| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/21582/И |
| Дугаар | 197/ШШ2025/12511 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/12511
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: налайх дүүрэг, *** дугаар хороо, *** хэсэг, ***** гудамж, ** тоотод оршин суух, Гөрөөч овогт З РД:********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ****** зочид буудал, *** корпус, *** тоот хаягт байрлах, Э ХХК /РД: ******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,467,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, нэхэмжлэгч З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А6/******** тоот Орон сууц захиалгын гэрээ-г хариуцагчтай байгуулж, орон сууцны захиалга өгсөн. Би эрт илрүүлгийн шинжилгээнд ороход хөх хавдартай гэж оношлогдсон. Хэмжээ нь томроод байна, эмчийн хяналтад орох шаардлагатай гэж хэлсэн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас орон сууцны захиалгаа цуцлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Би захиалсан хүндээ очиж учир шалтгаанаа хэлсэн. Нөгөө тал маань ч тухайн үед Болно гэж байсан. Өгсөн мөнгөнөөс маань сүүлд буцаан олгохдоо 5 хувийг суутгасан байсан. Анх ярилцахдаа суутгахгүй гэж байсан. Одоо тэр мөнгөө нэхэмжилж байна. гэж тодорхойлжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Манай компани иргэн О гэх хүнтэй гэрээ байгуулсан. Тус гэрээгээр захиалагч нь Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, **** хороолол, ** блок, ** давхар, *** тоот, 70.04 м.кв талбайтай, нэг м.кв нь 3,300,000 төгрөг байхаар, нийт 231,132,000 төгрөгийн үнэлгээтэй 3 өрөө орон сууцыг захиалсан. Урьдчилгаа төлбөр өгөөд, сард хувь лизингээр төлж байхаар тохиролцсон. Тус гэрээг байгуулсан өдрөөс хойш нэхэмжлэгч нь гэрээг цуцлах шаардлагатай байна, мөнгөө буцаан гаргуулах хүсэлт гаргасан. Гүйцэтгэгч нь хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн данс руу буцаан шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу 5 хувийг суутган тооцож, буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: орон сууц захиалгын гэрээ, дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтууд,
5. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй., Орон сууц захиалгын гэрээ-ны 4.6-т Дараах тохиолдол бий болсон бол гүйцэтгэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй бөгөөд Захиалагчийн гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно. гэж заасан ба нэхэмжлэгч талаас гэрээний тухайн заалтын дагуу 5 хувийг суутган бусад мөнгийг шилжүүлсэн талаар хэн аль маргаагүй ба дээрх 5 хувийн суутгал нь гэрээ болон хуульд нийцсэн байна.
6. Иймд Згийн гаргасан хариуцагч Э ХХК-д холбогдох 3,467,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З нь хариуцагч Э ХХК-аас 3,467,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ