Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/115

 

 

  2025             01             21                                         2025/ДШМ/115

 

Ц.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

яллагдагч Ц.Ггийн өмгөөлөгч Э.Уянга,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/2219 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нямдоржийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар эсэргүүцлээр Ц.Гд холбогдох 2002005490312 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Ц.Г нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 3 дугаар сард зарласан “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний 2,680,661,522 өртөг бүхий тендерт шалгарч, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 2020/128 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан “Ю С” ХХК-ийн захирал С.Агаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Монгол нутгийн зургийн бүртгэл номын хэвлэлт”-д зориулан 2,920,000 төгрөгийг,

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Ойн медаль”-н төлбөр болох 5,750,000 төгрөгийг,

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийнхөө албан хэрэгцээнд ашиглах Apple брендийн ipad-н төлбөр болох 3,700,000 төгрөгийг,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг, Ар хөндлөнгийн аманд байрлах Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын алба хаагчдын зуслангийн газарт 3 ширхэг гүний өрмийн худаг ухсан “У” ХХК-ийн төлбөр болох 35,640,000 төгрөгийг буюу нийт 48,010,000 төгрөгийн төлбөрийг төлүүлж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт 44,310,000 төгрөгийн, өөртөө 3,700,000 төгрөгийн давуу байдал тус тус бий болгож, “Ю С” ХХК-ийн захирал С.Ад 48,010,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон С.А нь “Г” ХХК-ийн ерөнхий захирал Э.Аар Монгол нутгийн бүртгэл номыг хэвлэлтэд 2.920.000 төгрөг, Ойн медалийн төлбөрт 5.750.000 төгрөгийн төлбөрийг тус тус төлүүлсэн байх ба Э.А тухайн төлбөрийг С.Агаас буцааж авсан гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 03 дугаар сард зарласан “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний 2.680.661.522 төгрөгийн өртөг бүхий тендерт “Ю С” ХХК-ийг хохирогч, хохирогчийн төлөөлөгчөөр С.Аг тогтоож оролцуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хохирогчоор тогтоосон хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага нь 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл Ц.Т болох нь хуулийн этгээдийн лавлагаа, компанийн дүрэм зэргээр тогтоогдсон байтал компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигчийг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж дүгнэн хохирогчоор оролцуулсан, яллагдагч Ц.Ггийн хувийн байдал, ажил үүргийн мэдээлэлтэй холбоотой болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын албан тушаалын тодорхойлолт зэргийг хэрэгт тусгаагүй, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2002005490312 прокурорын тогтоолд яллагдагч Ц.Гг “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Г” гэж яллагдагчийн мэдээллийг буруу бичиж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолд яллагдагчийн овог, нэр, мэдээллийг тухайлан өөрчлөлт оруулаагүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг хангаж чадаагүй.

Мөн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЗЗБ дугаартай яллах дүгнэлтэд “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг, Ар хөндлөнгийн аманд байрлах Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын алба хаагчдын зуслангийн газарт 3 ширхэг гүний өрмийн худаг ухсан “У” ХХК-ийн төлбөр болох 35.640.000 төгрөгийг төлүүлж, тухайн газарт газар эзэмшиж буй Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилчид болон өөртөө давуу байдал бий болгосон...” гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, тухайн 3 ширхэг худгийг ямар албан байгууллагуудын ажилчид ашиглаж байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй.

Худаг ухуулсан гэх газарт үзлэг хийгээгүй бөгөөд худаг хаана байгаа, бодит байдал дээр ажиллагаа хэвийн худаг бий болсон эсэхийг тодорхойлоогүй бөгөөд Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд “...Худаг гаргах зөвшөөрөл олгож, мэдээллийн санд бүртгэж, худгийг паспортжуулж баталгаажуулна...” гэж хуульчилсан ба зөвшөөрөл гарсны дараа худгийн паспортын хураамж 2500 төгрөг болон тэмдэгтийн хураамж 150.000 төгрөгийг ямар байгууллага төлж, бүртгэлд оруулан, паспортыг авч эзэмшиж, өмчилж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж иргэний хариуцагч С.Мд хавтаст хэргийн материал танилцуулаагүй зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх чухал ач холбогдолтой байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Ц.Г холбогдох эрүүгийн 2002005490312 дугаартай хэргийг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Гд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураан авсан 1 ширхэг лед дэлгэцийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хариуцуулан захиран зарцуулах эрхэл хязгаарлалт тогтоосон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар саарал өнгийн гадаргуутай кэйстэй Apple брендийн DMPF51J2PV13 сериал дугаартай 1 ширхэг IPAD-ийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж бичсэн эсэргүүцэлдээ: “...1. “...С.А нь “Г” ХХК-ийн ерөнхий захирал Э.Аар Монгол нутгийн бүртгэл номыг хэвлэлтэд 2.920.000 төгрөг, Ойн медалийн төлбөрт 5.750.000 төгрөгийн төлбөрийг тус тус төлүүлсэн байх ба Э.А тухайн төлбөрийг С.Агаас буцааж авсан гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна...” гэжээ. Хэрэгт авагдсан гэрч Э.А мэдүүлэгт “С.Агаас дээрх мөнгийг эргүүлэн авсан” гэж мэдүүлсэн байхад шүүх мэдүүлгийг ямар баримтаар үгүйсгэж, “мэдүүлсэн боловч баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Хэрвээ шүүхээс төлбөрийг буцаан төлсөн талаарх баримт байхгүй бол буцааж төлбөрийг төлсөн гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа бол гэрч Э.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нарыг шүүх хуралдаанд оролцуулж тэднээс тодруулах, энэ талаарх холбогдох баримт байгаа бол гаргуулах зэрэг нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна. Гэрч Э.А нь “С.А надаас авсан мөнгийг эргүүлэн төлсөн” гэж мэдүүлээд байхад баримт нь байхгүй учир “С.Аг буцааж төлбөр төлсөн” гэж үзэхгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

2. “Ю С” ХХК-ийг хохирогч, хохирогчийн төлөөлөгчөөр С.Аг тогтоож оролцуулсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх удирдлага нь Ц.Т байна. Гэвч хавтаст хэргийн 6 дугаар хавтасны 152 дугаар хуудаст “Ю С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Тийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 220108 дугаартай “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хуулийн этгээдийг буюу “Ю С” ХХК-ийг төлөөлөн С.А нь бүхий л түвшинд төлөөлөн оролцох эрх бүхий хүн болохыг тодорхойлж байна...” гэсэн албан бичиг мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсний дагуу мөрдөгч нь уг хэргийн хохирогчоор “Ю С” ХХК-ийг тогтоосон тогтоол /6хх 153/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр С.Аг тогтоох тухай тогтоол / 6хх 154/, С.Ад хууль сануулсан баталгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нь /6хх 155-160/-т тус тус авагдсан байх ба Компанийн тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөгчийн шийдвэр үйл ажиллагаа нь үндэслэлтэй байна.

3. Яллагдагч Ц.Ггийн хувийн байдал болон албан тушаалын тодорхойлолт зэргийг хэрэгт тусгаагүй гэжээ. Хавтаст хэргийн материалд яллагдагч Ц.Ггийн хувийн байдлуудыг тогтоосон баримтууд авагдсан байгаа. Харин албан тушаалын тодорхойлолт авагдаагүй. Түүний албан тушаалын тодорхойлолт хэрэгт авагдаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахааргүй байна. Ц.Гг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ түүнийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны эрх нөлөөгөө ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж дүгнэсэн. Тодруулбал албаны эрх нөлөө гэж нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамааралгүй боловч албан тушаалын эрх хэмжээ, зэрэглэлийн давуу байдлаа ашиглан хамаарал бүхий бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг ойлгох бөгөөд Ц.Г нь албан тушаалын эрх хэмжээ, зэрэглэлийн давуу байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байхад албан тушаалын тодорхойлолт гаргуулан авах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

4. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2002005490312 дугаартай прокурорын тогтоолд яллагдагч Гг “Ц.Г” гэж зөрүүтэй бичиж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолд яллагдагчийн овог, нэр, мэдээллийг, тухайлан өөрчлөлт оруулаагүй гэжээ. Гэвч хавтаст хэргийн 10 дугаар хавтасны 8 дугаар хуудсанд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2002005490312 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын тогтоох нь хэсэгт “...Ц.Г нь ...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай...” гэж тусгасан байна. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын тогтоох нь хэсэгт “...Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Б.Ганбулганы 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2002005490312 дугаартай тогтоолын тогтоох нь хэсэгт Ц.Г нь ...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэж өөрчлөлт оруулсугай...” гэж яллагдагчийн овог, нэрийг зөв бичсэн байхад шүүхээс яллагдагчийн овог, нэр, мэдээллийг тухайлан өөрчлөлт оруулаагүй гэж байгаа нь огт үндэслэлгүй байна.

5. Иргэний хариуцагч С.Мд хэргийн материал танилцуулаагүй байна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэний хариуцагч...”-д хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, мөрдөгчид хавтаст хэргийн материалыг иргэний хариуцагчид заавал танилцуулсан байх ёстой гэсэн үүргийг хүлээлгээгүй байна. Иргэний хариуцагч нь прокурорын хяналтад, шүүхийн шатанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай бүрэн танилцах боломжтой байх ба хэргийн материалыг иргэний хариуцагчид танилцуулах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.

6. Яллах дүгнэлтэд тусгагдсан 3 ширхэг гүний худгийг ямар албан байгууллагын ажилчид ашиглаж байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Худаг ухуулсан газар дээр үзлэг хийгээгүй, бодит байдал дээр худаг бий болсон эсэхийг тодорхойлоогүй. Худгийг бүртгэлд оруулан паспортыг эзэмшиж өмчилж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй гэжээ. Яллах дүгнэлтэд “...Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 03 дугаар сард зарласан “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний 2.680.661.522 өртөг бүхий тендерт шалгарч, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2020/128 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан “Ю С” ХХК-ийн захирал С.Агаар 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг, Ар хөндлөнгийн аманд байрлах Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын алба хаагчдын зуслангийн газарт 3 ширхэг гүний өрмийн худаг ухсан “У” ХХК-ийн төлбөр болох 35.640.000 төгрөгийг төлүүлж, тухайн газарт газар эзэмшиж буй Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилчид болон өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн.

Тодруулбал прокуророос яллагдагчийг гүний өрмийн худаг ухсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад худгийн нүх ухаад, худаг барьж байгуулаад, ашиглалтад оруулж өгсөн мэтээр шүүх дүгнэж, худгийн гэрчилгээ гарсан эсэх, бодит байдал дээр худаг бий болсон эсэхийг тодруул гэж хэргийн хүрээнээс хальж мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар даалгаж байна. Өөрөөр хэлбэл, прокуророос “У” ХХК нь гүний худаг гаргах гэсэн Ц.Ггийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор зөвхөн 3 ширхэг нүх ухаж, нүх ухсан төлбөрт 35.640.000 төгрөгийг авсан. Нүх ухсанаас өөр ажил хийж гүйцэтгээгүй бөгөөд түүнийг ашиглалтад оруулсан, худгаа барьж байгуулсны төлбөрт 35.640.000 төгрөгийг аваагүй байхад эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Ц.Ггийн өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Нотолбол зохих зүйлийг хөтөлбөргүй нотолж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асууж, захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих ажиллагааг тус бүр тодорхой заасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд прокурор Н.Нямдоржийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаартай эсэргүүцлийг хангахаас татгалзаж, хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/2219 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/2219 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Нямдоржийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Ц.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ