Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/11100

 

 

 

 

 

 

2025 09 11

197/ШШ2025/11100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 56-28 тоотод оршин суух, Ц овогтой О /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг  10 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 7, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД: 5368138/-т холбогдох,

Арилжааны банкууд дахь дансуудад тавьсан битүүмжлэлийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн суутгалд битүүмжлэгдсэн байгаа 16.767.500 төгрөгийн хоригийг цуцалж өгөх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Арилжааны банкин дахь дансуудад тавьсан битүүмжлэлийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн суутгалд битүүмжлэгдсэн 16 767 500 төгрөгийн хоригийг цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 05916 дугаар захиарамжаар Хөтөл Баян" ХХК-иас 2,852,648.052 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банк" ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. Шүүхийн гүйцэтгэх хуудаст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр батлгаажуулсан шийдвэр байна" гэж заасан байдаг. Үүнийг би хуульч хүний үүднээс шүүхийн гүйцэтгэх хуудас Хөтөл баян ХХК-аас гаргуулна гэсэн байхад хувьцаа эзэмшигч гэсэн нэрийдлээр Оюунчимэг гэдэг хүний өндөр настны тэтгэвэрт нь суутгал хийгээд ажиллагаа явуулаад байгаад нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Төлбөр төлөгч гэдгийг шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заахдаа төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан, хүн хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаас бусад үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигч гэсэн нэрийдлээр компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д заасныг үндэслэж өндөр настны тэтгэврээс суутгал хийж байгаа нь манай байгууллага хууль зөрчөөгүй гэж хариуцагч байгууллага тайлбарладаг. Тухайн компанийн эд хөрөнгө, хувийн эд хөрөнгөөсөө зааглагдсан эсэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоосон зүйл байхгүй. Тэрийг тогтоохын тулд тухайн байгууллагын санхүүгийн тайлан болон бусад төрийн байгууллагаас хангалттай мэдээллүүдээ аваад үнэхээр боломжгүй болсон бол тухайн компанийн эд хөрөнгө тогтоогдсон тохиолдолд түдгэлзүүлж болох талаар шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулинд зохицуулалт байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчөөд хувьцаа эзэмшигчийн өндөр настны тэтгэвэрээс суутгаж байгаа нь буруу байна. Учир нь тухайн хүний ажилласан жилээ тогтоолгоод хуульд заасан эрхээ эдлээд, өндөр настны тэтгэвэрээ хуулийн дагуу авч байхад нь тухайн хүний өндөр настны тэтгэвэрийг компанийн хөрөнгөтэй хольж байгаа нь маш бүдүүлэг юм. Тийм учраас Оюунчимэг гуайн өндөр настны тэтгэвэрт тавьсан суутгалыг чөлөөлж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: "Хөтөл баян" ХХК-ийн захирал Ц.О-н гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулах дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2018/05916 дугаар захирамжаар Хөтөл баян ХХК-аас 2.852.678.052,46 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 19270840 тоот тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх, зарлан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд хариулцан тохирч, Хөтөл баян ХХК нь бэлнээр 1 тэрбум төгрөг төлж, 30 ширхэг авто зогсоолыг 270 сая төгрөгт тооцон төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд шилжүүлж, төлбөр авагч талаас барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал, үйлдвэрийн эвлэлийн гудамж, 48в тоот хаягт байрлах 1330,56 мкв талбайтай цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт ирүүлснээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн байдаг. Цаашид шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөр буюу 1,5 гаруй тэрбум төгрөгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийн талаар лавлагааг холбогдох байгууллагаас тодруулахад бүртгэлтэй эд хөрөнгө тогтоогдоогүй тул төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагааг хуулийн этгээдийн бүртгэлийн газраас тодруулахад төлбөр төлөгч "Хөтөл баян ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь Цэрэндэжидийн Оюунчимэг байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тогтоохоор 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийн хугацаанд шаардлагатай нотлох баримтын шаардлага хангаж баримтуудыг ирүүлээгүй тул төлбөр төлөгч "Хөтөл баян" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь Ц.О-н цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийсэн. Тэтгэвэрийн суутгалыг тавихдаа Оюунчимэг гуайн хүсэлтийн дагуу тавьсан. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хувьцаа эзэмшигт миний тэтгэврээс 50 хувийн суутгал хийж, дансыг сэргээж өгнө үү гэх хүсэлтийн дагуу ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. гэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2018/05916 дугаар захирамжаар Хөтөл Баян ХХК-иас 2 852 678 052,46 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөтөл Баян ХХК-ийн захирал Ц.Оюунчимэг хүлээн зөвшөөрч, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийн хамт Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д бүрэн төлж барагдуулах, хугацаа зөрчсөн тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК болон Хөтөл Баян ХХК, Дорны Өргөө ХХК нарын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2018/09627 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 184/ГХ2018/01017 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний 3-ны өдрийн 19270840 дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх бөгөөд Хөтөл Баян ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь Цэрэндэжидийн Оюунчимэг болох нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн мэдээллийн баримтаар нотлогдож байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 01, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд Хөтөл Баян ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.О-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-т зааснаар компанийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах, Хөтөл Баян ХХК-ийн татварын болон санхүүгийн тайлан, банкин дахь дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн баримт, компанийн дүрэм зэрэг баримтуудыг ирүүлэхийг мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т төлбөр гаргуулж болохгүй орлогыг тодорхойлсон байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 19270840/177 дугаартай тогтоолыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-т Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан байна.

Хөтөл Баян ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.О-н компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь уг компанийн хөрөнгөд бүртгэгдсэн, тайланд нь тусгагдсан, түүний хувийг эд хөрөнгөөс заагласан баримтгүй байх тул хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлөх нь зүйтэй байна.

Иймд Арилжааны банкин дахь дансуудад тавьсан битүүмжлэлийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн суутгалд битүүмжлэгдсэн 16.767.500 төгрөгийн хоригийг цуцлуулах тухай Ц.О-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдох Арилжааны банкин дахь дансуудад тавьсан битүүмжлэлийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн суутгалд битүүмжлэгдсэн 16 767 500 төгрөгийн хоригийг цуцлуулах тухай Ц.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ