Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02154

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02154

 

 

 

Д.Мартын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01598 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Мартын нэхэмжлэлтэй

Хариуцагч Мөнгөн буудай ББСБ ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 794 440 төгрөг төлөх үлдэгдэлтэй болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87 дугаар байрны 3 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 83 673 972 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэл

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Мөнгөн буудай" ББСБ-тай 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 120 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87 дугаар байрны 3 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэрээг байгуулснаас хойш 2 тал тооцооны үлдэгдлийн талаар харилцан тохиролцож "тооцоо нийлсэн акт"-ыг үйлдсэн бөгөөд уг актаар нийт үлдэгдэл 142 794 440 төгрөг болсон бөгөөд 130 000 000 төгрөгийг тус банк санхүүгийн байгууллагын дансанд зээлийн төлбөрт шилжүүлсэн. Үүнээс хойш үлдэх 12 794 440 төгрөгийг шилжүүлж, барьцааны зүйл болох орон сууцыг чөлөөлүүлэхээр тус байгууллагад хандсан боловч "барьцааны зүйлийг шилжүүлэн өгөх боломжгүй, 130 000 000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүндээ тооцож авсан" гэж байгаа тул зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 12 794 440 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Мартаас гаргасан хүсэлтийн дагуу талууд Зээлийн гэрээ байгуулж, 120 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгосон. Д.Март өмнө нь зээл авч байснаас үндсэн зээлийн үлдэгдэл 142 794 440 төгрөг бөгөөд энэ нь зээл олголтын баримтаар нотлогдоно. Зээлдэгч зээл авснаас хойш хуваарийн дагуу төлөлт хийх үүргээ огт гүйцэтгэхгүй явж байгаад бүтэн жилийн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 130 000 000 төгрөг шилжүүлснийг гэрээний 2.2.7 дах заалтын дагуу тухайн өдөр нь нэмэгдүүлсэн хүүнд 17 298 466 төгрөг, үндсэн хүүнд 82 000 000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 30 701 534 төгрөгийг тус тус суутган авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 89 298 466 төгрөг, хүүний үлдэгдэл 41 077 294 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 8 215 460 төгрөг, нийт 138 591 220 төгрөг байна. Тооцоо нийлсэн акт нь зээлдэгчийн манай ББСБ-аас нийт 8 удаагийн гэрээгээр авсан үндсэн зээлийн мэдээлэл бөгөөд 142 794 440 төгрөг гэсэн нь тухайн үед байгаа үндсэн зээлийн хэмжээ юм. Талуудын хооронд хүүгийн хэмжээг бууруулах тухай ямар нэгэн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулагдаагүй. Гэтэл зээлдэгч авсан зээлдээ огт хүү тооцохгүйгээр зөвхөн үндсэн зээлээ төлөхөөр тооцож зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь гэрээг зөрчсөн, шударга бус шаардлага байна. Түүнчлэн зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байгаа тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэл бүрдээгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч 2016 оны 09 сарын 20-ны өдөр 130 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тухайн өдрөөр төлөлтийг суутган өнөөдрийн байдлаар нийт 83 673 972 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул зээлдэгчээс зээлийн төлбөрийн үлдэгдэл болох дээрх мөнгийг гаргуулж өгнө үү. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 122 тоот барьцааны гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87 дугаар байрны 3 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2016 оны 06 дугаар сарын 20-нд хийсэн "Тооцоо нийлсэн акт"-аар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй, эцсийн байдлаар үндсэн зээл 142 794 440 төгрөгөөр тооцон уг үндсэн зээлийн төлбөрөөс 130 000 000 төгрөгийг 2016 оны 09 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч барагдуулсан бөгөөд үлдэх 12 794 440 төгрөгийг барагдуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх гэхэд хариуцагч нь уг үүргээсээ зугтаж гэрээг дуусгавар болгох боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Мөн нөгөө талаар хариуцагч "Мөнгөн буудай" ББСБ-ын гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл нь "Тооцоо нийлсэн акт"-ыг 2016 оны 06 сарын 20-нд тохиролцож үйлдсэн. Мөн 142 794 440 төгрөгийг үндсэн зээл гэдэг дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл нь 2016 оны 09 сарын 16-ны өдөр шилжүүлсэн 130 000 000 төгрөгийг үндсэн зээлд тооцон авснаа тайлбараар хүлээн зөвшөөрсөн. Гэтэл үндсэн зээлд тооцож авсан 130 000 000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүндээ тооцож авсан гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Мартын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс 32 179 720 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, \/лдэх 51 494 252 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу нэхэмжлэгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87 дугаар байрны 3 тоот орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 870 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579 425 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 318 849 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 83 673 972 төгрөгөөс 32 179 720 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 51 494 252 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тооцоолол бодолтын хувьд алдаатай болсон. Монгол банкнаас гаргасан 'Банкны хүү бодох аргачлал"-ын дагуу тооцож үзвэл 51 261 013 төгрөг болж байгаа ба түүнээс шүүхийн шийдвэрээр хангасан 32 179 720 төгрөгийг хасвал 19 081 293 төгрөгийн зөрүү гарч байна. Иймд төлбөрийн бодолтыг зөвтгөн өгч, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Март нь хариуцагч Мөнгөн буудай ББСБ ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12 794 440 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардлагаа нэмэгдүүлсэн боловч уг шаардлагаа тусад нь шийдвэрлүүлэхээр татгалзсанаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. /хх-ийн 92/

 

Хариуцагч Мөнгөн буудай ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 83 673 972 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 122 тоот зээлийн гэрээний дагуу Мөнгөн буудай ББСБ ХХК нь зээлдэгч Д.Мартад 120 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, үйлдвэр хороолол, Туул гол гудамжны 87-р байрны 3 тоот орон сууцыг барьцаалсан гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцүүлэн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн шүүх талуудын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн баримт /хх-ийн 6/ нь тэдгээрийн хооронд өмнө нь байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн болон 122 тоот энэ зээлийн гэрээний нийт үнийн дүнг багтаасан болохыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Дээрх тооцоонд тусгагдсан 142 794 440 төгрөгөөс өөрийн төлсөн 130 000 000 төгрөгийг хасч 12 794 440 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тооцоолол нь гэрээний үүргээ гүйцэтгэх татгалзлын үндэслэл байж болохоос бие даасан нэхэмжлэлийн шаардлага байх боломжгүй юм.

 

Харин шүүх нэхэмжлэгч өөрийн гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй байхад дээрх тооцоо нийлсэн баримтад тусгагдсан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөгдсөн гэх 47 777 700 төгрөгийн зарим хэсэг 27 983 000 төгрөгийг ...2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 122 тоот гэрээний дагуу үүссэн байсан үүргийг гүйцэтгэсэн гэж үзсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч ...ББСБ 47 сая төгрөгийг суутгаж авахдаа өмнөх 52 сая төгрөгт авсан, ...22 сая төгрөгийг үндсэн зээлд аваад үлдсэнг өмнөх зээлүүдийн хүүнд авсан...120 сая төгрөгөөс огт төлбөрт суутгаж аваагүй... гэж тайлбарласан /хх-ийн 90/ тохиолдолд нэхэмжлэгч өөрийнхөө тайлбарыг нотлох үүрэгтэй байхад ...зээлдэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй... гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч нь 122 тоот зээлийн гэрээний хүүд 27 983 000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байхад Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдлээс уг 27 983 000 төгрөгийг хасч тооцсон нь буруу болжээ.

 

122 тоот зээлийн гэрээний 3 сарын хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дууссан, хариуцагч үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 130 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 130 000 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлөх хүртэл үндсэн зээл 120 000 000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны нийт 13 сар, 13 хоногийн хүү 80 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16 120 000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. Гэрээний үндсэн үүрэг 200 600 000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 130 000 000 төгрөгийг хасахад хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл 70 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 120 000 төгрөг, нийт 86 720 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг тул зээлдэгч хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй

тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Иймд дээрх байдлаас үзэхэд хариуцагч нь 86 720 000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь 83 673 972 төгрөгийг нэхэмжилсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасныг тусгайлан заах шаардлага байхгүй тул 4 дэх заалтыг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01598 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээний үүрэгт 12 794 440 төгрөг төлөх үлдэгдэлтэй болохыг тогтоолгохыг хүссэн Д.Мартын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Мартаас 83 673 972 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгосугай гэж, 3 дах заалтын 318 849 гэснийг 576 320 гэж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дах заалтыг 4, 6 дах заалтыг 5 болгож тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуу лийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Мөнгөн буудай ББСБ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 357 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ