Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/51

 

                                                                                  ***д холбогдох

                                                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг /цахимаар/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Ц.Энхболд,

шүүгдэгч *** /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***н өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор ***д холбогдох 2403000000802 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

***, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг гэх, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:***/;

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04:25 цагийн үед *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, ***ын ордны тойргийн замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас төмөр шон мөргөж осол гаргаж зорчигч 34 настай, эмэгтэй, *** /РД:***/-ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: ***н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *** овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 40,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 50,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч ***гаас 144,539,487 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ***гаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч ***н өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. ...Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие *** нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоос төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлсэн зэргийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Харин 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан зарчмуудад бүрэн нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа ***н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ял хариуцлагыг хөнгөрүүлэх бусад нөхцөлийн талаар үндэслэл бүхий бодит хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс ял нь хүндэдсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. 1. Шүүгдэгч *** нь хэргийг шалгах, хянах, шийдвэрлэх бүх үе шатанд хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөвөөр мэдүүлж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийн хайхрамжгүйгээс хүний амь нас хохироосон, хохирол хор уршиг учруулсандаа чин санаанаасаа гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж, оршуулах ёслолын зан үйлд 1.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлж, анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 40.000.000 төгрөгийн хохирол төлж, гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоосон 144.539.487 төгрөгийн хохирлыг маргахгүйгээр төлөхөө илэрхийлж, сонсгосон ялын доод хэмжээгээр 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж, хорих ялаа түргэн эдлээд ажил хийж хохирогчид хохирлыг төлж барагдуулах хүсэлттэйгээ тус тус илэрхийлж оролцсон. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Гэмт хэрэг гарахаас өмнө *** нь хохирогч ***тэй 2 сарын өмнө танилцаж, англи хэл заалгаж байхдаа дотно харилцаатай болж дундаасаа хүүхэдтэй болох талаар ярилцаж гэрт нь хамт амьдарч байсан байдаг. Хэрэг гарахын урд өдөр *** нь эхийн бие муу байгаа, очих хэрэгтэй байна, хамт явъя гэхэд *** түүнийг машинаараа гэрийнх нь гадаа хүргэж өгчхөөд замын эсрэг талд байдаг найз ***гийнд очиж, 1 шил архи хувааж уугаад халамцуу гарч ирээд дэлгүүрээс дахин 1 шил архи авч, ***г “манай найзынх энд байдаг, хоёулаа хамт оръё” гэхэд нь “танихгүй айл руу орохгүй, архи уухгүй” гэж татгалздаг. Тэгээд найзындаа архи уугаад байж байхад нь *** “явъя” гэж *** рүү хэд хэдэн удаа утсаар залгадаг. Энэ үед *** “нөгөө шинэ найз чинь үү, оруулаад ирээч тандаж үзье” гэхээр нь *** гарч ирээд дэлгүүрээс 1 шил архи авч найзындаа хамт оръё гэхэд *** “танихгүй айлд орохгүй” гэж татгалздаг. *** авсан архиа бариад ганцаараа ороход нь “нөгөө найз чинь яасан” гэхэд “танихгүй айлд орохгүй” гээд орж ирсэнгүй гэхэд нь ***, *** нар хамт гараад ***г хүн уриад байхад гэрт орооч гэж ятган дагуулж оруулаад ***д архи хийж өгөхөд нь *** ууж чаддаггүй, уухгүй гэхэд нь айлд орж ирчхээд амссангүй гэхээр нь өөр тийшээ явахгүй, эндээс гарахгүй гэсэн болзолтойгоор өгсөн архийг нь уудаг. ***ийн авч ирсэн архийг хувааж уугаад айл дахин 2 шил архи гаргадаг. Тэр архинаас нь 1 шил архийг нь задлаад ууж байгаад юу болсныг мэдэхгүй тасарсан байдаг. Тэгээд тухайн айл тэр хоёрт хүүхдийн өрөөнд ор засаж өгсөн боловч *** “би хүүхдийн өрөөнд унтахгүй, гэртээ харьж хононо” гээд хувцсаа өмсөөд түрүүлээд гараад явдаг. *** араас нь гарч машиндаа ороод дуудлагын жолооч дуудсан боловч утсаа авдаггүй. Тэгээд *** машиныг жолоодож хөдлөх гэхэд нь “чи согтуу эмэгтэй хүн хэрэггүй, би эр хүн байна барья” гэж хэлээд машиныг жолоодож явахдаа хяналтаа алдаж замдаа зам тээврийн осол гаргасан бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогддог. *** гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Үүнээс бусдын архи шахаж өгсөн буруутай үйлдэл, хохирогчийн тандаж байна гэж архи уулгасан, согтуу хүнд тээврийн хэрэгслийн рулыг шилжүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар заалтыг зөрчсөн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарч байгаа юм. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлээгүй. Тиймээс давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх нэг нөхцөл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал байдаг. Тэгэхээр шүүгдэгч *** нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, төлөв томоотой, элдэв муу зуршилгүй, ерөнхий боловсролын сургуульд байх үеэсээ спорт урлагаар хүмүүжсэн, төв орон нутаг, гадаад дотоодын жудо, самбо бөхийн олон улсын тэмцээнд оролцож, өсвөрийн болон залуучуудын аваргын тэмцээний 1, 2, 3-р зэргийн өргөмжлөл, диплом, Нийслэлийн тэргүүний сурагч Батламж, Цэргийн алдар, Спортын мастер цол тэмдгүүдээр шагнагдаж байсан хувийн байдалтай. Шүүгдэгчийн эдгээр хувийн байдлыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзээгүй. 3. Яллах дүгнэлтийн хавсралтаар 15.492.240 төгрөгийн оршуулгын зардал гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч талаас 35.000.000 төгрөгийн оршуулгын зардлыг баримт гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтуудаас нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг хассан. Гэвч хассан дүнгээр биш, ***гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд нэхэмжилсэн 35.141.787 төгрөгийн дүнгээр төлье маргах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн автомашины эвдрэл хохирлыг үнэлгээний шинжээчээс тогтоосон 45.184.000 төгрөгийн дүнгээр, хохирогч нас барснаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хуульд зааснаар буюу 99.000.000 төгрөгийн дүнгээр төлөхөө илэрхийлж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөх, ял шийтгэлээ эдэлж дуусаад ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрийг барагдуулна гэсэн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд хамааруулах үндэслэл байсан гэж үзэж байна. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг хууль зүйн талаас нь авч үзэх ёстой. Нийгмийн аюулын шинж чанар гэдгийг нэгдүгээрт, тухайн төрлийн гэмт хэргийн нийгмийн аюул шинж чанар талаас нь хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн хүний нийгмийн аюулын шинж чанар талаас буюу 2 талаас авч үздэг журамтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, хохирогч нас барсан хор уршигт шууд санаа зорилгогүй, хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс хүний амь хохирсон байдаг тул энэ хэргийн нийгмийн аюулыг хууль тогтоогч үнэлж 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Гэмт хэрэг үйлдсэн хүний нийгмийн аюулын шинж хэр хэмжээг үнэлэхэд тухайн гэмт этгээд гэмт үйлдэлтэйгээ харьцсан сэтгэхүйн хандлага, тухайн хүний хувийн байдал бусад нөхцөл байдалтай холбон авч үздэг. Тэгвэл тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч нь хохирогчтой хувийн дотно харьцаатай, түүний амь насыг хохироох шууд болон шууд бус санаа зорилго байгаагүй, хохирогч болон гэрч нарын хууль бус, зүй бус архи албадаж уулгасан, согтуу хүнд руль шилжүүлсэн, мөн хохирогчийн хувийн байдал зэргээс авч үзэхэд түүнийг заавал 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж цээрлүүлэх үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч талаас Монгол Улсын Замын хөдөлгөөний хууль дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг арилаагүй, арилах боломжгүй гэдгийг ухамсарлан ойлгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хариуцлагыг хөнгөрүүлэх хүсэлтийг гаргаагүй. Тухайн хэргийн хувьд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан боловч энэ нөхцөл байдлыг харгалзан ердийн журмаар шийдвэрлүүлье гэж бодоод хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Шүүгдэгчийн хувьд *** настай, биеийн эрүүл мэнд муу эхийгээ асарч хамгаалдаг. Иймд шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцоогүй орхигдуулсан зэргийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээгээр буюу хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. …” гэв. 

Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын өмгөөлөгч Ц.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь, өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн буруутай үйл ажиллагаа, зохисгүй үйлдлийн улмаас шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан гэдэг агуулгаар гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс ***д “найз нөхөд  уулзаж ууж идэж болно. Энэ нь хүн ёсны асуудал, хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хамгийн гол жолооч хүн байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдэл чинь буруу байна. Яагаад тээврийн хэрэгсэл жолоодож байгаа юм бэ” гэдэг талаас нь хэлж байсан. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд өмгөөлөгчийн хэлсэн тайлбартай холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Улсын яллагчаас яллах дүгнэлтийн хавсралтаар 15.000.000 төгрөг төлөхөөр тогтоосон байсан. Бид анхан шатны шүүхийн шатанд бичгийн нотлох баримтаар үнэлээгүй баримтуудыг бүгдийг нь нөхөж өгөөд шүүхээс үнэлж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс нийт 184.000.000 төгрөгөөс сэтгэл санааны хохиролд 99.000.000 төгрөг, 85.000.000 төгрөг нь бодит учирсан хохирол гэж тогтоосон. Шүүгдэгчийн хувьд шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж дуусаагүй гэдгийг анхаарч үзнэ үү гэсэн санал гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын хэмжээ нийт 184.000.000 төгрөг байсан. Үүнээс тээврийн хэрэгслийн хохирол төлбөр 45.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 99.000.000 төгрөг, оршуулгын зардал 35.000.000 төгрөг гэсэн байгаа. Би ***-д ажиллаж амьдарч байсан учраас ирэх онгоцны тийзийн зардал 4.800.000 төгрөг, тээврийн хэрэгслийн гадна, дотно явах эд ангийн нийт үнэлгээ 3.600.000 төгрөг болсон. Энэ 8 сая гаруй төгрөг нь оршуулгын зардал болох 35.000.000 төгрөгөөс хасагдсан. Тэгэхээр оршуулгын зардал 28 сая орчим төгрөг болж байгаа юм. Тэгээд 35.000.000 төгрөгийн баримт гаргаж өгөхөд прокурор тамга, тэмдэг нь бүдэг, тоо нь бүдэг, огноогүй байна гээд буцаасан баримтуудыг бид дахин гаргаж өгсөн. Бид бодитой, баримттай хохирлыг нэхэмжилсэн. Түүнээс прокурор хасаад 15.000.000 төгрөг болгохоор нь эд нар сайн дураараа 35.000.000 төгрөг болгож төлөх гэж байгаа мэтээр ярьж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дууссаны дараа *** намайг хүргэж өгөх гээд явж байхдаа “уучлаарай” гэж хэлж байсан. Гэхдээ өмгөөлөгч нь ***д “чамайг машин бариад явж байхад руль булаацалдсан” гэж хэл гэсэн байгаа юм. Би анхан шатны шүүх хуралдаан дээр би буруутай нь буруутайгаар, зөв нь зөвөөр явах байх гээд юм хэлээгүй. Гэтэл нийт хохирлын 20 хувийг нь төлчхөөд 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү, хорих ялаа эдэлж дуусаад хохирлоо төлье гээд байх юм. Өмгөөлөгч хүн ийм зүйл ярьж болох юм уу. Би ганц хүүхдээ алдчихаад сууж байна. Энэ өмгөөлөгч надад адилхан хүүгээ алдсан гэж ярьж байсан. Гэтэл яагаад ***д чамтай руль булаацалдсан гэж хэл, тэгвэл чиний ял хөнгөрнө гэж хэлж байгаа юм. Ийм зүйл хэлдэг өмгөөлөгч байдаг юм уу. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш удаан хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Гэтэл хохирол төлбөрөөс төлөөгүй байж 4 жилийн хугацаагаар оногдуулсан ялыг 2 жил болгоно гэж юу яриад байгаа юм бэ. Би 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг бага байна гэж эсэргүүцээгүй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дуусаад гарч ирэхэд ***н ах “хаанаас гарч ирсэн газрын гай вэ” гээд над руу хэлэхэд олон хүний дунд уйлж хашхираад яах вэ гэж бодоод юм хэлээгүй. Миний хэлэх ёстой зүйлийг надад хэлсэн. ...энэ өмгөөлөгч миний охины өвдсөн талаар ямар ч мэдээлэл байхгүй, хавтаст хэргийн материалтай бүрэн танилцаагүй атлаа танай охины өвдсөн бөөр нь уначихсан юм байна лээ гэж надад хэлж байсан. Би үүнд гомдолтой байгаа. Мөн намайг хууль ёсны төлөөлөгч биш гэж хэлсэн. Энэ хүн надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...***н үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг мөн хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс түүнд 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нийгмийн аюулын шинж чанар байхгүй, болгоомжгүй гэмт хэрэг гэж тайлбарлаж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэргийн төрөлд хамаарч байгаа хэдий ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэхээр байна. Энэ утгаараа хууль тогтоогчоос согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн зүйлчилж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчийн төлөх боломжтой нөхцөл байдлаар буюу сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг 99.000.000 төгрөгөөр тооцож, хохиролд 45 сая гаруй төгрөг, нийт 144.539.487 төгрөгийг хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Прокуророос яллах дүгнэлт үйлдэх явцад хохирлын зарим баримтууд болох гарын үсэггүй, тамга, тэмдэггүй падааныг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хасаж тооцсон хэдий ч гэм буруугийн шүүх хуралдаанд тодорхой баримтуудыг гаргаж өгч шүүхээс нийт хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр дээр маргадаггүй. Прокурорын зүгээс ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэргийн хор аюулд тохирсон гэж үзэж байгаа. Харин шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулах саналыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын УДИРТГАЛ хэсэгт “Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянаад” гэж мөн ТОГТООХ нь хэсгийн “6 дахь заалтад шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай” гэж алдаатай бичигдсэн. Прокурорын зүгээс техникийн шинжтэй алдаа, хуулбарлахдаа алдаа гарсан байна гэж үзэж, залруулга анхан шатны шүүхэд хүргүүлсэн хэдий ч анхан шатны шүүхээс залруулгаар өөрчлөлт оруулах боломжгүй гэж тоотоор буцааж залруулгыг ирүүлсэн. Иймд шүүхийн шийтгэх тогтоолын УДИРТГАЛ хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар” гэж, ТОГТООХ нь хэсгийн 6 дахь заалтад “шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг түүнийг цагдан хорих хугацаа дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж зөвтгүүлэх саналтай байна...” гэв.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04:25 цагийн үед *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, ***ын ордны тойргийн замд “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас төмөр шон мөргөж, осол гарган тээврийн хэрэгсэлд зорчигч ***ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “...Би ***-д ажиллаж амьдардаг. Харин миний талийгаач охин *** нь ганцаараа Монгол Улсад амьдардаг. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ***-ын цагаар шөнийн 03 цагийн орчимд миний охины найз *** гэх эмэгтэй фэйсбүүк чатаар залгасан. Надад таны охин *** автын осолд орсон, цагдаад шалгагдаж байгаа гэж хэлээд утасны дугаар өгч улмаар би залгаад хэзээ, хаана ямар осол болоод охин маань нас барсан гэдгийг дуулж мэдсэн. ***ын ордны тэнд л миний охины машиныг *** гэдэг хүн жолоодож яваад, миний охин жолоочийн хажууд зорчигчоор зорчиж яваад осолд орж нас барсан гэж сонссон. Осолд орсон тээврийн хэрэгсэл нь миний охины нэр дээр байсан өөрийнх нь эзэмшлийн машин байсан юм. ...” /1хх 29-31/,

гэрч Н.***гийн “...Улмаар бид нар жаахан ярьж сууцгааж авсан архи уугаад дахин 2 шил архи манай агуулахад байхаар нь авч ууцгаасан. Харин би сүүлийн 2 архины эхний архинаас тал хүртэл нь ууж байснаа санаж байна, түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Ингээд өглөө гэртээ 09 цаг өнгөрч байхад сэрээд нөгөө хоёрыг манай амралтын өрөөнд унтаж амарч болно гэж хэлсний дагуу унтаж байгаа юм болов уу гэж бодсон хүн байхгүй, тэр хоёр явсан байсан. ...Харин би нас барсан гэдгийг мэдсэний дараа байрны хяналтын камерыг шүүж үзэж юу болсон, тэр хоёр хэзээ ямар байдалтай явсныг мэдэхээр үзэхэд шөнийн 03:38 минутад ***, *** хоёр манай гэрээс гараад явах гэж байхад би ярьж байгаад болиулж гэрлүүгээ авч орж байсан. Дахин 04:10 минутад нөхөр бид хоёр, тэр хоёртой тэврэлдээд баяртай гээд явуулж байгаа нь бичигдсэн байсан. ...” /1хх 51-52/,

гэрч П.***ын “...Бид нар гэрт жаахан ярьж сууцгааж авсан архиа уугаад дууссан. Дахин 2 шил манай агуулахад байхаар нь авч ууцгаасан. Харин би сүүлийн 2 архины эхний архийг ууж байгаа хүртэл нь санаж байна. Түүнээс цааш юу болсоныг санахгүй орон гаран байна. Ингээд өглөө хүүхдээ хүргэж өгөх гээд босож ирсэн чинь нөгөө хоёр аль хэдийн яваад өгсөн байсан. Харин ширээн дээр сүүлийн 2 архины 1 шил нь бүтнээрээ байсан. ...” /1хх 54-55/,

шүүх шинжилгээний ерөнхий газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “...Талийгаач ***ийн цогцост цээжний баруун 2,3-р хавирга, зүүн талд 1,2,3,6,7,8-р хавирганы хугарал, хоёр уушгины авчилт, зүүн уушгины гялтангийн цус хуралт, баруун бөөрний тасрал, няцрал, өөхлөгт цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа /2500мл/, элэгний VII сегментийн капсул доорх цус хуралт, умдаг ясны баруун дээд салааны зөрөөтэй хугарал, баруун шагайн үений мултрал, цээж, хэвлий, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мөргөгдөх, цохигдох, шахагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07 цаг 15 минутын шүүх эмнэлгийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болжээ. Талийгаачийн цус нь гуравдугаар бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь дунд зэргийн согтолттой байжээ. ...” гэсэн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3043 дугаартай дүгнэлт /1хх 58-61/,

хураан авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...04 цаг 22 минут 50 секундэд цагаан өнгийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэл нь баруунаас зүүн зүгийг чиглэн маш хурдтайгаар явж ирж 04 цаг 22 минут 52 секундэд зам дээр байх үл хөдлөх зүйлийг мөргөж байгаа нь бичлэгт харагдах ба осол болсны дараа тоос, утаа гэх зүйлүүдийн ослын газрын орчимд харагдаж байв. ...” гэсэн тэмдэглэл /1хх 25-26/,

2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1563 дугаартай мөрдөгчийн “...*** улсын дугаартай *** *** маркийн тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12. Тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Зорчигч ***ын *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна…” гэсэн магадлагаа /1хх 127-129/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4, 5, 6-7, 8-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12-15/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-19/, “***” ХХК-ийн авто оношилгооны тайлан дүгнэлт, гэрэл зураг /1хх 94-101/, “***" ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайлан “...үнэлгээгээр тогтоогдсон дүн: 45,184,000 төгрөг...”, гэрэл зураг /1хх 103-104, 105-108/, *** техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “...Тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн *** маркийн *** улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.6 заалтыг үндэслэн, техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна...” 80 дугаартай албан бичиг /1хх 78/, оршуулгын зардалтай холбоотой баримтууд /1хх 201-250, 2хх 1-25/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч ***г Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг учиртай.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж,  хорих ял оногдуулахдаа харгалзах хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “...Архи уудаггүй хүнд архи шахаж уулгасан, согтуу хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлж Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн Г заалтыг зөрчсөн, хохирогч болон бусад хүмүүсийн хууль бус, зүй бус ажиллагаа хэрэг гарахад нөлөөснийг шүүх хууль зүйн дүгнэлтдээ шударгаар үнэлж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3, 1.4-т зааснаар хөнгөрүүлж шийдвэрлээгүй, ...Яллах дүгнэлтийн хавсралтаар 15,492,240 төгрөгийн оршуулгын үйлчилгээний зардлыг ***гаас гаргуулж хохирогч талд олгох гэснийг шүүгдэгч нь үл харгалзан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт гаргаж өгсөн баримтын дагуу тухайн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг үл харгалзан оршуулгын зардлыг нэхэмжилсэн 35,141,787 төгрөгийн дүнгээр, автомашины эвдрэл хохирлыг үнэлгээний шинжээчээс тогтоосон  45,184,000 төгрөгийн дүнгээр, хохирогч нас барснаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хуульд зааснаар буюу 99,000,000 төгрөгийн дүнгээр төлөхөө илэрхийлж 40,000,000 төгрөгийг урьдчилан төлж хохирогчид буян үйлдэж 21 хоног мацаг барьж 7 хоног 108 зул ганданд өргөж үнэн санаа, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд хамааруулах үндэслэл байсан...,  ....оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж 2 жил хүртэл хугацаагаар бууруулж өөрчлүүлэх...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, өмгөөлөгчийн гомдолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;”, мөн хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” гэсэн заалтуудыг хэрэглэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлээгүй” гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх үедээ бие махбодын болон сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсон, мөн амь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол хор уршигт тооцож 40,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг 3 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шийтгэх тогтоолд хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах хуулийн зүйл заалт удирдлага болгосон, эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эрх хасах ялын хугацааг тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчилсан байхад тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор шийдвэрлэсэн алдаа гаргасан байна.

Иймд магадлалд заасан дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Түүнчлэн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн байгааг анхаарч цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч ***н шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 46 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1278 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,

6 дахь заалтын “...Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай...” гэж,

9 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч ***гаас 144,539,487 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***гаас 144,539,487 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***н өмгөөлөгч Ц.Бат-Өлзийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 46 /дөчин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА