Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02210

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02210

 

 

 

Тэн хун ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01771 дүгээр шийдвэртэй Тэн хун ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улс төрч сонин хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдох, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээлэл тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Р.Батцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Улстөрч.мн нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн цахим хуудас болох /ulsturch.mn/-ийн халуун сэдэв гэсэн ангилалд бус байгууллагын сэтгүүлч Ч.Мандахнарын Монголын хуулийг уландаа гишгэсэн Хятадын Тэн хун ХХК-ийн хууль бус үйлдэл гэсэн гарчигтай нийтлэлийг гаргаж, Тэн хун ХХК нь хууль зөрчсөн гэх буруу ойлголтыг уншигчид болон олон нийтэд шууд өгсөн. Тэн хун ХХК нь 2006 онд ашигт малтмалын ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бөгөөд Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгой нэртэй газарт 375 гектар талбай бүхий уурхайн талбайд үйл ажиллагаа эрхэлдэг. Тухайн үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан үүргээ чин үнэнчээр биелүүлэхийн зэрэгцээ тус сумын Засаг даргын тамгын газартай хамтран Нийгмийн хариуцлагын хүрээнд нийтээр тэмдэглэж өнгөрүүлэх баярын өдөрт, ажлын айлчлалын зардалд, тээвэр унааны зардалд, соёл боловсролын салбарт тус тус хөрөнгө оруулсан байдаг. Тэн хун ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа гадаад улсын буюу Хятад улсын болон Монгол Улсын иргэнийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг болно. Гэтэл хариуцагч байгууллага нь өөрийн цахим хуудсандаа энэ тухай нийтлэхдээ аливаа мэдээлэл нь бодит үнэнд нийцсэн байх ёстой гэсэн сэтгүүл зүйн зарчим баримтлаагүй, ямар хуулийг хэрхэн зөрчсөн гэдгийг нотолж, үнэн мөнийг тогтоогоогүй, энэхүү хууль зөрчсөн гэдгийг нягталж шалгаагүй. Албан ёсны бус судалгаанд үндэслэн зөрүүтэй буруу мэдээлэл бичигдсэн гэж үзэж байна. Дээрх байгууллагын буруутай үйлдлийн улмаас Хятадын хөрөнгө оруулалттай Тэн хун" ХХК Монгол Улсын хуулийг уландаа гишгэдэг, хууль бус үйлдэл гаргадаг, хоpт хог хаягдал хаях далан байгуулах нэрийдлээр улсын төсвөөс таван тэрбум төгрөг авсан, мөн дээрх уурхай нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ч холбоотой" гэх агуулга бүхий мэдээ нь Тэн хун ХХК Монгол Улсын хуульд заасан үүргээ биелүүлдэггүй хууль бус үйл ажиллагаа явуулж, улсаас их хэмжээний мөнгө авсан гэх сэтгэгдэл олон нийтэд төрүүлж компанийн ажил хэргийн нэр хүнд, бизнесийн цаашдын үйл ажиллагаанд нь ноцтой гэм хор учруулж байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 2 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж заасан. Иймд Тэн хун ХХК-ийн тухай хууль бус нийтлэл гаргаж түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан Улстөрч хэвлэл мэдээллийн байгууллагад Тэн хун ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, буруу мэдээ нийтэлснээ залруулан тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тэн хун ХХК-тай холбоотой асуудлыг иргэдийн гомдлын дагуу, мөн удаа дараа гаргаж буй хууль бус үйлдлийг үндэслэн баримттайгаар нийтэлсэн болно. Тус нийтлэлд Тэн хун ХХК-ийн зүгээс дээрх уурхай нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ч холбоотой хэмээн материалыг гуйвуулан гүтгэлгийн шинж чанартай болгосон. Уг нийтлэлийн энэхүү хэсэг нь Монгол Улсын иргэн бүрийн хардах эрхийн дагуу тухайн уурхай нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ч холбоотой гэх мэдээлэл бий гэж бичсэнийг мушгин гуйвуулсан. Сэтгүүлч Ч.Мандахнарын алдаатай үйлдлээс үүдэн Тэн хун ХХК-ийг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой мэтээр ойлгуулсныг засч, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой гэх мэдээлэл бодит баримтад тулгуурлаагүй учир мэдээллийг олон нийтэд хүргэсэн хэлбэрээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас уучлалт гуйж, түүний бие төлөөлөгч н.Мөнхбатад мэдэгдэн залруулга хийсэн сонин болон уучлалт хүссэн залруулгын хамт хүргэсэн. ус нийтлэлд дурдсан мэдээлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж, Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжин, тус төрийн бус байгууллага хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд дэлгэсэн. Иймд сэтгүүлч Ч.Мандахнар Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжинтэй уулзан дээрх асуудлыг тодруулахад Улсын төсвөөс таван тэрбум төгрөг авсан нь үнэн, нотлогдох боломжгүй гэсэн хариу өгсний үндсэн дээр Хорт хог хаягдлыг хаях далан нэрийдлээр улсын төсвөөс таван тэрбум төгрөг авсан гэх хэмээн хардах эрхийн хүрээнд оруулсан болно.

Тэн хун ХХК нь Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Нарантолгойн уурхайд ажиллаж буй иргэдийн цалингийн асуудал, хөдөлмөрийн эрх зөрчигддөг, үндэслэлгүй ажлаас халагддаг, хөдөлмөрийн аюулгүй байдлаас үүдэн хүний амь нас эрсэдсэн, хохирогчдын ар гэрийн гомдол, ажиллаж байхдаа эрүүл мэндээрээ хохирсон, мөн гаднаас хулгайгаар алт олборлож, мөнгөн усаар хордуулж, орхигдсон шороог зориулалтын бус задгай машинаар тээвэрлэж, өөрийн ашиглалтын талбайд авчран дахин цианит натри ашиглаж, алт ялган авч байна гэх мэдээлэл ирсний дагуу сонины сурвалжлах баг Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгой уурхайд очин, бодит нөхцөл байдалтай танилцаж, мэдээ, сурвалжлага бэлтгэх гэсэн боловч тус уурхайн хамгаалагчид дотогш нэвтрүүлээгүй. Иймд тус уурхайд ажиллаж байгаад халагдсан иргэд болон уурхайн ойр орчим мал аж ахуй эрхэлдэг иргэн, мөн хохирогч болсон иргэдийн ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж мэдээлэл авсан. Уг мэдээллийг бататгах үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Ашигт малтмалын газарт тус тус албан бичиг хүргүүлсэн. Тэн хун ХХК-ийн удаа дараагийн хууль бус үйлдлийн талаарх мэдээллүүд 2008 оноос эхлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиагаар болон удаа дараагийн хэвлэлийн бага хурлаар олон нийтэд ил болгон мэдээлэлж байсан. Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээг зөрчиж, удаа дараагийн санал гомдол ирсэн ч хуулийн дагуу арга хэмжээ авагдаагүй, ажилчид ч цалин хөлс болон ажиллах орчин нөхцлийн талаар удаа дараа шүүхэд гомдол гаргадаг. Мөн энэхүү гомдол болон бодит байдалд өрнөж буй асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авдаг ч эргээд үйл ажиллагаа нь хэвийн явагдсаар байгаа тул Монголын хуулийг уландаа гишгэсэн гэх үгээр тодотгосон болно. Бидэнд ирсэн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу тус сурвалжлагыг бэлтгэх явцад нутгийн иргэд болон Тэн хун ХХК-д ажиллаж буй зарим ажилтнуудаас холбоотой мэдээ, мэдээлэл авахыг хүссэн боловч тус уурхайн үйл ажиллагааг нуун дарагдуулж, сум орон нутагт үзүүлж буй хор хөнөөл, удаа дараагийн зөрчил, дутагдлыг нууж, ажлын байрнаас халагдахаас айж, бодит байдалтай эвлэрч мэдээлэл өгөхөөс татгалзсан. Хэрэв дээрх мэдээлэлд бичигдсэн хэсэгт Жаргалант сумын зарим иргэд, Тэн хун ХХК-ийн ажилчид гомдолтой гэж үзвэл Улстөрч сонин ХМБ нь Тэн хун ХХК-д ажиллаж буй иргэдээс уучлалт хүсэхэд бэлэн байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улстөрч сонин Хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдох ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээлэл тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай Тэн хун ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хуулийг хэргийн нөхцөл байдалтай нийцүүлэн тайлбарлаагүй буюу тус шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх нийтлэл нь Дэлхийн Монгол ногоон нэгдэл ТББ-аас 2016 оны 10 дугаар сард нээлттэй хийсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлсэнмэдээллүүд болон бусад цахим сайтад нийтлэгдсэн мэдээллүүдэд үндэслэсэн байх тул нийтлэл дэх зарим үг хэллэг тохироогүй ч нэхэмжлэгч хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, гүтгэсэн гэх хэмжээнд үзэх үндэслэлгүй байна гэсэн нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдааны үеэр ирүүлсэн бусад мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар гарсан мэдээллийг үндэслэсэн гэсэн тайлбарт үндэслэн хийсэн дүгнэлт гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан ... үнэн зөвийг... гэсэнд хэргийн бодит байдалтай холбон тайлбар хийлгүйгээр, хариуцагчийн бусад мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллүүдэд үндэслэн нийтлэл бичсэн байгааг үнэн зөвийг нотолсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ сэтгүүлчдийн үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тусгасан эрх бүхий байгууллагаас баталсан баримт бичиг буюу Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралтаар баталсан хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын талаар дурдаагүй буюу шийдвэр гаргахдаа хэрэглээгүй. Тус зарчмын нэг дэх хэсэгт Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно, тус зарчмын дэлгэрэнгүй тайлбарт: Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ гэсэн байна. Улстөрч сонин Хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл нь дээрх зарчмын агуулгад нийцээгүй буюу мэдээллийн эх сурвалжуудыг баталгаатай эсэхийг нотлоогүй байна. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, баримтууд нь бичгэн нотлох баримтаар тотоогдсон уу, үгүй юу гэдэг гол шалгуурыг нягтлан шалгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд ундэслэл бухий байна гэсэн шаардлагыг хангах гол үндэслэл бүрдэнэ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Тэн хун ХХК нь хариуцагч Улс төрч сонин хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдуулан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээлэл тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Улс төрч сонин хэвлэл мэдээллийн байгууллагын цахим хуудас болох Улстөрч.мн /ulsturch.mn/-ийн халуун сэдэв гэсэн ангилалд тус байгууллагын сэтгүүлч Ч.Мандахнар нь Монголын хуулийг уландаа гишгэсэн Хятадын Тэн хун ХХК-ийн хууль бус үйлдэл гэсэн гарчигтай нийтлэл хэвлэсэн. Тухайн нийтлэлд Тэн хун ХХК нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, уул уурхайн ашиглалтын лиценз эзэмшдэг, алт угаах үйл ажиллагаа явуулахдаа мөнгөн ус, цианит ашигладаг болон гар аргаар алт олборлогчдод мөнгөн ус худалдаалдгаас хөрсний бохирдол, малын өвчлөл ихтэй болсон, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчдөгөөс хүний амь хохирсон, тус компанийн ажилчин Богд ар хороололд мөнгөн ус алдаж асгасан, мөн дээрх уурхай нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой талаар мэдээ нийтлүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 164-165 дугаар тал/

Нэхэмжлэлд дурдагдсан мэдээллүүдээс Мөн дээрх уурхай нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ч холбоотой гэх мэдээллийн талаар хариуцагч үнэн зөвийг нь нотолж чадаагүй, буруу мэдээлэл гэх шалтгаанаар тухайн зөрчлийг өөрөө арилгаж няцаалт хийсэн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-ийн 28, 36 дугаар тал/

Дээрх нийтлэлийн бусад мэдээллийн хувьд хариуцагч байгууллагын сэтгүүлч Ч.Мандахнар болон сурвалжлах баг нь мэдээллээ бичихдээ Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжин, Тэн хун ХХК-ийн Нарантолгойн уурхай байрлах Төв аймгийн Жаргалант сумын малчин, тухайн уурхайд ажиллаж байсан иргэд /Б.Энхтуяа, н.Лхагважав/ зэрэг хүмүүсийн, түүнчлэн уг сайтад хэвлэгдсэн мэдээллийг эх сурвалж болгожээ. Энэхүү эх сурвалжууд нь тухайн үеийн удаа дараагийн хэвлэлийн бага хурал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд өмнө ил болсон, эрх бүхий байгууллагаар шалгагдаж шийдвэрлэгдсэн болох нь шүүхээс зохигчдын хүсэлтээр Улстөрч.мн сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, shuukh.mn сайт дахь шүүхийн шийдвэрүүд зэрэг баримтаар нотлогдсон. Тодруулбал, нэхэмжлэгч Тэн Хун ХХК-тай холбоотой удаа дараагийн хөдөлмөрийн маргааныг шүүх шийдвэрлэж байсан, 2008 онд Богд Ар хороололд тухайн компанийн ажилчин мөнгөн ус алдаж асгасан гэх нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийгдсэн, нийтэд илэрхий болсон мэдээг үндэслэсэн талаар хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч Тэн Хун ХХК нь хууль зөрчиж байгаа, алт угаах үйл ажиллагаа явуулахдаа химийн бодис мөнгөн ус, цианит натри ашигласан, байгаль орчныг бохирдуулсан, улсын төсвөөс 5 тэрбум төгрөг авч ашигласан талаар дурдсан Хятад компаниуд Монголын хуулийг үл тоож, төрийн цагдааг тохуурхан басамжилжээ гэх мэдээлэл, нийтлэл 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр http://www.breakingnews.mn/c/r/48739, htm/Breakingnews.mn, ttp://nems.zindaa.mn/1uw1/ сайтад, 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр http:/www.ord.mn/index.php?nemsid=12958 сайтад, Тэн хун ХХК байгаль орчныг олон жил бохирдуулсаар байна гэв гарчигтай мэдээлэл 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр http:/www.sonin.mn/nems/politics-economy/70175 сайтад, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр http://www.fact.mn/292698 htm сайтад тус тус нийтлэгдэж олон нийтэд түгээгдсэн байх ба эдгээр мэдээг бодит байдалд нийцээгүй талаар маргаан гарч байгаагүй болно.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

 

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээдэг.

 

Эдгээрээс, дүгнэвэл хариуцагч нь Тэн хун ХХК-ийн талаарх нийтэд илэрхий болсон хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьд өмнө мэдээлэгдсэн мэдээг тавьсан байгааг бусдын ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцэхгүй мэдээллийг тараасан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэр төр, нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан гэх зүйл тогтоогдсонгүй. Хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Б.НАРМАНДАХ