Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00216

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00216

 

 

Г.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02205 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Баярмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол банкинд холбогдох

 

- Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 15 577 722 төгрөг, 1, 2, 3 дугаар улирлын урамшуулал 4 951 125 төгрөг, нийт 20 528 847 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн үндсэн,

 

- Ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 9 902 250 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Хулан, Б.Тунгалагтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оргилсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Баярмаа нь Монгол банкинд 2013 оноос эхлэн Монгол банкны гүйцэтгэлийн хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б467 тоот тушаалаар олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажилд шилжүүлэн томилогдож, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 13/11 тоот хөдөлмөрийн гэрээгээр уг мэргэжлийн ажлыг гүйцэтгэж байсан. Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б553 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-д заасан үндэслэлээр Г.Баярмааг ажлаас нь чөлөөлсөн.  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Г.Баярмааг Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албаны эвлэлийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8 904 303 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл Монгол банкны удирдлага шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүйн улмаас Г.Баярмаа нь одоог хүртэл ажилгүй мөн ямар ч олговор авалгүй түүний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 001/ХГ2017/00780 дугаар тогтоолд Г.Баярмаад олгох олговрын хэмжээг тооцохдоо 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаагаар бодсон ба тэрээр энэ өдрөөс хойш 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа учир Монгол банкнаас 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 202 хоногийн цалин нийт 15 577 722 төгрөгийг гаргуулж, 1, 2, 3 дугаар улирлын урамшуулал 4 951 125 төгрөг, нийт 20 528 847 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Уг нэхэмжлэлд Улсын Дээд Шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХГ2017/00780 дугаар тогтоол гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговорт 8 904 303 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлээгүй байгаа талаар дурдсан байна. Гэвч Улсын Дээд Шүүхээс Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б553 дугаар тушаалаар Г.Баярмаад олгосон 9 902 250 төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй учир дээрх тогтоолд дурдсан мөнгийг өгөх боломжгүй. Г.Баярмаа нь Монгол банкинд дээр дурдсаны дагуу зөрүү мөнгө өгөх ёстой байсан юм. Мөн дээрх нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, урамшуулал зэргийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

Улсын Дээд Шүүхээс Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б553 дугаар тушаалаар Г.Баярмаад олгосон 9 902 250 төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийн асуудлыг шийдвэрлээгүй үлдээсэн байна. Иймд иргэн Г.Баярмаагаас Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б553 дугаар тушаалаар Г.Баярмаад олгосон 9 902 250 төгрөгийн тэтгэмжийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Монгол банк хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, Г.Баярмааг ажилд нь эгүүлэн авахгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д заасны дагуу хариуцагч Монголбанкнаас 15 577 722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баярмаад олгож, 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч Монгол банкинд даалган, нэхэмжлэлийн шаардлагаас 4 951 125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгч Г.Баярмаагаас 9,902,250 төгрөгийг гаргуулан хариуцагч Монгол банкинд олгож, 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол банкнаас 235 839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Баярмаад олгож, 173 386 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжпэгчийн нэхэмжилсэн нийт 3 улирлын урамшуулал болох 4 951 125 төгрөгийг хзрэгсэхгуй болгож шййдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүх дээрх шийдвэрийн үндэслэлээ ..2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс өмнөх хугацааны цалин урамшууллын хэмжээг улирал бүрээр тодорхойлон дүгнээгүй байна" гэж тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 40 дугээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж хуульчилсан бөгөөд нэхэмжпэгчийн авах урамшууллын хэмжээг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00211 дугаар шийдвэрээр нэг улирлын урамшууллын хэмжээг 1 650 375 төгрөгөөр тогтоож, 2 улирлын нийт урамшууллыг 3 300 750 төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэсэн, Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон урамшууллыг ажил олгогчоос гаргуулах нь зүйд нийцэх юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс. нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн урамшуулал авах эрхийг нь зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02205 дугаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Баярмаа нь хариуцагч Монгол банкинд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 15 577 722 төгрөг, 1, 2, 3 дугаар улирлын урамшуулал 4 951 125 төгрөг, нийт 20 528 847 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 9 902 250 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00211 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Г.Баярмааг Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоосон байна. /хх-ийн 5-15 тал/ Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Г.Баярмааг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон дүнгээр нэхэмжлэгч Г.Баярмаагийн сарын дундаж цалинг тооцож шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан цалингийн дундаж хөлстэй тэнцэх олговорт 15 577 722 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Ажилтанг буруу шилжүүлсэн буюу чөлөөлсөн тохиолдолд түүний ажилгүй байсан бүх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн төлөх үүрэг ажил олгогч хүлээх тул хуулийн энэ зохицуулалт нь ажил хийсний төлөө төлж буй бодит цалин хөлс бус, цалин хөлстэй тэнцэх хэмжээ бүхий олговор юм. Иймд нэхэмжлэгчид урамшуулал олгох хууль зүйн үндэслэлгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан бөгөөд тухайн ажилтан ажилсныхаа төлөө авч буй урамшууллыг цалин, түүнтэй адилтгах олговорт оролцуулан тооцож нэхэмжлэгч Г.Баярмаад олгох боломжгүй юм. Иймд энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Монгол банкны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Г.Баярмааг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч Г.Баярмаад ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг авах эрх үүсэхгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО