Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/01173

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/01173

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Б.Мөнхтуя нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **** оршин суух, Б.Э

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** оршин суух, Б.Э холбогдох,

Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай 320/2025/01021/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , иргэдийн төлөөлөгч С.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Х.Б  нь Хөвсгөл аймгийн *** сумын нутаг дэвсгэр *** гэх газарт 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Э  миний хөлөн тус газарт өшиглөж зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн юм.

Хөвсгөл аймгийн прокурорын газраас Х.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Х.Б ын цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож оногдуулсан торгох ялаас хасаж нийт эдлэх ялыг 1.258.000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн оотор төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3,Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Б.Э  миний гаргасан нэхэмжлэлээс 680.468 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Х.Б аас 7.253.600 төгрөгийг гаргуулж хохирогч надад олгуулах, мөн гэмт хэргийн улмаас учирсан 2.2221.476 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардалаа....иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууйтайд тооцсугай гэж тогтоох хэсгийн 3 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэснийг .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3,4,5,6,7,8,9,10 дахь заалтын дугаарыг 2,3,4,5,6,7,8,9 болгон өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэвч энэ шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргаснаар улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хохирогч Б.Э  намайг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурьдаж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иймд миний бие Б.Э  нь Х.Б ад гомдолтой байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэндээ огтхон ч гэмшихгүй, хохирогч надад учруулсан хохиролоо төлөхийг чухалчилахгүй аль болох л хохирол төлбөр төлөхгүйг хичээж байгаад гомдолтой байна. Х.Б ад зодуулж гэмтэснээс хөл маань байнгын өвчтэй зовиуртай байгаа төдийгүй сэтгэл санаа ч тайван биш байнгын айдас түгшүүртэй байсаар байгаа.

Хариуцагчийн буруутай үйлдлээс болж үүнээс илүү зарлага гаргасан. Намайг тулгуур эрхтний асуудалтай болгож хаясан. Хариуцагч нь надаас ирж уучлалт гуйгаагүйд гомдож байна. Машин дугарах болгонд айдаг.

Би Улаанбаатар хотод очиж Шүүх шинжилгээний газарт үзүүлж дүгнэлт гаргуулахад нэгдүгээр зэрэглэлээр тогтоогдож дүгнэлт гарсантай танилцсан. Тиймээс Улсын дээд шүүхээс гаргасан аргачлалын дагуу 4,99 хувиар буюу дээд хэмжээ болох 3,293,400 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хүргэнээ хүндэлж болоод намайг хүндлэхгүй байсан. Надаас уучлалт гуйхгүй байгаад би үнэхээр гомдож байгаа гэв.

Хариуцагч Х.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ын татгалзал, түүний үндэслэл:  2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цагаан сарын шинийн нэгэн төрт ёсны баяр болж байхад ахмад настан буурлууд дээрээ очиж золгож хаврын эхэн сарыг угтаж авдаг. Тухайн өдөр хүн бүр хэрүүл маргаан хийх, хараалын үг хэлэх, мөн эм тан уух хүртэл цээрлэдэг монгол ёс байдаг. Тухайн өдөр том ахындаа золголт хийх гэж байгаа учир эгчийгээ ганцаараа гэртээ сууж байгаа учраас Х.Б  нь авч яваад Хөвсгөл аймгийн ** сумын нутаг дэвсгэр ** гэх газарт байх **гийнд золгохоор очсон боловч нэхэмжлэгч нь тухайн айлд ороод хэрүүл маргаан үүсгэсэн талаар хариуцагч нь шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатуудад мэдүүлэг өгсөн байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд шинэ хүргэнийг ялгаварлан гадуурхаж хадгаа өгөөгүй байж яах гэж ирсэн юм, ядаж 100 төгрөг байдаггүй юм уу хоосон золголоо гэх мэтээр нэхэмжлэгч нь хэлэхэд Х.Б ын зүгээс хүний бага охины аав, шинэ гарсан зээгийнх нь аав гэх залууг ах, дүү хамаатан садан бүгд цугларсан байх үед нь эвгүй байдал оруулсан байдлыг нь таслан зогсоох зорилгоор боль гэж хэлсэн боловч нэхэмжлэгч нь өөрөө болихгүй байсан учир хөлөөрөө ширвэж хөлийн шилбэ тус газарт нь гэмтэл учруулсан байдаг.

Сэтгэл зүйн эрүүл мэндэд учирсан байдлыг шинжээчийн дүгнэлтээр тогтооход нэгдүгээр зэрэглэл гэж дүгнэсэн байна. Тухайн шүүхээс гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ уг шийдвэрийг үндэслэж мөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шийтгэх тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн үндэслэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэж гэм хорын хохирлыг багасгаж шийдвэрлэх боломжтой байна.

...Шүүхээс хохирлыг тогтоохдоо 4,99 дахин нэмэгдүүлж түүний 50 хувиар тогтоож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Үндэслэл нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 1 дэх заалт, 229 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учруулсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн хэр хэмжээг зэргийг харгалзан үзнэ гэж заасан. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм хор гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх байдлын хүрээнд нэхэмжлэгч нь өөрөө төрт ёсны баярын үеэр хэрүүл маргаан үүсгэсэн нэхэмжлэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хохирлын хэмжээг 50 хувиар тооцож өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,646,700 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тооцож олгохдоо аргачлалын 3.8-д заасныг баримталж өгнө үү....гэв.

Иргэдийн төлөөлөгч С.Н  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Улсын дээд шүүхээс гаргасан аргачлалын дагуу 4,99 хувиар буюу дээд хэмжээ болох 3,293,400 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж өгвөл зохистой байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Э  нь Х.Б ад холбогдуулан гэм хорын хохирол 10,288,080 (арван сая хоёр зуун наян найман мянга ная) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э  нь нэхэмжлэлийн шаардлагаа сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулахаар багасгасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Х.Б  нь Хөвсгөл аймгийн *** сумын нутаг дэвсгэр ** гэх газарт байрлах *** гэрт 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.Э ыг миний гэр бүл рүү халдаж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, нэхэмжлэгчийн зүүн хөлний шилбэн тус газарт нь өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 11-20, 21-26, 27-29 дүгээр тал)

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаартай тогтоолоор нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, ...сэтгэцэд, ...хууль бусаар санаатай үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 511 дүгээр зүйлийн 511.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ., мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э  нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн илрэх байдлын талаар машин дуугарах болгонд айдастай байдаг гэж, мөн хариуцагч одоог болтол надаас уучлалт гуйгаагүйд гомдолтой байгаа гэж тус тус тайлбарлан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байгаа гэсэн дүгнэлт гарсан тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг хүснэгтэд харгалзах дээд хэмжээ болох 4,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож хариуцагчаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 3,293,400 төгрөгийн 50 хувь болох 1,646,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д заасныг баримтлах, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч буюу нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Б.Э ын сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн Нэгдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0825/2651 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдлоо. (хх-ийн 59-61 дүгээр тал)

Нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын Дөрөвт заасны дагуу Нэгдүгээр зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн буюу 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мөрдөж байсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван тал Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар тогтоосон хэмжээгээр тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймээс хариуцагч Х.Б аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,293,400 (660,000 төгрөг х 4,99 дахин = 3,293,400) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 3.8-д Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, ... хохирогчтой дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор тухайн гэмт хэргийг үйлдэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй, мөн одоо хохирогчийн сэтгэцийн байдалд айдас илэрч байгаа, зохигч нь төрсөн эгч, дүүсийн харилцаатай, нэг нутагт амьдарч байгаа атлаа хариуцагч нь нэхэмжлэгчээс өөрийн биеэр уучлалт гуйгаагүй нь хариуцагчийг гэм буруугаа гэмшсэн гэж үзэх бодит нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг Нэгдүгээр зэрэглэлийн дээд хэмжээгээр тогтооосон болно.

Түүнчлэн хариуцагч орлогогүй, төлбөрийн чадваргүй байдлын талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэдийн төлөөлөгчийн Сэтгэл санааны хохирлыг нь мөнгөн дүнгээр нь барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн зах зээлд юмны үнэ нэмэгдэж үнэтэй болсон дээрээс нь нэхэмжлэгч нь өрх толгойлсон эмэгтэй учир нэхэмжилсэн үнийн дүнгээр нь сэтгэл санааны хохирлыг тогтоож өгсөн нь зүйтэй байх гэж бодож байна гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлтийн үндэслэл нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохирохгүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн агуулга нь шүүхийн дүгнэлттэй тохирсон болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч Х.Б аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагч Х.Б аас 3,293,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,644 (жаран долоон мянга зургаан зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч Х.Б аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.Б аас улсын тэмдэгтийн хураамж 67,644 (жаран долоон мянга зургаан зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг энэ өдрөөс хойш 10 хоногийн дотор мөн хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       С.ОЮУНЖАРГАЛ

ШҮҮГЧ      Б.ОТГОНБЯМБА

   ШҮҮГЧ      Б.МӨНХТУЯА