Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

Г.Э холбогдох эрүүгийн

хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

         прокурор Б.Ануужин,            

         шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал, 

         шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,

      Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Э холбогдох 2417001200119 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

       Монгол Улсын иргэн, 19 оны - дугаар сарын -ны өдөр Дорноговь аймгийн С суманд төрсөн, - настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Г аймгийн С сумын - дугаар баг, - гэх газарт оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, У т  овогт Г Э.

       Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 28-ны шөнийн 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - дүгээр гудамжны - тоот хашаанд байрлах монгол гэр дотор өөрийн эхнэр Н.О “хувийн амьдралаа найзууддаа ярьлаа” гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар Н.О 3 настай охин Э.И тэврээд орон дээрээ сууж байхад нь данх авч шидэн улмаар 3 настай охин Э.И толгой хэсэгт онож, түүний биед гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзавчийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн эдийн няцрал гэмтэл бүхий, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

      Анхан шатны шүүх: Шүүгдэгч У т овогт Г Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг данхыг устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч  шийдвэрлэжээ.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний үйлчлүүлэгч Г.Э хувьд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аварзэд гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,642,729 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудаас дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтын шаардлагыг бүрэн хангасан байхад шүүх түүнд хорих ял оногдуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн эхнэртэйгээ 10 гаран жил амьдраад ганц охин төрсөн, охин аавыгаа санаад сэтгэл санаа нь тогтворгүй байгаа гэж ар гэрийнхэн нь ярьдаг. Гэр бүлийн хүмүүсийн хоорондын маргаанаас болж ийм гэмт хэрэг үйлдэгдсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг  нь сонгомол санкцтай учир түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү гэв.

      Шүүгдэгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

     Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ‘’Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан’’ гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогддог. Шүүгдэгч Г.Э үйлдсэн гэмт хэргийн улмаас 3 настай өөрийнх нь төрсөн охин Э.И хүнд хохирол авсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу хэргийн бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцүүлж үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалын давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

     Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 28-ны шөнийн 05 цагийн үед Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - дүгээр гудамжны - тоот хашаанд байрлах монгол гэрт өөрийн эхнэр Н.О “хувийн амьдралаа найзууддаа ярьлаа” гэх шалтгаанаар маргалдаж,  улмаар Н.О, 3 настай охин Э.И тэврээд орон дээр сууж байхад нь данх авч шидсэнээс охин Э.И толгой хэсэгт онож, түүний биед гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзавчийн цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аварзэдийн “...Хүүхэд Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад толгойндоо тор суулгуулсан. Биеийн байдал нь хэвийн байгаа. Энэ хэрэгт сэтгэцэд учирсан хор хохирлыг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

            Гэрч Н.О “...04 цаг өнгөрч байхад Г.Э гаднаас орилж орж ирээд намайг ална гэж хэлээд хөнжил татсан. Тэгээд манай охин Э.И уйлахаар нь би хөнжил дотор боогоод орон дээр сууж байтал ...том данх аваад шидтэл охин гэнэт уйлсан. Охиныхоо толгойг үзтэл цөмөрсөн байсан. ...Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон. ...Ирэх 7 хоногт дахиж хагалгаанд орж ган сээтэг тавиулахгүй бол болохгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

           Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 5/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, данхыг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-12/, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36/, насанд хүрээгүй хохирогч Э.И өвчний түүх /хх-ийн 56-79/ зэргээр тогтоогдож байна.

            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Э төрсөн эх Б.Э гэрчийн мэдүүлэг /хх-ийн 23-24/ авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэснийг тайлбарлахад “мэдүүлэг өгөхгүй” гэж хуульд заасан эрхээ эдэлсэн хариулт өгсөн боловч мэдүүлэг авсан нь мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар  үнэлсэн нь хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг зөрчсөн байна.

         Мөн мөрдөгч, гэрч асуух ажиллагаа бүртээ “та өмгөөлөгч авах, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй байх, өөрөө өмгөөлөгч сонгох эрхтэй, та энэ эрхээ эдлэх үү?” гэсэн асуултыг асууж, хуульд байхгүй эрхийг эдлүүлэх байдлаар ажиллагаа явуулж байгаа нь ойлгомжгүй байгааг прокурор цаашид анхаарах шаардлагатайг дурдаж байна.

       Хэдийгээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй нотлох баримт байгаа боловч бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалаас “...энэ хэрэг гэр бүлийн хүмүүсийн хоорондын маргаанаас үүссэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан байхад шүүх түүнд хорих ял оногдуулсан нь бодит байдалд нийцээгүй тул хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

      Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхдэд учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих  ял  оногдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

       Гэхдээ хэргийн бодит байдлаас үзэхэд шүүгдэгч нь өөрийн төрсөн охины эсрэг шууд санаатай үйлдэл хийгээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.3-т заасанХүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,...эрхтэй” гэснийг харгалзан бага насны хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, түүнчлэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой зайлшгүй зардлуудыг эцэг Г.Э нь ажил хөдөлмөр эрхэлж хариуцах шаардлагатай гэсэн үүднээс хорих ялыг торгох ялаар сольж шийдвэрлэлээ.

        Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгыг үндэслэн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн ийнхүү дүгнэсэн.

          Иймд, шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өөрчилж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 41 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 615,000 төгрөгийг торгох ялаас хасч, тооцох нь зүйтэй.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг нэг жил зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

        Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид  хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

           2 дугаар заалтын “...2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих” гэснийг “арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох” гэж,

          3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг нэг жил зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангасугай. 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон 41 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 615,000 төгрөгөөр тооцож, 10,000,000 төгрөгийн торгох ялаас хасч, тооцсугай.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

        4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э шүүх хуралдааны танхимаас сулласугай.

     5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НАРАНЧИМЭГ

        ШҮҮГЧ                                                      А.САЙНТӨГС

          ШҮҮГЧ                                                      Н.БОЛОРМАА