Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 26

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багт оршин суух Хярууд овогт Жамбалдоржийн Пүрэвдоржийн “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 05-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Өндөрхангай сумын ахлах сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоолгох“ тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Пүрэвдорж миний бие нь 2010 оны 9 сарын 7-ны өдрөөс эхлэн Өндөрхангай сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан ба 2016 оны 05 сарын 05-ны өдөр ажлаас халагдсан. Халагдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015, 2016 онд ямар нэгэн сахилгын шийтгэл байхгүй, Засгийн газрын 2013 оны 3 сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолоор шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10 сая гэж тогтоосон байдаг учир ТБӨНӨХ БАҮ ХАТХ зөрчөөгүй, мөн хэрэгжиж эхлээгүй байсан хуулийн заалтыг үндэслэсэн, 2015 оны үр дүнгийн гэрээг сумын Засаг дарга 92% А үнэлгээ өгснийг хүчингүй болгож 50%-тай үнэлгээ өгсөн, авлигатай тэмцэх газраас зөрчилгүй гэсэн дүгнэлтийг явуулж байгаа тухай утсаар холбогдож мэдэгдсэн тул өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 05-ны өдрийн “Захирлыг ажлаас халах тухай” Б/13 дугаартай захирамжийг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 05-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Өндөрхангай сумын ахлах сургуулийн захирлын захирлын ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Алтанг 2016.07.26-ны өдөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан эрхүүдийг итгэмжлэн олгожээ.

   Уг итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.

      Нэхэмжлэгч Ж.Пүрэвдоржийг ажлаас чөлөөлснөөс хойш Увс аймгийн Өндөрхангай сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтанд тэнцсэн захирал томилогдоогүй талаар Увс аймгийн Боловсрол, соёлын газраас 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 199 дугаартай албан бичиг ирүүлсэн, аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 05-ны өдрийн Б/14 дугаар захирамжаар Б.Ганбаярыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, шүүхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татагдсан этгээд байхгүй байна.

       Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багт оршин суух Хярууд овогт Жамбалдоржийн Пүрэвдоржийн  “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 05-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Өндөрхангай сумын ахлах сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                         Д.АЛТАНЦЭЦЭГ