Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ20176/00126

 

“Хан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00735 дугаар шийдвэр,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1914 дүгээр магадлалтай,

“Хан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НШГА-д холбогдох,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө 6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 246.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьектыг “Итгэлт-Эстимэйт” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон ажиллагаа хууль бус болохыг тогтоож, тус дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №5/201 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Наранхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Наранхүү, С.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Хан” ХХК-ийн ерөнхий захирал Т.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа тус компанийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах болсон учир үнэлгээг 1 м.кв-ыг 10.175.000 төгрөгөөр буюу нийт 2,509.155.000 төгрөгөөр үнэлэх саналыг Голомт банкинд хүргүүлсэн юм. Голомт банк манай саналыг хүлээн аваад уг байрыг нэг м.кв-ыг нь 9.157.500 төгрөгөөр буюу 2,258.239.500 төгрөгөөр тогтоох санал гаргаж, бид хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад хандан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №16/24 дугаартай албан тоотыг хүргүүлсэн бөгөөд Голомт банк мөн уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн талаараа тус албанд мэдэгдсэн. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг үүрэг гүйцэтгүүлэгч Голомт банк, өмчлөгч “Хан” ХХК харилцан тохиролцож 2,258.239.500 төгрөгөөр тогтоосоор байтал тус алба үл хэрэгсэн үнэлгээчин томилж 1,093.371.900 төгрөгийн үнэлгээ гаргуулсан. Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны энэ шийдвэрт холбогдох мэдэгдлийг хүлээн авмагц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасан ч дарга Т.Энхбат нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгт шилжүүлж, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 3/324 дугаартай мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Дээрх хууль бус шийдвэр, үйл ажиллагааны талаар 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16/40 дугаартай гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гаргасан боловч “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд “Хан” ХХК-ийн өмчлөлийн барилгын дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнийг үнэлгээчнээр тогтоолгосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр №5/201 тоот тогтоолыг хүчингүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Саруул шүүхэд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийг тус албанаас зохион байгуулсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж хураагдсан барилгын үнийн санал өгөхийг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн, үнийн санал өгөөгүй, харин үнийн санал өгөх боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн тул шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтоосон ажиллагаа болон анхны албадан дуудлага худалдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00735 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “Хан” ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/201 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хан” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1243 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1914 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00735 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “37 дугаар зүйлийн 37.3” гэснийг “34 дүгээр зүйлийн 34.3” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Наранхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Магадлалд “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцүүлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 1,093,371,900 төгрөгийг 70 хувиар тооцож 765,360.330 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож шийдвэрлэсэн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 5/201 дүгээр тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэхгүй” гэжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа манай компанийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах асуудал яригдсан бөгөөд манай компани үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 1 мкв-ыг 10.175.000 төгрөгөөр буюу нийт 2.509.155.000 төгрөгөөр үнэлэх саналыг Голомт банкинд хүргүүлсэн бөгөөд банк манай саналыг хүлээн аваад уг байрыг 1 мкв-ыг нь 9.157.500 төгрөгөөр буюу 2.258.239.500 төгрөгөөр тогтоох саналыг гаргасныг манайх хүлээн зөвшөөрсөн.

Компани нь энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрсөн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад хандан 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн №16/24 дугаартай албан тоотыг хүргүүлсэн бөгөөд Голомт банк мөн уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдсэн.

Үнэлгээг талуудын зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож тогтоосон байхад үнийн саналыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүнийг үл хэрэгсэн үнэлгээчин томилж 1.093.371.900 төгрөгийн үнэлгээ гаргуулсан юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан журмыг зөрчин үнэлгээчин томилж үнэлүүлэн улмаар дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь өмчлөгчийн эрхийг дээд зэргээр зөрчиж буй үйлдэл болсон байхад давж заалдах шатны шүүх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 5/201 тогтоолыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн хэтэрхий шударга биш шийдэл болсон.

2. Мөн шүүх “Хан” ХХК нь НШГА болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу гаргасан гомдол нь иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа буюу шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулж төлбөр төлөгчийн хувьд гаргах гомдолд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл ...эд хөрөнгийн гомдол гаргах журам хугацаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдах учиртай” гэжээ. Албаны дарга Т.Энхбат нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус заасныг зөрчиж манай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгт шилжүүлсэн байх бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг нь 2016-05-10-ний өдрийн 3/324 дугаартай мэдэгдэх хуудсаар “гомдлыг хүлээн авах боломжгүй” хэмээн шийдвэрлэсэн. Дээр дурдсанчлан НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус, бусдын хуулиар олгогдсон эрх ашгийг хөндсөн үйлдэлд хэргийн нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/00735 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1914 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч “Хан” ХХК-ийн “...үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагаа болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Ханконстракшн сервис” ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дүгээр шийдвэрээр Голомт банкинд 654.539.088 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр Их засаг өргөн чөлөө, 5 давхар барилгын 1 давхрын 246.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьектыг битүүмжилж, хураасан байна.

Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар тохиролцоогүй тул хариуцагч нь шинжээч томилж улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж тогтоол гаргажээ.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг 2,258.239.500 төгрөгөөр тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолж чадаагүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно. Хуулийн энэхүү зохицуулалтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “Итгэлт Эстимэйт” ХХК-г шинжээчээр томилж, улмаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон 1,093.371.900 төгрөгийн 70 хувиар тооцож 765.360.330 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргадаг. Харин хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргах”-аар заасан ба нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 168 дугаар зүйлийн 168.1.1-т нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1914 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ