Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2026/0067

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч *******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******

Гомдлын шаардлага: “Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар бичсэн Прокурорын дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч *******т холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Хариуцагч нь Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн албан шаардлагын хариуг хугацаанд нь тайлагнаагүй гэсэн үндэслэлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Баасанхүүд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэлийн ГХБ14/26-13 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалыг Баянхонгор аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.

3. Хяналтын прокурор нь Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан зөрчлийн хэргийн материалыг шалгаж, зөрчил илэрсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан байна.

4. Хяналтын прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

“Баянхонгор аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор би, тус аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч нь "Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь улсын байцаагчийн албан шаардлагын хариуг хугацаандаа тайлагнаагүй...” гэх зөрчлийн бүртгэлийн ГБХ14/26-13 дугаартай зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

4.1.Зөрчлийн материалд цугларсан баримтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл нь тодорхойгүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл" байхгүй байна.

4.2.Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн тухайд, Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дахь хэсэгт Хуулийн этгээд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах нийтлэг үүргийг хуульчилсан бөгөөд 30.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 13.1.4-т зааснаас бусад этгээдийн мэдэгдэл, зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан хуулийн этгээд түүний дагуу тодорхой арга хэмжээг авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй" гэж зохицуулсан бөгөөд үйл баримттай холбон дүгнэвэл, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 8 дугаартай “хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Тус цэцэрлэг нь 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуг хүргүүлэх үүрэгтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэн тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулж, хариуг хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх хуулийн тодорхойлолтод хамаарахаар байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн” гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

4.3. Харьяаллын бус зөрчил шалган шийдвэрлэсэн тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.26 дугаар зүйлд хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн харьяалан шалгахаар зохицуулсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан харьяалан шалгахаар хуульчилжээ.

Мөн эрх бүхий албан тушаалтан уг зөрчлийн зүйлчлэлийг буруу тодорхойлсны улмаас нэг зөрчилд холбогдуулан хэд хэдэн хүнд торгуулийн шийтгэл оногдуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.

Эрх бүхий албан тушаалтнаас буруу шийтгэл оногдуулснаар Зөрчлийн тухай хуулийн 1.1-т заасан "Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлд заасан "Зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчим болон зөрчлийн хуулийн зорилт алдагдах нөхцөл байдлыг бий болгож байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч *******ийн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулсан С.Баасанхүүд холбогдох 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.”  гэжээ.

   5. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Баянхонгор сумын 7-р цэцэрлэгийн багш Н-ын гаргасан хүүхдийн эрхийн зөрчил, мөн эцэг эхийн гаргасан манай хүүхдийг багш нар нь зодсон байна гэсэн гомдол, мэдээллийн дагуу тус цэцэрлэгийн бүлгийн камер шалгахаар очиход камер эвдэрсэн, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлээгүй байгаа зэргээс тус цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаа, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулахаар Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 03 сарын 02-ны өдрийн 08 тоот албан шаардлагыг өгч, 2026 оны 05 сарын 20-ны өдрийн дотор хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг нотлох баримтын хамт ирүүлэхийг шаардсан.

Албан шаардлага нь Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйл "Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5, 6, 7, 8 дугаар зүйл “Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх", Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйл, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дахь заалт хүүхдийн эрхийн зөрчил, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолын хэрэгжилт, ерөнхий боловсролын сургуулиудын батлан хэрэгжүүлж байгаа Хүүхэд хамгааллын бодлого, Эцэг эхийн зөвлөл, Хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, багш ажилтнуудын ёс зүй, харилцаа, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр нийт 22 заалт бүхий байсан болно.

Тус цэцэрлэг нь албан шаардлагыг хугацаандаа ирүүлээгүй ба 2026 оны 06 сарын 02-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч рүү залгахад албан шаардлагын тайланг ирүүлэх үүргээ мартсан байсан.

Тус цэцэрлэг нь албан шаардлагад тусгасан зүйл заалтыг цаг хугацаандаа хэрэгжүүлээгүй нөхөж тайланг бичиж ирүүлсэн нь тодорхой байсан.

Хүүхэд, гэр бүлийн салбарт ажиллаж байгаа улсын хэмжээнд нийт 108 хүүхдийн эрхийн улсын ахлах болон улсын байцаагч нар ажиллаж байгаа бөгөөд зөвлөмж, албан шаардлагыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд өгч хүүхдийн эрхийг хангуулан ажиллаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.26-д Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр тусгасны дагуу Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйл "Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйл “Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх", Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйл, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дахь заалт хүүхдийн эрхийн зөрчил, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолд заагдсан хүүхдийн сайн сайхан байдлыг хангах үүргээ биелүүлж ажиллаагүй цэцэрлэгийн эрхлэгч С.Баасанхүүд холбогдох ГБХ14/26-13 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар 06 сарын 04-ний өдрөөс 10-ны өдрүүдэд шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 15.2-1.2 дахь хэсэг 50 нэгжээр торгох хариуцлага тооцсон.

2026 оны 06 сарын 19-ний өдрийн 06 дугаартай Прокурорын “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хүлээн авч танилцаад Прокурорын дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч тайлбар бичиж байна.” гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Баасанхүү миний бие Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч *******ийн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэг асуудал гаргахгүй ” гэжээ.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

7. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Баянхонгор аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч *******т холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт бичжээ.

8. Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлэн дараах үндэслэлээр Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

9. Прокурорын дүгнэлт үндэслэлтэй.

10. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлийг тусгасан бөгөөд 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 6.6 дугаар зүйлийн 4-т “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” зэргийг шалгасны дараа эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

Хэргийн үйл баримтын талаар:

11. Аймгийн хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын улсын ахлах байцаагч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Баасанхүүд гарчиглан 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар Албан шаардлагыг хүргүүлж, тус шаардлагадаа нийт 1-22 ажлыг дугаарлан, тэдгээрийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж хэрэгжүүлэн ажиллаж, илтгэх хуудас, баримт нотолгооны хамт ирүүлэхийг шаардсан бөгөөд хугацаа хэтэрвэл Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 20.5, 6 дугаар зүйлийн 20.8, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн байна. /хх12-14/

12. Тус цэцэрлэг нь Албан шаардлагын дагуу хийгдсэн ажлын тайланг заасан хугацааны дотор хүргүүлээгүй байх ба эрх бүхий албан тушаалтан нь "Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Баасанхүү нь улсын байцаагчийн албан шаардлагын хариуг хугацаандаа тайлагнаагүй...” гэх үндэслэлээр түүнд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. /хх-15/

13. Уг шийтгэлийн хуудаст “Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2” гэж хуулийн заалтыг буруу бичсэнийг дурдах нь зүйтэй./хх-15/

14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлийг тусгасан бөгөөд 1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн”, 1.3-т “зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн”, 1.4-т “байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн” гэж заасан атал энэхүү хэргийн хувьд дээрх үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй байна.

15. Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дахь хэсэгт Хуулийн этгээд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах нийтлэг үүргийг тусгасан бөгөөд 30.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 13.1.4-т зааснаас бусад этгээдийн мэдэгдэл, зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан хуулийн этгээд түүний дагуу тодорхой арга хэмжээг авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй", 13.1.4-т “хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа хувь хүн” гэж тус тус заажээ.

16. Дээрхээс үзвэл, эрх бүхий албан тушаалтан энэхүү албан шаардлагадаа Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Боловсролын багц хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалт, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилт, ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын бодлого, Эцэг, эхийн зөвлөл, Хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, багш нарын ёс зүй, харилцаа, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэх зэргийг удирдлага болгон тодорхой ажлуудыг заасан хугацаанд хэрэгжүүлж, илтгэх хуудсаар тайлагнахыг тус цэцэрлэгт үүрэг болгосон нь Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд  бүрэн эрхийн дагуу авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзэх боломжтой.

17.Тус цэцэрлэг нь 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор албан шаардлагын хариуг хүргүүлэх үүрэгтэй байсан боловч холбогдох тайланг заасан хугацаанд хүргүүлээгүй буруутай байна.

18. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

19. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан "хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй...” гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

20. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.26 дугаар зүйлд хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн харьяалан шалгахаар зохицуулсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан харьяалан шалгахаар хуульчилжээ.

21. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан нь харьяаллын бус зөрчлийг шалган шийдвэрлэж, хуулийг буруу хэрэглэсэн байна.

22. Зүй нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хуулийн дагуу тохирсон шийтгэлийг оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн зорилт юм.

23. Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд, Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,  107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.26, Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасныг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.СУВДМАА