтой, хэрэглээний халуун, хүйтэн устай, хаяг зурагтын хуучин эцэст, утас ...” гэсэн зар оруулж, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч Ө.Тыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Ө.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн 25-2-29 тоотод нөхөр Н.Ганрагчаагийн Хаан банкны данснаас 600.000 төгрөг шилжүүлснийг А.Пгийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “А.Пүүжээ” гэх нэртэй фейсбүүк хаягаас “Бичилд засвар хийсэн 1 өрөө байр түрээслүүлнэ, тавилгагүй, сар сардаа, утас ...” гэх хуурамч зарыг олон нийтийн сүлжээнд нийтэлж, улмаар уг зарын дагуу Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти гэх байрны 300 тоотод байхдаа байр түрээслэх зорилгоор холбогдсон хохирогч Т.Тд “Би одоо ажил дээрээ байна, орой ажил тараад яваад очъё, түрээсээ баталгаажуулаад 200.000 төгрөг шилжүүлээрэй, өөр хүмүүс байр түрээслэх гээд залгаад байна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Төөс 200.000 төгрөгийг А.Пгийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бээс 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Тд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Х.Отгончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь өөрийн хийсэн гэмт хэргийн талаар дүгнэлт хийгээд зогсохгүй улмаар гэм буруугаа гэмшиж, ойлгож байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл дээр маргахгүй.
Б.Бий хувьд хувиараа гагнуурчин, засварчин хийж байсан ба шүүхээр ял авахын өмнөхөн буюу 2024 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн “...” ХХК-д гагнуурчин засварчнаар хөдөлмөрийн гэрээгээр ажилд орж ажиллаж байсан байна. Гэвч энэ талаарх, өөрийнхөө хувийн байдлыг дээрдүүлсэн нийгэмд байр сууриа олсон, хамт олон дунд ажиллаж байгаа талаар анхан шатны шүүхэд нотлох баримт ирүүлээгүй байх ба мөрдөгчийн зүгээс цагаатгах, яллах талын нотлох баримтыг зэрэг цуглуулах байтал яллах талын нотлох баримтыг цуцлуулж хэргийг боож прокурорт шилжүүлсэн байна. Мөн өмгөөлөгчөөр хангуулах эрхээ эдэлж чадаагүй байна.
Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч 1998 онд төрсөн, 25 настай хэдийгээр өмнө нь ял шийтгэл эдэлж байсан ч гэсэн нийгэмд гарч ирэхэд тосож авах ах, дүү, аав, ээж байхгүй бүтэн өнчин, хорихоос суллагдаад очих орох оронгүй байсан ба нийгэмшиж байр сууриа олж чадаагүйгээс дахин гэмт хэрэг үйлджээ гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.
Б.Бий хувьд одоо гэм буруугаа ойлгон харамсаж байгаа учраас шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай хэрэг юм. Б.Бий хувьд хохирогч Ө.Тд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байна.
Иймд миний үйлчлүүлэгч Б.Бий хийсэн хэрэгтээ маш их харамсаж өөртөө дүгнэлт хийн ухаарч байгаа, мөн хохирлоо барагдуулсан, нийгэмд хөлөө олж хамт олонтой болсон зэргийг нь харгалзан үзэж 9 сарын хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүкээр байр түрээслэх зар тавьж, улмаар хохирогч Ө.Таас 600.000 төгрөгийг, хохирогч Т.Төөс 200.000 төгрөгийг тус тус Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ө.Тын “... Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед байр түрээсэлнэ гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож надад ... гэх дугаарыг өгөөд “түрээслэх байр чинь зурагтын хуучин эцэс буюу хуучин зурагт төв дээр байгаа” гэж хэлсэн. Тухайн өдөр нь очиж үзсэн чинь “аль нэг өрөөг нь тогшоод үзчих” гэхээр нь өрөөгөө үзээд байж байтал дахин залгаад “хурдан мөнгө шилжүүлчих, тэгэхгүй бол хүмүүс залгаад түрээслэх гээд байна” гэхээр нь би нөхрийнхөө Хаан банкны ... гэх данснаас тухайн хүний шилжүүл гэсэн Хаан банкны ... данс руу 600,000 төгрөгийг Баянгол дүүргийн ... тоотод байхдаа шилжүүлсэн чинь “орой 20 цагийн орчимд уулзаад түлхүүрээ аваарай” гэж хэлээд тасалсан. Орой 20 цагийн үед тухайн нийтийн байранд очсон чинь тухайн хүн нь байхгүй, утас нь холбогдохгүй байсан, мөн тухайн байрны жижүүр нь гарч ирээд “манай байр хүн дүүрсэн, ямар нэгэн хүн оруулна гэж яриагүй” гэж хэлсэн. Мөн утсаар холбогдсон ... гэх дугаарыг “манай байрны эзний дугаар биш” гэж хэлэхээр нь би залилуулсан гэдгээ ойлгоод цагдаагийн байгууллагад ирээд өргөдөл гаргасан. ...” /хх 125-126/,
хохирогч Т.Тгийн “...2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк цахим орчноор байр түрээсэлнэ гэх зар харж байсан. А.Пүүжээ гэх нэртэй фейсбүүк хаягаас “Бичилд засвар хийсэн 1 өрөө байр түрээслүүлнэ, тавилгагүй, сар сардаа утас: ...” гэсэн зар оруулсан байсан. Би тухайн хүнтэй чатаар холбогдоод ... дугаарын гар утсаар холбогдож ярьсан. Намайг гар утсаар нь холбогдоод ярьтал “би одоо ажил дээрээ байна, орой ажил тараад яваад очъё, түрээсээ баталгаажуулаад 200.000 төгрөг шилжүүлээрэй, өөр хүмүүс байр түрээслэх гээд залгаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 200.000 төгрөгийг тухайн хүний данс руу шилжүүлсэн. Би 20 цагийн үед тус дугаар руу залгаж “юу болж байна, хаана явж байна” гэж асуухад “би одоо очиж байна, би одоо 10 минутын дараа очих байх, очоод хэлье” гэж хэлээд гар утсаа тасалсан. 22 цагийн үед дахин залгатал миний дугаарыг блок хийсэн байсан. Өөр дугаараас залгатал аваад “одоо очиж байна” гэж хэлээд мөн адил блок хийсэн. Фейсбүүкээр чат бичих гэтэл мөн адил блок хийсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. ...” /хх 12-13/,
гэрч А.Пгийн “... Би тухайн Хаан банкны дансыг эзэмшдэг, тус данс нь миний тэтгэврийн данс. Би тухайн дансыг 2022 оноос эхлэн эзэмшиж байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Б гэх хүүхэд манайд ирээд явсан. Явсан өдрөөс эхлээд миний Хаан банкны карт болон самсунг маркийн гар утсыг минь аваад ... явсан. Тэр өдрөөс хойш Б гэх хүүхэд маань огт ирээгүй. ...Би тухайн мөнгө ямар учиртайг мэдэхгүй, Б миний карт, гар утсыг аваад явсан. ...” /хх 129-130/,
шүүгдэгч Б.Бий яллагдагчаар өгсөн “...2024 оны 01 дүгээр сард би фейсбүүк цахим орчинд 1 өрөө байр түрээслүүлнэ гэх зар оруулж, бусдаас 200.000 төгрөг залилан авсан хэрэгт холбогдон шалгагдсан. ...Би уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. ...Одоогоор би нөхөн төлөөгүй, гэхдээ нөхөн төлнө. ...2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагт нагац эгчийн гэр болох Хан-Уул дүүргийн ... тоотод байх үедээ эгчээс “утсаа өгөөч, би одоо утасгүй байна, гараад хүнээс гар утсаа аваад ороод ирье, та надад гар утсаа өгчих” гээд Самсунг А7 загварын гар утсыг гэрээс нь аваад гарсан. Тэгээд эгчийн гар утсаар фейсбүүк цахим орчинд “нийтийн байр түрээс” гэсэн газар “нийтийн байранд нэг өрөө суларлаа, сарын 400,000+200,000 дотроо нойлтой, хэрэглээний халуун, хүйтэн устай, хаяг: зурагтын хуучин эцэст, утас:...” гэсэн зарыг байршуулсан. Зарын дагуу эмэгтэй хүн холбогдоод байр түрээслэх гэсэн юм гэхээр нь би тухайн хүнд сарын 600.000 төгрөг гэсэн. Утсаар ярьж байсан эмэгтэй надад зурагтын хуучин эцэст байрлах саарал өнгийн нийтийн байр мөн үү гэхээр нь би мөн гэж хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэй би танай байрыг мэднэ гэхээр нь “танд байраа сарын 400.000 төгрөгөөр түрээсэлнэ, барьцаанд 200.000 төгрөг авъя” гэхэд “за, дансаа өгчих” гэхээр нь нагац эгч болох Пгийн хаан банкны дансны дугаарыг өгч 600.000 төгрөгийг өөртөө авсан. ... Баянголын цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа хэргийн хохирогчийн 200.000 төгрөгийн хохирлыг бол барагдуулсан байгаа. ...” /хх 52-53, 153-154/ тус тус мэдүүлгүүд,
Хаан банкны ... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 131-132/,
А.Пгийн эзэмшлийн Хаан банк дахь ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 28, 136-141/,
Н.Ганрагчаагийн эзэмшлийн Хаан банк дахь дансны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хоорондох дансны хуулга /хх 142/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Бийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Бий “...байр түрээслэнэ ...” гэж хуурамч зарыг фейсбүүк орчинд байршуулж, улмаар хохирогч Т.Тгөөс 200.000 төгрөгийг, хохирогч Ө.Таас 600.000 төгрөгийг А.Пгийн эзэмшлийн Хаан банкны дансаар тус тус шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Х.Отгончимэг “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь өөрийн хийсэн гэмт хэргийн талаар дүгнэлт хийгээд зогсохгүй улмаар гэм буруугаа гэмшин ойлгож байгаа, хохирлоо барагдуулсан, нийгэмд хөлөө олж хамт олонтой болсон зэргийг нь харгалзан үзэж 9 сарын хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас хорих ялыг сонгож, 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээрх байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бий шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бий шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР