Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2026/0743

 

 

 

 

 

 

 

   2026          08           19                                     128/ШШ2026/0743

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Анхбаяр даргалж, шүүгч С.Одмаа, Д.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ө” ХХК /РД:/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосын газрын Кадастрын хэлтэс

нарын хоорондын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, иргэдийн төлөөлөгч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

1.1 Нэхэмжлэгч “Ө” ХХК-аас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай компани нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Ө аймаг Х******* суманд орших "Ш даваат" нэртэй 2639.66 гектар талбай бүхий газарт "А ж м" ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-02 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. Ашигт малтмал хайгуулын XV-02 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээр 2020 оноос 2022 оны 6 сар хүртэлх хугацаанд 350,000,000 төгрөг зарцуулж, геологийн зураглал, ашигт малтмалын эрлийн ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тухайн талбайд хийсэн хайгуулын үр дүнд тогтоогдсон нөөцийг хүлээн авсан. Ингээд манай компаниас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болгуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж, 2022 оны 6 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ" гээд 21.1.3-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах" тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.

Манай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн. ...Бид мэдэгдлийн дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 19,137,535 төгрөгийг бүрэн төлсөн. Ийнхүү бид манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоно гэж хүлээж байсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10/345 тоот албан бичгээр "манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 665 дугаар шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож, манай компанийн NM-02 дугаартай өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье" гэсэн мэдэгдэл ирүүлсэн.

Дээрх байдлаар Кадастрын хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг гаргахдаа манай компанид огт мэдэгдэж, хуулийн дагуу сонсгох ажиллагаа хийгээгүй тул ямар шалтгаанаар Кадастрын хэлтсийн дарга өөрийнхөө 24 хоногийн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгоод байгааг ойлгоогүй тул бид Кадастрын хэлтсийн даргад хандан 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25/19 тоот албан бичгээр тухайн асуудлыг тодруулах талаар ...Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25/20 тоот, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25/21 тоот албан бичгүүдээр гомдол гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1628 дугаартай албан бичгээр "... Танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна" гэсэн хариу ирүүлснийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь өөрийн гаргасан шийдвэрээ 24 хоногийн дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, тусгай зөвшөөрлийн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах давуу эрх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэр нь Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;" 24 дүгээр зүйлийн "Нөхцөл байдлыг тогтоох.", 26 дугаар зүйлийн "Оролцогчийг сонсох", 27 дугаар зүйл "Сонсох ажиллагааг явуулах", 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно." гэж тус тус заасныг мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийг тус тус зөрчиж гаргасан хууль бус гэж үзэн хүчингүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж заасны дагуу манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан ямар үндэслэл бүрдсэн тухай бидэнд мэдэгдэж, уг үндэслэлээр биднээс тайлбар, мэдүүлэг авч, үүний дараа тодорхой зөрчил илэрсэн бол тухайн зөрчил арилгах хугацаа тогтоож, хэрэв тухайн тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй бол захиргааны акт гаргах ёстой байсан боловч сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчин ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Мөн тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана." гэж заасны дагуу шийдвэр гаргаж буй эрх бүхий албан тушаа нь тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлийг тодорхой заах ёстой байсан боловч тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрт тусгай зөвшөөрөл цуцалж буй хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүй байгаа нь уг захиргааны акт бүхэлдээ хууль бус захиргааны акт юм. Дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосноор тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах давуу эрх, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгогдсон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол маань хамгаалагдаж, сэргэх юм.

Иймд Кадастрын хэлтсийн даргын дээрх эрх зүйн үндэслэлгүй, хууль бус үйлдлийн улмаас манай компанид Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших хуулиар олгосон эрх зөрчигдөж, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирох нөхцөл байдалд хүргэж байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартаа: “...Миний бие 2012 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар холбогдох өргөдөл, материалыг хууль журмын дагуу бүрдүүлэн өгч, араас нь хөөцөлдөж ирсэн. Тухайн үед тус газрын даргаар Б******* ажиллаж байсан бөгөөд асуудлыг шийдвэрлүүлэхээр өөрийн зүгээс 2-3 удаа албан бичгээр хандаж байсан.Уг процессын явцад тус газрын зүгээс "Таны асуудлыг шийдвэрлэнэ, тусгай зөвшөөрөл олгогдох тул хүлээж бай" гэсэн хариуг өгч байсан. Гэвч тухайн үед Ерөнхий сайд У.Х болон Л.*******-Эрдэнэ нарын засгийн газрын үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарласан тухай мэдээлэл гарч, Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаа түр зогссон гэх шалтгаанаар миний асуудлыг хойшлуулсаар ирсэн. Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө намайг хандахад "Цаанаас чиглэл ирсэн, сонгуулийн үеэр тусгай зөвшөөрөл олгож болохгүй тул хэл ам хийлгүй хүлээж бай, сонгуулийн дараа шийдвэрлэнэ" гэх тайлбарыг албаны хүмүүс амаар өгч байсан. Үүний дараа 2025 оны үед асуудал шийдэгдэхээр болж, оны өмнө Сав газрын захиргаанаас усны дүгнэлтээ авчирч, төлбөрөө төлөхийг шаардсан. Шаардлагын дагуу миний бие Д******* аймаг дахь Сав газрын захиргаанаас холбогдох албан бичгийг бүрдүүлж, Кадастрын хэлтсээс өгсөн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн бөгөөд уг төлбөр төлсөн баримтууд нь хавтаст хэрэгт хавсаргагдсан. Ийнхүү төлбөрөө төлж, материалаа гүйцээгээд очиход Кадастрын хэлтсийн дарга Д.Э******* нь "Танд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй" гэсэн хариу өгсөн. Гэтэл тухайн үед надтай яг ижил нөхцөлтэй, кэйстэй байсан 4-5 тусгай зөвшөөрөл хууль журмын дагуу олгогдож, тухайн этгээдүүд лицензээ гардан авсан байсан. Үүнийг үндэслэн миний бие М.Э******* даргад "Надтай ижил тушаал шийдвэр нь гарсан хүмүүст тусгай зөвшөөрлийг нь олгосон байна" гэдэг шаардлагыг тавихад тэрээр "Тэдгээр олгогдсон лицензүүдийг би цуцлах гэж байгаа" гэсэн тайлбарыг өгсөн. Уг асуудлаар Кадастрын хэлтсийн дарга М.Э******* өөрийн өрөөндөө Хуулийн хэлтсийн холбогдох ахлах мэргэжилтэн (эмэгтэй)-ийг дуудаж, хамт уулзсан болно. Уулзалтын үеэр тэд "Та ерөөсөө Иргэний хэргийн шүүхэд хандах хэрэгтэй. Манай төрийн байгууллагын зүгээс хариу үйлдэл үзүүлээгүй, буруутай үйл ажиллагаа байгаа нь үнэн. Бид шүүх дээр ямар нэгэн асуудал үүсгэхгүй" гэж зөвлөсөн. Миний зүгээс тэдэнд "Би 2021-2022 оноос хойш тасралтгүй явлаа. Хэрэв тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байсан бол тухайн үедээ албан ёсоор татгалзсан хариу өгөх ёстой байсан. Тэгсэн бол би дараагийн шатны арга хэмжээгээ 2022-2023 онд аваад шийдвэрлэчих байсан. Танай байгууллага сонгууль, улс төр ярьж хугацаа хожсоор байгаад намайг хохироолоо. Надтай зэрэгцээд тусгай зөвшөөрлөө авсан 4-5 хүний асуудлаар би Авлигатай тэмцэх газраар явж цаг алдмааргүй байна, миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна" гэдгийг илэрхийлсэн. Түүнчлэн, саяхан буюу өнгөрсөн 1-2 дугаар сарын үед уг асуудал бүүр бүтэхгүй бол "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү" гэсэн албан хүсэлтийг Кадастрын хэлтэст гаргасан. Ингээд геологич найзынхаа компани дээр очиж, нээлттэй мэдээллийн сангаар шалгаж үзэхэд, тухайн үед надтай хамт тушаал нь гарч байсан бусад этгээдүүдийн тусгай зөвшөөрөл нь одоог хүртэл Улсын бүртгэлд хүчин төгөлдөр хэвээр байсан. Энэхүү баримтыг үндэслэн миний бие М.Э******* даргад "Та тухайн үед тэдгээр лицензүүдийг цуцална гэж хэлсэн боловч Зууннасан даргын тушаалаар олгогдсон лицензүүд одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Төрийн хууль, журам зөвхөн надад үйлчлээд, бусдад үйлчилдэггүй юм уу" гэж шаардлага тавихад тэрээр "Тэдгээр лицензийг цуцалсан ч тэд бас л тан шиг шүүхээр явна" гэх утгагүй тайлбар өгч, намайг өрөөнөөсөө гаргасан. Төрийн байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй болон шийдвэр гаргагчдын тэгш бус хандлагаас шаардаж миний бие эд хөрөнгө, цаг хугацаагаар ноцтой хохирсон тул уг асуудлыг хууль журмын дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би мэргэжлийн геологич хүний хувьд үндэсний үйлдвэрлэгч жирийн аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгох, Оюу Толгойн бүтээн байгуулалтын мега төслийн элс, хайрганы нөөцийн хомсдолыг шийдвэрлэх, ханган нийлүүлэлтэд оролцох бизнесийн бодит зорилгоор 2012 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хууль журмын дагуу тасралтгүй араас нь хөөцөлдөж ирсэн. 300,000,000-400,000,000 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газарт бичиж, тушаасан бодит хохирол амсаад байна. Миний бие анх Ашигт малтмалын тухай хуульд заасан "газрын тосны бүтээгдэхүүн хайхаас бусад бүх төрлийн ашигт малтмалыг хайж болно" гэсэн заалтын дагуу хууль ёсны хайгуулын Х тусгай зөвшөөрөл авсан. Уг тусгай зөвшөөрлийн хүрээнд анх зэс хайх зорилгоор гадаргуугийн судалгаа хийх явцад Оюу Толгой төслөөс 20-30 км-ийн зайд элс, хайрганы орд илэрсэн тул уг барилгын материалыг эргэлтэд оруулж, бүтээн байгуулалтад нийлүүлэхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан. Миний бие Ө аймгийн Гурвантэс эсвэл Баянхонгор аймагт байдаг шиг алт, жоншны лицензээ бага зардлаар авч үлдэхийн тулд худлаа кварц, түгээмэл ашигт малтмалын нэрээр халхавчилсан үйлдэл гаргаагүй. Бодит байдал дээр элс хайргаа олж, Оюу Толгойн ханган нийлүүлэгч талтай "Та лицензээ гаргачих, манайх элс хайргаа шууд худалдаж авна" гэж тохиролцож байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагаанаас болж энэ ажил 2-3 жил саатсанаар миний бие жил бүр 2-3 тэрбум төгрөгийн борлуулалт хийх бизнесийн бодит боломж, олох ёстой байсан орлогоороо ноцтой хохирсон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус үйлдлээс шалтгаалж жил бүр төлбөрөө төлж байсан 2,000 га талбайгаа алдаж, өнөөдөр ердөө 400 гаруй га талбайтай үлдсэн нь миний өмчийг хууль бусаар дээрэмдсэн үйлдэл юм. Түүнчлэн тус газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан "Өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор хариу шийдвэр гаргана" гэсэн заалтыг ноцтой зөрчиж, намайг 3 гаруй жил тодорхойгүй байдалд байлгасан. Улмаар Засгийн газрын үеийн улс төрийн нөхцөл байдал болон 2024 оны сонгуулийг шалтаглан "Цаанаас чиглэлтэй тул сонгуулийн дараа шийднэ, хэл ам хийлгүй байж бай" гэж хугацаа хожсоор намайг хохироосон. Үүний дараа асуудал шийдэгдэхээр болж, Сав газрын захиргааны дүгнэлтийг авчирч төлбөрөө төлөхийг шаардсаны дагуу миний бие ажлаа явуулахын тулд 18,9 сая төгрөгийг бусдаас зээлж, нэхэмжлэхийн дагуу төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн. Төлбөрөө төлөөд очиход Кадастрын хэлтсийн дарга М.Э******* нь Түгээмлийн хуулийг барьж татгалзсан атлаа "*******" зэрэг томоохон компаниудад яг ижил элс, хайрга, барилгын материалын зориулалттай орд газруудад 50-60 гаруй тусгай зөвшөөрлийг н.Зууннасан даргын тушаалаар олгосон бөгөөд тэдгээр нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа нь тэгш бус хандлага мөн. Миний бие Кадастрын хэлтсийн дарга М.Э******* болон уулзалтад байлцсан Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтнүүд, Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан н.О*******, н.******* нарын шаардлагын дагуу шүүхэд хандсан. Уг шүүх хуралдаанууд хавраас хойш хэд хэдэн удаа хойшлогдсон бөгөөд дараах бодит, хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан. 1-т санхүүгийн хүндрэл ба Өмгөөлөгч авах боломжгүй байдал нь Ковидын дараах эдийн засгийн зогсонги байдал болон гадаадын хөрөнгө урсгал хаагдсанаас үүдэж геологийн салбарын 70-80 хувь нь ажилгүй болсон. Миний бие мэргэжлийн хуульч биш, төрийн байгууллага шиг өөрийгөө хамгаалах хуулийн баггүй бөгөөд өмгөөлөгчийн урьдчилгаа 20-30 сая төгрөгийг шууд төлөх санхүүгийн боломжгүй байсан тул тэдэнтэй тохиролцох, хугацаа авах шаардлага тулгарсан. 2-т миний бие тархины хүнд хагалгаанд орсон, хөл гар, биеийн байдал хүнд байсны улмаас шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байсан. 3-т хаврын УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нааштай өөрчлөлт орж, асуудал хуулийн хүрээнд шүүхээс гадуур шийдэгдэх боломжийг харж, хүлээж байсантай холбоотой. Миний бие шүүх хуралдааныг санаатайгаар саатуулаагүй, бодит амьдрал, санхүү, эрүүл мэндийн хүнд нөхцөл байдлын улмаас хойшлуулж байсан бөгөөд одоо уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Төрийн байгууллагын хууль бус эс үйлдэхүй, хугацаа хожсон заль мэх, тэгш бус хандлагаас болж миний бие 400 гаруй сая төгрөг, жил бүрийн 2-3 тэрбум төгрөгийн боломжит орлого, 2000 га талбай, эрүүл мэнд болон цаг хугацаагаар ноцтой хохирсон тул миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, урьд нь олгогдохоор шийдвэрлэгдсэн байсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр болгож, олгож өгөхийг хүсэж байна. ...Ө аймаг руу холбогдох асуудлыг шилжүүлж, шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч тус аймгийн удирдлага, мэргэжилтнүүд ямар нэг тодорхой шийдвэр гаргахгүй, хүнд суртал гаргасаар байна. Миний бие Ө аймагт нэмэлтээр албан бичиг хүргүүлсэн шалтгаан нь тус аймаг хууль тогтоомжийг үл тоомсорлон, хуулиас гадуур ажилладаг, хүнд суртал ихтэй, зөвхөн шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд л хариу өгдөг хандлагатай байдагт оршино. Тэнд би биеэрээ мянга очоод нэмэргүй, Ашигт малтмал, газрын тосны газарт ч мөн адил байна. н.Б******* даргын үед асуудлаа шийдвэрлүүлэхээр 5-6 удаа албан бичиг өгсөн боловч ямар ч хариу өгөөгүй. Тэд албан ёсны хариу өгвөл өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдэл илчлэгдэх учраас санаатайгаар татгалздаг. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хуулийн этгээдээс хайгуул болон ашиглалтын өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор албан ёсны шийдвэр гаргах ёстой. Гэвч тэд шийдвэрээ 3 жил гаргаагүй бөгөөд албан ёсны тайлбар өгөлгүй хүлээлгэсээр байна. Очиж уулзахаар мэргэжилтэн нь "Дарга мэдэж байгаа" гэдэг, дарга дээр нь орохоор "Дээрээс ийм чиглэлтэй" гэж бие бие рүүгээ бултуулдаг. н.Зууннасан даргын хувьд хуулийн хүрээнд бүх үндэслэлийг харж, өөрийн бүрэн эрхийн хэмжээнд энэхүү шийдвэрийг гаргаж олгосон байдаг. Тиймээс энэ асуудлыг эргэн харж, шийдвэрлэх бүрэн боломжтой. Учир нь тухайн үед яг манайхтай адилхан 5-6 тусгай зөвшөөрөл н.Зууннасан даргын шийдвэрээр олгогдсон бөгөөд тэдгээр нь одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Ашигт малтмалын нэгдсэн системд нэвтэрч үзэхэд 2016 оноос хойш надтай ижил нөхцөлөөр хуулийн дагуу олгогдсон 50-60 тусгай зөвшөөрөл бүгд хүчин төгөлдөр байна. Хуулийн мэргэжилтнүүд ч энэ нарийн ширийн зохицуулалтыг мэдэж байгаа байх гэж бодож байна...” гэв.

Хоёр. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

2.1 Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. NE-026125 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Ө аймгийн Х******* сумын нутаг Ш нэртэй газарт орших 26988,87 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 461 дугаартай шийдвэрээр 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр "А ж м" ХХК-д анх олгосон. "А ж м" ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-009078 дугаартай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлснийг хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх" 300 дугаартай шийдвэрээр Ө аймгийн Х******* сумын нутаг дахь Ш нэртэй 26988,87 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас Ш нэртэй 2639,66 гектар талбайг "Ө" ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр ХВ-02 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон. Нэхэмжлэгч компанийн Ө аймгийн Х******* сумын нутагт орших Дунд хэрс элсний ордод 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "Ө аймгийн Х******* сумын нутагт орших Дунд хэрс элсний ордод 2020 гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай" хуралдааны ХХ-11-12 дугаартай дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай" А/110 дугаартай тушаалаар Ө аймгийн Х******* сумын нутагт орших XV-02 дугаартай тусгай зөвшөөрөлтэй Дунд хэрс элсний ордод 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын үр дүнгийн тайлан дахь нийт болон боломжтой (В+С) зэрэглэлээр 315,970,32 мз-р хүлээн авсан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг заасан хуулийн шаардлагад хамаарна. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалыг шилжүүлэх тухай" А/115 дугаартай тушаалаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал нь харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх тул хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг харьяалах аймаг, нийслэлд шилжүүлсэн.

Мөн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шилжүүлэх тухай" 46 дугаартай шийдвэрээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал нь харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх тул хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг харьяалах аймаг, нийслэлд шилжүүлж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/5032 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" 665 дугаар шийдвэрээр NM-02 дугаартай өргөдлийн дагуу Ө аймгийн Х******* сумын нутаг дахь Ш даваат нэртэй 2639,66 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Ө" ХХК-д олгож, Уул уурхайн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 11/5569 дугаартай албан бичгээр дээрх шийдвэрийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн "Шийдвэр хүчингүй болгож, өргөдөл хүлээн авахаас татгалзах тухай" 64 дүгээр шийдвэрээр "Ө аймгийн Х******* сумын нутагт "Ш даваат" нэртэй 2639,66 гектар талбай бүхий NM-02 дугаартай өргөдлийг хянан үзэхэд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан нөөц, илрэл тогтоогдсон байх тул Уул уурхайн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" 665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч компаниас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн "Хүсэлт гаргах тухай" 25/19 дугаартай албан бичгийг Кадастрын хэлтсийн даргад ирүүлсэн бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/1428 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн, мөн нэхэмжлэгч компаниас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 25/20 дугаартай албан бичгийг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 25/21 дугаартай албан бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн бөгөөд агентлагийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 1/1628 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид хариу хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

2.2 Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ:  “...Өд эднийх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар 400 гектараас ихгүй буюу нэг удаагийн тусгай зөвшөөрөл авах гэж заагаад нийт 2,639.66 гектар дээр 7 тусгай зөвшөөрөл олгогдоно гэж яригддаг. Энэ нь манай агентлаг дээр ч яригдсан. Тэгэхээр түгээмэл тархацтай ашигт малтмал нэгэнт нөөц нь тогтоогдсон тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагаас олгох боломжгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад олгохоор хуульчилсан. Гэтэл төрийн захиргааны байгууллага ч гэдэг юм уу, Ө аймгийн Засаг дарга ч гэдэг юм уу, аль алины буруу байхгүй. Энэ нь нэхэмжлэгч компанитай 100% холбоотой буруутай үйл ажиллагаа, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах сонирхолтой, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах сонирхолгүй компанийн ялгаа, далд утга нь өөр өөр агуулгад байдаг байх. Үүнтэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллагын зарим нэгэн мэргэжилтнүүдийг ажиллуулдаг. Энэ нь Кадастрын хэлтсийн даргыг гадаад руу томилолтоор явсан хооронд маргааны үндэс болоод байгаа 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 665 дугаартай шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Мөн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдүүлэг хүргүүлэх тухай 11/5569 дугаартай албан бичгээр тус компанид мэдэгдсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг олгохдоо тус хуулийг л баримтлахаар заасан.

Гэтэл манай байгууллага дээр ямар хүч үйлчилснийг мэдэхгүй. Гэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байна гэх шүүлт хийгээд энэ шүүлтийнх нь үндэслэл дээр Уул уурхайн хэлтсийн даргын олгосон гэдэг. Уул уурхайн хэлтсийн дарга тухайн үед Кадастрын хэлтсийн даргыг орлож байсан.

Кадастрын хэлтсийн дарга томилолтоос ирээд энэ шийдвэр дэвшүүлж үзээд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт эрх зүйн харилцаан дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр хүчингүй болгож, өргөдөл хүлээн авахаас татгалзах тухай 64 дүгээр шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Тусгай зөвшөөрлүүдийг хэрхэн яаж авах нь нэхэмжлэгч компанийн гэдэг юм уу, тусгай зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх боловч хуулиар тогтмол зохицуулсан харилцаануудыг тухайн зохицуулсан хуулийн дагуу л олгох боломжтой. Гэтэл эрдсийн хуримтлал тогтоогдсон гэдэг юм уу, эсвэл түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авчхаад хамгийн гол нь алтны эрэлтээр эрдсийн хуримтлалтай талбай дээр нь түгээмэл тархацтай талбай авчхаад доод талыг нь зарж наймаалцаад байдаг тохиолдол, кэйс байна. Мөн эрдсийн хуримтлалтай талбайг нь түгээмлээр аваад явдаг, эсвэл түгээмлийн эрдсийн хуримтлалтайгаар авч байна гэдэг нь бизнесийн хэлбэр. Бизнесийн хэлбэр гэдэг хууль бус үйл ажиллагаанууд өнөөдрийн нийгэм дээр байдаг. Үүнтэй холбоотой Захиргааны шүүх дээр урьд нь хэлэлцэгдсэн асуудлууд зөндөө бий. Нэхэмжлэгч компанийн шаардаж байгаа байдлыг төрийн захиргааны байгууллагыг буруутгаад, нэхэмжлэгч нарыг зөвтгөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа захиргааны акт нь хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчөөд байгаа юм? захиргааны акт гарснаар энд ямар үр дагавар бий болоод нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Цаашдаа ямар эрх зүйн харилцаа үүсэх юм гэдгийг тодорхой ярьсангүй. Нэгэнт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ороод нөөц нь тогтоогдсон, түгээмэл тархацтай ашигт малтмал ангилагдаж байгаа тохиолдолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиараа нэхэмжлэгч компани Ө аймгийн Засаг даргаас ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх нь нээлттэй. Энэ харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар төрийн захиргааны байгууллага олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 461 дүгээр шийдвэрээр Ө аймгийн Х******* сумын Ш нэртэй газарт 26,988.87 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А ж” ХХК-д олгож[1],

Мөн албан тушаалтны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 300 дугаар шийдвэрээр “А ж” ХХК-ийн дээрх талбайгаас 2,639.66 гектар талбайг “Ө” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэн, шинээр XV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдрийг дуустал хугацаагаар олгожээ[2].

Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ХХ-11-12 дугаартай дүгнэлт, Үндэсний геологийн албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Н/110 дугаар тушаалаар “Ө” ХХК-ийн 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр 315,970.32 м.куб элсний нөөцийг хүлээн авсан байна[3].

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан[4] бөгөөд хариуцагч өргөдлийг NM-02 дугаарт бүртгэн авчээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/115 дугаар тушаалаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянах, олгох асуудал нь харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг харьяалах аймаг, нийслэлд шилжүүлэхээр” заасан бөгөөд хавсралтын[5] 6-д “Ө” ХХК багтжээ.

Түүний дагуу мөн газрын Кадастрын хэлтсийн дарга 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр дээр дурдсан өргөдлүүдийг харьяа аймаг, нийслэлд шилжүүлжээ.

Ө аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04/2125 дугаар албан бичгээр хариуцагчид хандан “танай шийдвэрийн дагуу хүсэлтийг судалж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн бичиг баримт дутуу байсныг бүрдлийг хангаж ирүүлэх талаар мэдэгдсэн. ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд заасанд нийцэхгүй тул өргөдлийг хуулийн хүрээнд Ө аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул буцаан хүргүүлж байна” гэжээ.

2023 оны 12 дугаар сарын 26, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс өргөдлөө шийдвэрлүүлэх хүсэлтийг дахин гаргасан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр “NM-02 дугаартай өргөдлийн дагуу 2639.66 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ө” ХХК-д олгожээ.

Харин 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээрээ “...өргөдлийг хянан үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц, илрэл тогтоогдсон байх тул Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, түгээмэл тархцатай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг тухайн аймгийн Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх тул “Ө” ХХК-ийн гаргасан NM-02 дугаартай өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ.[6]

Тухайн шийдвэрт гомдол гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1628 дугаартай албан бичгээр “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах нь аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар байна. Кадастрын хэлтсийн даргын шийдвэр үндэслэлтэй тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.[7]

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд

            Улмаар нэхэмжлэгчээс “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Ө аймгийн Засаг даргад холбогдуулан “Ө аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 05/2803 тоот хариу өгөх тухай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Ө” ХХК-ийн хүсэлтийг хууль журмын дагуу шийдвэрлэж, дээрх талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ө аймгийн Засаг даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдлүүлснийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, улмаар гомдол гаргахад давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

3.1 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.2.5.харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгох”,

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 11.1.19. түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 11.2-т “кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13–11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ.” гэж тус тус заасан.

Тодруулбал, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тухайн аймгийн Засаг дарга, харин түүнээс бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар, түүний Кадастрын хэлтэс олгохоор байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ХХ-11-12 дугаартай дүгнэлтийг үндэслэн Үндэсний геологийн албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн х/110 дугаар тушаалаар “Ө” ХХК-ийн Ө аймгийн Х******* сумын нутагт орших Дунд хэрс элсний ордод 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь элсний нөөцийг бодитой /В/ зэрэглэлээр 297,194.56 м.куб, боломжтой /С/ зэрэглэлээр 18,775.76 м.куб, нийт бодитой болон боломжтой зэрэглэлээр 315,970.32 м.куб гэсэн элсний нөөцийг хүлээн авсан бөгөөд энэ тухайд маргаангүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг” ойлгохоор хуульчилсан.

Энэхүү дүгнэлтээр “элс”-ний нөөцийг баталгаажуулсан тул нэхэмжлэгчийн хүссэн тусгай зөвшөөрөл түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч “тухайн орд нь ердийн ашигт малтмалд хамаарах “чулуулаг”-тай” гэсэн ч түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, эрх бүхий этгээдээс баталгаажуулсан шийдвэр байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх эрх нь Ө аймгийн Засаг даргад хамаарна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр “NM-02 дугаартай өргөдлийн дагуу 2639.66 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ө” ХХК-д олгосон боловч 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр  “665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан”.

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.”, 3.3-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.”, 11 дүгээр зүйлийн 11.1.14-д  төрийн захиргааны байгууллага (кадастрын асуудал хариуцсан нэгж) нь “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” чиг үүрэгтэй гэж заажээ.

Хуулиар олгогдсон хяналт тавих үүргийн хүрээнд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах өргөдлийг шийдвэрлэсэн 665 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь дээрх хуулиудад нийцсэн байх тул маргаан бүхий 64 дүгээр тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч “ижил тохиолдолд бусад этгээдүүдэд хариуцагч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргаж өгсөн” гэсэн тайлбар гаргаж маргасан.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д тус тус зааснаас үзэхэд, захиргааны акт хуульд нийцсэн эсэх, захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн зөвхөн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн маргааныг түүний гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянан шийдвэрлэх тул тухайн үндэслэлийг хүлээн авах хуулийн боломжгүй.

Эдгээрээс гадна, хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй бөгөөд сонсох ажиллагаа хийхгүй байж болох 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэсэнд хамаарна гэж тайлбарласан. Энэ тохиолдолд нийтийн ашиг сонирхолд хамааралгүй байгаа төдийгүй мөн зүйлийн 28.2-т зааснаар шалтгаанаа захиргааны байгууллага нотлоогүй, энэ талаар баримтгүй тул шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй.

Гэвч хариуцагчийн гаргасан шийдвэр нь байгууллагын эрх хэмжээнд хамаарах хууль хэрэглээний тухайд гаргасан, сонсох ажиллагааны тайлбар баримтаас хамаарахгүй шинжтэй тул энэхүү тайлбараар хүчингүй болгох үндэслэлгүй. Түүнчлэн, “сонсох ажиллагаа явагдаагүй гэх үндэслэл нь дангаараа захиргааны актыг хүчингүй болгох шууд үндэслэл болдоггүйг дурдах нь зүйтэй”[8]

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “төрийн албадын хоорондын уялдаа холбоо муу, сул санагдлаа. Нэхэмжлэгч тал хууль зөрчөөгүй, хариуцагчийн хүнд суртал ажиглагдаж байна. Иргэдийг үл тоодог, хайгуулын зөвшөөрлийг сунгаж өгөхөд боломжтой гэж дүгнэж байна” гэж дүгнэлтээ гаргажээ.  Дээр дүгнэсэнчлэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байх тул саналыг хүлээн аваагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасныг баримтлан “Ө” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АНХБАЯР

                        ШҮҮГЧ                                               С.ОДМАА

                        ШҮҮГЧ                                               Д.ОДОНТУЯА

 

[1] Хэргийн 1-р хавтас, хуудас-51

[2] Хэргийн 1-р хавтас, хуудас-141, 169

[3] Хэргийн 1-р хавтас, хуудас-98,103

[4] Хэргийн 1-р хавтас, хуудас -58

[5] Хэргийн 1-р хавтас, хуудас -112

[6] Хэргийн 1-р хавтас, хуудас-53

[7] Хэргийн 1-р хавтас, хуудас-31

[8]Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 54-р тогтоол