| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2305029010005 |
| Дугаар | 2025/ДШМ/52 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 10.1.2.7., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/52
***ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Соронзонболд,
нарийн бичгийн дарга Т.*** нарыг оролцуулан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/906 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн ***ад холбогдох эрүүгийн 2305029010005 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
***, 1993 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 1, *** дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, *** гудамж, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,
Шүүгдэгч *** нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед *** дүүргийн *** дүгээр хорооны *** тоот нийтийн байрны *** тоотод байхдаа тухайн байранд хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү 1 нас 6 сартай, ***ыг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “уйлсан” гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь “тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, Баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, дух баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл” бүхий тархины битүү гэмтэл учруулсны улмаас, түүний амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
*** дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *** овогт ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ***ад оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Өмгөөлөгчдийн холбоонд хүсэлт гаргасны дагуу үнэ төлбөргүй хууль туслалцаа үзүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах байр суурьтай оролцож байна. ...Миний үйлчлүүлэгчийн хувьд сэтгэцийн эрүүл мэнд, цочмог оюун санааны хямралт байдлын улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх тул гомдол гаргах боломжгүй нөхцөл байдалд байна. ***ын сэтгэцийн өвчтэй болохыг нотолсон баримтууд ***ын ***д хэвтэн эмчлүүлсэн тухай баримт /2хх 97-107/, ***ын тархины бичлэгийн хуудас /2хх 110/, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар тогтоосон магадлах комиссын магадлагаа /2хх 112/, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/540 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан, үндэслэл нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 708 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтад “*** нь f07.8 тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй” мөн 3 дахь заалт “*** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш f07.8 тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байсан байна” гэх дүгнэлтээс үзэхэд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх /1хх 152-155/. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1183 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Үндэслэл нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 613 дугаар дүгнэлтийн 3 дахь заалтад “*** нь F07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг оноштой хүнд тархины органик өөрчлөлттэй байдаг тул дэмийрлийн хам шинж илэрсэн тохиолдолд f06.2 органик дэмийрлийн /шизофрени төст/ эмгэг оношийг тавих боломжтой байдаг бөгөөд онолын хувьд f06.2 эмгэг нь дэмийрлийн хамт шинжээр дахилт өгсөн байх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хэрэг хариуцах чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх боломжтой. Мөн энэ 613 дугаар дүгнэлтийн 4 дэх заалтад *** нь одоо f07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
f07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгийн үед дисфори буюу бухимдах шинж, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиорол илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой, f06.2 органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэгийн үед дэмийрэл буюу хий үзэгдэл илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой”
мөн энэ 613 дугаар дүгнэлтийн 5 дахь заалтад “*** нь одоо f07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. ***ын уг сэтгэцийн эмгэг нь дисфори буюу бухимдах шинж, ухамсарт ухаан онцгой байдал, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиоролоор дахилт өгсөн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байж болзошгүй” гэжээ. Энэхүү дүгнэлт нь яллагдагч хэрэг хариуцах чадвартай байж болох аль эсхүл чадваргүй ч байж болох 2 талтай эргэлзээтэй дүгнэлт гэж хэргийг буцаасан юм. /2хх 206-217/.
2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг 30 хоногийн хугацаагаар хойшлуулж, дахин гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1022 дугаар дүгнэлтэд:
Сэтгэцийн онош нь: f07.8 тархины өвчний түүх, одоогийн сэтгэцийн байдлыг тодорхойлох үзлэг, эмчлүүлэгчийн зовиур шаналгаа, эрүүл мэндийн карт, тархины цахилгаан бичлэгийг үзэхэд одоо F07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг,
Дүгнэлт нь “*** нь одоогийн өвчний түүх, одоогийн сэтгэцийн байдлыг тодорхойлох үзлэг, эмчлүүлэгчийн зовиур шаналгаа, эрүүл мэндийн карт, тархины цахилгаан бичлэгийг үзэхэд одоо F07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Одоогоор дисфори /сэтгэл хүчтэй бухимдах/ ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиоролгүй байна. *** нь одоогоор хэрэг хариуцах чадвартай байна. *** нь одоогоор өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. /3хх 70-75/
Дээрх 3 дүгнэлтээр ***ыг F07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй өвчтэй болох нь нотлогддог. Мөн *** нь хэрэг гарснаас хойш анхан шатны шүүх хурал болох хүртэл ***-д хэвтэн эмчлүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх яагаад харгалзаж үзсэнгүй вэ, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх зарчимд хэр нийцэж байна вэ гэдэгт дүгнэлт хийж өгнө үү. ...***ыг гардан эмчлэгч *** эмч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө: ...*** нь хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэснийг шийтгэх тогтоолын 3 дугаар талд зөрүүтэй бичиж тэмдэглэсэн байх тул *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/906 тоот шийтгэх тогтоолтой шүүх хуралдааны аудио бичлэгийг шинжлэн судлуулах зайлшгүй шаардлагатай байна. *** нь хэрэг гарснаас хойш буюу 2023 оны 08 дугаар сарын 01-нээс хойш 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл бүтэн жил гаруй хугацаанд ***-д албадан эмчлүүлж байсан. Энэ хугацаанд 3 удаа сэтгэцийн шинжилгээнд хамруулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд /Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэх/-ийн 4 дэх хэсэгт: …Сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргахад яллагдагчийн тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгаж, ажиглалт хийх шаардлагатай тохиолдолд шүүх шинжээчийн саналыг үндэслэн яллагдагчийн эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгах тухай шийдвэр гаргана, мөн зүйлийн 5 дахь хэсэгт: …Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдлаар шүүх шийдвэрлэсэн. ...гэрч буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох *** “би өөрөө унагаасан” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт эмчлэгч эмч *** “*** нь сэтгэцийн хурц өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэж мэдүүлдэг. Гэрч ***ийн мэдүүлэг буюу дамжмал эх сурвалжаар энэ хэрэг шийдвэрлэгдсэн. Гэрч *** “манай нөхөр хүүхдээ уурлаад шидчихлээ гэж надад хэлсэн”, мөн “хана руу савчихсан юм” гэж ***гаас дамжмал сонссон эх сурвалжаа 2 өөрөөр мэдүүлдэг. 1 дүгээр хавтаст хэргийн 137-143 дугаар талд шинжээч эмч ***гээс тодруулах мэдүүлэг авахад “унах үед үүсэх боломжтой байна” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг дахин нягталснаар шударга ёсны зарчим хэрэгжиж, өөрөөр хэлбэл шүүдэгчийн эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй эсэхийг зайлшгүй хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй эсэхийг хянаж, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй бичигдсэн, ***ын эмнэлэгт хэвтсэн хугацааг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой дурдаагүй гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэмт хэрэг гарсан цаг хугацааны дараа цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагаас ***, түүний хамтран амьдрагч *** нарыг ар гэрээс нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын газар хүргэгдсэн нөхцөл байдал тогтоогддог. Хүүхдийн биед гэмтэл учирч тухайн байрыг түрээсэлж амьдарч байсан *** Яаралтай тусламжийн 103 болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ар гэрийнхэн нь эдгээр хүмүүсийг өвчин нь хөдөлсөн байна гэдэг байдлаар ***д хүргэсэн. Энэ хугацаанд эдгээр хүмүүсийг эмчилсэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. ***ыг ар гэрт нь хүлээлгэж өгөх талаар мөрдөгч 2 удаа ар гэрийнхэнтэй нь холбогдоход энэ хүмүүсийг хүлээж авах боломжгүй гэсэн зүйлийг ярьдаг. Тэгээд ар гэрт хүлээлгэж өгөөгүй. Мөн өвчин нь сэдэрсэн учраас эмнэлгийн байгууллагын хяналтад байх шаардлагатай гэсэн асуудлууд яригдсан учраас ***д хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ***ын эмчлүүлсэн байгаа. Энэ талаар эмчлэгч эмч *** анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Тиймээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх асуудлыг эмнэлгийн байгууллагын хяналтад байсан учраас шийдвэрлэх боломжгүй байсан. Хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхээс сэтгэцийн байдалтай холбоотой дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Үүнд прокуророос эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхээр дахин шинжээч оролцуулж дүгнэлт гаргуулаад хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, одоо сэтгэцийн байдал нь хэрэг хариуцаж чадвартай эсэх асуудал дээр дүгнэлт хийлгэх үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн. Дахин 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахад хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэдийгээр ***ын хамтран амьдрагч ***гийн хувьд сэтгэцийн өвчтэй гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт хавтас хэрэгт авагдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зөвхөн ***ийн дамжмал мэдүүлгээр ***гийн ярьсан яриагаар энэ хэргийг шийдвэрлэсэн гэдэг зүйлийг ярьдаг. Тухайн *** *** гэх хүнд болсон үйл баримтын талаар ярьсан. Үүнийг дараа нь шинжээч эмчээс тодруулж асуугаад хүүхдийн өөрөөсөө өндөрт өргөж байгаад унагаахад энэ гэмтлийг авах боломжтой юу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Ийм гэмтлийг авах боломжгүй гэдэг талаар шинжээч эмч хариулсан. Шүүгдэгчийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд энэ цаг хугацаанд би гэр орондоо байгаагүй, би ажил дээрээ байсан гэдэг зүйлийг ярьдаг. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, нийтийн байранд байсан хүмүүсийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар *** тухайн хэрэг гарах цаг хугацаанд байсан нь нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхаас гадна нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *** нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед *** дүүргийн 11 дүгээр хорооны *** тоот нийтийн байрны 08 тоотод байхдаа тухайн байранд хамт амьдардаг өөрийн төрсөн хүү 1 нас 6 сартай ***ыг “уйлсан” гэх шалтгаанаар зодож, биед нь “тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, дух баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл” бүхий тархины битүү гэмтэл учруулж, хүнийг алах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн болох нь:
гэрч В.***ийн “...Би *** дүүргийн ***-р хороо *** тоотод нийтийн байр түрээслүүлдэг ба тухайн нийтийн байрныхаа дотоод ажлыг хийдэг. Манай нийтийн байрны 8 тоотод 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 настай хүүхэдтэй Б.*** гэж эмэгтэй ирээд “очих газаргүй та намайг байрандаа амьдруулчих” гэсэн бөгөөд би сарын 350,000 төгрөгөөр түрээслэхээр болж гэрээ хийн Б.*** гэж эмэгтэйг 1 настай хүүгийнх нь хамтаар амьдруулах болсон. Тэгтэл 1, 2 хоногийн дараа *** гэж эрэгтэй нөхөр нь гээд ирж хамт амьдрах болсон. Байрны түрээсийн мөнгөө бол бүрэн өгсөн тооцоо байхгүй байгаа. Би тухайн хүмүүсийн өрөөнд 1 удаа ороход өрөөнд маш их хог овоолсон, бэлэн гоймон болон ундааны хоосон сав ашиглана гээд хаяхгүй байсан. Намайг тэр үед ороход 1 нас гарантай хүү нь юм түшээд зогсоод байсан ба биед нь ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байсан. Мөн тэр хүүхэд хоол хүнс муутай байх шиг байсан учир Nani тэжээл, овьёос авч өгч байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б.*** 17 цагийн үед хүүхдээ тэврээд шатан дээр явж байсан ба хүүхэд нь нэг сонин таталт өгсөн юм шиг байсан ба нүүр нь дух нүд хэсгээр хөхөрсөн байхаар нь хүүхдийг тэврээд автал хүүхэд нь хөдлөөд уйлж байсан ба Б.*** маш их турчихсан салганаад байсан. Би Б.***гаас хүүхэд чинь яасан юм бэ, яагаад ийм болсон юм гэж асуух үед Б.*** “хүү маань уйлах үед манай нөхөр *** уурлаад байдаг юм, сая хүүг маань уйлаад байна гээд манай нөхөр уурлаад хүүг маань аваад шидчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би нийтийн түрээслэгч эмэгтэйн 96660816 гэсэн утаснаас нь 103 болон цагдаа дуудсан. Тэгээд хүүг тэврээд байж байх үед *** өрөөнөөс гарч ирээд “одоо ингээд түргэн ирээд бөөн юм болно би угаасаа наад хүүхдийн чинь эцэг биш би эндээс явлаа асуудал үүснэ” гээд тортой юм бариад гараад яваад өгсөн. *** явснаас хойш түргэн болон цагдаа ирсэн. Хүүг түргэн аваад явсан. Хүүд түргэний эмч сахартай ус уулзах үед хүү бөөлжөөд байсан. ...2023 оны 06 дугаар сарын дунд үеэр Б.*** өдөр эрүүл хүрч ирээд намайг нөхөр зодсон гээд нүд нь нэг тал нь хөхөрсөн орж ирэхээр нь цагдаа дуудсан чинь Б.*** намайг хүн зодоогүй юм мөргөөгүй гэсэн ба цагдаа ирээд нөхөр нь эрүүл байна гээд явсан. Тэр үед би өөрийн 98119157 дугаарын утаснаас 102-т дуудлага өгсөн. Өөрөөр бол архи ууж агсам согтуу хэрүүл маргаан хийж байсан зүйл байхгүй. ...” /1хх 100-102/,
гэрч В.***ийн дахин өгсөн “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15-16 цагийн орчимд байх би дээвэр дээр засвар хийж байгаад шатаар дээш өгсөж байхад ***тай 2 давхрын шатанд тааралдсан. Тэр үед *** хүүхдээ урдаа тэвэрчихсэн явж байсан бөгөөд хүүхэд нь таталт өгчихсөн, дух хэсэг нь хөхөрч шалбарсан, царай нь цонхийсон байдалтай, уйлах гээд чадахгүй янцаглаад сонин байдалтай болчихсон явж байсан. Би хүүхдийг нь ***гаас аваад тэвэрч үзээд нурууг нь илээд юу болов гэж асуухад *** хэлэхдээ манай нөхөр уурлаад хүүхдийг хана руу савчихлаа гэж хэлсэн. Би ***гаас чи юу яриад байгаа юм бэ, ийм жоохон хүүхдийг яагаад хана руу савдаг юм бэ гэж асуухад манай нөхөр уурлахаараа угаасаа зодчихдог юм гэж хэлсэн. Хүүхдийн биеийн байдал нэг л биш байсан болохоор би өөр хүний утас аваад түргэн, цагдаад дуудлага өгсөн. Түргэн хүлээх зуураа тэдний гэрт яваад ортол *** гэртээ нэг л сонин байдалтай гар хөлөө савлаад татганаад байсан бөгөөд их уур уцаартай болчихсон байсан. Цагдаа, түргэн тусламж ирээд үзлэг хийгээд хүүхдийг аваад явсан. Би ***гаас чи хүүхдэдээ хоол өгсөн үү гэхэд би хоёр хоног юм өгөөгүй гээд байсан. ...***гийн хүүхэд хааяа уйлж л байдаг, уйлахдаа чангаар биш, намуухан, гиншиж уйлаад байдаг, зарим хүүхдүүд шиг тас хийсэн чанга дуу гаргаж уйлдаггүй байсан. ***, *** нараас дуугүй бай гэж хүүхдээ загнаж зодож буй чимээ дуулдаж байгаагүй. Би бодохдоо хүүхдийг нь өлсөөд уйлж байна даа гэж боддог юм. ...” /1хх 105-107/,
гэрч ***ий “...*** маш хүнд байна. Биеийн байдал бол сэхээн амьдруулах арга авч амьсгалын аппарат залгасан хүү ухаангүй байна. Анх хүлээн авах дээр ухаангүй, зүрх зогссон байдалтай ирсэн. Одоо тархины үйл ажиллагаа бүрэн алдагдсан байдалтай байгаа. Одоо цаашид цус нөхөх бүх төрлийн эрчимт эмчилгээ хийнэ. Баруун зовхи, шанаа, эрүү, духны баруун дээд хэсэг хөхөрсөн зулгарсан, уруулын дээд хөвч тасарч, баруун үүдэн шүд хөдөлсөн, бэлэг эрхтэн хөхөрч хавдсан гэмтлүүдтэй. Мөн эхо-р харахад хүүхдийн ходоодон дотор хоол хүнсний агууламж байхгүй байна. ...” /1хх 98/,
гэрч ***ийн “...Б.*** нь 2018 оноос хойш шизофрений кататоник хэлбэр, 2020 оноос шизофрений хий үзэгдэл дэмийрлийн хам шинж өвчний улмаас манай эмнэлгийн хяналтад орж байнга эмчилгээ хийлгэж байгаа учир танина. *** нь 2020 оноос тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн эмгэгээр манай эмнэлгийн хяналтад орж байнга эмчилгээ хийлгэж байгаа хүн учир танина. Би эдгээр хүмүүсийг ажил мэргэжлийн хувьд танина, төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Би энэ хоёр хүнийг одоогоор хариуцан эмчилгээ хийж байгаа эмч нь байгаа юм. Б.*** нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай эмнэлэгт турж эцсэн, хоолноос татгалзсан, сэтгэл гутралд орсон, сэтгэцийн өвчин нь хөдөлсөн байдалтай ирсэн. Эмчилгээний явцад засралын байдалд байгаа, сэтгэл зүй нь тогтвортой болж эхэлсэн. *** нь ойр ойрхон уналт таталт өгөөд, өвчин сэдэрсэн байдалтай ирсэн. Одоо эмчилгээний явцад тогтвортой болсон. Б.***, *** нар гэрээсээ зугтааж байр хөлсөлж тусдаа амьдарч байсан чинь аваад ирлээ гэсэн утгатай юм ярьж байсан. Ямар хэрэг холбогдсон талаараа хэлээгүй. Би болсон хэргийн талаар ***гийн аав Баяраагаас сонсож мэдээлэлтэй болсон. ...” /1хх 91-92/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2103 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн “...Талийгаач ***ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа. дух, баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, савах үед үүсгэгдэнэ. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Талийгаач нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 35 минутад нас барсан гэжээ. ...” гэсэн дүгнэлт /1хх 125-128/,
шинжээч Б.***гийн “...Амь хохирогч *** нь 1 нас гарантай, биеийн жин багатай буюу 7,2 кг жинтэй хүүхэд байсан учир түүний биед учирсан гэмтлүүдийг харахад өөрийн биеийн жингээр унах үед үүсэх боломж багатай, хэрэв өөрөө унасан гэж үзвэл ширээ, ор гэх мэт өндөрлөг зүйлс дээрээс өөрөө унах үед үүсэх боломжтой. Амь хохирогч ***ын тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ***ын биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл учир уг гэмтлийг авсан даруйд л биед өөрчлөлт өгч доошоо бааж, шээж болон ухаан алдах гэх мэт шинж тэмдэг гарах учиртай. Талийгаач уг гэмтлийн аваад удаагүй ухаан алдсан байх боломжтой. ...” /1хх 137/,
дахин өгсөн “...тухайн үед цогцосны гадна үзлэгээр илэрсэн гэмтлүүдээр дүгнэлт болон задлан шинжилгээний онош болон дүгнэлтэд тусгасан байгаа. Амь хохирогч ***өвд хэвтэн эмчлэгдсэн учир дүгнэлт гарах үед зарим уруулын хөвчний тасрал, баруун дээд үүдэн шүдний сулрал, бэлэг эрхтэн орчим хөхөрч хавдсан гэмтлүүд нь эдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хүүхдийн биеийн онцлогоос хамаарч эдгэрэлт хурдан явагддаг. Цохих цохигдох, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэдэн удаагийн үйлчлэлийг тогтоох боломжгүй. Талийгаач ***ын задлан шинжилгээний онош болон дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл ба дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гавал тархины битүү гэмтэл авсан хүн ухамсарт үйл хөдөлгөөн буюу алхах гишгэх, уйлах, ярих чадваргүй болно. Дээрх тархины битүү гэмтлийг авсан даруйдаа өтгөн шингэн гарах, бөөлжих, татах шинж тэмдгүүд илэрнэ. Уг гэмтлүүдийг авсан амь хохирогч нь 77 см өндөртэй ба энэ өндрөөс савж унасан тохиолдолд ч энэ гэмтлийг өөрөө авах боломжгүй. ...” /1хх 139-140/,
дахин өгсөн “...***ын шинжилгээгээр тогтоогдсон тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархины цус хуралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлүүд нь шууд үхэлд хүргэж байгаа тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Харин дух, баруун хөмсөг, эрүүн дэх цус хуралт гэмтэл нь тус бүр мохоо зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /эрүүл мэндийг сарниулахгүй тул/. ...” /1хх 143/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаартай дүгнэлт /1хх 152-155/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 613 дугаартай дүгнэлт /2хх 206-217/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1022 дугаартай дүгнэлт /3хх 70-75/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 32-36/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 37-38/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-43/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, шүүгдэгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч ***ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” алсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Тодруулбал, шүүгдэгч *** 2020 оноос тархины гэмтлийн шалтгаант эмгэг, органик дэмийрлийн шизофрени төст эмгэг /2хх-97/, гэрч Б.*** 2018 оноос шизофренийн кататоник хэлбэр, шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хам шинж /2хх-69/ өвчний улмаас тус тус ***д хэвтэн эмчлүүлж байсан байх ба уг эмнэлгийн хяналтад байх хугацаандаа хоорондоо танилцаж, дундаасаа хүүхэдтэй болсон.
Улмаар *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоот нийтийн байрны 8 тоотыг түрээслэн амьдарч байхдаа шүүгдэгч *** нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 нас, 6 сартай хүү ***ыг “уйлсан” гэх шалтгаанаар хананд савж зодсоны улмаас ***ын биед “тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал. баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, дух, баруун хөмсөг, эрүүнд цус хуралт” бүхий тархины битүү гэмтэл учирч амь нас нь хохирсон,
хэрэг учрал болсон цаг хугацаанд шүүгдэгч, гэрч нарын хэн хэн нь өөрсдийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхээс ***ад Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Соронзонболд “...3 шинжээчийн дүгнэлтээр ***ыг F07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан төрхийн бусад органик эмгэг өвчинтэй болох нь нотлогддог. Мөн *** нь хэрэг гарснаас хойш анхан шатны шүүх хурал болох хүртэл ***д хэвтэн эмчлүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй, ...***ыг гардан эмчлэгч *** эмч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “...*** нь хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэснийг шийтгэх тогтоолын 3 дугаар талд зөрүүтэй бичиж тэмдэглэсэн, ...*** нь хэрэг гарснаас хойш буюу 2023 оны 08 дугаар сарын 01-нээс хойш 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл бүтэн жил гаруй хугацаанд ***д албадан эмчлүүлж байсан, энэ хугацаанд 3 удаа сэтгэцийн шинжилгээнд хамруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байдлаар шүүх шийдвэрлэсэн, ...шүүгдэгчийн эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй эсэхийг зайлшгүй хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй эсэхийг хянаж, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус заасан.
Хавтаст хэрэгт ***ыг хэрэг хариуцах чадвартай байсан эсэх талаар нийт гурван удаа шинжээчийн дүгнэлт гарсан байх ба шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаартай: “...*** нь F07.8 Тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байна. ***ын сэтгэцийн өвчин нь олдмол шалтгаантай байна. *** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш F07.8 Тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байсан байна. ***ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. *** нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. *** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 152-155/ гэсэн,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 613 дугаартай: “...***ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. Шинжлүүлэгчийн зовуурь, эмнэлзүйн илрэл, одоогийн сэтгэцийн байдал, тархины цахилгаан бичлэг, өвчний түүх зэрэгт үндэслэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна. ...*** нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг оноштой хүнд тархины органик өөрчлөлттэй байдаг тул дэмийрлийн хам шинж илэрсэн тохиолдолд F06.2 органик дэмийрлийн /шизофрени төст/ эмгэг хэмээх оношийг тавих боломжтой байдаг бөгөөд онолын хувьд F06.2 эмгэг нь дэмийрлийн хам шинжээр дахилт өгсөн байх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хэрэг хариуцах чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх боломжтой. Харин F06.2 органик дэмийрлийн /шизофрени төст/ эмгэгийн засрал сайжралын үед гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байх боломжтой. *** нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгийн үед дисфори /бухимдах шинж/, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, ухамсарт ухааны онцгой байдал, эпилепсийн солиорол илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой. F06.2 Органик дэмийрлийн /шизофрени төст/ эмгэгийн үед органик дэмийрэл /хий үзэгдэл, дэмийрэл/ илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой. *** нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. ***ын уг сэтгэцийн эмгэг нь дисфори /бухимдах шинж/, ухамсарт ухааны онцгой байдал, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиорлоор дахилт өгсөн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байж болзошгүй. ***ын уг сэтгэцийн эмгэг нь хэзээ, хаана, ямар нөхцөл байдалд ямар байдлаар сэдэрч дахилт өгч, өөртөө болон бусдад аюул учруулахыг урьдчилан тогтоох боломжгүй байна.” /2хх 206-217/ гэсэн,
шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1022 дугаартай: “...***ын одоогийн өвчний түүх /*******/, одоогийн сэтгэцийн байдлыг тодорхойлох үзлэг, эмчлүүлэгчийн зовуурь шаналгаа, эрүүл мэндийн карт, тархины цахилгаан бичлэгийг үзэхэд одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Одоогоор дисфори /сэтгэл хүчтэй бухимдах/, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиоролгүй байна. *** нь одоогоор хэрэг хариуцах чадвартай байна. *** нь одоогоор өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. ...” /3хх 70-75/ гэсэн дүгнэлтүүдэд тус тус гарсан байна.
Тодруулбал, шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаартай шинжээчийн “...*** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш F07.8 Тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байсан байна. ***ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. *** нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. *** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн дүгнэлтийг шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 613 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байхаас гадна Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1022 дугаартай дүгнэлтээр “...*** нь одоогоор хэрэг хариуцах чадвартай, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна...” гэжээ.
Мөн гардан эмчлэгч шинжээч эмч *** 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч багадаа авсан бэртлийн улмаас унаж татдаг өвчтэй болсон. Унаж татдаг хүн унаж татсаны дараа 5, 6 минут юм уу 10, 20 минут ухаан санаа нь самуурч ухамсарт ухааныхаа солиорлоос болоод болсон үйл явдлыг санадаггүй. Тухайн хэрэг болох үед шүүгдэгч унаж татаагүй ухамсарт ухаан нь самуураагүй байсан. Шүүгдэгч тухайн үеийн процессыг бүгдийг тодорхой санаж байсан учраас би болон бусад эмч нар хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлтийг гаргасан. ... Хэрвээ шүүгдэгч ухамсарт ухаан нь балартсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хэрэг хариуцах чадваргүй гарна. Ухамсарт ухаан нь балартаагүй хэвийн үед хийсэн бол хэрэг хариуцах чадвартай гарна. Тухайн цаг үед ***ын солиорол нь сэдрэх ухамсарт ухаан нь балартсан зэрэг нь түүний зан ааш, тухайн үйл явдлыг санаж ярьж байгаа зэргээс ухаан нь балартаагүй байсныг илтгэж байсан. Одоо засрал сайжралын байдалд байна...” гэж,
хэрэг гарах үед байсан хөндлөнгийн гэрч В.*** “....*** нь “одоо ингээд түргэн ирэх юм бол бөөн юм болно, би угаасаа наад хүүхдийн чинь эцэг биш, би эндээс явлаа асуудал үүснэ” гээд тортой юмаа бариад гараад явсан...” гэж тус тус мэдүүлснээс дүгнэхэд шүүгдэгч *** нь хэрэг гарсан цаг хугацаанд уналт таталт өгөөгүй, ухаан балартаж солиороогүй, хэрэг хариуцах чадвартай байсан гэх шинжээч эмч нарын удаа дараагийн дүгнэлтүүд үндэслэл бүхий болжээ.
Иймд, шинжээчид дээр дурдсан дүгнэлтийг өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлсон байх тул түүнийг бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн, шинжээчийн 708 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч ***ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт гарсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан буюу сэтгэцийн шинжилгээ хийлгэхээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг аваагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтооно” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно.” гэж тус тус хуульчилсанд нийцжээ.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл ***ын үйлдлийн улмаас бага насны хохирогч нас бараагүй гэж үзэх нөхцөл байдал болон түүнийг хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй байсан гэж дүгнэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.
Харин, шүүгдэгч *** нь сэтгэцийн эрүүл мэндийн улмаас ял эдлэх боломжгүй нөхцөл байдал шинээр үүсэх тохиолдолд холбогдох хууль, журамд заасны дагуу эрх бүхий байгууллагад хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч ***ын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 54 /тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/906 дугаар дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ***ын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 54 /тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА