Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 111/ШШ2026/0068

 

 

 

2026 оны 07 сарын 27 өдөр         Дугаар 111/ШШ2026/0068              Баянхонгор сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ******* /РД:............/,

            Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар нарын хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч*******, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга  Х.Цэрэнлхам нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг даалгах”-аар маргаж байна. 

Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

  1. ******* нь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтад тэтгэврийг хортой нөхцөлөөр тогтоох жагсаалтын 195 дээр нефть хангамжийн операторчин оноосон нэршилд дүйцүүлэн тооцох ажил мэргэжлээр тэтгэвэрт оруулаагүй асуудлаар 2026 оны 1 дүгээр сард Баянхонгорын нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд өргөдөл гаргасан.
  2. Тус зөвлөл өргөдлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр 2006 оны ажилд орсон тушаал нотлох баримтгүй, бусад ирүүлсэн 2010, 2011, 2012, 2017 онуудын ШТМ-ын улирлын тайлангуудад эрхлэгч гэсэн тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хэвийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Хөдөлмөрийн хортой нөхцөл бүлгийн 2.19-д Нефть боловсруулах үйлдвэрийн хэсгийн, 195 дугаарт байгаа “Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн” ажил мэргэжилд хамааруулан тооцох боломжгүй талаарх хариуг өгсөн.
  3. Иргэн ******* дээрх хариуг эс зөвшөөрч Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргасныг тус газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/18 дугаар албан бичгээр “...2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн” гэх хариуг хүргүүлжээ. Улмаар 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
  4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Цэрэндагва овогтой Баатаржав миний бие 1971 оны 4 дүгээр сарын 12-нд төрсөн Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд амьдардаг. Нефть хангамжийн баазад нефтийн хангамжийн операторчин мэргэжлээр эдүгээ 27 дахь жилдээ ажиллаж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтад тэтгэврийг хортой нөхцөлөөр тогтоох жагсаалтын 195 дээр нефть хангамжийн операторчин гэсэн оноосон нэршилд дүйцүүлэн тооцох ажил мэргэжлээр тэтгэвэр тогтоолгохоор 2026 оны 1 дүгээр сард Баянхонгорын нийгмийн даатгалын газарт маргаан шийдвэрлэх зөвлөлд өргөдөл гаргасан. Тус зөвлөл өргөдлийг хүлээн аваад энэ заалтад орох боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн НДЕГ-ын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргасан боловч татгалзсан хариуг 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн. Тухайн ажил мэргэжлийн жагсаалтад нэр байгаа нефтийн засварчин, нефтийн жолооч, гагнуурчин гэх хүмүүс тэтгэвэртээ гарсан байдаг.

Энэ жагсаалтад нефть хангамжийн оператор гэдэг нэршил тохирч байгаа ч яагаад шат дараалан сөрөг хариу өгч байна. Миний бие энэ салбартаа тасралтгүй 27 жил ажилласан. Одоо бие дийлэхгүй болоод байна хортой нөхцөл үнэн л юм бол тэтгэвэр тогтоолгомоор байна. Тэтгэврээ тогтоолгоё гэхээр шийд өгөхгүй байгаад гомдолтой байна. Эрхэм шүүгч та хууль журмыг үндэслэн иргэн миний нэхэмжлэлд эерэг шийдвэр гарган хариу өгч хортой нөхцөлөөр тэтгэвэрт гаргахыг Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “ХНХ-ын Сайдын 2023-12-28-ны өдрийн А/221-р тушаалын хавсралтад Тэтгэврийг хортой, хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох жагсаалтын 195 дээр Нефть хангамжийн операторчин гэсэн нэршил буюу дүйцүүлэн тооцох ажил мэргэжлээр тэтгэвэрт орохоор 2026 оны 01 сард Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өргөдөл гаргасан. Тус зөвлөл өргөдлийг хүлээн аваад та энэ заалтад орох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт учир шалтгааныг бичиж хүсэлт гаргасан боловч мөн татгалзсан хариу буюу болохгүй гэсэн хариуг 2026 оны 04 сарын 02-нд өгсөн. Тухайн ажил мэргэжлийн жагсаалтад нэр нь байгаа нефтийн засварчин, нефтийн жолооч, гагнуурчин мэргэжилтэй хүмүүс тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гарсан байдаг. Гэтэл нефть хангамжийн операторчин болохгүй гэсэн хариуг шат шатандаа өгч иргэн намайг хохироож байна. Миний бие энэ салбартаа 27 жил ажилласан. Үүнээс 2006- 2015 оны хооронд буюу 9 жилийг ганцаараа ажилласан байдаг. Одоо миний бие байнгын гадаа зогсож хорт бодистой харьцаж ажилласны улмаас уушги, зүрх муудсан, хөл өвддөг болсон, харшилтай болсон зэрэг шалтгаанаар бие дийлэхгүй болоод байна. Тиймээс хортой нөхцөл нь үнэн л юм чинь тэтгэврээ хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгоё гэхээр шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байна. Шүүгч та хууль журмыг үндэслэн иргэн миний нэхэмжлэлд шийдвэр гарган хариу өгч хортой нөхцөлөөр тэтгэвэрт гаргаж өгөхийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү.” гэжээ.

     6. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Цэрэндагвын Баатаржав (ВМ71041215) нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.4. нийтдээ 20-с доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-с доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй; 5.1.5. нийтдээ 20-с доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-с доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; заалтуудын болзлыг хангаж байгаа эсэхийг ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад нотолж болох баримтуудыг иргэнээс авч тал бүрээс нь судалж үзсэн.

Тухайн үеийн нэршлээр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх “Гомдлын шаардлагын зөвлөл”-ийн гишүүн хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч Д.Сосорбурам "Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн үндэсний төв”-д хандаж тодруулахад шатахуун түгээх станцын түгээгч буюу нефть хангамжийн операторчныг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь хэвийн гэж үнэлэгдсэн байна гэж хариулт авч байсан. Мөн манай байгууллагаас дахин хандаж тодруулахад “Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг “Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн үндэсний төв”-ийн “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний төв”-өөс гадна итгэмжлэгдсэн лаборатори бүхий 3-4 аж ахуйн нэгж байгууллага үнэлгээ хийдэг, шатахуун түгээх станцтай холбоотой хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний мэдээллийн байгууллагын нууцын тухай хууль, байгуулсан гэрээний дагуу өөр байгууллагад мэдээлэл өгөх боломжгүй, харин тухайн байгууллага нь өөрөө хүсвэл гаргаж өгөх боломжтой, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үнэлгээг хийхдээ 24 цагийн турш мэргэжлийн багаж ашиглан Өртөлтийн хугацаагаар нь хэмжиж нарийвчлан хийдэг өөрөөр хэлбэл тухайн хорт бодист өртөж байгаагаар нь тооцож хэмжинэ гэсэн үг” хэмээн хариулсан.

Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гурванбулаг сумын иргэн *******ын хувийн өргөдлийг шийдвэрлэхийн тулд 2023 оны 221 дүгээр тушаалаар батлагдсан жагсаалтын 2.19 дэх хэсгийн 195 дугаарт байгаа ажил мэргэжлийн ангилалд шатахуун түгээх станцын түгээгч, нефть хангамжийн операторчныг оруулан тооцож болох талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024.04.01-ний өдрийн 01/200 дугаартай албан бичгээр хандаж 2024.05.03-ны өдрийн 04/915 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр хариу ирүүлэхдээ аймаг, сумын шатахуун түгээх станцын “түгээгч”, “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй болно гэх алба бичгийн хариу ирүүлсэн.

******* нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд ажилласан жилээ нефть хангамжийн операторчинд  тооцуулах хүсэлтээ өгсөн. Салбар зөвлөлөөр хэлэлцээд нотлох баримтаар ирүүлсэн баримтад эрхлэгч гэдэг албан тушаал байсан тул нефть хангамжийн операторчинд тооцох боломжгүй гэж шийдвэрлэн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр хариуг мэдэгдсэн.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох нь хуульд заасны дагуу журмаар зохицуулагдаж байгаа тул иргэн Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас эрүүл мэндийн байдалд муугаар нөлөөлж байгаа асуудлаа эрүүл мэндийн байгууллагаар оношлуулан Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах бүрэн боломжтой.” гэжээ.

  

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч ******* шүүхэд анх “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг даалгах” шаардлага гаргасан.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөрийн хэвийн бус хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” гэж[1] тодруулсан. Энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан хянан шийдвэрлэсэн болно.
  3. Нэхэмжлэл үндэслэлтэй байх тул шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
  4. Нэхэмжлэгч ******* дараах үндэслэлээр маргасан байна. Үүнд:

4.1.******* миний бие Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд амьдардаг, нефть хангамжийн баазад нефтийн хангамжийн операторчин мэргэжлээр 27 жил ажиллаж байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын  сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 195-д нефть хангамжийн операторчин гэсэн нэршилд дүйцүүлэн тооцох ажил мэргэжлээр тэтгэвэрт орохоор Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд өргөдөл гаргасан. Тус зөвлөл дээрх журмын заалтаар хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулан боломжгүй гэсэн хариу өгсөн. Төв зөвлөл мөн татгалзсан хариу ирүүлсэн.

4.2.Тухайн ажил мэргэжлийн жагсаалтад нэр нь байгаа нефтийн засварчин, жолооч, гагнуурчин мэргэжилтэй хүмүүс тэтгэвэрт хөнгөлөлттэй нөхцөлөөр гарсан байдаг. Гэтэл нефть хангамжийн операторчин болохгүй гэсэн хариуг шат шатандаа өгч иргэн намайг хохироож байна. Би 27 жил салбартаа ажилласан, үүнээс 2006-2015 оны хооронд 9 жил ганцаараа ажилласан. Одоо байнга гадаа зогсож, хорт бодистой харьцаж ажилласны улмаас уушги, зүрх муудаж, харшилтай болж, хөл өвддөг болсон.

5.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана. Үүнд:

5.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.4-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй,”, 5.1.5-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;” гэсэн заалтуудын болзлыг хангаж байгаа эсэхийг ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад нотлох баримтуудыг иргэнээс авч тал бүрээс нь судалсан.

5.2.Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гурванбулаг сумын иргэн *******ын хувийн өргөдлийг шийдвэрлэхийн тулд 2023 оны 221 дүгээр тушаалаар батлагдсан жагсаалтын 2.19 дэх хэсгийн 195 дугаарт байгаа ажил мэргэжлийн ангилалд шатахуун түгээх станцын түгээгч, нефть хангамжийн операторчныг оруулан тооцож болох талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/200 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газар 2024 оны 5 дугаар 03-ны өдрийн 04/915 дугаар албан бичгээр “...аймаг, сумын шатахуун түгээх станцын "түгээгч", "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй...” гэх албан бичгийн хариу ирүүлсэн.

5.3. Салбар зөвлөлөөр хэлэлцээд нотлох баримтад “эрхлэгч” гэсэн албан тушаал байсан тул нефть хангамжийн операторчинд тооцох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

6. Тогтоогдсон үйл баримтын талаар:

6.1. Нефть импорт концерн Баянхонгор баазын даргын 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд авах тухай” 17 дугаар тушаалаар *******ыг Гурванбулаг сумын түгээгчээр[2] ажиллуулахаар томилжээ.

6.2. “НИК” хувьцаат компанийн Баянхонгор аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар тушаалаар Гурванбулаг сумын шатахуун түгээх станцын түгээгчийн[3] үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

6.3.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоор[4] 2006 оны 11 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын дуустал нефть хангамжийн бааз, “Петровис” ХХК, “НИК” ХХК-д харьяалагдан нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн баримттай.

6.4.Хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд амьдарч, “НИК” ХХК-д нефть хангамжийн операторчноор ажиллаж байгаа талаараа мэдүүлж[5] байна.

  1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан *******ын иргэний үнэмлэхийн хуулбар[6], Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа[7] зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 1971 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 55 настай, нийт 25 жил ажилласан, тодруулбал, Нефть импорт концерн Баянхонгор баазын даргын 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тушаалаар түгээгч /оператор/, “...2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл эрхлэгч, түгээгчээр, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс одоог хүртэл нефть хангамжийн операторчноор ажиллаж байна.” гэх Ник Баянхонгор аймаг дахь нефть хангамжийн салбарын даргын 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар албан бичгээр[8] нефть хангамжийн эрхлэгч, оператор ажилд тус тус томилогдон, өдрийг хүртэл ажиллаж байгаа нь тогтоогдох ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
  2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 5.1.4-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй;” гэж тус тус заасан.  
  3. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж тусгайлан эрх олгосны дагуу Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баталсан. Уг жагсаалтын 195-д нефть хангамжийн операторын ажлыг дүйцүүлэн хэрэглэх ажил мэргэжлийн жагсаалтад оруулахаар тогтоож, уг заалт хүчин төгөлдөр байна.
  4. Гэтэл хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар нефть хангамжийн операторын ажлыг дээрх журамд хамааруулна, эрхлэгчээр ажилласныг нефть хангамжийн операторчноор ажилласанд тооцохгүй гэж хэт явцууруулан тайлбарлаж, даатгуулагчийг хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тооцож, тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.
  5.  Хэдийгээр "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 19-т “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн тухайд хэрэглэгдэх мэтээр жагсаасан ч жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл хэсэгт нефтьтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийг заагаагүйгээс үзвэл нэхэмжлэгчийн ажил мэргэжлийн чиг үүрэг, гүйцэтгэл, бусад нөхцөл байдлыг харгалзан даатгуулагчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзэв. Тодруулбал, нефть хангамжийн операторчин ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд ажиллаж байгаагаас үл хамааран тухайн ажил мэргэжлийн онцлог байдал нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна.
  6. “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2000 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дүгээр тушаал[9], шүүх хуралдааны явцад гэрч*******ийн “...нефть хангамжийн операторын болон эрхлэгчийн чиг үүрэг нь материалыг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх зэргээр нефтьтэй байнга харьцдаг, нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд эрхлэгч, операторчны ажлыг давхар эрхэлж байсан, 2020 оноос хойш суманд эрхлэгчийн албан тушаал байхгүй болсон” гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл “Петровис” ХХК-ийн НИК дундад бүс Баянхонгор салбарын 2010 оны 4 дүгээр, 2011 оны 2 дугаар, 2012 оны 1 дүгээр, 2017 оны 3 дугаар улирлын тайлангийн баримтуудад нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалыг эрхлэгч гэж тэмдэглэснээс үл хамааран нефтийн төрлийн бодистой харьцдаг түгээмэл ажил мэргэжилд шатахуун түгээх газрын нефть хангамжийн операторыг /эрхлэгч нь операторын үүргийг хамт гүйцэтгэдэг/ Хөдөлмөр, нийгэм хамгааллын  сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 195-д дүйцүүлэн хэрэглэж, даатгуулагчийг тэтгэврийг хортой нөхцөлөөр тогтоох боломжтой байжээ.
  7. Дээрх нөхцөл байдлыг харгалзан даатгуулагчийг хортой нөхцөлөөр тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хууль бус байх тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газар *******ыг хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт, холбогдох материалыг хүлээн авч, хянаад тэтгэврийг тогтоох шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСАЙХАН

 

 

 

 

 

[1]Хавтаст хэргийн 35 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 14-18 дугаар талууд

[5] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 64 дүгээр тал