Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 492

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч М.Амарзаяа

  Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймаг Нөмрөг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 6-13 тоотод түр оршин суух хаягтай, Төв аймаг Жаргалант сумын 2 дугаар баг Өгөөмөр бургас 6 дугаар гудамжны 4а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, С.П.Б-д холбогдох 1808018710570 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч нь П.Б нь 2018 оын 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 6-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.М “халтууранд явах машин өгсөнгүй” гэх шалтгаанаас болж маргалдан хутгаар зүүн гарын шуу хэсэгт зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  П.Б мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, шалгагдаж байхдаа үнэн зөв мэдүүлэг. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч  Д.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би гэр бүлээрээ гэртээ хоол идээд сууж байсан чинь манай нөхөр П.Б намайг машин авч явж ажил дээрээ дэмий зогсоогоод байна, таксинд явна гэхээр нь би яах гэсэн юм бэ зүгээр гэртээ байж бай гэж хэлсэн чинь Б бага зэрэг уурлангуй байснаа...гал тогооны шүүгээнээс хутга аваад миний зүүн гарын шууны дотор талд хатгачихсан юм...Би гэмтлийн эмнэлэг орж гартаа оёдол тавиулсан...Би дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдолтой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...Одоо би гомдолтой гээд яах уу гээд бид хоёр эвлэрчихсэн...гэжээ. /хх-7-9, 47-48/,

Шүүгдэгч П.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 03 дугаар сарын 17 ны орой 20 цагийн үед би ажлаа тараад гэртээ ирсэн... Эхнэр М “чи машин ажил руу дэмий авч яваад хий цаг үрээд байх юм. Тэгж байхаар надад машинаа үлдээгээд би халтуур хийж мөнгө олох хэрэгтэй байна, хүүхдийн сургуулиас мөнгө нэхээд байхад” гэж хэлсэн чинь эхнэр М уурлаж чамд машинаа өгч эвдүүлээд яахав гэж хэлэхээр нь шүүгээний нүдэнд байсан жижиг хутга барьж очоод М баруун гарын шуу руу нэг удаа хатгачихсан. М гарнаас цус гарахаар нь би айгаад түргэн дуудсан боловч түргэн ирээгүй. Би өөрөө М гэмтлийн эмнэлэгт очиж 3 оёдол тавиулж боолт хийлгэсэн...Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэй холбогдолтой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний М учруулсан гэмтлийг үнэн бичсэн байна. Гэм буруутай гэдгийг ойлгож байна. Дахиж ийм асуудал гаргахгүй ээ...гэжээ. /хх-58-59/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №4140 тоот актын дүгнэлтэнд:

1 . Д.М биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-21/,

Шүүгдэгч П.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай  тэмдэглэл /хх-2/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-10/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл №23 /хх-12/,  гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын маягт /хх-14/, хохирогч Д.М гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-64/, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №4144 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 6-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.М “халтууранд явах машин өгсөнгүй” гэх шалтгаанаас болж маргалдан хутгаар зүүн гарын шуу хэсэгт зүсч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч  Д.М“...гал тогооны шүүгээнээс хутга аваад миний зүүн гарын шууны дотор талд хатгачихсан юм...Би гэмтлийн эмнэлэг орж гартаа оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-7-9,47-48/,

-Шүүгдэгч П.Б”.. М уурлаж чамд машинаа өгч эвдүүлээд яахав гэж хэлэхээр нь шүүгээний нүдэнд байсан жижиг хутга барьж очоод Мягмарсүрэнгийн баруун гарын шуу руу нэг удаа хатгачихсан...Гэм буруутай гэдгийг ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хх-58-59/,

-зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай  тэмдэглэл /хх-2/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-10/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл №23 /хх-12/,  гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын маягт /хх-14/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Б гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

   Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч  Д.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардал нэхэмжлээгүй бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч П.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

    Шүүгдэгч П.Б-гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Б прокуророос гаргасан саналын хүрээнд дээрхи зүйл, хэсэгт заасан 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгч П.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох санал гаргасныг шүүх хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгч П.Батдорж нь цагдан хоригдоогүй болно.

   Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

   Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч П.Б тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овгийн П Бгэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. П.Бцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Мягмарсүрэн нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, П.Батдоржийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг мэдэгдсүгэй.

     6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ