Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 013

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

       Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 155/2016/0148/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал,

           Ялтан: Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал

           Ялтны өмгөөлөгч: Г.Баярдаваа,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолтой, Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нарт холбогдох эрүүгийн 201622000253 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 27-нд төрсөн, 18 настай, Тогоруутан овогт Лхагвасүрэнгийн Сод-Эрдэнэ /регистрийн дугаар РГ98012714/,

 Монгол улсын иргэн, 1998 оны 2 дугаар сарын 01-нд төрсөн, 18 настай, Чонод овогт Цогбадрахын Нямжаргал, /регистрийн дугаар РБ98020114/.

 

Ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15-25 тоот хашаанаас иргэн А.Цогтын Мустанг-5 маркийн улсын дугааргүй улбар шар өнгийн мотоциклийг хулгайлж 900 000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Ялтан Л.Сод-Эрдэнэ нь ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 10-10 тоот хашааны үүдэнд байсан иргэн Б.Наранбаярын Мустанг-5 маркийн улсын дугааргүй хөх өнгийн мотоциклийг хулгайлж 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Л.Сод-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Ц.Нямжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Сод-Эрдэнээс 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж  иргэний нэхэмжлэгч Д.Лутбэхэд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Г.Баярдаваа давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26 ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ялтан Л.Сод-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар, ялтан Ц.Нямжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулсныг эс зөвшөөрч ЭБШХ-н 303, 304 дүгээр зүйлд зааснаар дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх дээрх ялтнуудад холбогдсон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, гэрчээр тогтоож мэдүүлэг авсан, шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нар нь хохирогч А.Цогтын Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж Бүрэнтогтох сумын иргэн Баатархүүд 250 000 төгрөгөөр худалдсан болох нь Сод-Эрдэнэ, Баатархүү нарын хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр нотлогдож байна. Иргэн Баатархүү нь Л.Сод-Эрдэнээс худалдан авсан мотоциклио цааш нь дамжуулан иргэн Лутбэхэд 400 000 төгрөгөөр худалдсан үйлдэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсаар атал энэхүү харилцааг Эрүүгийн хэрэгт хамаатуулан гэрээний нэг тал болох Лутбэхийг иргэний нэхэмжлэгчээр тогтоон хэргийг шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон гэж үзэх үндэслэл болж байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ялтан Л.Сод-Эрдэнийг иргэн Лутбэхэд гэм хор учруулсан гэж дүгнэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэн Лутбэхэд учирсан гэх 400 000 төгрөгийн хохирлын асуудал нь ялтан Л.Сод-Эрдэнэ, Нямжаргал нарын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлтэй ямар нэгэн шалтгаант холбоогүй байна. Мөн энэ талаар Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаартай “ Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг эрүү иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын 1.1 дүгээр зүйлд гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй" гэж тайлбарласан байна.

Ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нар нь хохирогч А.Цогт, Б.Наранбаяр нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэрч Баатархүүд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийснээс дээрх ялтнуудад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр 3 сар 5 хоног, 5 сарын баривчлах ял оногдуулсан нь эрх зүйн байдлыг нь дордуулан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 155 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн 4 дугаар заалтыг хүчингүй болгох, ялтан Л.Сод-Эрдэнэд оногдуулсан 5 сар, ялтан Ц.Нямжаргалд оногдуулсан 3 сар 5 хоногийн баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хорих ялын доод хэмжээгээр сольж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийг хэрэглэн тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 15-25 тоот хашаанаас иргэн А.Цогтын Мустанг-5 маркийн улсын дугааргүй улбар шар өнгийн мотоциклийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол, ялтан Ц.Сод-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 10-10 тоот хашааны үүдэнд байсан иргэн Б.Наранбаярын Мустанг-5 маркийн улсын дугааргүй хөх өнгийн мотоциклийг хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нарын гэм буруугийн болон хувийн байдалд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтны өмгөөлөгч Г.Баярдаваагийн “...Лутбэхийг иргэний нэхэмжлэгчээр тогтоон хэргийг шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон гэж үзэх үндэслэл болж байна” гэх гомдлын тухайд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан бөгөөд Д.Лутбэх нь хулгайд алдагдсан эд хөрөнгө болох бор шаргал өнгийн мотоциклийг 400 000 төгрөгөөр худалдан авч эд хөрөнгийн хохирол хүлээж түүнийгээ нөхөн төлүүлэхээр шаардлага тавих эрх бүхий этгээд байх тул энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг хуулийг буруу тайлбарласан гэж үзэхгүй юм.

Мөн ялтан нарт оногдуулсан баривчлах ялыг хорих ялаар сольж тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх өмгөөлөгчийн гомдлын тухайд анхан шатны шүүх ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Л.Сод-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Ц.Нямжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх үүрэгтэй заалт биш юм.

Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нарыг баривчлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр баривчлах ял нь хорих ялаас ялын төрлийн хувьд хөнгөн ялд багтдаг бөгөөд давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т зааснаар “...хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчилж болно”. Харин ялтан нарт оногдуулсан ялыг хүндрүүлэх өөрчлөх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:   

 

1. Ялтан Л.Сод-Эрдэнэ, Ц.Нямжаргал нарын өмгөөлөгч Г.Баярдаваагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

      ШҮҮГЧИД                                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                                Н.БАЯРХҮҮ