Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/120

 

 

 

 

 

  2025             01            21                                       2025/ДШМ/120

 

Б.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Нямдорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Гд холбогдох эрүүгийн 2323 00153 0089 дүгээр хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сүлдэт өргөө хотхоны 50г байрны 6 тоотод байхдаа цахим орчин дахь “Friends club” нэртэй веб хуудсанд админ хэрэглэгчээр бүртгүүлэн, мэдээллийн технологи ашиглан цахим орчинд тоглуулах эрхийг авч, улмаар цахим орчинд иргэдээс өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг Д.Эын Хаан банкны ..., ..., ..., ... тоот данснуудыг ашиглан төлбөрийг шилжүүлэн авч, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Гг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггаас 1.303.730.311 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ггийн цагдан хоригдсон нийт 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хаан” банкны дансны хуулга бүхий 2 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “Huawei nova” загварын /имей дугаар: 860726068015709, 860726068040707/ гар утас 1 ширхэг, Samsung S20 загварын /имей дугаар: 35408211249532/ гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд хуулийн амин зүрх нь шударга ёс, тэгш эрх гэж би боддог. Иймд миний учруулсан гэм хорын талаар гэмт хэргийн улмаас шууд болон шууд бус хохирол тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй гэж заасан боловч анхан шатны шүүхээс “1.303.730.311 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тогтоосон. Анхан шатны шүүх дээр прокурорт мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулахаар даалгавар өгсөн боловч намайг яг өөртөө хэдэн төгрөгийн ашиг олсон талаар мэргэжлийн аудит шинжээчийн дүгнэлт огт байхгүй байхад энэхүү улсад тушаах мөнгийг яг ямар нотлох баримтаар тогтоосон нь ойлгомжгүй байгаа тул миний энэхүү мөнгөн хохирлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Миний хувийн байдал эхнэр, хоёр хүүхдээ тэжээн тэтгэдэг, одоогоор төлбөрөө ч төлөх чадваргүй байгаа тул шударга шүүх үнэн зөвөөр шийдэж, яг хэдэн төгрөгийн ашиг өөртөө олсон талаар хөдөлшгүй нотлох баримтаар гаргуулахын тулд анхан шатны шүүх цаашлаад, прокурорт буцааж өгнө үү. Миний бие гэм буруугийн талаар огт маргадаггүй ч хохирлын талаар гомдолтой байна.

Миний бие өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс оногдуулсан улсад төлөх 1.303.730.311 төгрөгийн хохирол гэдэг дээр маш их гомдолтой байна. Өөрийн ажиллуулж байсан мөрийтэй тоглоомын дансаар орж, гарсан мөнгө болохоос биш надад орлого болж үлдсэн мөнгөн дүн биш. Тиймээс аудитын шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулан үнэн зөв хохиролтой танилцмаар байна. Би одоогоор бага насны хоёр хүүхэдтэй, хадмынхаа жижиг өрөөнд амьдардаг, өөрийн гэсэн гэр оронгүй хүн. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, дахин ийм хэрэгт холбогдохгүй гэдгээ чин үнэнчээр амлаж байна. Иймд надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хорихоос өөр төрлийн ялын хэлбэрээр хүлээлгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Н.Нямдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байдаггүй, цахим мөрийтэй тоглоом ажиллуулж тоглуулсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зөвхөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох ашиг орлого олсон эсэхийг нарийн тодорхой тогтоолгох талаар санал хүсэлтүүдийг гаргасан байгаа.

Гэвч шүүх дүгнэхдээ гэмт хэргийн улмаас шууд болон шууд бус хохирол тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар Б.Ггаас “1.303.730.311 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж шийдвэрлэсэн нь  ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Мөн шийтгэх тогтоолд “гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн хойд эцэг болох Д.Эын эзэмшлийн Хаан банкны 4 данс ашиглан орлого авч, өөрийн данс руу шилжүүлэн 1.303.730.311 төгрөг авсан нь ашиг орлого байна” гэж дүгнэсэн нь эргэлзээтэй, бодит үнэнд нийцэхгүй байна. Учир нь, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  явцад нэг ширээнд дээд тал нь 9 хүн сууж тоглодог, есөөс доош хэдэн ч хүн сууж тоглож болдог, 1 хүний доод цэцэг 5.000 төгрөг, эдгээр тоглож байгаа хүмүүс хожсон тоглогч таталтаа хийгээд гардаг, тэрхүү таталтыг нь хожсон тоглогч руу шилжүүлдэг, тоглоомын цэнэглэлтийг Д.Эын нэр дээрх данснуудаар хийж таталтуудыг нь өөрийнхөө данснаас ч хийдэг, цэнэглэлт авсан дансаар ч хийдэг талаар тайлбарласан. Гэтэл шүүх дүгнэхдээ тоглоом зохион байгуулахдаа ашигласан данс болох Д.Эын нэр дээр бүртгэлтэй 4 дансаар орж ирсэн мөнгийг Б.Г нь өөрийн дансандаа орлого болгон авч ашиг орлого олсон байна гэж бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн нь эргэлзээ төрүүлж байна.

Нөгөө талаар гэмт хэргийн улмаас ашиг орлого олсон дүнг тогтоолгох шаардлагатай гэж үзэж шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 60 хоногийн хугацаатайгаар шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч энэхүү захирамжийн биелэлт хангагдаагүй байхад Б. Гд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хийсэн.

Энэхүү захирамжаар шүүгч дүгнэхдээ хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, ахмад Б.Алтангэрэлийн дээрх дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр гэмт хэрэгт үйлдэж олсон ашиг орлого, ашгийг эцэслэн тогтоох боломжгүй байна гэж дүгнэсэн атлаа энэхүү захирамжаа үгүйсгээд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг хийж хууль зөрчсөн үйлдэл гаргаж, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байна. Шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний байгууллага дүгнэлт гаргуулах хөлс болох 8.500.000 төгрөгийг Б.Гг төлөхийг шаардсан боловч Б.Г болон ар гэрийн зүгээс төлөх боломжгүй байсан учраас шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс шүүх шинжилгээний байгууллагын зардлыг мөрдөн шалгах ажиллагааны зардал болон шүүхийн зардалд оруулан тооцож шинжилгээг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээж аваагүй, мөрдөн шалгах ажиллагааны зардал болон шүүхийн зардалд оруулан тооцоод шүүх шинжилгээний байгууллагаар ашиг орлогыг тодорхой болгоод эргээд Б.Ггаас зардлыг гаргуулан тооцож болох хуулийн зохицуулалт байгааг шүүх анхаарч үзээгүй. Иймд Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгаж өгнө үү.” гэв.

Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх дээрх гэмт хэрэгт холбогдуулан Б.Ггийн үйлдлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзсэн. Нөгөө талаар шүүх прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл болон 16.2 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг бүрэн хангаж, хэргийг тал бүрээс нь хангалттай тогтоож ирүүлсэн гэж дүгнэсэн. Энэ хэргийн хувьд 2 хавтас баримт цугларсан бөгөөд анх 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 107-111 дэх талд авагдсан 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгчийн хойд эцэг болох Эын эзэмшлийн Хаан банкны ...тоот дансанд 130 удаагийн гүйлгээгээр 24.335.477,80 төгрөгийг орлого, зарлага хэлбэрээр оруулсан. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 112-191 дэх талд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд Хаан банкны ... тоот дансанд 4549 удаагийн гүйлгээгээр нийт 1.279.394.834,16 төгрөгийн орлого, зарлага орсон. Ингээд нийт 1.303.730.311 төгрөгийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж ашиг орлого хэлбэрээр олсон гэж дүгнэсэн. Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй ч хохирол, хор уршгийн асуудалд мөнгийг хувьдаа зарцуулаагүй гэж маргадаг. Гэтэл хэрэгт авагдсан мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга зэргээр дээрх мөнгийг хувьдаа ашигласан байдал нь түүний дансанд үзлэг хийсэн тэмдэглэл дэх гүйлгээний утгаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь дээрх тоглоомыг тоглуулахдаа нэг ширээнд 8-9 хүнтэй тоглолт зохион байгуулж, оролцогч нар нэрээ үсэг, тоо хэлбэрээр оруулж, хожсон тоглогчоос мөнгөний тодорхой хувийг буюу 1-2 хувийг авч, хожсон хэмжээгээр нь мөнгийг шилжүүлдэг. Бусад байдлаар буюу “хайр, хоол хүнс” гэх мэтийн утгатайгаар мөнгийг өөртөө зарцуулж байгаа байдлаар нь түүнийг ашиг олсон гэж үзсэн. Мөн шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлтийн талаар ярьдаг ч 2 дугаар хавтаст хэргийн 3, 6, 7, 8 дахь талуудад шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолууд байдаг бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, дээрх хугацаанд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргахыг даалгасан. Энэ хүрээнд 2 дугаар хавтаст хэргийн 12 дахь талд байх 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэлийг шинжлэн судлуулахаар дурдаж байна. Уг тэмдэглэлд шүүхээс хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан үед Б.Г хаана байгаа нь тогтоогдохгүй, оргон зайлсан, өөрийн оршин суугаа хаягтаа байгаагүй тул шинжээчийн дүгнэлтийн зардлыг гаргуулахаар түүнтэй холбогдоход боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Түүний ар гэрийнхэнтэй холбогдоход мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах мөнгө байхгүй гэсэн. Ийм учраас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13-6841 дугаартай албан бичгээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийлгэхийг татгалзсан. Улмаар мөрдөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Дабль аксиом” ХХК-иар дүгнэлт гаргуулахаар бичиг хүргүүлэхэд урьдчилгааг нь 70  хувиар тооцож, 8.600.000 төгрөг төлөх төлбөрийн дүнгийн нэхэмжлэлийг ирүүлсэн. Гэтэл Б.Г дээрх мөнгийг гаргах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас дээрх зардлыг гаргуулахаар тооцож Цагдаагийн ерөнхий газрын санхүү, арын албаны хэлтэстэй мөрдөгчөөр дамжуулж албан бичиг хүргүүлж 60 хоногийн хугацаанд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийх боломжтой гэж бодсон боловч тухайн газраас тодорхой хариу ирүүлэхгүй байсаар шүүх гэм буруугийн хуралдааныг зарласан. Энэ хугацаанд шүүх хэргийг хүлээн авч, хурлаа зарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийтгэх тогтоол гаргасан. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалд нийцсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргасныг үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Түүнчлэн, 2 дугаар хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан нотлох баримтууд, 1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь талд шүүгдэгч Б.Ггийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан шүүгдэгчийн “Ямар нэгэн орлого, мөнгө байхгүй учраас дээрх мөнгийг гаргах боломжгүй, иймд аудитын дүгнэлт гаргуулахгүйгээр мөрдөгчийн хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн агуулга бүхий бичгээр гаргасан хүсэлт, тайлбар зэргийг шинжлэн судлуулах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... тоотод байхдаа цахим орчин дахь “Friends club” нэртэй веб хуудсанд админ хэрэглэгчээр бүртгүүлэн, мэдээллийн технологи ашиглан цахим орчинд тоглуулах эрхийг авч, цахим орчинд иргэдээс өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг Д.Эын Хаан банкны ..., ..., ..., ... тоот данснуудыг ашиглан төлбөрийг шилжүүлэн авч, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Гэрэлсүрэнгийн “...Манай нөхөр 2022 оны 12 дугаар сараас эхлэн цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж эхэлсэн. Би нөхрийгөө цахимаар мөрийтэй тоглуулдаг байсан гэдгийг мэдсэн байсан. Би хэрхэн яаж тоглуулдаг байсныг мэддэггүй байсан. ...” /1хх 12/,

гэрч Д.Эын “... Миний хүү Г надаас “та надад нэг данс нээлгээд өгөөч” гэж гуйхаар нь 2023 оны 11 дүгээр сард Хаан банкнаас нэг данс нээлгэж өгсөн. Одоо би тэр дансныхаа дугаарыг санахгүй байна. Дээрх данснуудад ч байж магадгүй. Тэр дансыг би өөрөө ашиглаагүй болохоор санахгүй байна. Би 2023 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот орсон бөгөөд хүү Ггийнд очсон байх үед Г надаас “аав та надад нэг данс нээлгээд өгөөч” гэж гуйхаар нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 19 ойролцоо байдаг Хаан банкны нэг салбар дээр өөрийн биеэр очиж нэг данс нээлгээд түүнийгээ өөрөө ашиглаагүй. Шууд Гд өгчихсөн юм. Түүнээс өөр данс нээж өгсөн зүйл байхгүй. Би Гг тийм мөрийтэй тоглоом тоглуулахдаа миний нэр дээрх дансыг ашиглаж байгааг огт мэдээгүй. Би өөрөө хөдөө мал малладаг хүн тул тэр талаар мэдэх боломж байгаагүй. ...” /1хх 99/,

шүүгдэгч Б.Ггийн яллагдагчаар өгсөн “...Би Хаан банкны ..., ... дугаарын дансны талаар огт мэдэхгүй. Надад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2323 00153 0089 дугаартай прокурорын тогтоол дээр энэ хоёр данс бичигдсэн байхаар нь би банкны аппликейшн ашиглаж шалгаж үзэхэд манай хойд аавын нэр дээр байдаг данс байна. Би тухайн ..., ... дугаарын данснуудыг огт ашиглаж байгаагүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ... Дээрх мөнгийг цахим тоглоом тоглоод таталт, цэнэглэлт хийгээд байнга орлого, зарлага хийдэг байсан болохоор тийм өндөр дүнтэй гарсан байх. Тэрнээс надад тийм их мөнгө байхгүй. Би ..., ... данснуудыг сайн санахгүй байна. Ямар ямар данс байснаа одоо санахгүй байна. Би цахим тоглоом тоглуулж байсан. ...” /1хх 67, 103/ тус тус мэдүүлгүүд,

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай “...Гар утасны түгжээг иргэн Б.Ггаар нээлгүүлж, гар утасны Games гэх нэртэй цэс рүү ороход Рокеr-2 гэх нэртэй аппликейшн байв. Уг аппликейшн руу нэвтэрч ороход “Хос тамга”, “51МКС”, “Торгоны зам” гэх нэртэй ширээнүүд байв. Утасны эзэн болох Б.Г нь өөрийн ажиллуулж байсан “Friends club” гэх нэртэй ширээгээ устгачихсан байгаа гэж тайлбарласныг тэмдэглэлд тусгав” /1хх 17-18/,

2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай “...Гэрч Б.Ггийн эзэмшлийн Samsung Galaxy S20 ultra маркийн гар утас байх ба хар өнгөтэй, гадуураа хар өнгийн хатуу резинэн гэртэй, дэлгэцийн шилэн наалттай, сэв бүхий зураастай, ар хэсгийн шилэн таг зүүн доод буландаа хагарсан, цууралттай /354082112495320 имей дугаартай/ гар утас байна. Уг гар утсыг нээж үзэхэд түгжээгүй, кодгүй байсан тул шууд үзлэг хийхэд мессеж хадгалагдах хэсэг 110 мессеж ирсэн байгаагаас нээж үзээгүй 2 мессеж байна. Цааш үргэлжлүүлэн дуудлага хийх функц руу нэвтрэхэд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 1512 дуудлага бүртгэгдсэн байна. Цааш үргэлжлүүлэн Gallery функц руу ороход Friends club omaha гэх бичиглэлтэй зураг байна. Уг гар утасны дата хэсгийг дарж үзвэл интернетэд шууд холбогдож байна. Утсан дээр байх фейсбүүкийн функц рүү нэвтрэхэд ... гэх фейсбүүк хаяг хадгалагдан үлдсэн байна. Бусад функцүүдийг шалгаж үзэн “Game Launcher” функц рүү нэвтрэн цааш үргэлжлүүлэн Рокеr 2 гэх функц рүү нэвтрэхэд friends club нэртэй цахим мөрийтэй тоглоомын клуб байх ба өөр хэрэгт ач холбогдолтой баримт мэдээлэл байхгүй байв” /1хх 20-23/,

2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай “Б.Ггийн эзэмшлийн утас нь Huawei nova SE маркийн гар утас байх ба гэрэлд мэдрэг ногоон саарал өнгөтэй, гадуураа өнгөгүй тунгалаг зөөлөн резинэн гэртэй, дэлгэцийн уян хуулган наалттай, ар хэсэгтээ зүүн дээд буландаа хар өнгөтэй 2 камертай /860726068015709, 860726068040707 имей дугаартай/ гар утас байна. Уг гар утсыг нээж үзэхэд түгжээгүй, кодгүй байсан тул шууд үзлэг хийхэд мессеж хадгалагдах хэсэгт бүртгэгдсэн мессеж байхгүй. Цааш үргэлжлүүлэн дуудлага хийж функц рүү нэвтрэхэд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 1328 дуудлага бүртгэгдсэн байна. Цааш үргэлжлүүлэн Gallery функц рүү ороход 7 видео бичлэг, 23 зураг хадгалагдан үлдсэн байх ба хэрэгт ач холбогдол бүхий Friends цахим мөрийтэй тоглоомын тоглогчдыг хүлээж байх үеийн зураг 1 ширхэг байна. Уг гар утасны дата хэсгийг дарж үзвэл сим карт илрээгүй шалтгаанаар интернэтэд шууд холбогдох боломжгүй байна” /1хх 24-26/,

2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Д.Эын эзэмшлийн Хаан банкны ..., ..., ..., ... тоот данснуудад үзлэг хийсэн “1. Хаан банкны ... тоот дансны лавлагаанд үзлэг хийв. Тухайн дансаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 102,193 гүйлгээ хийгдсэн бөгөөд тухайн хугацаанд уг дансанд орлого 2,954,261,661.86 төгрөг орсон. Тухайн данснаас зарлага: 2,951,814,301.77 төгрөг гарсан. Хамгийн сүүлийн гүйлгээ 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийгдэж тухайн өдрөөс хойш уг дансыг ашиглан гүйлгээ хийгээгүй байна.

2. Хаан банкны ... тоот дансны лавлагаанд үзлэг хийв. Тухайн дансаар 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 2,334 гүйлгээ хийгдсэн бөгөөд тухайн хугацаанд уг дансанд орлого: 76,222,064.00 төгрөг орсон. Тухайн данснаас зарлага: 76,324,447.00 төгрөг гарсан. Хамгийн сүүлийн гүйлгээ 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийгдэж, тухайн өдрөөс хойш уг дансыг ашиглан гүйлгээ хийгээгүй байна.

3. Хаан банкны ... тоот дансны лавлагаанд үзлэг хийв. Уг дансанд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан Хаан банкны ... дугаарын данснаас 12 удаагийн гүйлгээгээр 36,912,699.84 орлого хийгдсэн.

4. Хаан банкны ... тоот дансны лавлагаанд үзлэг хийв. Уг дансанд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан Хаан банкны ... дугаарын данснаас 169 удаагийн гүйлгээгээр 35,568,230.14 төгрөгийн орлого хийгдсэн. Уг дансыг ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан орлогоо авч байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.” /1хх 35-36/ тус тус тэмдэглэлүүд,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 107-111, 112-191/ тус тус тэмдэглэлүүд, Д.Эын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны /1хх 31/, ... тоот дансны тус тус дэлгэрэнгүй хуулга /1хх 32-33, 34/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Гг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Ггийн цахим орчин дахь “Friends club” нэртэй веб хуудсанд админ хэрэглэгчээр бүртгүүлэн мэдээллийн технологи ашиглан цахим орчинд тоглуулах эрхийг авч, цахим орчинд иргэдээс өөрийн эцэг Д.Эын Хаан банкны данснуудыг ашиглан төлбөрийг шилжүүлэн авч, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Г “... Анхан шатны шүүхээс “1.303.730.311 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тогтоосон. Анхан шатны шүүхээс мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар даалгавар өгсөн боловч биелүүлээгүй бөгөөд намайг яг өөртөө хэдэн төгрөгийн ашиг олсон талаар мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гараагүй. Ямар нэг дүгнэлт, нотлох баримтаар тогтоосон нь ойлгомжгүй байгаа тул миний энэхүү мөнгөн хохирлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч М.Нямдорж “... Шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, ахмад Б.Алтангэрэлийн дээрх дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг эцэслэн тогтоох боломжгүй байна гэж дүгнэсэн атлаа энэхүү захирамжаа үгүйсгээд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг хийж, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байна. Иймд Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэхийг даалгаж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэргийн материалыг судлан үзэхэд, анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2194 дүгээр шүүгчийн захирамжаар “Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, ахмад Б.Алтангэрэлийн дээрх дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр гэмт хэрэгт үйлдэж олсон ашиг орлого, ашгийг эцэслэн тогтоох боломжгүй байна.” гээд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хуралдааныг 56 хоногоор хойшлуулжээ. /1хх 244/

Шүүгчийн захирамжид зааснаар мөрдөгчөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол гаргасан /2хх 3/ боловч Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас “эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гараагүй” гэсэн үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан байна. /2хх 8/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно” гэж заасан бөгөөд арилжааны банкны хувь хүний эзэмшлийн дансны орлого, зарлагын баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тодорхойлох нь зайлшгүй шинжээчийн дүгнэлтээр хийгдэх ажиллагаа бөгөөд энэ хэргийн хувьд, хийгдэх шинжээчийн дүгнэлт нь мөрийтэй тоглоом тоглосон хүмүүсээс хэргийн нөхцөл буюу ямар хэмжээний мөнгөөр тоглодог, зохион байгуулсан хүн хэдэн хувийг өөртөө авдаг, хэдэн удаа тоглосон зэргийг тодорхой тогтоосны үндсэн дээр хийгдэхээр байна.

Мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ” гэж заасан бөгөөд арилжааны банкны хувь хүний эзэмшлийн дансны орлого, зарлагын баримтад үзлэг хийж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тогтоосон нь бодиттой биш болжээ.

Шүүгдэгч Б.Ггийн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан банкны дансны хуулганд мөрдөгч үзлэг хийж, уг үзлэгт үндэслэн шүүгдэгчээс 1.303.730.311 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тогтоох ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, мөрдөгч шинжээч томилсон боловч хуульд заасан үндэслэлээр шинжилгээний байгууллага дүгнэлт гаргахаас татгалзсан нөхцөл байдалд үндэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэснийг хууль нийцсэн байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Нямдорж нарын гаргасан давж заалдах гомдлын агуулгыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Ггийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1251 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР