Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2025/00320

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Ч.А*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Н*******, С.Б******* нарт холбогдох “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, *******,******* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Ч.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь анх 2016 оны 11 сард Н. Н*******, С.Б******* нартай харилцан тохирч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, ******* хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 15,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг тэдний санал болгосон ёсоор буюу С.Б******* үндсэн зээлдэгч, Н.Н******* хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан Хас банк дахь 16,333,333 төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн гэрээнийх нь дагуу cap бүр зээлийг хуваарийн дагуу төлөлт хийж 15,000,000 төгрөгийн зээлийг надаар төлүүлж дуусахад банкны барьцаанаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг чөлөөлж миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмшлийг хуульд зааснаар надад шилжүүлж өгсөн.

Тохирсон ёсоор тэд надад тухайн үл хөдлөхийн түлхүүрийг тухайн өдрөө өгч би Хас банканд тэдний зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу анх 1,216,000 төгрөгийг Хас банканд тэдний нэрээр, Н.Н*******д 2,550,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 11 сарын 24-ний өдөр, түүнээс хойш сар болгоны 21-23-нд төлж ирсэн. Тухайлбал, Хас банканд 2016 оны 12 сарын 21-нд 1,083,000 төгрөг, 2017 оны 01 сарын 23-нд 1,115,000 төгрөг, 2017 оны 02 сарын 21-нд 1,060,000 төгрөг, 2017 оны 03 сарын 21-нд 1,035,070 төгрөг, 2017 оны 04 сарын 21-нд 1,047,500 төгрөг, 2017 оны 05 сарын 22-нд 1,032,000 төгрөг, 2017 оны 06 сарын 21-нд 1,007,200 төгрөг, 2017 оны 07 сарын 21-нд 993,000 төгрөг, 2017 оны 08 сарын 21-нд 1,014,793 төгрөг, 2017 оны 09 сарын 20-нд 967,100 төгрөг, 2017 оны 10 сарын 21-нд 993,000 төгрөг, 2017 оны 11 сарын 21-нд төлбөрийг төлснөөр нийт 15,000,000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн. Тэгээд би үүргээ биелүүлсэн тул тэднээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ банкны барьцаанаас чөлөөлж шилжүүлж өгөхийг шаардахад худал, үнэн ярьж хойшлуулаад сүүлдээ утсаа авахгүй зэргээр 3 жилийн хугацаа өнгөрсөн тул арга ядаад би цагдаагийн байгууллагад залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэсэн байдлаар 2020 оны 11 сарын 09-ний өдөр гомдол гаргасан.

Миний гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа явуулахад С.Б*******, Н.Н******* нар над руу удаа дараа утсаар ярих, уулзахдаа ...бид цагдаагаар шалгагдаад хэцүү байна, байн байн дуудагдаад байна, нэг нутагт байгаа хүмүүс байна, биднийг ойлгож тус болооч, би ордерыг хурдан гаргаж чамд шилжүүлж өгнө.... гэх мэтээр гуйж байсан.

Хэрэг прокурорт шилжиж 2021 оны хавар ирэхэд тэд ...гомдолгүй гэж хэлээд өгөөч ээ, тэгэхгүй бол хэрэгт орох гээд байна. гээд гуйгаад байсан тул би прокурорт гомдолгүй гэж 2021 оны хавар хэлж хэргийг хаалгасан. Түүнээс хойш би cap бүр шаардаж байсан ба шаардах болгонд жаахан хүлээгээч гэдэг. Заримдаа утсаа авахгүй. Ингээд 2021 оны 3 сард уулзахдаа энэ оныхоо 4 сард багтаагаад ордерийг шилжүүлж өгнө гэж хугацааг хойшлуулсан боловч мөн л худал ярьсаар одоо 4 жил болж байна. Үүнээс хойш уулзах, ярих болгонд ямар нэгэн шалтаг хэлж жаахан хүлээгээч гэдэг. Хамгийн сүүлд 2025 оны 07 сарын 30-ны өдөр Н.Н******* руу залгаж ордероо шилжүүлж өгөөч ээ, гэхэд "... би хотод байна. 7 хоногийн дараа очоод Хас банк руу цуг очиж уулзаж ордерийг чинь гаргаж өгье" гэсэн. Би одоо бүр цөхрөнгөө барж, энэ хүмүүст итгэх итгэл үгүй болж байна.

Хэлэлцэн тохирсон ёсоор би тэдний үл хөдлөх хөрөнгийг худалдан авсны төлбөр 15,000,000 төгрөгийг бүрэн төлсний дагуу миний бие үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа шударга эзэмшигч юм. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн үнийг тохирсон ёсоор, хугацаанд нь 100 хувь төлсөн боловч Н.Н*******, С.Б******* нар өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх орон сууцны ордерыг 2021 оны 4 сард шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй бүтэн 4 жил гаран хугацаа өнгөрөөд байгаа юм.

Иргэний хуулийн 110 дугаар 110.1-д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно", 243 дугаар зүйлийн 243.1-д "...худалдагч нь эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ", гэж тус тус зааснаар иргэн Ч.А******* миний бие худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

С.Б*******, Н.Н******* нарын үйлдэл нь иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т "Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй" гэж заасныг шууд зөрчиж байна.

Гэрээний агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд тодорхой заасан хэлцлийг С.Б*******, Н.Н******* нартай байгуулсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан бөгөөд бидний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн.

Иймд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д "Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй" гэж заасны дагуу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Чулуунбаатарын Адьяасүрэн намайг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, To Ван 1, 121 а хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.А*******, хариуцагч Н.Н******* нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Н.Н*******, С.Б******* нарын хариуцагчтай, гуравдагч этгээд Хас банк эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хүсэлтэд эвлэрлийн гэрээг хавсаргав.” гэжээ

 

Эвлэрлийн гэрээний агуулгад: Хариуцагч нар нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч. Хас банкны зээлийн барьцаанд хариуцагч Н.Н******* нь Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг тавьсан тул зээлийн төлбөр 20,000,000 төгрөгийг Хас банкны ******* тоот дансанд  2025 оны 10 сарын 23-ны өдрийн дотор шилжүүлнэ. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, ******* хаягт байрлах үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг  нотариат дээр гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэгч дээр очиж Ч.А*******д шууд шилжүүлж 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгөхөөр,

Хас банканд  20,000,000 төгрөгийн зээл  төлөгдсөн өдөрт нь тус банкны барьцаанд байгаа 120м2 талбайтай 2 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-******* дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Н.А*******д гардуулж өгөхөөр,

Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн  газрын Бор-Өндөр сум дахь улсын бүртгэгчид тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн албан бичгийг үйлдэж хүргүүлэхээр тус тус тохиролцжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А*******гийн нь хариуцагч Н.Н*******, С.Б******* нарт холбогдуулан “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, *******,******* хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Н.Н*******, С.Б******* нар нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, *******,******* хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ч.А*******гийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Н.Н*******, С.Б******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Хас банкны зээлийн  барьцаанд хариуцагч Н.Н******* нь Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг тавьсан тул тус зээлийн төлбөр 20,000,000 төгрөгийг Хас банкны ******* тоот дансанд  2025 оны 10 сарын 23-ны өдрийн дотор шилжүүлж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, *******,******* хаягт байрлах үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг  нотариат дээр гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэгч дээр очиж Ч.А*******д  шилжүүлж 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгөхөөр тохиролцсон байна.

Зохигчид энэхүү тохиролцоогоо эвлэрэл гэж нэрлэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эвлэрэлд тавигдах шаардлагад хамаарахгүй гэж үзлээ. Учир нь хуульд зааснаар зохигчийн эвлэрэл гэдэгт талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөвшөөрөх эсхүл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч зөвшөөрч тэрхүү хэсгээсээ татгалзсан тохиролцоог ойлгодог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан бие биедээ буулт хийх замаар маргаанаа шийдвэрлэж буй тохиролцоог зохигч эвлэрэх гэж томьёолсон. Тэгвэл талуудын дээрх тохиролцоо нь зохигчийн эвлэрэл бус хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх төрөлд хамаарах юм.

 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн  шаардлага болох “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, *******,******* хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагынхаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлжээ. Иймд төрийн сангийн данснаас дээрх тэмдэгтийн хураамжийн тавин хувь 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Хариуцагч Н.Н******* нь нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь 35,100 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Ч.А*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Н*******, С.Б******* нарт холбогдох “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, *******,******* хаягт байрлах үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Н*******, С.Б******* нар нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь 35,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А*******д олгож, хариуцагч Н.Н******* нь 35,100 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилүүлсэн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Н*******, С.Б******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР