| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 182/2024/04565/И |
| Дугаар | 191/ШШ2025/08862 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/08862
| 2025 10 20 | 191/ШШ2025/08862 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М
Хариуцагч: Н.А нарт холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний доголдолтой холбоотой хохиролд 11,210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.*******,
Хариуцагч Н.*******,
Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.******* би 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 0939 дугаартай худалдах, худалдан авах гэрээг Н.*******ын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.*******тэй байгуулж Тоуоtа Нighlander гэх суудлын автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлбөрийг бүрэн шилжүүлж автомашиныг хүлээн авсан. Гэвч худалдан авсанаас 1 хоногийн дараа буюу 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хотоос ойрхон зуслан руугаа явах үед уг автомашин зогсоод явах боломжгүй болсон ба улмаар дуудлагын ачлага дуудаж автозасварын газар хайсан боловч наадмын амралт таарсан учир ажилдаг газар байхгүй байсан тул хувийн засварын газраар үзүүлэхэд урьдчилсан байдлаар мотор нь гэмтэлтэй, явах эд ангийн арчилгаа цаг тухайд нь хийгээгүйн улмаас мотор нь муудсан, солих шаардлагатай гэсэн. Миний өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллагаанд оролцож байсан бөгөөд машин авсанаас 1 хоногийн дараа автомашинд доголдол үүссэн талаар анх гаргасан нэхэмжлэлд дурдсан нь худлаа, харин машинаа аваад 2024 оны 7 дугаар сарын 09-ний орой нь Увс аймаг руу гарч, 7 дугаар сарын 14-ний өдөр хотод ирсэн ба, хотруу ирж явах замд эвдрэл гарсан. Ийнхүү 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Акума Авто сервис гэх газраар нарийн үзлэг хийлгэж үнэлгээ тогтоолгоход мотор ком, радиатор, ремен, кадушка, свеча, агаар шүүгч зэрэг эд ангийг тэр чигт нь солих шаардлагатай нь тогтоогдож хохирлын үнэлгээ 9,760,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч Э.******* миний бие хариуцагчад энэ талаар мэдэгдэж худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар уг тээврийн хэрэгслийн доголдлыг арилгахыг удаа дараа шаардсан боловч утасаа авахгүй, ямар нэг хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн учир ийнхүү шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүйд хүрсэн. Тухайн цаг үед наадмын амралтаас өмнө эхнэр хүүхдээ агаар салхинд гаргах унаа тэрэг яаралтай хэрэгтэй байсан тул худалдагчийн ямар ч асуудалгүй гэх үгэнд итгэж авсан. Мөн автомашины моторыг хүн гаднаас нь үзээд шууд шалгаж мэдэх боломжгүй. Хэрэв худалдагч гэрээнд заасан үүргээ биелүүлж уг тээврийн хэрэгслийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдлын талаар үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгсөн бол нэхэмжпэгч Э.******* миний бие ачлага, үзлэг оношилгооны зардлуудыг гаргахгүй байсан ба өнөөдрийг хүртэл автомашиныг унах боломжгүй жирэмсэн эхнэрээ эмнэлэгээр зөөж чадахгүй хохиролтой байна. Одоо машинаа таньдаг хүнээрээ 2025 оны 02 дугаар сард засуулсан, бодитоор надаас 6,300,000 орчим төгрөг гарсан. Автомашины биет байдлын доголдол илэрч зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс хойш тооцогдож буй зогсоолын төлбөр нь өдрийн 5000 төгрөг ба нийт 90 хоног болж, зогсоолын төлбөрт 450,000 төгрөгийн зардал гарсан.
Иймд үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 9,760,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 540,000 төгрөг, оношилгооны 150,000 төгрөг, мөн 4 удаагийн ачлагын төлбөрт 310,000 төгрөг, зогсоолын төлбөр 450,000 төгрөг, нийт 11,210,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* нь гадагшаа явж магадгүй боллоо гээд миний нэр дээр машинаа шилжүүлсэн байсан ба худалдаж авах хүн гараад ирлээ гэхээр нь шууд нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн. Машин ямар байсныг би мэдэхгүй, миний хувьд итгэмжлэлээр энэ ажиллагаанд оролцсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч Б.******* нь тухайн машиныг нэхэмжлэгчид зарахад тухайн тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн байдлаар эвдрэл, гэмтэл, доголдол байгаагүй. Сая нэхэмжлэгч талын аман хэлбэрээр мэдүүлж байгаа байдал, бичгийн хэлбэрээр нэхэмжлэл гаргасан байдлаас үзэхэд тухайн хүн Увс аймаг руу явсан байдаг. Увс аймаг руу яваад хот руу орж ирж байх явцдаа ийм уг гэмтэл илэрсэн гэсэн байдаг. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан материалуудаас үзэхээр тухайн тээврийн хэрэгсэл нь хэт халалтаас болж ус, масло нь холилдож гэмтсэн байдаг. Гэтэл нэгдүгээрт, тээврийн хэрэгсэл дотор ус болох хөргөлтийн шингэнийг хянаад явж байх дайчиг байдаг, хоёрдугаарт тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа жолооч нь уг хөргөлтийн шингэнийг нэгдүгээрт хянаад явж байх ёстой, дундарсан байна уу, үгүй юү гэдгийг өөрөө шалгаж явах ёстой байдаг. Мотор хөргөлтийн шингэн багассанаас болж, хэт халуун агаар мотор дотор бий болсноос болж трубо өөрөө задардаг. Маш их халсан учраас кадушка, свеча, моторын тос хэт халснаас болж буцалдаг. Моторын тос харалж тослох чадвараа алддаг. Свеча нь хэт халснаас болж шарлаж улайдаг, зэвэрдэг, харладаг. Хэрвээ яг ус нь холилдчихсон, ийм хэмжээний халалттай байсан тээврийн хэрэгсэл бол 2, 3 мянган километр тойроод ирэх боломжтой юу, үгүй юу. Ус, масло холилдсон үед машин километр ч явдаггүй. 500 метр яваад тээврийн хэрэгсэл зогсдог. Би өөрөө техникийн инженер хүн. Ус, масло яагаад холигддог вэ гэхээр хэт халсан мотор руу хүйтэн тасалгааны температурт байгаа хөргөлтийн шингэн хийснээс халуун хүйтэн хоршсоноос болж дээд анги гулзайдаг. Гулзайна гэдэг маань хэт халснаас болж халуун хүйтэн харшаад дээд анги нь нэг ёсондоо махийна гэсэн үг. Ингэснээр дотор жийрэг үлээж ус, масло холилдох нөхцөл байдал үүсдэг. Энэ бол ашиглалтын явцад үүсэж байгаа буруу ашигласнаас болж буруу хөргөлтийн шингэн нэмснээс болж үүсэж байгаа гэмтэл юм. Нэхэмжлэгч түрүүн ярьж байсан. Улаанбаатар хотоос 9-нд гараад 14-нд наашаа хот руу орж ирж байх явцад болсон асуудал гэж ярьдаг. Улаанбаатар хотоос Увс аймаг хүртэл хэдэн километр билээ. Ийм километр явж байхад ийм эвдрэл үүссэн машин явах боломжгүй юм. Энэ эвдрэл наашаа ирж байх явцад бий болсон эвдрэл байх бөгөөд эсвэл хэт гүнзгий ус туулснаас болж халуун хүйтэн хоршиж мотор нь эвдрэл үүсэх боломжтой. Моторын сэнсийг эргүүлж байгаа ремений язрал бол тухайн машин явдал дундаа хуучраад үүсэж байгаа гэмтэл бол мөн. Гэхдээ тасраагүй тохиолдолд ременээс болж ийм гэмтэл үүсдэггүй. Энэ гэмтэл бол шинжээчийн дүгнэлтээс үзэхэд мотор хэт халснаас болж үүссэн гэмтлүүд байгаад байгаа юм. Мотор хэт халах болсон шалтгаан бол хөргөлтийн шингэн дундуур явснаас болж үүсэж байгаа юм. Хөргөлтийн шингэн яагаад дундуур явсан бэ гэхээр халуун үед хэдэн мянган километр явсан, гадна орчины хувьд 7 дугаар сард халуун байсан. Халуун үед хэдэн мянган километр засмалаар явж байгаа машин мотор өөрөө халдаг. Ингэснээр хөргөлтийн шингэн ууршдаг. Мотороо хөргөхийн тулд багасдаг, ширгэдэг нөхцөл байдал байдаг. Энийг жолооч хүн дайчигаа харж явж байгаад цаг тухай бүрд нь нэмж явах үүрэгтэй. Тэгэхээр энэ бол жолоочийн цэвэр хариуцлагагүйгээс болсон гэмтэл байна. Миний үйлчлүүлэгч тухайн хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлэхэд бүрэн бүтэн зүгээр байсан гэдгийг өмнө нь үзлэг оношилгоонд орж байсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан Доктор авто сервисийн мөнгө төгрөг төлсөн баримт болон Доктор авто сервисээс гаргаж өгсөн тодорхойлолт, нэг засварын газрын дүгнэлтүүд байдаг. Тухайн хүнд зарахын өмнө бүрэн оношилгоонд оруулаад өгсөн байдаг. Өмнө нь ч миний үйлчлүүлэгч энэ тээврийн хэрэгслийг бүрэн оношилгоонд нь цаг тухай бүрд нь оруулаад явж байсан. Ингээд үзэхээр тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч талд хүлээлгэж өгөхөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Чанарын доголдолгүй байсан. Энэ хүн өөрийн хүлээх үүрэг, хариуцлагагүйгээс болж ийм эвдрэл, гэмтэл үүслээ гэж үзэж байгаа юм. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 6 сая гаран төгрөгөөр машинаа засуулсан гэх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 0939 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-4/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Б.*******, Э.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 0585 дугаартай итгэмжлэл /хх-6/, Н.*******ын хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа /хх-7/, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн кассын орлогын ордер /хх-8/, Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-9/, Акумагийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн хуудас /хх-10/, автомашины зургууд /хх-11-31/, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ /хх-42-46/, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-47-49/, Э.*******ийн Голомт банкны дансны хуулга /хх-50/, Э.*******ийн Хаан банкны дансны хуулга /хх-51,53/, AGULA V тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-52/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-90/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-91/, Бараа материалын зарлагын баримт /хх-92/, 86000507 утасны мессежийн баримт /хх-94,95/-ыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
хариуцагч Н.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, Доктор авто чэйны 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 40,000 төгрөгийн ибаримт /хх-60/, Б.*******ийн итгэмжлэл /хх-61/, Даймондлоу ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 149 дугаартай албан бичиг /хх-62/, Доктор авто чэйны 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ибаримт /хх-63/, мөн байгууллагын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэх /хх-64/, зургууд /хх-65,66/-ыг хариуцагч нар шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-110-128/, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-135-138/, Увс аймгийн цагдаагийн газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 48-5/3861, 48-5/3862 дугаартай албан бичиг /хх-163,164/, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3/1574 дугаартай албан бичиг /хх-165/, Завхан аймгийн Алтан гадас одонт Цагдаагийн газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 41ж/1581 дугаартай албан бичиг /хх-170/, Архангай аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3105/6143 дугаартай албан бичиг /хх-173/, Смарткар ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 021/25 дугаартай албан бичиг /хх-175/-ийг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Н.*******, Б.******* нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний доголдолтой холбоотой хохиролд үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 9,760,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 540,000 төгрөг, оношилгооны 150,000 төгрөг, мөн 4 удаагийн ачлагын төлбөрт 310,000 төгрөг, нийт 10,760,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зогсоолын төлбөрт 450,000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 11,210,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч Н.******* нь машин ямар байсныг би мэдэхгүй, миний хувьд итгэмжлэлээр энэ ажиллагаанд оролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь ямар нэгэн эвдрэл, доголдолгүй өмнө нь оношилгоонд орсон байсан автомашиныг худалдаж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь машиныг авсаны дараа Увс аймаг руу ирж, очихын 2500 орчим километр замыг туулсан, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хэт халалтаас болж тос масол нь холилдсон байдаг, машины хянах самбараас хөргөлтийн шингэнийг болон дундарсан эсэхийг жолооч өөрөө хянах ёстой байсан зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Хариуцагч Н.******* нь Toyota Highlander ******* маркийн, ******* ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй автомашины эзэмшигчээр 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн байна. /хх-5/
Н.******* нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дээрх автомашиныг бусдад худалдах, гэрээ байгуулах зэрэг эрхийг Б.*******д олгож, Б.******* нь Э.*******тэй мөн өдөр 0939 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа 16,000,000 төгрөгийг Э.******* нь өөрийн санхүүжилтээр, үлдэх 24,000,000 төгрөгийг Нэт капитал мобайл ХХК-ийн зээлээр санхүүжүүлж төлөхөөр харилцан тохиролцож төлсөн, гэрээ байгуулсан өдрөө Э.******* нь автомашиныг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-4, 42-49/
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
3б. Нэхэмжлэгч Э.******* нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр автомашиныг авч, 7 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу гэр бүлийн хамт явж, буцаад 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу орж ирэх үед автомашин зогсоод явах боломжгүй болж, дуудлагын ачилт дуудсан, улмаар Акума-Эрин ХХК-ийн Акума зоне засварын газарт 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр үзлэг, оношилгоо хийлгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-10/
3в. Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар Акума авто сервисийн үзлэг оношлогооны дүгнэлтийг харгалзаж хохирлын хэмжээг шууд зардал нь 9,145,000 төгрөг, шууд бус зардал нь 615,000 төгрөг, нийт 9,760,000 төгрөг гэж тогтоосон байна. Уг үнэлгээний тайланд мотор ком /хайбрид 3300/ болон радиаторыг эвдрэл ихтэй гэж дүгнээд эдгээр сэлбэг болон бусад дагалдах сэлбэг, хэрэгслийг солих шаардлагатай гэжээ. /хх-9/
3б. Э.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед болон дээрх үнэлгээний тайлан гарсаны дараа автомашиныг засварлаагүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 02 дугаар сард таньдаг засварын газраар машинаа засуулсан, засуулаад 6,300,000 орчим төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлаж байна.
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дээр дүгнэсэн бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Э.******* нь худалдах, худалдан авах гэрээний доголдолтой холбоотойгоор автомашинд гарсан эвдрэлийг засварлахад гарсан зардлыг төлүүлэхээр шаардах эрхтэй, энэхүү хуулийн хугацаанд автомашиныг худалдан авах үед доголдолтой байсан гэж үзэж гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн байна.
4а. Даймондлоу ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 149 дугаартай албан бичигт 2024.07.06-ны өдөр ******* ******* дугаартай Toyota Highlander маркийн автомашинд урд хэвтээ тэнцүүлэгчийн 2 даравч резин, хөдөлгүүрийн тос, бүх агаар шүүгч солигдсон. Тухайн үед үзлэг хийхэд хөдөлгүүрийн хөргөлтийн шингэн нягтрал бага байсан. Хөдөлгүүрийн шингэнийг бүгдийг шинэчилж сольж дүүргэж хэвийн түвшинд хүргэсэн. Явах эд анги хэвийн асуудалгүй гэжээ. /хх-62/
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын автомашиныг оношилгоонд оруулсан, ямар нэгэн асуудалгүй гэж тайлбарласанд итгэсэн гэх тайлбарыг гаргаж байна.
4б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хүлээн авч, тээврийн хэрэгслийн мотор болон катушик, ремен, катушикны резин, севча зэрэг моторын эд ангид эвдрэл гэмтэл үүссэн шалтгаан нөхцлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилж, уг газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3365 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр Шинжилгээнд ирүүлсэн ******* ******* улсын дугаартай Toyota Highlander маркийн автомашины хөдөлгүүрт гарсан гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл байна гэж дүгнэсэн. Мөн шинжээчийн дүгнэлтэд ...катушикны урд хэсгийн резин хатуурч цуурсан, зах ирмэг хэсгүүд тэгш бус барзгар ирмэг хэсгүүд бохирлогдоогүй байгаа нь үүсээд удаагүй гэмтэл байх боломжтой байна гэжээ.
4в. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь тухайн автоамашиныг худалдан авахдаа эвдрэл гэмтэл доголдолтой эсэхийг шалгах үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, автомашиныг худалдан авахад ямар нэгэн доголдолтой байсан нь тогтоогдохгүй, харин нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авснаас хойш Улаанбаатар хотоос Увс аймаг руу 2500 орчим км явж ирсэн буюу түүний ашиглалттай холбоотойгоор автомашинд эвдрэл гэмтэл үүссэн гэж үзэхээр байна.
5. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж зааснаар доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулж автомашиныг хариуцагч нар нь нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь автомашиныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад засварын газраар засуулж, 6,300,000 орчим төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, тайлбараа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн хувьд өөрт учирсан бодит хохирлыг шаардаагүй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний доголдолтой холбоотой хохиролд үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 9,760,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 540,000 төгрөг, оношилгосны 150,000 төгрөг, мөн 4 удаагийн ачлагын төлбөрт 310,000 төгрөг, зогсоолын төлбөрт 450,000 төгрөг, нийт 11,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучнаар/-ийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2024/16039 дугаартай захирамжийн 2 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ