Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 405

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Ц. Г, түүний өмгөөлөгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1959 оны 8 дугаар сарын 20-ны өдөр  Архангай аймаг Цэцэрлэг хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, командын офицер  мэргэжилтэй, цэргийн тэтгэвэрт байдаг, ам бүл 5,  эхнэр, охин, 2 зээгийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 32-36 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  дугаарын регистртэй, Х.Ц.Г  холбогдох 1803000010127 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19 цаг 23 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны гудамж, Цахим тоглоомын газрын зүүн замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 0,94 хувийн согтолттой үедээ “Есөн шижир инвест” ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 71-48 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...ажиллахгүй болсон...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон,...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно", 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Ог мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ:

          Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд  үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугийн талаар маргахгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, тэнсэж өгнө үү гэв.

Эрүүгийн 1803000010127 дугаартай хэргээс:

Хохирогч Ш.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой 19 цаг өнгөрч байх үед би төмөр тэргэн дээр 4 шуудай нүүрс ачаад гэр лүүгээ авч очих зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг Баянхошууны гудамж Цахим тоглоомын газрын ертөнцийн зүгээр зүүн талд хойноосоо урагшаагаа чиглэлтэй явган хүний замаар нүүрс ачсан тэргээ түрээд явж байтал сургуулийн ойр орчмын бүс тэмдэг, тэмдэглэгээний хажуу талаар гарах гэтэл тэрэг маань багтахгүй, гарч болохгүй болохоор замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү орж хойноосоо урагшаагаа чиглэлтэй явтал өөдөөс буюу урдаасаа хойшоогоо чиглэлтэй машин ирсэн ба тухайн үед гэрэл гялбах шиг болсон. Тэгээд юу ч санахгүй байна. Нэг ухаан ороход зам дээр хэвтэж байсан. Түргэн тусламжийн эмч нар ирж үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд явсан, ослын улмаас миний толгой байнга өвдөнө, зүүн хөл хугарсан, баруун хөлний сүүжний яс сэтэрсэн, биеийн зүүн 3,4,5-р хавирга хугарсан, мөн элгэнд өөрчлөлт орсон, толгой 2 газар бяцралттай байгаа юм...гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэжээ. /хх-22-24/,

    Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

    2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хажууд танил болох Ц.Ганболд ахтай таарсан. Тухайн үед Ц.Г нь Тоёота Приус 20 маркийн 71-48 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон худаг орж ус авна гээд явж байхаар нь мэнд усаа мэдэлцээд түүнээс “та завтай байна уу” гэж асуутал “ах нь завтай, усаа аваад гэртээ орно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний машинд орж суугаад хамт дэлгүүрийн гадаа очсон. Тэгээд би дэлгүүрээс 0.33 граммын Хараа нэртэй архи нэг шилийг худалдаж авчихаад түүнтэй машин дотор архиа хувааж уучихаад...Ц.Г ах намайг автобусны буудал дөхүүлж өгөх санаатай...явж байтал гэнэт өөдөөс тэрэг түрчихсэн нэг залуу гарч ирэхэд нь жолооны хүрдээ зүүн гар тал руугаа дартал түс тас гэх чимээ гараад зогссон...би Ц.Г ахын хамт машинаас буутал замын хажуу талд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан ба зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд шуудайтай нүүрсийг ачсан байсан тэрэг байсан...гэжээ. /хх-27/,

Шүүгдэгч  Ц.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой 19 цагийн орчимд би “Есөн Шижир Инвест” Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байдаг саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн 71-48 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гэрээсээ ганцаараа худаг орж ус авах зорилгоор гарч яваад...ойролцоогоор 20 орчим км/ц-ийн хурдтай явж байтал миний явж буй эгнээнд буюу өөдөөс хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа зүүн гар тал руугаа дарсан боловч тухайн хүн нь тэрэг түрээд явж байсан юм байна лээ, тэгээд тэрэгнийх нь үзүүр талыг мөргөчихсөн юм шиг байгаа юм. Тэгээд би машинаас буугаад очтол зам дээр тухайн хүн нь хэвтэж байсан...гэжээ. /хх-53-55/,

   Шүүх эмнэлгийн шинжээчийн  2301 тоот актын дүгнэлтэнд:

1. Ш.О-н биед дух яс, духны зүүн талын хөндийн гадна болон дотор ялтас дайрч доош зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, доод хана хамарсан нийлмэл хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсгийн тархины зөөлрөл, зүүн шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-45/,

Авто тээврийн үндэсний төвийн “Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №29 тоот дүгнэлтэнд: ...Цэндийн Ганболдын жолоодож явсан Япон улсад 2003 онд үйлдвэрлэсэн, Тоуоta маркийн Рrius загварын, 71-48 УНВ улсын дугаартай суудлын автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж үзэхэд...Автомашины зүүн гар талын хойд дугуйн тоормос зогсоогүй нь тээврийн хэрэгслийн бүрэн зогсолтын зам уртасдаг тул тухайн зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой. Баруун гар талын ойр, холын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын холын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, гэрлийн хүч илт муудсан нь жолоочийн үзэгдэх орчинг бууруулах байдлаар нөлөөлөх боломжтой гэжээ. /хх-32-39/,

   2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн №39 дугаартай магадлагаанд:

          ...Тоёота Приус 20 маркийн 71-48 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэдэнгийн Ганболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”, 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. /хх-48-49/,

          Шүүх эмнэлэгийн шинжээчиин №2301 тоот актын дүгнэлтэнд:

1. Ш.О-н биед дух яс, духны зүүн талын хөндийн гадна болон дотор ялтас дайрч доош зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, доод хана хамарсан нийлмэл хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсгийн тархины зөөлрөл, зүүн шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд

 аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-45/,

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Ц.Г драйгер багаж ашиглан шалгахад 0.94 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэжээ. /хх-15/,

            Шүүгдэгч Ц.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг болон хэмжилтийн бүдүүвч зураг /хх-7-12/, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №2301 тоот дүгнэлт, техникийн №29 тоот дүгнэлт, мөн мөрдөгчийн №39 дугаартай магадлагаа зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Г гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

     Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

     Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19 цаг 23 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 0,94 хувийн согтолттой үедээ “Есөн шижир инвест” ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 71-48 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, “Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...ажиллахгүй болсон... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно", 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.О  мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь            

 -хохирогч Ш.О“…замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү орж хойноосоо урагшаагаа чиглэлтэй явтал өөдөөс буюу урдаасаа хойшоогоо чиглэлтэй машин ирсэн ба тухайн үед гэрэл гялбах шиг болсон. Тэгээд юу ч санахгүй байна. Нэг ухаан ороход зам дээр хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22-24/,

-гэрч С.Б “...би дэлгүүрээс 0.33 граммын Хараа нэртэй архи нэг шилийг худалдаж авчихаад түүнтэй машин дотор архиа хувааж уучихаад...зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд яг хэдэн км/ц-ийн хурдтай явсаныг нь бол анзаараагүй явж байтал гэнэт өөдөөс тэрэг түрчихсэн нэг залуу гарч ирэхэд нь жолооны хүрдээ зүүн гар тал руугаа дартал түс тас гэх чимээ гараад зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-27/,

 -шүүгдэгч Ц.Г“...зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 20 орчим км/ц-ийн хурдтай явж байтал миний явж буй эгнээнд буюу өөдөөс хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа зүүн гар тал руугаа дарсан боловч тухайн хүн нь тэрэг түрээд явж байсан юм байна лээ, тэгээд тэрэгнийх нь үзүүр талыг мөргөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-53-55/,

 -шүүх эмнэлгийн шинжээчийн №2301 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн №29 тоот дүгнэлт, мөрдөгчийн №39 дугаартай магадлагаа зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон бөгөөд шүүгдэгч  Ц.Г-д Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 2.7, 9.2-д заасан заалтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа хөдөлгөөнд аюул, саад бий болох үед тээврийн хэрэгслийг зогсоож чадалгүй явган зорчигч Ш.О мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Г- гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг “Есөн шижир инвест” ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 71-48 УНВ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ш.О-г мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болон эд хөрөнгөнд эд ангийн эвдрэл учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхтэй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ш.О шүүгдэгч Ц.Ганболдоос 7.000.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Г нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ бүрэн бус тээврийн хэрхэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо бусдыг мөргөж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж

 чанар шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Г тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх  үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй байх ба шүүгдэгч Ц.Г-н жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х Б овгийн Ц Г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар Ц.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Ц.Г- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх  үүргийг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Ганболд цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, Ц.Г- жолоочийн үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг  дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.ОЮУНЧИМЭГ