Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/02145

 

Б ХХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/02752 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХХК-ийн хариуцагч Б.Н, Д.Нт холбогдуулан 9 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Б.Нгийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сүх, хариуцагч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б ХХХК нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Ааас 20 000 000 төгрөгөөр Айро списс маркийн ...УНХ улсын дугаартай, 45 хүний суудалтай автобус зээлээр худалдаж авах гэрээ байгуулсан боловч банкнаас зээл бүтээгүй тул Д.Н, Б.Н нарт 16 000 000 төгрөгөөр дамжуулан зээлээр худалдах хэлцэл байгуулсан. Хариуцагч нар гэр бүлийн хүмүүс бөгөөд тэд нийт төлбөрөөс 10 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлсөн. Үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөгийг төлөөгүй алга болсон. Тухайн үед Э.А нь н.Нэмэхбаяр, н.Нарантуяа нараас автобусны үнийн үлдэгдлийг байнга нэхэж сүүлдээ манай Б ХХХК-ийг шүүх төлбөр төлөгчөөр тогтоож 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/02631 тоот шийдвэр гарсан. Манай компани нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Э.Ат төлбөрийг бүрэн төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд 4 000 000 төгрөгийг иргэн М.Оргилоос сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлсэн. Одоогийн байдлаар хүүнд 3 400 000 төгрөг төлсөн. Хариуцагч нар Б ХХХК-ийн өмч болох автобусанд байсан 300 000 төгрөгийн үнэтэй зурагтыг алга болгож, автобусны байршил тогтоогчийг ажиллагаагүй болгосон. Бусдад хүүнд төлсөн 3 400 000 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасган автобусны үлдэгдэл 6 000 000 төгрөг, зурагтын үнэ 300 000 төгрөг, нийт 6 300 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хугацаанд 23 рейс хийсэн нь үнэн, гэрээгээр нэг рейс 100 000 төгрөг гэж тохиролцсон. Манай дансанд орж ирсэн орлогоос н.Нарантуяад 7 950 000 төгрөг, түлшинд 3 872 560 төгрөг, засвар, үйлчилгээ гэх мэт бусад асуудлаар 1 657 000 төгрөг өгсөн тул автобусны үнэд суутгах боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: 2016 онд Б ХХХК-ийн н.Сүх захиралтай Драгон центр дээр тааралдаад хот хоорондын шугаманд нь явах хүсэлтэйгээ хэлэхэд манай энэ шугамд автобус байгаа энэ автобусыг явцын дунд мөнгийг нь өгөөд явуулж болно гэж хэлсэн. Шугаманд орохын тулд 1 000 000 төгрөгийг бид хоёроос авсан. Улаанбаатар хотоос Гурвантэс орох 1 рейсэндээ 100 000 төгрөг авахаар ярилцаж тохирсон. Бидэнд санал болгосон тус автобус нь 20 000 000 төгрөг гэсэн ба бид 10 000 000 төгрөгийг нь бэлнээр өгч, үлдэх рейс бүрийн мөнгийг бидэнд өгөлгүй өөртөө авч байсан. Үүнийгээ төлөөгүй үлдсэн автобусны үлдэгдэл мөнгө суутгаж байгаа гэж бидэнд тайлбарласан. Улаанбаатараас Гурвантэс хүртэл хүнийхээ тооноос шалтгаалан ирж очихын 3 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөг орчим олдог байсан. Автобус нь маш муу байсан учир эвдэрч 7 000 000 төгрөгийн зардал гарсан. Бидний төлсөн 10 000 000 төгрөгийг Э.Ат өгөөгүйн улмаас автобусны эзэн Э.А нь н.Сүхийг шүүхэд өгсөн. н.Сүх нь маш эвдрэл гэмтэл ихтэй хуучин автобус худалдан авсандаа гомдолтой байна гэсэн учир автобусны үнэ болох 20 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөг хасах хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу шийдвэрлэгдсэн.

 

Улаанбаатараас Гурвантэс явсан бүх рейсний мөнгийг автобусны үлдэгдэлд суутгаж байгаа гээд бидэнд явалт бүрийн мөнгийг өгөөгүй. Бидний төлөх байсан 20 000 000 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу 4 000 000 төгрөг хассан, мөн бид бэлэн 10 000 000 төгрөг төлсөн, рейсний явалт бүрийн мөнгөнөөс үлдэгдэл 6 000 000 төгрөгөө хасаад үлдэгдэл мөнгөө н.Сүхээс авах гэсэн боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй учир олдоогүй. Мөн бидний худалдаж авсан автобусны мотор нь цохиж Өмнөговь аймагт 1 жил орчим болж, автобусаа 1.0 сая төгрөгөөр Улаанбаатар хотод чирүүлж ирсэн. Б Хкомпанийн өмч гээд байгаа уг автобусанд н.Сүх нь 1 000 төгрөгийн ч хувь нэмэр оруулж байгаагүй. Улсаас 18.0 гаруй сая төгрөгийн ашиг гэж авч 6 926 500 төгрөг л өгсөн. Үлдэх мөнгөнөөс автобусны үнийн үлдэгдэл, 23 рейсийн үнэ 2 300 000 төгрөгийг ч суутгаж авсан гэж боддог. Харин зөрүү авлагатай тооцоо гардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н, Д.Н нараас 2,327,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,972,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 52,183 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Нгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх нэхэмжлэгчийн багасгасан шаардлага 6 300 000 төгрөгөөс 2 372 080 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Бумбат хайрхан ХХК тээвэрлэлтийн гэрээнээс олсон ашиг орлого 18 049 480 төгрөгөөс явсан рейс тутмын үнийг бодож 2 300 000 төгрөг, мөн автобусны төлбөр 6 000 000 төгрөгийг суутгаж авах эрхтэй бөгөөд үлдэгдэл мөнгө 9 749 480 төгрөгийг хариуцагч талд шууд өгөхөөр гэрээгээр тохиролцсон. Шүүхийн шийдвэрт мөн гэрээний 4 дүгээр зүлийн 4.8/3.8/-д тухайн тээвэрлэлтэд шаардагдах шатахуун, тослох материалыг компани урьдчилан бэлтгэх гэрээгээр нийлүүлэх ба үнийг рейс тутамд тээврийн хөлснөөс суутган тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нь тээвэрлэлтийн гэрээгээр олсон ашиг, орлого 18 049 480 төгрөгөөс түлш, шатахууны үнэ 3 592 560 төгрөгийг суутгах үндэслэлтэй байна гэжээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа энэхүү 23 удаагийн явалтын түлшийг бид өөрсдөө хийсэн гэх боловч түлшний мөнгийг төлсөн гэдэг нь тогтоогдоогүй. Түүнчлэн түлшний төлбөр төлсөн баримтуудыг нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн. Гэтэл энэхүү баримтаас Б ХХХК нь рейс тутмын түлшний үнийг төлсөн нь тогтоогдохгүй, эргэлзээ бүхий баримт юм. Гэтэл анхан шатны шүүх энэхүү баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

 

 

Нэхэмжлэгч Б ХХХК нь хариуцагч Б.Н, Д.Н нарт холбогдуулан автобусны үнэ 6 000 000 төгрөг, зурагтын үнэ 300 000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу тушаасан 4 000 000 төгрөгийн хүү 3 400 000 төгрөг, нийт 9 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, автобусны үнэ 6 000 000 төгрөг, зурагтын үнэ 300 000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ...УНХ улсын дугаартай Айро списс маркийн том оврын автобусыг 16 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцож, хариуцагч тал 10 000 000 төгрөгийг бэлнээр төлж, 6 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх ба хариуцагч уг төлбөрийг хот хоорондын зорчигч шуудан тээврийн үйлчилгээнд ажиллуулах гэрээний хөлс 18 049 480 төгрөгөөс суутгагдан тооцогдсон гэж маргасан байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

Хариуцагчийн гүйцэтгэх мөнгөн төлбөрийн үүргийг талуудын төлбөрийн тооцоо хийсэн баримт, хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээнд ажиллуулах гэрээ зэрэгт үндэслэн тээвэрлэлтийн хөлс 18 049 480 төгрөгөөс нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 8 484 000 төгрөг, шатахууны үнэд БМБХ ХХК-д шилжүүлсэн 3 592 560 төгрөг, 23 рейсийн төлбөр 2 300 000 төгрөгийг хасч тооцоолон нийт 2 372 080 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б ХХХК 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.Нтай хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээнд ажиллуулах гэрээ байгуулж, төлбөр тооцооны талаар хариуцагч нь нэхэмжлэгч компанийн зүгээс үйлчилгээ, хяналт шалгалт зохицуулалт удирдлагын болон бусад ажил үйлчилгээ үзүүлсний хураамж Улаанбаатар-Өмнөговь Гурван тэс-Улаанбаатар чиглэлд 100 000 төгрөг рейс тутамд төлөх, гэрээнд заагдсан хураамж, бусад татварыг рейс тутамд суутган авч тооцоог хийсний дараа үлдэгдэл орлогыг сарын эцэст жолоочид цалингийн хэлбэрээр олгож НДШ, ХАОАТ-ыг суутган тооцохоор харилцан тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч нь Улаанбаатар-Өмнөговь Гурван тэс-Улаанбаатар чиглэлд 23 удаа явсан байх ба Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс ...УНК улсын дугаартай Аэро Спес маркийн автобусны тухайн чиглэлд хийсэн тээвэрлэлтийн хөлсөнд 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл нийт 18 049 480 төгрөг нэхэмжлэгч компанид шилжүүлэн өгсөн байна. /хх50-73, 89-91/

 

Хариуцагчийн тээвэрлэлтийн хөлс 18 049 480 төгрөгөөс түлш, шатахууны үнэ 3 592 560 төгрөгийг үндэслэлгүй суутгасан гэх гомдлыг хангахгүй орхив. Шүүх шатахууны үнийг хасч тооцоолохдоо нэхэмжлэгч талаас БМБХ ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан газрын тосны бүтээгдхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 05-08 дугаар саруудад тус компанид нийт 3 592 560 төгрөг шилжүүлэн өгсөн дансны хуулга, зохигчдын хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээнд ажиллуулах гэрээний 4.8-д тухайн тээвэрлэлтэд шаардагдах шатахуун тослох материалыг компани урьдчилан бэлтгэн гэрээгээр нийлүүлэх ба үнийг рейс тутамд тээврийн хөлснөөс суутган тооцно гэж заасныг үндэслэжээ. Хариуцагч тухайн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар гаргадаг боловч татгалзлын үндэслэлээ нотолсон баримтгүй байна.

 

Зурагтын үнэд 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/02752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 183 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ