| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2305038331118 |
| Дугаар | 2025/ДШМ/119 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Цогням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/119
2025 01 21 2025/ДШМ/119
Г.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Цогням,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/977 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Тын өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Бд холбогдох эрүүгийн 2305 03833 1118 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “машины цонх цохилоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Тын нүүрэн тус газар гараараа цохисноос эрүүл мэндэд нь дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Бд оногдуулсан 11.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Тын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 25.437.835 төгрөгөөс гэмт хэргийн шууд хохирол 5.840.936 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5.500.000 төгрөг нийт 11.340.936 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулан хохирогч Ц.Тод олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Т нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Б нь шүүхийн шатанд 11.341.000 төгрөгийг хохирогч Ц.Тод төлсөн болохыг, Эрүүл мэндийн даатгалын санд 150.000 төгрөг төлсөн болохыг, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Ц.Тын өмгөөлөгч М.Цэрэндэжид давж заалдах гомдолдоо: “...хохирогчид учруулсан гэм хорын хохиролтой холбоотой зарим хэсгийг эс зөвшөөрч, мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Бы нэрийг М.Б гэж, 11.000.000 төгрөгийг 1.000.000 төгрөг гэж алдаатай бичсэнийг зөвтгүүлэхээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. ... Шүүгдэгч Г.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан юм.
Хохирогч Ц.Т нь эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас Гэмтэл согог үндэсний төвд 5 хоног хэвтэн эмчлүүлж гараад 2023 оны 10 дугаар сарын 15-наас ОТЗ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 2023 оны 10 дугаар сарын 16-наас “Эм жи жи” хамар хоолойн эмнэлэгт хамар ясны хугарлын зураг авхуулж эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэж байгаад тархи толгой нь чинэрч ихээр өвдөөд, амьсгалж болохгүй, хамар духны хаван буухгүй ясандаа өвдөөд намдахгүй болохоор Солонгос улсад очиж шинжилгээ өгөхөөр 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэр, 2 хүүхдийн хамтаар явж шинжилгээ өгч, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буцаж ирсэн байдаг.
Монголдоо ирээд ажилдаа орж амжаагүй байж байгаад Австрали улс руу гэр бүлээрээ явсан бөгөөд тэнд очоод хүнд, хүчир ажил хийх боломжгүй байгаа бөгөөд эрүүл мэнддээ анхаарч гэмтэл авсан толгой, хамар, нүүр хэсэгтээ шинжилгээ өгч, эрүүл мэндийнхээ төлөө эмнэлгээр явж тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэж байгаа талаараа нотлох баримтуудыг явуулсан байдаг.
Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, яллагдагч Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж яваад удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гарч улмаар 2024 оны 11 дүгээр сарын дундуур хэрэг шүүх рүү шилжсэн юм.
Хохирогч Ц.Тоос өмгөөлөгч надад 2024 оны 9 дүгээр сарын 04-ний огноотой итгэмжлэл, хохирогчийн өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг хүлээн аваад хэргийн материалтай танилцаж, мөн Ц.Тоос ирүүлсэн гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтуудыг бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд нь нийт 25.437.835 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхээс 11.340.936 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх хохирлын тооцоог бүрэн гүйцэд гаргаагүй гэж үзэхээр байна. Учир нь:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд хор хохирол учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, уг гэм хорыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй”-г хуульчлан зааж өгсөн юм.
Гэтэл анхан шатны шүүх нь хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хэрэгт хамааралтай хохирлын баримтыг бүрэн гүйцэд үнэлж, гэм хорын хохирлыг нотлох баримтын хэмжээнд гаргаагүй орхигдуулсан байна. Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирлын доорх зардлыг орхигдуулсан байна. Үүнд:
1. “ОТЗ” эмнэлэгт 2023 оны 10 дугаар сарын 15-наас 5 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөрт 1.000.000 төгрөг /хх 79/
2. 2023 оны 10 дугаар сарын 29-ний шатахууны зардал 80.600 төгрөг /эмнэлэг хооронд явахад гарсан зардал/
3. 2023 оны 10 дугаар сарын 20-ны “Хур фарм” эмийн сангаас эм тариа авсан 881.000 төгрөг
4. 2023 оны 12 дугаар сарын 23-ны Солонгос улсад байхдаа авсан омега 3, 1 ширхэг нь 21.000 вон, мэйдижалли дул цай 10 ширхгийн үнэ 2.600 вон, 10 ширхэг нь 28.000 вон, ашигтай бактери 85.000 вон, нийт: 134.000 вон, воны ханш 2.62 вон, төгрөгөөр 351.080 төгрөг,
5. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний “Нугшибжа” эмийн сангаас эм 5.000 вон, хэрэглээний эм 14.546 вон, нөат 1.454 вон, нийт 16.000 вон, ханш 2.59 төгрөгөөр 55.020 төгрөг, нийт: 2.367.700 төгрөг Солонгос улсад байхдаа хоол хүнсэнд зориулсан зардал
6. 2023 оны 12 дугаар сарын 31-ний хүнс 32.000 вон, ханш 2.62 төгтөг, нийт 83.840 төгрөг
7. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны “мэндун март” хүнс 32.800 вон, ханш 2.58 төгрөг, нийт 84.624 төгрөг
8. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны хүнс 160.455 вон, ханш 2.58 төгрөг, нийт 413.973 төгрөг
9. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны “Эйбишуд” хүнс дэлгүүр 206.273 вон, ханш 2.58 төгрөг, нийт 532.184 төгрөг,
10. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны хүнс 146.400 вон, ханш 2.58 төгрөг, нийт 377.712 төгрөг
11. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны хүнс 53.860 вон+23.000 вон, нийт 76.860 вон, ханш 2.58 төгрөг, нийт 198.298 төгрөг
12. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны 35.440 вон+21.620 вон, нийт 57.060 вон, ханш 2.58 төгрөг, нийт 147.214 төгрөг
13. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны хүнс 22.330 вон, ханш 2.58 төгрөг, нийт 57.611 төгрөг
14. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны 12.670 вон, ханш 2.58 төгрөг, нийт 32.688 төгрөг
15. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны 24.780 вон, ханш 2.58 төгрөг, нийт 63.932 төгрөг
16. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны 14.260 вон, ханш 2.58 төгрөг, нийт 36.790 төгрөг
17. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны 16.000 вон, ханш 2.58 төгрөг, нийт 41.280 төгрөг
18. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны 12.400 вон, ханш 2.58 төгрөг, нийт 31.992 төгрөг
19. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны хүнс 40.900 вон, ханш 2.58 төгрөг, нийт 105.522 төгрөг
20. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны хүнс 11.350 вон, ханш 2.58 төгрөг, нийт 29.283 төгрөг
21. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны хоол хүнс 22.728 вон, ханш 2.58 төгрөг, нийт 58.638 төгрөг
22. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны хүнс 10.100 вон, ханш 2.58 төгрөг, 26.058 төгрөг
23. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны хүнс 8.000 вон+3.000 вон, ханш 2.58 төгрөг, нийт 28.380 төгрөг
24. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны хүнс 20.000 вон, ханш 2.58 төгрөг, нийт 51.600 төгрөг
25. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний хүнс 7.300 вон+3.700 вон+9.800 вон, нийт 20.800 вон, ханш 2.58 төгрөг, нийт 53.664 төгрөг
Хоол хүнсэндээ зориулсан зардал нийт: 2.455.283 төгрөг
26. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны “Саргун” эмийн сангаас “Пантирис шахмал” эм 52.250 төгрөгөөр худалдан авсан,
27. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны “Саргун” эмийн сангаас “Пантирис шахмал” эм 98.200 төгрөгөөр худалдан авсан,
28. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны “бага рашаант” компаниас “хөх уураг” 360.000 төгрөгөөр захиалан авч эмчилгээндээ хэрэглэсэн эмийн дүн 510.450 төгрөгийн хохирол тус тус учруулсан байхад анхан шатны шүүх нь 11.341.000 төгрөгийн хохирлыг гаргуулсан нь нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр болсон гэж үзэж байгаа юм. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эмчилгээний зардлын 2.367.700 төгрөг, Солонгос улсад 2023 оны 12 дугаар сарын 16-наас 2024 оны 01 дүгээр сарын 24-нийг хүртэл шинжилгээ, эмчилгээ хийлгэх хугацаандаа авсан хоол хүнс авсан зардал 2.455.283 төгрөг, мөн биеийн дархлаа сайжруулах эм бэлдмэлийг 2024 оны 11 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотоос захиалж авсан эмийн үнэ 510.450 төгрөг, нийт 5.333.433 төгрөгийн шууд болон шууд бус хохирол хохирогчид учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог, мөн шүүх нь шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Г.Быг биш М.Быг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр шийтгэсэн нь маш ноцтой алдаа байх тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчид учирсан хохирлыг зөв тооцож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч Б.Дагважанцан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлыг шүүгчийн захирамжаар техникийн алдаатай нөхцөл гэж үзээд залруулсан. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс хохирлын хэмжээтэй маргаж гомдлоо гаргасан. Анхан шатны шүүх хохирогчийн хохирлын хэмжээг түүнд ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гомдолд дурдаж жагсаан бичсэн баримтуудыг цаг хугацаа нь мэдэгдэхгүй, юу авсан нь мэдэгдэхгүй гэх зэргээр нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүх үнэлэх боломжгүй гэж үзээд хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь шийтгэх тогтоол нэхэмжлэл гаргахад саад болохгүй учраас хохирогч нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Хохирогч нь ОТЗ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх бөгөөд тухайн эмнэлгийн тухай фейсбүүкээс хайж үзэхэд түрүү булчирхайн эмнэлэг бөгөөд хэвтэн эмчилгээ байхгүй гэж хариулсан талаар шүүгдэгч мэдүүлдэг. Шүүгдэгч нь хохирогчийн тархи толгой хэсэгт хүнд гэмтэл учруулсан тул нийтэд илэрхий үйл баримтаар ийм нөхцөл байдал байгааг хэлэх нь зүйтэй. Солонгос улсад байхдаа хоол хүнсэнд зориулж гаргасан зардлаа нэхэмжилсэн гэсэн. Шүүхээс хохирогчийн Солонгос улс руу явсан тээврийн зардал болон очоод эмнэлэгт үзүүлсэн баримтуудыг хангаж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө хохирогчид хохирол төлбөр өгөхөөр уулзахад “Солонгос явах ажилтай байсан, чи миний ажлыг алдагдууллаа” гэсэн гэдэг. Тиймээс энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэхээр Солонгос явсан гэх нөхцөл тогтоогдоогүй, мөн хохирогчийн ар гэрийнхэнд зайлшгүй Солонгос явах шаардлага байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас Солонгос явсан, тэнд гарсан зардлуудыг шүүхээс хэлэлцэхгүй орхисон нь зөв шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогчийн хохирлыг барагдуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзахад “Би Солонгос улс руу явах гэж байна, залгуулаад Австрали улс руу явах байсан. Гэтэл чи миний ажлыг алчихлаа, одоо яах юм бэ” гэж хэлсэн. Тиймээс би Солонгос улс явах болон очоод гарсан зардлыг нь төлөхгүй гэж байсан боловч шүүхээс хохирогчийн онгоцны зардал болон эхний шинжилгээ өгсөн эмчилгээний төлбөрийг нь төлүүлэхээр шийдвэрлэж, харин эхнэр, хүүхдийнх зардал нь болон хоол хүнсний зардлыг нь төлүүлэхээс татгалзсан. ОТЗ эмнэлэг, Ази фармын баримтуудын огноо нь тодорхой бус байсан тул би төлөхөөс татгалзсан.” гэв.
Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Хохирол төлбөрийн тухайд, Монгол Улсад эмчилгээ хийлгэж төрийн байгууллагаас эмчилгээ, үйлчилгээ авсан зардлыг гаргуулахад 150.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан байсан. Хэрэгт хохирогч болон түүний өмгөөлөгчөөс баримтаар 25.437.835 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжилсэн баримтуудын ихэнх нь гадаад улсад эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн, монгол хэлээс өөр хэл дээрх баримтууд байсан тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзээд хохирогчийн төлсөн мөнгөний хэмжээнд буюу 5.100.000 төгрөгийн хохиролд тооцож барагдуулсан гэж шийдвэрээ гаргасан. Үлдсэн баримтуудыг хохирогч баталгаат орчуулгаар орчуулж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсний дагуу нэхэмжлэх эрхтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны зүүн талын автобусны буудлын явган хүний гарц орчим “машины цонх цохилоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Ц.Тын нүүр тус газар гараараа цохисноос эрүүл мэндэд нь дух ясны гадна, дотор ялтас дайрсан шугаман хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Тын “Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчимд хүүхдээ сургуулиас нь авахаар явж байгаад Алтай хотхоны зүүн талын буюу Нарны гүүр даваад байдаг автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар алхаж явахад улаан өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл намайг зам шахаад мөргөх дөхөхөөр нь би уурлаад машины баруун урд талын цонх руу нь гараараа цохиод машины араар тойроод явахад машины жолооч нь бууж ирээд “яагаад байгаа юм” гэхээр нь би “харин чи яагаад байгаа юм, гарц дээр хүн дайрлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу уурлаад миний нүүр рүү гараараа цохиход нь би газар унасан. Нэг мэдэхэд би газар хэвтэж байсан. Хажуу талд эмэгтэй хүмүүс нөгөө жолооч залууг “чи хүн аллаа шүү дээ” гэж хэлж байсан. ...” /1хх 89-92/
шүүгдэгч Г.Бы сэжигтнээр өгсөн “...хажуу талаас нэг хүн урдуур гарах гэснээ болиод хажуу талаар гарахдаа миний машины баруун урд талын хаалганы цонхыг цохисон. Би машинаасаа буухад нөгөө залуу миний машины араар гараад жолооч талд ирж таарсан. Би тэр залууд хандан “чи яаж байна аа” гэж хэлээд дөхөж очиход нөгөө залуу “харин чи яаж байна аа, би гарцан дээр явж байна, гарцаар хүн гаргадаггүй юм уу, би наад цонхыг чинь цохиход хагарахгүй гэдгийг мэдээд цохисон юм” гэж хэлээд дуу нь чангараад гараа өргөх шиг болохоор нь би тэр залууг баруун гараараа эрүүн тус газар нь нэг удаа цохиход нөгөө залуу доошоо хараад толгойгоороо асфальтан зам мөргөөд унасан. ...” /1хх 94/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12983 дугаартай “...Ц.Тын биед духны хөндийн урд болон арын ялтас, этмойд хөндий, хамар ясны хугарал, дух, хамрын нуруу, эрүү, зүүн алга, сарвууны ар, дунд, ядам, долоовор хуруунд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо” /1хх 115-117/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай “...ГССҮТ-ийн 16044 дугаартай өвчний түүхэнд эхний хэсэгт урьдчилсан онош хэвтээд 1-3 хоног дотор тавигдан эмчлэгдэж буй онош бөгөөд ЮС-10 буюу өвчний олон улсын 10-р ангиллын дагуу онош тавигддаг тул өвчний түүхэнд бичигдсэн оношийг бичилт хэсэгт хийгдсэн байна. Гавлын хүнхэрийн хугарал нь оношны ЮС-10-д зааснаар дух болон зулай ясны хугарал орно. Ц.Тын толгойн КТГ шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Ц.Тын толгойн КТГ шинжилгээг дахин уншуулахад хамар ясны хугарал нь хуучин гэмтэл тул хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсээгүй байх боломжтой байна. Дээрх духны хөндийн арын ялтасны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна. Бусад хэсгийн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /1хх 100-103/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1083 дугаартай “...Ц.Тын биед духны ясны гадна дотор ялтас дайрсан шугаман хугарал гэмтэл тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь шинжээчийн дүгнэлтэд тусгагджээ. Ц.Тын биед дух ясны гадна, дотор ялтасны хугарал гэмтэл учирсан ба уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Баруун духны хөндийн гадна, дотор ялтас болон духны ясны хөндийн баруун өмнөд болон арын ялтас гэдэг нь нэг ойлголт юм. Ц.Тод учирсан духны ясны гадна дотор ялтас дайрсан шугаман хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Шинжээчийн 12983 дугаартай дүгнэлт болон нэмэлтээр гаргасан 307 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” /1хх 125-129/ тус тус дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Бы хохирогч Ц.Ттой “машины цонх цохилоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад түүний нүүр тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.00.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж үзэв.
Хохирогч Ц.Тын өмгөөлөгч М.Цэрэндэжид “...анхан шатны шүүхээс 11.340.936 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулж шийдвэрлэсэн нь хохирлын тооцоог бүрэн гүйцэд гаргаагүй, зарим хохирлыг орхигдуулсан гэж үзэхээр байна. Мөн шүүх нь шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Г.Быг биш М.Быг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр шийтгэсэн нь маш ноцтой алдаа байх тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчид учирсан хохирлыг зөв тооцож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн материалыг судлан үзэхэд, хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нараас хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зайлшгүй зардалд зарцуулсан 25.437.835 төгрөгийг нэхэмжилж, баримтуудыг хэрэгт хавсаргажээ.
Анхан шатны шүүхээс дээрх баримтуудад дэлгэрэнгүй байдлаар дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд 5.840.936 төгрөг, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үнэлэн /1хх 97-99/ сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 5.500.000 төгрөг, нийт 11.340.936 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн, хохирогчийн нэхэмжилсэн шаардлагаас хангаагүй үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, уг хохиролтой холбоотой асуудлыг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч М.Б...”, тогтоох хэсэгт “Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд эдгээрийг прокурорын саналаар /2хх 39/ 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжаар залруулсан байна. /2хх 40-41/
Иймд хохирогч Ц.Тын өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/977 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Тын өмгөөлөгч М.Цэрэндэжидийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР