Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 390

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Тэмүүжин ,

Улсын яллагч А.Амарзаяа,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дулааны цахилгаан станцад турбин цехэд засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хоро  58-а байрны 35 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ..... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 58 дугаар байрны дэлгүүрийн хажуу талд иргэн П.Э нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. М мэдүүлэхдээ:

     Мэдүүлэг өгөхгүй, болсон асуудал үнэн зөв, гэм буруугаа хүлээж байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогч П.Э нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал болох 350.000 төгрөгийг өгсөн. Мөн эмчилгээндээ хэрэглээрэй гээд нэмж 1.000.000  сая төгрөгийг өгсөн гэв.

Эрүүгийн 1708018970427 дугаартай хэргээс:

Хохирогч П.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 10 дугаар саран 05-ны өдөр 19 цаг 30 минутын үед найз О,  М нарын хамт 58 дугаар байрны хажууд байх дэлгүүрийн урд зогсож байсан чинь М гэх ах нэг эмэгтэйг дагуулчихсан дэлгүүрээс гарч ирсэн, бид над руу чиглээд ирэхээр нь би юм асуух гэж байгаа юм болов уу гэж бодсон  чинь миний нүд рүү шууд цохиод авсан...Тухайн үед миний баруун нүдний ухархай язарч цус гарсан, эмчид  үзүүлэхэд миний нүдний нулимсны суваг тасарсан байна гэж хэлсэн. Тэгээд  Мэндсайханы ар гэрээр  эмчилгээний зардлаа гаргуулж 350.000 төгрөгөөр хагалгаанд орсон...гэжээ. /хх-6-7/,

Гэрч Г.Н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр М нь манай гэрт орсон.Тухайн өдөр манай хүү Б-н сэвлэг үргээх ажиллагаа болсон юм...Манайд орж ирэхдээ эрүүл байсан. М манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтол нь гайгүй байсан...Б.М нь манайд агсам согтуу тавьсан зүйл байхгүй...гэжээ. /хх-12/,

Гэрч Г.Х мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ээж бид хоёр дэлгүүр дээрээ сууж байсан чинь... гаднаас Мэндсайхан ах нэг их согтуу биш хэрнээ архи үнэртүүлчихсэн байсан. Тэгсэн ээж М ахыг нүүрс аваад ирээч гэж гуйсан чинь хаана байдгийг нь би мэдэхгүй ш дээ гэж хэлсэн чинь намайг нүүрсний газрыг нь заагаад өг гээд тэгээд бид хоёр дэлгүүрээс гараад нүүрс зардаг 9 дүгээр сургуулийн урд байх дэлгүүр рүү явж байтал манай хажуу талд байдаг Х дэлгүүрийн хажууд зогсож байсан 3-4 залуу “хөөе гөлөгнүүдээ нааш ир” гэж дуудсан. Тэгсэн чинь Мэндсайхан ах “юу гээд байгаа юм бэ, чи жоохон юм байж” гэж хэлсэн, нөгөө залуучууд “юу гээд байгаа юм бэ пизданууд минь, дуудаад байгаа юм биш үү” гэж хэлсэн. М ах нөгөө залуучууд дээр очоод “намайг дуудаад байгаа юм уу” гэсэн чинь “чамайг дуудахаар яадаг юм” гэж хэлсэн чинь Мэндсайхан ах нэг залууг нь цохиод авсан...гэжээ. /хх-14-15/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹12652 тоот актын дүгнэлтэнд:

1.Э биед баруун нүдний нулимсны сувагны тасрал, баруун нүдний доод зовхинд урагдсан шарх, зовхи, алимны салст цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-18/,

Шүүгдэгч Б.М урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/, хохирогчийн өргөдөл /хх-3/, хохирогч П.Э гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-41/, шүүгдэгч Б.М сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №12652 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.М 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 58 дугаар байрны дэлгүүрийн хажуу талд иргэн П.Э нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Э“…миний нүд рүү шууд цохиод авсан... Тухайн үед миний баруун нүдний ухархай язарч цус гарсан, эмчид  үзүүлэхэд миний нүдний нулимсны суваг тасарсан байна гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-6-7/,

-гэрч Г.Х ”...М ах нөгөө залуучууд дээр очоод “намайг дуудаад байгаа юм уу” гэсэн чинь”чамайг дуудахаар яадаг юм” гэж хэлсэн чинь Мэндсайхан ах нэг залууг нь цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

-шүүх эмнэлгийн шинжээчийн ¹12652 тоот дүгнэлт /хх-18/, шүүгдэгч Б.М сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч П.Э-р өөрийн бие махбодид учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд шүүгдэгч Б.М 1.350.000 төгрөг төлсөн, хохирогч П.Э цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч  Б.М нь  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авдаг байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М- дээрхи зүйл, хэсэгт заасан  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.М- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.М тухайд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. З овгийн Б Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрээр торгох ялыг тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Э төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.ОЮУНЧИМЭГ