Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/77

 

 

 

 

 

    2025           01              14                                       2025/ДШМ/77

 

Н.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлоор Н.Бод холбогдох эрүүгийн 2403 00418 0658 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны замд 2024 оны 06 дугаар сарын 21-ний шөнийн 00 цаг 57 минутын орчим “Hyundai Verna” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д “жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т “гэрлийн бүрхүүл бохирдсон ... бүдэг асдаг болсон ...автомашиныг ...ашиглахыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Б, О.Б нарыг мөргөж, уг ослоор үүссэн гэмтлийн улмаас явган зорчигч О.Бгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Н.Быг 2 жилийн хугацаанд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бод мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Боос сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 108.900.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дд олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Боос 3.769.322 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан сэтгэцэд учирсан хохирлын төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд өмгөөлөгч М.Цэнгүүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргасан боловч шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг бүрэн төлж барагдуулаагүй, хохирол, хор уршгийг төлөх боломж бүрдсэн, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдсан байхыг шаардаж, улмаар 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн улсын яллагчийн зүгээс энэхүү гэмт хэрэг нь хохирогчийн өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас болсон тул сэтгэцэд учирсан хохирлыг 50.000.000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулах санал гаргасныг бидний хувьд дэмжиж хүлээн авсан боловч шүүхийн зүгээс 108.900.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1183 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Боос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн алдаа дутагдал болон болгоомжгүй үйлдлээс болж хохирогч болон түүний ар гэрт хор уршиг болон сэтгэл санааны дарамт бий болгосондоо харамсаж байна. Намайг уучлаарай, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Быг анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хөнгөн ял оногдуулах санал гаргаж байсан. Гэтэл 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Хохирлын хувьд мөнгөөр хэмжээлэхгүй сэтгэл санааны хохиролтой байна. Өөрийн төрсөн дүүгийнхээ амь насыг алдсан надад хэцүү байна. Шүүгдэгч Н.Бод гомдолтой байна. Хоёр жилийн зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь тийм хүнд ял биш, шүүх бүрэлдэхүүн хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дгийн өмгөөлөгч Н.Жамъян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дгийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх жишиг аргачлалд нийцүүлж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хууль ёсны дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч М.Цэнгүүн хохирогч талтай төлбөр тооцоо тохиролцож орох боломжтой байсан. Тохиролцож чадаагүй талаар гомдолдоо дурдаж байна. Үүнийг бид нар хоорондоо ярьж, тохиролцох зүйл биш, шүүгдэгчийн өмгөөлөгчтэй миний бие төлбөр тооцооны талаар уулзаж байгаагүй. Харин хэрэгт авагдсан оршуулгын зардалтай холбоотой, бусад материалын зардал нь 24.146.000 төгрөгийн зардал бүхий баримтыг хэрэгт өгсөн. Үүнийг шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Н.Б төлж барагдуулсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг шүүх хуульд нийцсэн байдлаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.Б хохирогчийн буруутай үйлдэл байсан талаар ярьдаг. Анхан шатны шүүх дээр прокуророос хорих ял санал болгосон. Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс заавал хорих ял оногдуулж яах вэ, аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх байдлаар анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурь ойлгомжгүй байна. Ял хүндэдсэн гэж давж заалдах гомдлын агуулгаас харагдаж байна. Хэдийгээр осол гаргах шалтгаан нөхцөлд шууд нөлөөлсөн зүйл байхгүй боловч шүүгдэгч Н.Бын жолоодож явсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй асуудал хавтаст хэрэгт тодорхой байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх харж үзэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү, ял шийтгэлийн хувьд тодорхой саналгүй байна.” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ял шийтгэлийн хувьд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу ялыг оногдуулсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн талаар анхан шатны шүүх хуралд гаргасан саналаа тайлбарлахад, осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлийг тооцоолж үзэх ёстой. Тухайн нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл буюу гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. Тухайн үед ойртон ирж байсан тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүй гэж мөрдөгчийн магадлагаа гарсан. Эрүүгийн хуульд зааснаар хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан нөхцөлд ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлж үзэх нөхцөл болно. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар хор уршгийг багасгах хууль зүйн боломж байгаа учраас тухайн саналыг прокуророос гаргасан. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны замд 2024 оны 06 дугаар сарын 21-ний шөнийн 00 цаг 57 минутын орчим “Hyundai Verna” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д “жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т “гэрлийн бүрхүүл бохирдсон ... бүдэг асдаг болсон ...автомашиныг ...ашиглахыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Б, О.Б нарыг мөргөж, уг ослоор явган зорчигч О.Бгийн эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтлүүд учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дгийн “... Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 01 цагийн үед манай хүргэн дүү над руу утсаар яриад сая замын цагдаагаас нэг цагдаа ярьж байна. Танай дүү осолд ороод гэмтлийн эмнэлэгт байна гэж хэлсэн. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэгт очсон. Тэгээд яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан гээд хагалгаанд оруулчихсан байсан. Тэгээд бараг үүрээр шахуу хагалгаанаас гарч ирэхэд нь эмч нь нилээн хүнд байна, ер нь найдваргүй байна шүү гэж хэлсэн. Тэгээд 4 хоног эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. ...” /хх 22/,

гэрч О.Болд-Эрдэнийн “...2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед би 3 найзтайгаа уулзаад Баянхошууны Хөтөлд байдаг Мишээл караокед орж хэдэн пиво уугаад орой 00 цагийн үед гарч ирсэн. Тэгээд би Бтай гэр рүүгээ харих гээд явж байсан. Тэгсэн бид 2 зам хөндлөн гарч байх үед нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 39/,

шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн “...би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед ажлаа тарчихаад эхнэр хүүхэд рүүгээ явж байсан. Тэгээд Баянхошууны хөтлийн замд явж байхад баруун талаас гэнэт 2 явган зорчигч гараад ирсэн. Тэгээд би тормос гишгээд зүүн тийш дарахад гулгаад тэр 2 хүнийг мөргөсөн. ...” /хх 143/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2301 дугаартай “...Амь хохирогч О.Бгийн цогцост баруун духнаас зулай дамжин дагзанд хүрч төгссөн шугаман хугарал, баруун чамархайд цөмөрсөн хугаралтай, уг хугарлаас нэг үзүүр нь баруун чулуулаг дамжин, турк эмээл, зүүн ухархайн хана хүрч төгссөн, нөгөө үзүүр нь арагш дагз дамжин нугас том нүх хүрч төгссөн дугуйрсан шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, эвдрэл, өнчин тархины цус харвалт, хуйхан доорх тархмал цус хуралт, баруун чамархай, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээс үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ. ...” /хх 63-69/,

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Э.Эрдэнэбалын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1139680143 дугаартай “..., хойд тоормос зогсоогүй, зүүн, баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. ... Уг автотээврийн хэрэгслийн зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 3400 cd, ойр дээрээ 2000 cd (стандарт 10000- 225000 cd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 4300cd, ойр дээрээ 1600cd (стандарт 10000-225000 cd) буюу зүүн, баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна...” /хх 76-83/ дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Золбоогийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1414 дугаартай “...Hyundai Verna маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч О.Б, О.Б нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Hyundai Verna маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна. ...” /хх 91-92/ магадлагаа,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Н.Быг тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Быг “Hyundai Verna” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Б, О.Б нарыг мөргөж, уг ослын улмаас гэмтэл авсан явган зорчигч О.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч М.Цэнгүүн “...Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан сэтгэцэд учирсан хохирлын төлбөрийг нэхэмжилсэн шаардлагыг төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгөх санал гаргасан байхад 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн зүгээс 108.900.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс хохирогчийн хууль төлөөлөгчид илүү ашигтай байдлаар буюу хүн амын дундаж наслалтаас амь хохирогчийн насыг хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, сэтгэцэд учирсан хохирлыг 108.900.000 төгрөгөөр тогтоосныг буруутган дүгнэх үндэслэлгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн байна.

Харин шүүгдэгч Н.Бод уг ялыг оногдуулахдаа Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар ялын бүсчлэлийг өргөн хүрээгээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул шүүгдэгчийн оршин сууж буй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтоов.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй  байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/1183 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 2 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР