| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 111/2026/0039/З |
| Дугаар | 111/ШШ2026/0071 |
| Огноо | 2026-08-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 111/ШШ2026/0071
| 2026 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 111/ШШ2026/0071 | Баянхонгор сум |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч *******,
Гуравдагч этгээд: *******
Гомдлын шаардлага: “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Ахлах прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Эрх бүхий албан тушаалтан 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар /27 заалттай/ албан шаардлагыг “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захирал *******д хүргүүлсэн бөгөөд сургуулийн хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр өгсөн албан шаардлагын хариуг хугацаандаа тайлагнаагүй зөрчлийг гаргасан гэж үзэж, 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар *******ыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;” гэж зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Бүртгэлийн ГБХ14/26-16 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчлийн материалыг Баянхонгор аймгийн Прокурорын газарт хүргүүлснийг хяналтын прокурор ******* хянаад “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан байна.
4. Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслээр хууль бус гэж үзсэн. Үүнд:
4.1.Зөрчлийн материалд цугларсан баримтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл нь тодорхойгүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл” байгаагүй.
4.2.Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн тухайд, Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хунийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 13.1.4-т зааснаас бусад этгээдийн мэдэгдэл, зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан хуулийн этгээд түүний дагуу тодорхой арга хэмжээг авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.” гэж зохицуулсан. Үйл баримттай холбон дүгнэвэл, 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5 дугаар албан шаардлагыг хүргүүлсэн байна. Тус цэцэрлэг нь 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуг хүргүүлэх үүрэгтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэн тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулж, хариуг хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх хуулийн тодорхойлолтод хамаарахаар байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн” гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.
3.Харьяаллын бус зөрчил шалган шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.26-д “хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”-ийг харьяалан шалгахаар зохицуулсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан харьяалан шалгахаар хуульчилжээ. Эрх бүхий албан тушаалтан уг зөрчлийн зүйлчлэлийг буруу тодорхойлсны улмаас нэг зөрчилд холбогдуулан хэд хэдэн хүнд торгуулийн шийтгэл оногдуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн.
5. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Баянхонгор сумын Эрдэнэмандал ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш У нь хүүхдэд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн тул хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэж өгнө үү гэсэн иргэний гаргасан гомдол мэдээллийг 2026 оны 2 дугаар сарын 03-ны хүлээн авч ГБХ14/26-01 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.
Үүний дагуу тус сургуулийн Хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаа, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулахаар Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгч, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг нотлох баримтын хамт ирүүлэхийг шаардсан.
Албан шаардлага нь Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйл “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5,6,7,8 дугаар зүйл “Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх”, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйл, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дахь заалт хүүхдийн эрхийн зөрчил, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолын хэрэгжилт, ерөнхий боловсролын сургуулиудын батлан хэрэгжүүлж байгаа Хүүхэд хамгааллын бодлого, Эцэг эхийн зөвлөл, Хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, багш ажилтнуудын ёс зүй, харилцаа, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх чиглэлээр нийт 27 заалт бүхий байсан болно.
Тус сургууль нь албан шаардлагыг хугацаандаа ирүүлээгүй ба 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр сургуулийн захирал руу залгахад албан шаардлагын тайланг ирүүлэх үүргээ мартсан байсан төдийгүй, сургуулийн сэтгэл зүйч албан шаардлагыг алга болгосон талаар хэлсэн. Сургуулийн захирал нь албан шаардлагыг өөрийн биеэр хүлээн авч нийгмийн ажилтанд цохсон бөгөөд албан шаардлагад тусгасан зүйл заалтыг хугацаандаа хэрэгжүүлээгүй нөхөж тайланг бичиж ирүүлсэн нь тодорхой байсан. Хүүхэд, гэр бүлийн салбарт ажиллаж байгаа улсын хэмжээнд нийт 108 хүүхдийн эрхийн улсын ахлах болон улсын байцаагч нар ажиллаж байгаа бөгөөд зөвлөмж, албан шаардлагыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд өгч хүүхдийн эрхийг хангуулан ажиллаж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.26-д Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр тусгасны дагуу Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйл “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйл “Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх", Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйл, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дахь заалт хүүхдийн эрхийн зөрчил, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолд заагдсан хүүхдийн сайн сайхан байдлыг хангах үүргээ биелүүлж ажиллаагүй сургуулийн захирал *******д холбогдох ГБХ14/26-16 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар 2026 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 15.2-1.2 дахь хэсэг 50 нэгжээр торгох хариуцлага тооцсон.
2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 08 тоот прокурорын дүгнэлтийг хүлээн авч танилцаад эс хүлээн зөвшөөрч тайлбар бичиж байна.” гэжээ.
6. Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хүнбиш овогтой Мөнхсоёл миний бие Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Эрдэнэмандал сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа Баянхонгор аймгийн ХГБХХГ-н улсын ахлах байцаагчийн 2026 оны 3 дугаар 02-ны өдрийн №05 тоот албан шаардлагын хариуг хугацаанд нь илгээгээгүй нь үнэн болно. Хариуг хугацаанд нь илгээгээгүйн улмаас хүүхдийн эрхийн улсын байцаагч ******* нь 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж сануулсан. Үүний дараа миний бие нь тус сургуулийн нийгмийн ажилтан Т.Гантулгад сануулан албан бичгийн хариуг 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр илгээсэн болно.
******* нь 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр миний биеийг дуудан, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Албан тоотод “Албан бичгийн хариуг хугацаанд нь илгээгээгүй тохиолдолд зохих хариуцлага тооцох тухай” сануулсан байсан болно.
Иймд миний бие нь тухайн үед өөрийн ажлын хариуцлагагүй байдлаа хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүлээн авч торгуулийн 50,000 төгрөгийг төлсөн болно. Тиймээс Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №08 дүгнэлтэд заасан 2026 оны 6 дугаар 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлтээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж өөрийн хариу тайлбарыг гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт бичиж ирүүлсэн.
2.Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлэн, прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангаж, Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
3.Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Улсын ахлах байцаагч *******ийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийн үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлана. Үүнд:
3.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл” байгаагүй.
3.2.Зөрчлийн хуулийг буруу хэрэглэж, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан зөрчил бус, харин 5.9 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу шийтгэл ногдуулахаар байсан.
3.3.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.26-д хүүхдийн эрхийн улсын байцаагчийн харьяалан шалгах зөрчлүүдийг хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг тагнуулын байгууллагын болон цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан харьяалан шалгахаар хуульчилсан тул харьяаллын бус зөрчлийг шалган шийдвэрлэсэн.
4.Хариуцагч дүгнэлтийн шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч маргасан. Үүнд:
4.1. Монгол улсын Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолын хэрэгжилт, хүүхэд хамгааллын бодлого, эцэг, эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр нийт 27 заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Тус сургууль албан шаардлагын хариуг хугацаандаа ирээлээгүй.
4.2. 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр сургуулийн захирал руу залгахад албан шаардлагын тайланг ирүүлэх үүргээ мартсан, сургуулийн сэтгэл зүйч албан шаардлагыг алга болгосон тухай хэлсэн. Тайланг нөхөж ирүүлсэн.
5.Гуравдагч этгээд ******* дүгнэлтийн шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч маргасан. Үүнд:
5.1.Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Улсын ахлах байцаагч 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 5 дугаар албан шаардлагын хариуг 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр илгээсэн. Хариуцагч 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр намайг дуудан, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
5.2. Өөрийн ажлын хариуцлагагүй байдлаа хүлээн зөвшөөрч, 50000 төгрөгийг төлсөн. Тиймээс эрх бүхий албан тушаалны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагагүй.
6.Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үйл баримтууд:
6.1. Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Улсын ахлах байцаагч 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 5 дугаартай 27 заалт бүхий албан шаардлагыг “Эрдэнэмандал” ерөнхий боловсролын сургуулийн захирал *******д хаяглан хүргүүлжээ.
6.2. Дээрх албан шаардлагад дурдсан ажил үүрэг, чиглэлийг 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж хэрэгжүүлэн, илтгэх хуудас, баримтыг хавсарган ирүүлэхээр хугацаа тогтоосон байна.
6.3. Тогтоосон хугацаанд албан шаардлагын хариуг ирүүлээгүй тул хариуцагч “Эрдэнэмандал” ерөнхий боловсролын сургуулийн захирал *******ыг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;” гэж заасны дагуу 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас үйлджээ.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар прокурорын дүгнэлтэд дурдагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байгаагүй, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн буюу зүйлчлэл буруу, харьяаллын бус зөрчлийг шалган шийдвэрлэсэн үндэслэлүүд тогтоогдсонгүй.
7.1. Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн албан шаардлагад хугацаа тогтоож, хугацаандаа мэдээ, мэдээллийг ирүүлээгүй гэж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй, уг зүйлчлэлээр шийтгэл ногдуулсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсгийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн;” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахаар заасан.
Тухайн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 5 дугаар албан шаардлагыг “Эрдэнэмандал” ерөнхий боловсролын сургуулийн захиралд хүргүүлсэн бөгөөд хариуг мөн оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхээр хугацаа тогтоосон боловч мэдээ, мэдээллийг ирүүлээгүй эс үйлдэхүйг холбогдогч гаргасан байна.
7.2. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.9-д “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих” зөрчлийг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 13.1.4-т зааснаас бусад этгээдийн мэдэгдэл, зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан хуулийн этгээд түүний дагуу тодорхой арга хэмжээг авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Маргааны үйл баримтыг дүгнэвэл, Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дээрх 27 заалт бүхий албан шаардлагын агуулга нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд бус Боловсролын ерөнхий хууль болон хүүхэд хамгааллын хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, сайжруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх чиглэлээр өгөгдсөн байна.
Тодруулбал, хүүхэд хамгааллын багийн гишүүдийг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхижуулах, уг багийн 2025-2026 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх, хуралдуулах, тэмдэглэл хөтлөх, хүүхдийн хичээл таслалт, шалтгаангүй чөлөө авах, хичээлийн цагаас хоцрох, хөгжлийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа зэрэгт анхаарч ажиллах, багш ажилтнуудтай нууцын гэрээ байгуулах, хүүхэд хамгаалал, хүмүүжлийн эерэг аргаар эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулах, гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт ажлууд нь хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, түүнийг сайжруулахад чиглэсэн атал гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн албан шаардлага гэж үзэж, зөрчлийн тухай хуулийн 5.9-д заасан зөрчлөөр зүйлчлэнэ гэсэн нь мөн үндэслэлгүй.
Улсын байцаагчид хяналт шалгалт хийх, улмаар албан шаардлага хүргүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдсон бөгөөд албан шаардлагаар шаардсан зүйл нь мэдээ, мэдээлэлд хамаарах тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...албан шаардлага...” гэж заагаагүй, мөн хуулийн 5.9-д заасан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих зөрчил” гэх прокурорын тайлбар үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
7.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.26-д “хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 10.23 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил;”-ийг харьяалан шалган шийдвэрлэхээр хуульчилсан.
Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж шийтгэл ногдуулсан бөгөөд тухайн тохиолдолд мөн хуулийн 5.9 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдэгдээгүй тул прокурорын дүгнэлтэд дурдагдсан харьяалал зөрчин, зөрчлийг шалган шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
8. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, 6.6 дугаар зүйлийн 4-т “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус хуульчилсан.
Шүүх хяналтын прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлээр бус харин эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүйгээс гадна Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;” бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчиж, “Эрдэнэмандал” ерөнхий боловсролын сургууль буюу хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах байтал захирал *******ыг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгосныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
9. Тодруулбал, эрх бүхий алтан тушаалтан хуулийн этгээдэд албан шаардлагыг хүргүүлсэн, шийтгэлийн хуудас оногдуулахдаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтныг торгосон нь үндэслэлгүйгээс гадна зөрчлийг нотлох баримтуудыг /албан шаардлагын хариуг хугацаандаа ирүүлээгүйг эсхүл хугацаа хэтрүүлсэн ирүүснийг байгууллагын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр болон өөр бусад байдлаар баримтжуулах/ бүрдүүлээгүй, зөрчлийг нотлох үүргээ биелүүлээгүй байх тул Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас нь хууль бус байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Улсын ахлах байцаагч *******ийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасныг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН