Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 381

 

                                      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй,  ажилгүй, ам бүл-1, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-4-15 тоотод төрсөн дүү Загдаагийн Бат-Эрдэнийд оршин суудаг,  2000 онд 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,  дугаарын регистртэй, Б.З.Б- холбогдох 201526012404 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч З.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Орбитын 10-133б тоотод оршин суух иргэн Б.Лн эзэмшлийн хувийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Тошиба” маркийн хөргөгчийг хулгайлж бусдад 519.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг учруулсан, мөн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын 9-127 тоотод оршин суух иргэн Д.Бн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж “ТСЛ” маркийн зурагтыг хулгайлж бусдад 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  З.Б мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэг үнэн зөв шалгагдан тогтоогдсон, гэм буруугийн талаар маргахгүй тул нэмж мэдүүлэх зүйл алга. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Эрүүгийн 1708022950416 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр...би 14 цаг 30 минутын орчим хүүхдийнхээ хамт гарахдаа эсгий гэрийнхээ хаалгыг жижиг зүүдэг цоожоор цоожлоод сүмийн хуралдаа очоод байж байтал хадам ээж Бямбаноров утсаар яриад” гэрт хулгай орсон байна” гэхээр нь би гэртээ явж ирэхэд гэрийн хаалганы цоожийг мулт татаж гэрий зүүн хойд хэсэгт тавиур дээр байсан 32 инчийн ЛСД зурагтыг, удирдлагын хамт авч явсан байхаар нь цагдаад мэдэгдсэн...“TCL” гэсэн бичигтэй, гадна тал нь хар өнгөтэй, хавтгай дэлгэцтэй LCD зурагт байсан...гэжээ. /хх-28-29/,

Хохирогч Б.Лн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10 дугаар хороолол руу нүүсэн...2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эргэж ирэхэд манай байшин зүгээр байсан...2015 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ирсэн чинь манай байшингийн цонхыг хагалаад хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.  Манай гэрээс Toshiba брэндийн нэг хаалгатай хөргөгч алдагдсан...Би хөргөгч болон хагалсан цонхны 80.000 төгрөг, хаалганы 50.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэжээ. /хх-53/,

Шүүгдэгч З.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62./, өргөдөл /хх-3,34/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-17/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /хх-31/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35-40/, эд зүйлийн үнэлгээ /хх-51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/, шүүгдэгч З.Бэ сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Б гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж,  хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч З.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Орбитын 10-133б тоотод оршин суух иргэн Б.Л эзэмшлийн хувийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 519.000 төгрөгийн үнэ бүхий “Тошиба” маркийн хөргөгчийг хулгайлсан, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын 9-127 тоотод оршин суух иргэн Д.Б-гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 400.000 төгрөгийн үнэ бүхий “ТСЛ” маркийн зурагтыг хулгайлсан болох нь

-хохирогч Д.Б ”...хадам ээж Б утсаар яриад гэрт хулгай орсон байна гэхээр нь би гэртээ явж ирэхэд...32 инчийн ЛСД зурагтыг, удирдлагын хамт авч явсан байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, 

-хохирогч Б.Л ”...би хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эргэж ирэхэд манай байшин зүгээр байсан...2015 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ирсэн чинь манай байшингийн цонхыг хагалаад хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-52-53/,

-хохирогч Д.Б, Д.Л нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-3,34/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-8,32-40/, эд зүйлийн үнэлгээ /хх-16,51/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-17/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /хх-31/, шүүгдэгч З.Б сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Бн гэмт үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын 919.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Лд 519.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Батбаярт 400.000 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Д.Б учирсан хохирол биет байдлаараа бүрэн хохирхогчид буцаан олгогдсон, хохирогч Д.Л учирсан 519.000 төгрөгийн шууд хохирол болон эвдэрсэн хаалга, цонхыг засуулахад гарсан шууд бус хохирол болох 130.000 төгрөг төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч З.Б-с нөхөн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З.Б-хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Б дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Б 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 5 хоног цагдан хоригдсон болно.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч З.Б-тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б З Б *одавтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын 919.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар З.Б эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих  ялаар шийтгэсүгэй.

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт

 зааснаар З.Болор-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар

 З.Б цагдан хоригдсон 5 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. З.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  З.Болор-Эрдэнээс 649.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Л олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  З.Бг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ