| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10701/И |
| Дугаар | 191/ШШ2025/10116 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/10116
| 2025 11 19 | 191/ШШ2025/10116 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК хүсэлттэй,
Г.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төгсбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай байгууллага нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр №20000470 тоот зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжуүлэх гэрээг байгуулан 23,000,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн гэрээ байгуулж зээл олгосон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Lexus.******* маркийн ******* ******* улсын дугаартай, арлын ******* дугаар бүхий цагаан өнгийн 2009 онд үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай авто машиныг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т Шилжүүлсэн хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно гэж заасны дагуу хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг байгууллага руу шилжүүлж, харин хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглаж байхаар гэрээ байгуулсан байдаг. Г.*******ь нь дээрх зээлийн гэрээг байгуулах Улаанбаатар хот, 0 тоот хаягт оршин суух гэх иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг үндэслэж гэрээгээ байгуулсан болно. Тэрээр зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлийн 3,981,090 төгрөг, хүүгийн үлдэгдлээс 5,827,647 төгрөг, нийт 9,808,737 төгрөгийг төлсөн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш мөнгөн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Түүнчлэн Г.*******ийн ******* дугаарын утсаар нь манай байгууллагын зүгээс олон удаа залгасан боловч тэрээр утсаа огт авдаггүй, мессеж бичихэд хариу өгөхгүй, *******а амьдардаг талаараа огт хэлэхгүй байх зэргээр манай байгууллагаас зугтаасан байдалтай өдий хүрч байна. Г.*******ийн оршин суух хаяг нь тодорхой бус, *******а байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/Ш32025/40730 дугаартай захирамж, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Г.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэдийн зээл төлөх графикийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Г.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Г.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* ******* ББСБ ХХК болон Г.*******ь нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагджээ.
3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Г.*******ийн оршин суух 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/Ш32025/40730 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.*******ийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаагаар дээр дурдсан хаяг гарч ирсний дагуу дахин тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх баталгаат шуудангийн буцаалт болон хорооны тодорхойлолтыг ирүүлсэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн дээрх зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Г.*******ь нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Г.*******ийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төгсбилэг нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт ы *******ь /регистрийн дугаар /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК /утас: /-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ