Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/02234

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/02234

 

 

 

М.Алтанзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01962 дугаар шийдвэртэй М.Алтанзулын нэхэмжлэлтэй, Лоропьяна монгол ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Лоропьяна монгол ХХК-ийн машин баригчийн ажилд сарын 700 000 төгрөгийн цалинтай, 1 жилийн хугацаатай ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр миний бие ажилдаа очих боломжгүй байсан тул хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженер н.Болорчулуунд ажилдаа очих боломжгүй болчихлоо, иймээс та өнөөдөр миний оронд өөр хүн ажиллуулаад өгөөч гэж хүсэлт гаргахад хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженер н.Болорчулуун зөвшөөрч чиний оронд машин баригч н.Нандинцэцэгийг тавилаа, чи өнөөдөр ажилдаа ирэхгүй байж болно гэсэн тул би тухайн өдөр ажилдаа очоогүй. Манай байгууллагын ажилчид ажлаас 1 өдрөөс доторх чөлөөг үйлдвэрийн дарга буюу хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженерээс авдаг тул би зохих журмын дагуу авсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн оройн ээлжинд гарах гэтэл өдрийн 14 цагт нөгөө ээлжийн мастер Л.Баттогтох ажилдаа ирээд хэрэггүй, чамайг халсан байна, манай ээлжнээс чиний оронд хүн гарна гэсэн. Тухайн өдөр хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженер н.Болорчулуунаас чөлөө авсан атал ажил тасалсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд үндэслэлгүй ажлаас халсан Лоропьяна монгол ХХК-ийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 25/2018 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 2 100 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Бадамханд шүүхэд гаргасан тайлбартаа: М.Алтанзул нь манай компанид 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хялгас ялгах машин баригчаар ажилд орсон бөгөөд 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд амаржсаны болон хүүхэд асрах чөлөөний амралтаа эдлээд ажилдаа орж өдийг хүртэл ажиллаж байгаа болно. М.Алтанзул нь ажлын байрандаа хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харьцаатай байдгаас гадна ээлжийн ахлагч, үйлдвэрийн дарга болон байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, өөдөөс нь сөргөөцөлдөн хэрэлдэж, хэл амаар доромжилдог, ажилдаа халамцуу ирдэг зэрэг зан суртахууны талаар доголдолтой ажилтан. Энэ талаар нь үйлдвэрийн дарга, ерөнхий инженер, ээлж хариуцсан ажилтан, хамт ажиллагсад нь удаа дараа зэмлэл хүлээлгэх, учирлан хэлэх, хамт ажиллагсадтайгаа эвтэй байх талаар сануулдаг боловч өөртөө дүгнэлт хийлгүй, алдаагаа бусдад нялзах, удирдлагын өөдөөс хэрэлдэх, хэл ам татлах зэрэг нь хэвээр байсан учир ажилчид, албан хаагчдаас гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэж 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр сарын цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээг захирлын 27/2017 тоот тушаалаар авсан ба М.Алтанзул нь өөрийн дутагдалтай байдалдаа дүгнэлт хийлгүй дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан учир 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн захирлын 15/1/2018 тоот тушаалаар ажлаас халах хүртэл хатуу сануулга өгсөн сахилгын арга хэмжээ авсан. М.Алтанзул нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 08.00-20.00 цаг хүртэл ээлжинй ажилтайн байсан атлаа 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажил таслан архидан согтуурч бусдын гар утсыг шидэж эвдлэх зэрэг агсан тавьж, олон нийтийн газар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Төмөр замын Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдэн бүтэн 11 цагийн турш ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 10.2.4 дэх заалтыг зөрчсөн байх тул 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр захирлын 25/2018 тоот тушаалаар ажлаас халсан. М.Алтанзул нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженерн. Болорчулуунд ажилдаа очих боломжгүй гэж чөлөө авсан нь байгууллагын дотоод журмын 5.5. дахь хэсэгт компаний захирлын шийдвэрээр ажилтанд түүний хүсэлтийн дагуу 1-3 хоногийн чөлөө олгож болно. Чөлөөтэй байх хугацаанд тэтгэмж олгох эсэх асуудлыг компаний захирал жич шийднэ гэсэн заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь ажилтан нарт чөлөө олгох эрхгүй. Тухайн компанид ажиллаж буй хэн ч хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журмыг биелүүлэх үүрэгтэй. Үүнийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж өгсөн. Тиймээс М.Алтанзул нь байгууллагын дотоод журмын 3.4.1, хөдөлмөрийн гэрээний 10.2.4, 10.2.5 дахь заалтуудыг зөрчсөн учраас Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4т заасан заалтыг үндэслэн ажлаас халж М.Алтанзултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд М.Алзтанзулыг ажлаас халсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар М.Алтанзулыг Лоропьяна монгол ХХК-ийн машин баригчийн ажилд эгүүлэн тогтоож, Лоропьяна монгол ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 2 100 000 төгрөг гаргуулан М.Алтанзулд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх зааснаар Лоро пьяна Монгол ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 48 550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах Ажил олгогч-ийн эрхийн тухайд: Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, мөн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх /сахилгын шийтгэл ногдуулах/ эрхтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэгт зааснаар Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, ...хөдөлмөрийн... гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тус компанийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 25/2018 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргасан үйл явц нь Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-нд тус тус зааснаар ажил олгогчид олгогдсон Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхийн хүрээнд гарсан болно.

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 24/2018 тоот тушаалын тухайд: М.Алтанзул нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл ээлжийн ажилтай байсан. Энэ нь Лоропьяна монгол ХХК-ийн захирлын тушаалаар батлагдсан Хялгас ялах цех-ийн ажилчдын 2018 оны 6 дугаар сард ажиллах Д.Батбилэг мастертай ээлжийн хувиар /хувиарыг нотлох баримаар шүүхэд өгсөн/, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдог. Гэтэл тухайн өдөр нэхэмжлэгч М.Алтанзул нь ажил таслан согтуурч, бусдын гар утсыг шидэж эвдлэн агсан тавьж, олон нийтийн газар, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас Төмөр замын Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдн бүтэн 11 цагийн турш ажил тасалсан Хөдөлмөрийн гэрээний 10.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 10.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн тул 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 24/2018 тоот захирлын тушаалаар ажил тасалсан зөрчилд нь сануулах арга хэмжээ авсан. /Анхан шатны шүүх зөрчлийг тогтоосон.

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 25/2018 тоот тушаалын тухайд: Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны орой 20 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл ээлжийн ажилд ажиллах байсан. /хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар тогтоогддог/ Гэтэл 6 дугаар сарын 22-ны өдөр СХД-ийн 19-р хорооны цагдаа дэд ахлагч Э.Мөнхжаргалын мэдээллээр М.Алтанзул болон түүний нөхөр н.Ган-Эрдэнэ нар эрүүлжүүлэхэд орж зөрчил гаргасан, зөрчлийн төлбөрөө төлөөгүй гэдэг мэдээлэл ирсэн. Үүгээрээ М.Алтанзул ёс зүйн алдаа гаргаж мөн компанийн нэр хүндийг унгасан. Компанийн гүйцэтгэх захирал 6 дугаар сарын 22-ны өглөө М.Алтанзулыг дуудаж уулзаж асуудлыг ярилцаж шийдвэрлэх гэсэн боловч ирж уулзаагүй, ажилдаа ирээгүй зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4. дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 10.2.2, 10.2.7, 10.2.20-д заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчил давтан гаргасан үйдэл нь удирдах албан тушаалтын үүрэг даалгаврыг биелүүлээгүй, компанийн нэр хүндийг унагасан гэсэн үндэслэлээр 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан үүрэг ажлаас халсан.

Гэтэл анхан шатны шүүх ... М.Алтанзулын ажил таслан, архидан согтуурч эрүүлжүүлэгдэж ёс зүйн алдаа гаргасан зөрчилд гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 24/2018 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан атлаа 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр түүнд ажлаас халах арга хэмжээ дахин авсан нь сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан гэж үзэхээр байна... гэж дүгнэсэн. Компанийн зүгээс М.Алтанзулд сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан зүйл огт байгаагүй М.Алтанзул нь сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгээр болон бусад нотлох баримтаар нотлогдсоор байхад анхан шатын шүүх сахилгын нэг зөрчил гэж үзсэнээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Улсын дээд шүүхийн тогтоолоор ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан. Компанийн зүгээс М.Алтанзулын хэд хэдэн зөрчилд сахилгын сануулах, ажлаас халах арга хэмжээг тус бүр авсан нь хууль зөрчөөгүй байхад анхан шатны шүүх ...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулсан ногдуулж болохгүй гэснийг зөрчсөн байна... гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Алтанзул нь хариуцагч Лоропьяна монгол ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар М.Алтанзулыг Лоропьяна монгол ХХК-ийн машин баригчийн ажилд эгүүлэн тогтоож, Лоропьяна монгол ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 2 100 000 төгрөг гаргуулан М.Алтанзулд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Буяндэлгэр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд:

1. А тал буюу хариуцагч Лоропьяна монгол ХХК нь Б тал буюу нэхэмжлэгч М.Алтанзулд шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр болон нэг удаагийн нөхөн төлбөрийн хамт нийт 2 800 000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг Б талын Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 499213394 тоот дансанд эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шилжүүлэх, Б тал нь машин баригчийн ажилд эгүүлэн томилогдохоос татгалзах,

2. Энэхүү төлбөрөөс, хувь хүний орлогын албан татварыг суутган тооцох, даатгуулагч болох Б тал нь ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээс татгалзаж зохигчид эвлэрэн хэлэлцсэн байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч М.Алтанзул, хариуцагч Лоропьяна монгол ХХК нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01962 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Алтанзул нь хариуцагч Лоропьяна монгол ХХК-ийн машин баригчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Лоропьяна монгол ХХК нь нэхэмжлэгч М.Алтанзулын ажилгүй байсан хугацааны олговорт 2 100 000 төгрөг, нэг удаагийн нөхөн төлбөр болох 700 000 төгрөгийн хамт нийт 2 800 000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг М.Алтанзулын Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 499213394 тоот дансанд шилжүүлэхээр зохигчид харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ