Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/01346

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/01346

 

 

 

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00909 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Түвшин-Ундраа ХХК-д холбогдох

 

Татварын төлбөрт 104 057 168 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунтуяа

Н.Баасансүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Энхтөвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа болон Н.Баасансүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харилцагч 2087456 тоот регистрийн дугаартай Түвшин-Ундраа ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн 9011115043 тоот гэрчилгээтэй, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 350017544 тоот актаар 558 972 200 төгрөгийн зөрчилд ногдуулсан 55 897 200 төгрөгийн нөхөн татвар, 11 005 326 төгрөгийн торгууль, 2 869 013 төгрөгийн алданги, 113 760 төгрөгийн хүү, нийт 69 885 319 төгрөг, 2016 оны нийслэл хотын татварын тайлангийн 479 918 төгрөг, 2016 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 9 932 186 төгрөг, 2015-2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 20 365 663 төгрөг, 2014-2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн 3 394 079 төгрөг, нийт 124 057 168 төгрөгийг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/-д 57 дугаар зүйлийн 57.1.1 /ногдуулсан татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хоногт төлөх/ гэсэн заалтыг тус тус зөрчиж байна. Татварын алба татварын өрийг татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 /Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана/-д заасны дагуу арга хэмжээ авахаар Чингэлтэй дүүргийн улсын бүртгэл статистикийн хэлтсээс эд хөрөнгийн лавлагаа авахад Түвшин-Ундраа ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн лавлагаа ирсэн боловч татвар төлөгч уг хөрөнгө нь банкны барьцаанд байгаа барьцаалах боломжгүй гэсэн нь татвар төлөгчийн ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн авто тээврийн үндэсний төв, Үнэт цаас, төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс тус тус лавлагаа авахад тус компани нь тээврийн хэрэгсэл, болон хувьцаа эзэмшдэггүй гэсэн лавлагаа ирсэн тул хуулийн 64 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах боломжгүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 /татварын өрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ хуулийн 62.1 дэх хэсэгт заасан ажиллагааг давхардуулан явуулж болно гэж заасныг үндэслэн Түвшин-Ундраа ХХК-аас 104 057 168 төгрөгийн татварын өрийг зохих журмын дагуу шийдвэрлэн төлүүлж өгнө үү гэв

 

Хариуцагч Түвшин-Ундраа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Манай компани нь Улс, нийслэлийн удирдлагаас гаргасан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Төрийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг өөрийн эзэмшлийн газар дээр 200-н айлын орон сууцны бичил хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн зураг төслийг боловсруулан батлуулж зохих зөвшөөрлийг аван өөрийн хөрөнгөөр болон банк, банк бус санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсээс зээл тусламж аван айлын орон сууцны барилгыг 2013 онд барьж ашиглалтанд оруулсан. Дээрх 40 айлын 5 давхар орон сууцны байрыг борлуулах үед Нийслэлийн удирдлагаас Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 49, 72 сургуулийн 83, 102 дугаар цэцэрлэгийн багш, ажилтан /төрийн албан хаагч/ нарт зөвхөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан Буурал сутай ХХК, Асар өргөө ХХК-иудын барьж буй орон сууцны байрыг захиалж урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлж хувийн ипотекийн орон сууцны зээлэнд хамрагдах үүрэг өгснөөс болж манай компанитай орон сууцны байр худалдан авахаар тохиролцсон багш, ажилтан нар шийдвэрээ өөрчилсөн. Мөн Монголын ипотекийн орон сууцны корпораци нь ижил бие даасан халаалтын эх үүсвэртэй Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлт төслөөр барьж дуусаагүй байгаа Асар өргөө ХХК, Буурал сутай ХХК-ийн орон сууцны байрыг ипотекийн 8 хувийн орон сууцны зээлэнд хамруулсан мөртлөө манай компаний барьж дууссан ашиглалтад орсон 40 айлын орон сууцны байрыг бие даасан халаалтын эх үүсвэртэй гэдэг шалтгаанаар ипотекийн 8 хувийн орон сууцны зээлэнд хамруулахгүй байсны улмаас цаг хугацааг үлэмж хэмжээгээр алдагдуулж улмаар манай улсын эдийн засаг доройтож эхлэх энэ үед манай компани орон сууцны байрны үнийг хямдруулах, хашаа байшин, барилгын материал, бусад эд зүйлээр солилцох, ажил үйлчилгээ хийлгэх, зээлээр худалдах, зэрэг аргаар орон сууцны борлуулалтын ажиллагааг эрхэлж арилжааны банкны сарын 3-3, 5 хувийн хүүтэй 300 000 000 төгрөгийн, Банк бус санхүүгийн байгууллагуудын сарын 3-5 хувийн хүүтэй 250 000 000 төгрөгийн, Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн сарын 5-6 хувийн хүүтэй 70 000 000 төгрөгийн хөтөлбөрийг 3 жил гаруй хугацаанд нь төлж ирсэн хэдий ч эдийн засгийн байдал улам хүндэрч зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болсны улмаас өр зээл буурахгүй улам нэмэгдэн барьцаалагдсан бүх эд хөрөнгийг зээлдэгч нарт алдахад хүрээд байна. Ийм тааламжгүй нөхцөл үүссэн учир татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 350017544 тоот актаар ногдуулсан татварыг төлөх боломжгүй байгаа тул өршөөлийн хуулинд хамруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Түвшин-Ундраа ХХК-иас татварын өр 90 069 069 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 988 099 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч Түвшин-Ундраа ХХК-иас 608 295 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Хишигмаа давж заалдах гомдолдоо:... Шүүхээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу татварын улсын байцаагчийн 350017544 тоот актаар ногдуулсан 69 885 319 төгрөгнөөс алданги, торгууль, хүү болох 13 988 099 төгрөгийн төлбөрийг захиргааны шийтгэл гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өршөөн хэлтрүүлснийг зөвшөөрч байгаа боловч үлдэх 55 897 200 төгрөг нь нөхөн татвар гэснийг зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн актаар дээрх 55 897 200 төгрөгийг мөн зөрчил гэж үзсэн байх тул өршөөлийн хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байна. Мөн Татварын хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар 55 897 200 төгрөгийн зөрчил нь компаний 2010 оноос 2014 оны хооронд үүссэн татварын зөрчил тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг харгалзан үзэж дээрх төлбөрийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч Түвшин-Ундраа ХХК-д холбогдуулж татварын төлбөрт 104 057 168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага 69 885 319 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч 2016 оны татварын татвар төлөлт буюу нийслэлийн хотын албан татварын тайлангийн 479 918 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 9 932 186 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 20 365 663 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн 3 394 079 төгрөг, нийт 34 171 846 төгрөгийг төгрөгийн татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 350017544 тоот Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар Түвшин-Ундраа ХХК-ийн 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 55 897 220 төгрөгийн нөхөн татвар, 11 005 326 төгрөгийн торгууль, 2 869 013 төгрөгийн алданги, 113 760 төгрөгийн хүү, нийт 69 885 319 төгрөгийг ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг баримтлан хариуцагч байгууллагад дээрх актаар тавигдсан 2 869 013 төгрөгийн татварын алданги,11 005 326 төгрөгийн торгууль, 113 760 төгрөгийн хүү нийт 13 988 099 төгрөгийг захиргааны шийтгэл хүлээсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй үндэслэлгүй байна.

 

Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээдэг бөгөөд татвар төлөгч буюу хариуцагч Түвшин-Ундраа ХХК нь хуульд заасан татвар төлөх үүргээ биелүүлээгүйгээс татварын байцаагчийн актаар нөхөн татвар ногдуулсан бөгөөд татвар төлөгчийн төлөөгүй татварыг захиргааны зөрчилд шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй тул нөхөн татвар төлөлтийн мөнгийг өршөөлийн хуульд хамааруулан үзэхгүй юм.

 

Татварын Ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага актыг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй боловч гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн хариуцагчийн цахим тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь зааснаар цахим мэдээлэлд үзлэг хийж бэхжүүлээгүй байгаа боловч тайланд дурьдсан татварын өр үүссэн тухай асуудлын талаар хариуцагч тал маргаагүй зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

Иймд хариуцагчийн татварын актаар тавигдсан 69 885 319 төгрөгийг бүхэлд нь захиргааны шийтгэл гэж үзэж өршөөлийн хуульд хамрагдахаар давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ө.Хишигмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Түвшин ундраа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 436 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО