| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 111/2026/0032/З |
| Дугаар | 111/ШШ2026/0069 |
| Огноо | 2026-08-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 111/ШШ2026/0069
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, *******ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох “Байгаль орчны газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах ” шаардлага бүхий захиргааны хэргийг хянавал
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар эвлэрлийн гэрээндээ: “Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас: Байгаль орны газрын дарга Борын Бат-өлзий (цаашид "Ажил олгогч" гэх), Нөгөө талаас: Гантөмөрийн Идэрмөнх (РД: *******, цаашид "Ажилтан" гэх) нар дараах нөхцөлөөр харилцан зөвшилцөн байгуулав.
1. Гэрээ байгуулах үндэслэл
1.1. Талуудын хооронд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой маргаан үүссэн бөгөөд ажилтан нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан болно.
1.2. Талууд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн харилцан буулт хийж, маргааныг эвлэрлийн журмаар эцэслэн шийдвэрлэхээр тохиролцов.
2. Талуудын тохиролцоо
2.1. Ажил олгогч Байгаль орчны газрын дарга ******* 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн *******ийг Өлзийт сумын байгаль хамгаалагч албан тушаалд эргүүлэн томилох.
2.2. Ажил олгогч нь ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөг тасалдуулалгүйгээр үргэлжлүүлэх бөгөөд ажилтны хөдөлмөрийн эрх, баталгааг хууль тогтоомжийн дагуу хангана.
2.3. Ажилтан нь 2026 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орж, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж үр дүнг тооцуулан ажиллана.
2.4. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор, ээлжийн амралт болон бусад олговорыг дараах байдлаар шийдвэрлэнэ: Үүнд: *******ийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, төрийн албан алба хаасан болон нутгийн нэмэгдэл, хоол унааны хөнгөлөлт, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ, ҮЭГ-ийн татвар зэргийг нөхөн төлж барагдуулна.
2.5. Ажил олгогч нь энэхүү гэрээний дагуу шаардлагатай тушаал, бүртгэл, хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох баримт бичгийн өөрчлөлтийг хуульд заасан журмын дагуу хийнэ.
3. Харилцан нэхэмжлэлгүй болох
3.1. Энэхүү гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр талууд дээрх хөдөлмөрийн маргаантай холбоотойгоор бие биедээ цаашид эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус аливаа нэхэмжлэл гаргахгүй.
3.2. Хэрэв шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бол талууд энэхүү эвлэрлийн гэрээг батлуулах хүсэлтийг хамтран гаргана.
4. Хариуцлага
4.1. Талууд энэхүү гэрээний үүргийг шударгаар биелүүлнэ.
4.2. Гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээнэ.
5. Бусад
5.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
5.2. Гэрээг хоёр хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* шүүхэд хандан “Байгаль орчны газрын даргын 2026 оны 3 сарын 13-ны өдрийн ******* дугаар *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан.
Дээрх шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар “Эвлэрлийн гэрээ” байгуулж, тохиролцоогоо шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...хариуцагчтай эвлэрэх...”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “...нэхэмжлэгчтэй эвлэрэх” эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна .” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар харилцан буулт хийж, эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, “Байгаль орчны газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар *******ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах ” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН