| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 2417000890100 |
| Дугаар | 2025/ДШМ/03 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/03
У.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
прокурор Б.Ануужин,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У,
түүний өмгөөлөгч Ц.Туяа /цахимаар/,
шүүгдэгч У.Б өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч У.Б холбогдох 2417000890100 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, - оны - дүгээр сарын -ны өдөр Дундговь аймгийн Ө суманд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн - сумын - дугаар баг, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх И д овогт У Б.
Шүүгчдэгч У.Б нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг - тоот хашааны гадна талд иргэн А.Ш - ДГС улсын дугаартай Волво загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам дээр хэвтэж байсан М.Х дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч У.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч И д овогт У Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У 7 826 100 /долоон сая найман зуун хорин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У нь сэтгэцэд учирсан хохирлоо шүүгдэгч У.Б, иргэний хариуцагч А.Ш нараас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “2024.06.07-ны өдрийн ослын бичлэг” гэж хаягласан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шар өнгийн бүс 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, ханцуйтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дээл 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн хос гутал 1 ширхэг, цагаан саарал өнгийн хос оймс 1 ширхэг, тээврийн хэрэгслийн шаврын хаалт хэсгийн тасархай 1 ширхэг, газрын хөрснөөс авсан дээж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар: У.Б тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэжээ. Гэтэл шүүгдэгч У.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 03 дугаар сарын 20-нд хасуулсан байсан гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлдэг бөгөөд иргэний хариуцагч “Волво” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Ш ч тухайн осол гарсны дараа л У.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсныг мэдсэн гэдэг. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж хууль тогтоогч тайлбарласан. Ийнхүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн бол мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэж хэргийн зүйлчлэлийг давхар зүйлчлэн хуулийг зөв хэрэглээгүй.
Хохирол, хор уршгийн талаар: ...Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан бөгөөд мөрдөгчөөс Улаанбаатар явж сэтгэцийн дүгнэлт гаргуулна гэж байсан боловч, прокурор шаардлагагүй гэсэн гээд шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй болно. Г.У төрсөн эх М.Х нь 1967 онд төрсөн, 57 настай байсан. Харин хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтийг тооцох аргачлалаар хүн амын дундаж наслалт эмэгтэй хүн Говьсүмбэр 75,6 байгаа тул хуульд зааснаар хохирогчид ашигтай байдлаа сонгож 99,000,000 төгрөг нэхэмжилснийг үгүйсгэх боломжгүй юм. Шүүгдэгч У.Б нь оршуулгын зардалд 7,826,100 төгрөгийг нөхөн төлсөн боловч сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг хэрхэн төлөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, тэр ч байтугай уучлал ч гуйгаагүй, шүүх хурал дээр “уучлаарай” гэдэг үг хэлсэн нь хэрэгтээ гэмшиж байна гэж үзэхэд дэндүү оройтсон “гэмшил” мэт санагдсан.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй талаар: 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 003/2024 дугаартай мөрдөгчийн магадлагаанд жолооч У.Б нь ЗХДүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... гэжээ. У.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн хоёрт зааснаар механикжсан тээврийн хэрэгслийн ангиллын аль ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан болох талаар дүгнэлт өгөөгүй. Эсвэл тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болохыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн шинжээчийн 1000259-р дүгнэлтээр уг тээврийн хэрэгсэл нь гэрэлтүүлэх хэрэгсэл, дугуй, тоормос зэрэг үзүүлэлтээр техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байсан нь нотлогдож байхад жолооч ЗХД-ийн 3.4.а/-д заасан ...эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаагүй. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих нь богино зуурт осол гаргаж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд тааж баршгүй хохирол, хор уршиг учруулдагт энэ гэмт хэргийн нийгмийн аюул оршдог учраас УИХ-ын 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл хэсэгт ялын бодлогыг хүндрүүлж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл шүүхээс У.Б холбогдох гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ ...учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шинжээч томилуулахаар хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулах бүрэн үндэслэл байсан атал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 16.2 дахь хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг харгалзан үзэж, түүний эрх ашгийг хамгаалж хуульд заасан зохицуулалтын дагуу шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн талаар нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой байна. Энэ хүн машин барих эрхгүй байж, хаа байсан тэндээс энд ирж миний эхийг дайрсан. Энд ирээгүй бол миний эх амьд байх боломж байсан. Шүүгдэгч өөрөө, машины эзэн А.Ш араас хоолны мөнгө явуулсан бол би энд ирэхгүй, замаараа хоол идээд явах байсан гэж ярьсан. Тэгэхээр энэ хүмүүст шийтгэлийг үнэн зөвөөр олгоод, сэтгэл санааны хохирлыг олгож, эцэслэн шийдвэрлээсэй, дахин энд ирмээргүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 06 сарын 07-ны өдөр үнэхээр харамсалтай хэрэг болсон. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаад, прокурор хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан. Анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, сэтгэцэд учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх, сэтгэцтэй холбоотой асуудлыг шийдэхдээ хохиролгүй байна гэж үзээгүй, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Яагаад вэ гэхээр сэтгэцэд учирсан хохирлыг эмнэлгийн байгууллага тогтоох ёстой. Эмнэлгийн байгууллага энэ хүний ийм байдлаас болж сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэдгийг тогтоогоод, шинжээч энэ хүний сэтгэцэд ийм хохирол учирсан байна гэсэн зэрэглэлээ тогтоогоод Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд гэр бүлийн гишүүн үү, хүн амын насжилттай харьцуулж үзээд аль ашигтай байдлаар нь анхан шатны шүүх шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл нотлох баримт байхгүй, сэтгэцэд учирсан гэм хор тогтоогдоогүй байгаа учраас одоо шүүхээр шийдвэрлэх боломжгүй байна гээд иргэний журмаар нээлттэй нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд талийгаачийн төрсөн охин гэдэгтэй маргаагүй. Гэхдээ хуульд зааснаар гэр бүлийн гишүүн байсан уу гэдгийг тогтоосон баримт байгаагүй учраас шийдвэрлэх боломжгүй байсан. Шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хохирлыг хамт шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэдгийг бүрэн тогтоогоогүй гэж байна. Бүрэн тогтоогоод тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэдгээ шүүгдэгч анхан шатны шүүх болон мөрдөн шалгах ажиллагаанд тогтвортой мэдүүлдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-г, 27.10 дугаар зүйлийн 3-тай давхар зүйлчлэх ёстой гэсэн агуулгаар гаргасан гомдлыг ойлгосонгүй. Өмгөөлөгч энэ талаар сая тайлбарлаж ярьсангүй. 27.10 дугаар зүйлийн 1, 2-т заасан гэмт хэргийг үйлдэхдээ тухайн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн жолоодож хүний амь нас хохирсон нь 2.3-т зааснаар хариуцлага оногдуулахдаа 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэх шаардлагагүй, шүүхийн практик байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хасуулсан юмуу, яаж хасуулсныг тогтоох шаардлагатай ажиллагаа биш гэж үзэж байгаа учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдолдоо хоёр зүйлийг дурддаг. Нэгдүгээрт мөрдөгчийн магадлагаатай холбоотой асуудал, хоёдугаарт эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэсэн гомдлыг гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон. Шүүгдэгч У.Б үйлдсэн гэмт хэргийн улмаас М.Х гэдэг хүний амь нас хохирсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэгдүгээрт гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гаргуулаагүй гэдэг асуудал нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах гэсэн журам” батлагдсан. Энэ журмын 2.5-д заахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ журмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У сэтгэцийн яг ямар хор уршиг учирсан бэ гэдэгт шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна. Тийм учраас мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын шатанд сэтгэцэд учирсан хор уршгийг шүүхийн шатанд аль ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд дүгнэлт гаргуулаагүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс яг бичгээр прокурорт болон мөрдөгчид энэ хүсэлтээ гаргасан бичгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Хоёрдугаарт мөрдөгчийн магадлагааг ярьдаг. Жолоодох эрхгүй, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт дүрмүүдийг зөрчсөн байх боломжтой байна гэж ярьж байна. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөрдөгчийн магадлагааг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Майнбаяр гаргасан. Энэхүү магадлагаагаар шүүгдэгч У.Б болон амь хохирогч М.Х нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар холбогдох заалтуудыг зөрчсөн бэ гэдгийг тус тусад нь дүгнэлт гаргаж өгсөн. Хамгийн гол зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл нь юу вэ гэхээр жолооч У.Б хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөний эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалт, мөн тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 болон 3.7а-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна гэдгийг магадлагаагаар гаргасан. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс гаргасан дүгнэлт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан асуудал нь шүүгдэгч У.Б жолоодох эрхээ хасуулсан буюу тухайн цаг хугацаанд энэ машин ямар нэгэн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй байхдаа замын хөдөлгөөнийг эхлэхдээ зам орчныг биеэрээ шалгаж хөдөлгөөнд оролцоогүй байна гэсэн заалтуудыг зөрчиж амь хохирогч М.Х дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж шийдвэрлэсэн. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт болон Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцэв.
1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.
2. Шүүгдэгч У.Б нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг - тоот хашааны гадна талд - ДГС улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам дээр хэвтэж байсан М.Х дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У “...Манай ээж 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гарсан. Гэтэл 06 дугаар сарын 07-ны өдөр амь нас хохирсон байдалтай байсан. Манай ээж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. ...Би сэтгэцэд учирсан хор хохирлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-33/,
иргэний хариуцагч А.Ш “...У.Б нь миний машинаар 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж авч явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан гэдгийг хэрэг гарсан үед мэдсэн. ...Тухайн үед хөлсийг нь өгөөд, У.Б хөлсний жолооч хийгээд наашаа явсан. Тэгээд маргааш өглөө нь ийм зүйл боллоо гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 40-41, 2хх-ийн 35-54/,
гэрч У.Э “...Манай ах У.Б гаднаас 8:30 минутын орчимд орж ирээд нүүр гараа угаагаад, хоол цай идээд манай нөхөр Д.О хамт гарсан. ...Ах Улаанбаатар хот руу явлаа гээд гарсан. ...нөхөр удалгүй хүүхдээ аваад хүрч ирсэн. Манай охин хашааны урд талд нэг юм байна, мал юм болов уу гэж орж ирсэн. Тэгээд би гэрээс гараад нөхрөөс юу байгаа талаар асуухад эмэгтэй хүн байна гэсэн. Тухайн үед нь би Аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлгийн байгууллага ирж үзээд нас барсан байна гээд цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 47-49/,
гэрч Д.О “...Би 12 цаг өнгөрч байх үед сургуулийн хүүхдээ аваад иртэл том машин явсан байсан. Машин зогсож байсан газар нэг хүн байсан. Тэгээд би эхнэртээ нэг хүн хэвтэж байна гэж хэлтэл эхнэр эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан. Удалгүй цагдаа ирсэн. ...намайг өглөө гэрээс гарах үед ямар нэгэн зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 53-54/,
гэрч Д.Т “...М.Х 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. ...хараа нэртэй 0,5 литрийн архи авчирсан. ...архи ууж байгаагаа санаж байгаа юм. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. ...06 дугаар сарын 07-ны өглөө манай хүү Б.М, М.Х хүргэж өгөх гээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60/,
гэрч Н.Э “...06 дугаар сарын 07-ны өглөө 8 цагийн үед би гэртээ сэрэхэд М, Ц.Б, М.Х, Д.Т нар байсан. Тэгээд бид 5 хараа нэртэй 0,5 литрийн 2 шил архи авч уусан. ..Манай эхнэр Д.Т, М.Х 2 нийлээд архи уудаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62-63/,
гэрч Ц.Б “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өглөө ...хараа нэртэй 0,75 литрийн савалгаатай архийг Д.Т хүү гээд нэг үл таних залуу задлаад Д.Т нөхөр, Д.Т, Д бид 5 тэр архийг ууж дуусгаад би гараад явсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66/,
гэрч Б.М “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагийн үед ээж Д.Т гэрт очиход манай ээж болон бид нар Б гэж дууддаг эгч, ээжийн хамтран амьдрагч Н.Э гурав байсан. ...хараа нэртэй 0,33 литрийн савалгаатай нэг архи байсан. Би Б эгчийг гэр лүүгээ харь битгий энүүгээр эргэлдээд бай гэж хэлээд ...машиндаа суулгаад дэнжийн Андуудын засмал зам дөнгөж дуусаад явж байтал Б эгч болно болно, манай гэр ойрхон гээд машинаас буусан” гэсэн мэдүүлэг /1х-ийн 56-57/,
шинжээч Л.Жаргалтогтохын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...талийгаачийн дээгүүр машины дугуй гарахдаа цээжний дээд хэсгээр гарсан. Талийгаачийн гар хугараагүй байсан, жижиг биетэй хүн байсан учраас хөлөө татаад гараа дээш өргөсөн байсан байдал байсан. Хавирганууд машин дайрснаас болж хугарсан, машин цээж, хэвлий, аарцаг, хөлөөр дайраад гарсан байгаа. Элэг нь бас задарсан. Хүнд даацын машин хөл дээгүүр нь гарахад эд эрхтнүүддээ шахагдаад хавирга хугарах боломж байхгүй. ...эгэм, аарцаг ясны хугарал бол цэвэр машин дайрсантай холбоотой” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 35-54/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-17/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон СД /1хх-ийн 22-25/, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 74-97/, мөн хэлтсийн криминалистикийн ахлах шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдийн 009/012 дугаар, 009/013, 009/014 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 102-120, 125-129/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3569 дугаартай дүгнэлт /1хх-ийн 135-137/, мөн хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3570 дугаартай дүгнэлт /1хх-ийн 144-146/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1000259 дугаартай дүгнэлт /1хх-ийн 159-165/, Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 003/2024 дугаартай магадлагаа /1хх-ийн 168-169/ зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч У.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяа “...У.Б ямар ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эрхгүй байсан талаар дүгнэж, жолоодох эрхгүй хүн гэж хэргийг давхар зүйлчлэн хуулийг зөв хэрэглээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй болох нь нотлогдож байхад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэх хүсэлтэй байхад хуульд заасан зохицуулалтын дагуу шийдвэрлээгүйд гомдолтой байна ” гэх агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянан үзэхэд:
3.1. Шүүгдэгч У.Б нь Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хасуулсан байсан нь жолоочийн лавлагаа, мэдээллээр /1хх-ийн 196/ тогтоогдож байх ба гэмт хэрэг үйлдэгдэх үед “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй” байсан болохыг мөрдөгчийн магадлагаагаар дүгнэсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрх хасах шийтгэлийн зохицуулалт нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүрээнд бус бүхий л ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хязгаарласан ойлголт юм.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...2.2. тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон” хэмээн уг хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчин осол гаргаж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол түүний үйлдлийг тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь хууль хэрэглээний тогтсон жишиг юм.
Иймд, анхан шатны шүүх, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.2. Хэрэгт авагдсан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1000259 дугаартай дүгнэлтэд - ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаагүй” талаар тэмдэглэсэн байх боловч мөрдөгчийн магадлагаанд энэ талаар тусгаагүй байна.
Прокурорын зүгээс “техникийн бүрэн бүтэн байдалтай холбоотой жолоочийн хариуцлага нь осол гарах шалтгаан нөхцөл болоогүй” үндэслэлээр мөрдөгчийн магадлагааг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдалд хамаарна. Хохирогчийн талаас, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг гаргуулахаар мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэл гаргаж байсан боловч шаардлагаа нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг аль ч үед гаргаагүй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.10-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан. Гэхдээ уг тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдол хамаарахгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Шүүх шинжилгээний байгууллага зайлшгүй тогтоож, дүгнэлт гаргах шаардлагатай тул анхан шатны шүүх, “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У сэтгэц хэрхэн хохирсон талаарх шинжээчийн дүгнэлт гаргаагүй” үндэслэлээр хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан нь үндэслэлтэй, зөв болжээ.
Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ