| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2026/0060/З |
| Дугаар | 128/ШШ2026/0744 |
| Огноо | 2026-08-19 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2026/0744
2026 08 19 128/ШШ2026/**44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:****/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тус газрын тендер шалгаруулалтын үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “М” ХХК /РД:****/
Гуравдагч этгээд: “Д” ХХК /РД:****/
Маргааны төрөл: Хан-Уул дүүрэг, ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчийг сонгох ХУДХАА/*** дугаартай тендер сонгон шалгаруулалттай холбоотой тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т /цахимаар/, хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, тендерийн үнэлгээний хорооны өмгөөлөгч О.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч Д.О, гуравдагч этгээд “Д” ХХК-ийн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс 1.“А” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ХУДХАА/*** дугаартай тендер шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар хурлын тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, 2.“А” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 481 дугаартай шийдвэр болон 01 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай хавсралтыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, 3.ХУДХАА/*** дугаартай, ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Худалдах авах ажиллагааны албанд даалгах, 5.Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаартай “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, ХУДХАА/*** дугаартай ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “М” ХХК-тай 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан *** дугаар ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажлын гэрээг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/448 дугаар захирамжаар ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулжээ.
3. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчийг сонгох ХУДХАА/*** дугаартай нээлттэй тендерийг зарласан байна.
4.Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-д маргаан бүхий тендерт шалгараагүй талаар мэдэгджээ.
5.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр гэрээ байгуулах эрхийг “М” ХХК-д олгосон байна.
6.Нэхэмжлэгч “А” ХХК-иас 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 76/25 дугаар албан бичгээр дээрх маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ** дугаар зүйлд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан байна.
7.Дээрх гомдлыг Сангийн яам хүлээн авч хянаад, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Гомдол буцаах тухай 02/10898 дугаар албан бичгээр Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д “...санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн **.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгджээ.
8.2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “М” ХХК нь ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ***дугаар гэрээг байгуулсан байна.
9. Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлдээ: “...тендерийн шийдвэрийн хавсралтад “ТШЗ 19.1-д заасны Холбоо дохиоллын инженер нь 3 буюу түүнээс дээш жилийн туршлагатай гэж заасныг П.Эын нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа нь 34 сар байгаа нь шаардлага хангахгүй, нэг ажил нь ижил төстэй ажлын туршлагын шаардлага хангахгүй, техникүүдийн улсын дугаар харагдахаар фото зураг ирүүлээгүй" гэсэн агуулгаар манай байгууллагын ирүүлсэн тендерээс татгалзсан. Үүний дагуу тендерийн материалтай танилцахад тус тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон "М" ХХК болон "Д" ХХК-ийн түншлэлийг тендерт ирүүлсэн материал нь тендерийн шаардлага хангахгүй, хуурамч баримтууд байсан тул бидний зүгээс шаардлага хангаагүй тендерт оролцогчийг шалгаруулж, улмаар тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг 100% хангасан манай компанийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж бид 2025 оны 12-р сарын 10-ны өдөр 76/25 албан тоотоор Сангийн яаманд гомдол гаргасан болно.
"А" ХХК-ийн тендер шаардлага хангасан тухайд ТШЗ-н 19.1-д Холбоо дохиоллын инженер нь 3 буюу түүнээс дээш туршлагатай байхаар заасан юм. Манай компанийн Холбоо дохиоллын инженер П.Э нь 2005 онд сургуулиа төгссөнөөсөө хойш тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаа сүүлийн 3 жил буюу 2023, 2024, 2025 оноор гаргаж өгсөн. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (emongolia)-ээс сүүлийн 3 жилийн тодорхойлолт татахад сүүлийн он нь тодорхойлолт авсан сарын өмнөх сараар гардаг. Өөрөөр хэлбэл уг тендер нь 2025.11.13 өдөр нээсэн тул П.Эын тодорхойлолт нь 2025.10 сар хүртэлх хугацаанд гардаг бөгөөд 2025 оны 11, 12 сарын тодорхойлолт гарахгүй гэсэн үг. Ер нь бол ТШЗ-д 3 буюу түүнээс дээш жил эсвэл сарын туршлагатай байхыг тодорхой заагаагүй. Жилээр заасан гэж ойлголоо гэхэд яг хуанлийн жилээр гэж ТШЗ-д тодорхой заасан зүйл байхгүй. Манай компанийн өгсөн цахим системийн тодорхойлолтоор 2023, 2024, 2025 оноор гарсан шаардлагыг бүрэн хангаж байгаа. ТШЗ 19.1-д захиалагч дээрх шаардлагуудыг төрийн мэдээллийн нэгдсэн системээс татан авч өөрсдөө шалгаж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11, 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг шалгаад 36 сарыг тогтоох боломж нь захиалагчид байгаа.
ТШЗ-н 19.1-н 2-т ажилд шаардлагатай техник хэрэгслийн тоо хэмжээ, хүчин чадлын шаардлага тавьсан. Уг шаардлагад техник хэрэгслийн улсын дугаарыг тод харуулсан фото зураг ирүүлнэ гэсэн байдаг. Манай компани тээврийн хэрэгслүүдийнхээ зургийг фото зургаар өгсөн. Хүнд механизмууд талбай дээр ажиллахдаа дугаараа зүүхгүй эсхүл шанага ковшдоо хаагдчихдаг тохиолдол их байдаг. Гэхдээ захиалагч нь манай компанийн тендерт мэдүүлсэн улсын дугааруудаар эсвэл Автотээврийн үндэсний төвийн цахим системээр "А" ХХК-д бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг шалгаж үзэх боломжтой. Эсвэл ТБОНӨХБАҮХАТХ-н 25 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслүүдийн талаар манай компаниас тодруулга авах бүрэн боломжтой. Манай компанийн тендерт өгсөн машин техникүүд тендерийн шаардлагыг 100% хангаж байгаа...” гэжээ.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тендерийг анх зохион байгуулсан хугацааг би дурдаад яах вэ гэдгээс эхлээд, би энэ асуудлаар “100 хувь хуурч мэхлэлт хийж болохгүй” гэдэг агуулгаар Үнэлгээний хорооны дарга, Хануул дүүргийн удирдлагуудтай бүтэн, хагас өдөр ярилцлага хийсэн. Тэдэнд энэ бүхнийг сайн ойлгуулж, “энэ үнэхээр 100 хувь худал юм хийчихлээ” гэдгийг хүлээн зөвшөөрдөг мөртөө, "хуулийн дагуу Үнэлгээний хорооны шийдвэр аль хэдийн гарсан тул одоо шүүхэд эрхээ хамгаалуулах л боломжтой, буцаагаад залруулах эрх хэмжээгүй болчихлоо" гэж олон удаа уучлалт гуйсан. Үнэлгээний хорооны дарга [Цогзолмаа] хэмээх хүнтэй биечлэн уулзаж, хагас өдөр ярилцсан. "Танай шийдсэн асуудлын дотор ядаж 10 хувийн үнэн юм байна уу" гэж асуухад, "10 хувийн үнэн юм алга, би шийдсэн байгаа" гэж тайлбарласан. Тодорхой хэмжээгээр дарамтад орсноос болж тухайн үедээ алдаа гаргасан. "Би бас өөрөө ажил ихтэй байж, Үнэлгээний хорооныхонд анхаарал тавьж чадаагүй" гэж тайлбарлаж, дахин уучлалт гуйсан. Мөн дүүргийн удирдлагууд, Засаг дарга нартай ярилцахад, "энэ 100 хувийн хуурч мэхлэлтийг та төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд зогсоох ёстой" гэсэн ч, эргээд "хууль л энийг цаг хугацаанд нь оруулна, бид нэгэнт шийдвэр гарчихсан тул дахин шийдэх боломжгүй" гэсэн хариу өгсөн. Гуравдугаар асуудлын хувьд, тендер зарлахдаа энэ Хануул дүүрэг өмнө нь [Б*******] өмгөөлөгч бас зөв, ухамсартай хэлж байгаа. Энэ асуудал нэлээд удаан үргэлжилж байгаа. Хануул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба, энэ шүүх хурлыг ахицтай урагшлуулж, асуудлыг тус бүрчлэн ялгаж шийдвэрлэхэд байнга идэвхтэй оролцдог С.Б******* өмгөөлөгчид баярлалаа. Хэн нэгнийг буруутгах биш, харин энэ бодит алхмуудыг гурван жил тэмцэж явж байгаагаа тайлбарлах гэсэн юм. Яг энэ ** дүгээр сургуулийн хэрэгтэй холбоотойгоор, Хануул дүүрэг маш зөв тендер зарласан. Ерөнхийдөө хоёр компани өрсөлдсөн эсэхээс үл хамааран, "бараг цаас хэрэггүй, бүх юмыг төрөөс нотолно" гэдэг тодорхой заалт тавьсан. Энэ заалтын дагуу бүх лавлагаа, нотолгоог төр өөрөө хариуцах болсон. Дээд боловсролын мэдээллийн сан, мэргэшсэн инженерүүдийн лавлагааг Хануул дүүрэг өөрөө төрийн мэдээллийн сангаас татаж харна гэдгийг зарласан бөгөөд, энэ нь Монгол Улс цахимжиж байгаа сайн жишээ болно. Хэрэгт холбоотой учраас нэмж хэлэхэд, тендерийн шаардлагад 13 хүн заасан бол уг 10 хүнийг диплом, гэрчилгээ ч шаардахгүй, зөвхөн Дээд боловсролын мэдээллийн сангаас регистрийн дугаараар нь цахимаар татаж, "энэ хүн мэргэжилтэй мөн үү, тухайн сургуулийг төгссөн үү" гэдгийг шалгах зохицуулалт байсан. Мөн нэг хүний бичиг баримтын зураг сольж хийсэн асуудлыг ч мөн төрөөс нотолж, тогтоох ёстой болохоос биш, олон газраас лавлагаа авах шаардлагагүй байсан. Мөн машин техник, тоног төхөөрөмжийн хувьд Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн санг Тендерийн үнэлгээний хороо шууд ашиглах эрхтэй байсан бөгөөд гэрчилгээ шаардах шаардлагагүй байсныг тодорхой зарлаж, тендерийн бичиг баримтад тусгасан. Тендерийн хуулийн зарчмын хувьд, үндсэн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд илүү материал оруулсан нь муу дүн тавих үндэслэл биш байсан атал, ганц нэг илүү материал оруулсан гэдэг үндэслэлээр энэ компанийг унагаасан. Дараа нь шүүгч нар, Хануул дүүрэгт хандаж, төр өөрөө дахин нотолж өгсөн. Барьсан барилга нь үнэн, улсын комиссын акттай, Нийслэлийн холбогдох газрууд бүгд албан бичиг ирүүлсэн байна. Мөн Дээд боловсролын мэдээллийн санд бүртгэлтэй хүмүүсийг л шаардсан бол манай тал 100 хувь бүртгэлтэй хүмүүсээр хийсэн бол бусад тал 80-90 хувь нь бүртгэлгүй хүмүүсийг ашигласан болно” гэв.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."А" ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээсэн ХУДХА*** дугаартай, ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын сонгон шалгаруулалтад оролцсон болно. Тус тендерийн хариуг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4/1481 тоот шийдвэр болон түүний хавсралтаар ирүүлсэн байдаг. Уг хариуг ирүүлэхдээ "А" ХХК-ийг гурван үндэслэлээр шалгаруулаагүй гэж бичсэн байна. Нэгдүгээрт, тендерийн шалгаруулалтын нөхцөл, шаардлагын 19.1 дэх заалтад заасны дагуу холбоо, дохиоллын инженер гурав буюу түүнээс дээш жилийн туршлагатай байх ёстой байхад П.Эын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд 36 биш, 34 сар байгаа нь шаардлага хангахгүй гэж татгалзсан. Хоёрдугаарт, ижил төстэй ажлын туршлагыг нотлох нэг ажил шаардлага хангахгүй гэж мөн үзсэн. Гуравдугаарт, техник хэрэгслийн улсын дугаар харагдахуйц фото зураг ирүүлээгүй гэж татгалзсан. Ийм гурван үндэслэлээр шалгаруулахаас татгалзсан. Улмаар "А" ХХК нь тендерийн материал нээлттэй болсны дараа шалгарсан "М" болон бусад компаниудын тендерийн материалыг шалгаж үзэхэд, ер нь шаардлага хангаагүй, хуурамч гэж үзэж болохоор баримтуудыг ирүүлсэн атал үндэслэлгүйгээр шалгаруулсан нөхцөл байдал тогтоогдсон болно. Иймд бид 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0898 дугаартай албан тоотоор гомдлыг буцаасан хариу өгсөн. Гомдлыг буцаасан агуулга нь нэгдүгээрт, уг тендер санхүүжилтийн эх үүсвэргүй болсон гэж үзсэн.
Хоёрдугаарт, Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу хэмнэлтэд тооцох боломжтой гэж үзсэн байдаг. Сангийн яамны энэ хариу үндэслэлгүй гэж үзэж багаа болно. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.5 дахь хэсэгт заасны дагуу аль нэг шийдлийг гаргаж, гомдол үндэслэлтэй эсэхийг тодорхой шийдэх ёстой байтал үндэслэлгүй хариу өгсөн. Уг тендер нь дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөвтэй тендер юм. Санхүүжилтэд ямар нэгэн хяналт тавих агуулгатай шийдвэр гараагүй, санхүүжилт зогсоогүй тендер болно. Нэхэмжлэлийн үндсэн агуулгын хувьд, "А" ХХК нь шаардлага хангасныг тайлбарлая. Тендерийн нөхцөл, шаардлагын 19.1 дэх заалтад тухайн барилгыг барихад шаардагдах хүний нөөцийн шаардлага тавигдсан. Уг шаардлагад холбоо, дохиоллын инженерээр П.Эыг санал болгосон. П.Э нь 2005 онд сургуулиа төгссөнөөс хойш өдийг хүртэл олон жилийн ажлын туршлагатай. Тендерийн нөхцөл, шаардлагын 19.1 дэх заалтад сүүлийн гурван жил буюу 2023, 2024, 2025 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг ирүүлэхийг шаардсан. Тус тендер 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээгдсэн тул 2023, 2024 оны лавлагаа бүтнээрээ, харин 2025 оны лавлагаа нь тендер нээгдэхийн өмнөх сарын байдлаар "И-Монголиа" системээс гардаг. Иймд 2025 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар гарахгүй. Тендерийн шаардлагад заасан сүүлийн гурван жилийн шаардлагыг угаасаа хангасан бөгөөд сүүлийн хоёр сар нь угаасаа гарах боломжгүй, тендер нээсэн өдрөөс хойш тайлан, мэдээлэл явах учраас ийнхүү хоёр сарын дутагдалтай мэдээлэгддэг. Тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу Үнэлгээний хороо, захиалагч Төрийн мэдээллийн системээс шалгаж, шаардлага хангаж байгаа эсэхийг шийдвэрлэх боломжтой байсан боловч тэгж шалгалгүй татгалзсан байна. Мөн ТШЗ 19.1.3 дахь заалтад ижил төстэй ажлын туршлагыг шаардаж, 2023, 2024 оны аль нэгэнд доод тал нь нэг удаа 5.497 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүн бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байх шаардлага тавигдсан. "А" компани уг шаардлагад гурван ижил төстэй ажлын туршлагаа тендерийн материалдаа өгсөн. Эдгээрийн нэг нь 2024 оны шаардлагыг хангасан 7.75 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 дугаар сургууль буюу Хануул дүүргийн 12 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил болно. Гэтэл захиалагч, Үнэлгээний хороо 2022 онд хамаарах, Г.Аын өмчлөлийн 10 давхар зочид буудал, үйлчилгээний барилга нэртэй нэг ажлын мэдээллийг үндэслэн шаардлага хангахгүй гэж татгалзсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалтад тендерийн шаардсан материалаас илүү материал өгсөн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Иймд тухайн тендерт заасан 2023, 2024 онд хамааралгүй ч ажлын туршлагаа нотолсон нэмэлт баримт өгсний улмаас татгалзсан нь үндэслэлгүй болно. Тухайн онд хамаарах ажлын туршлагыг мөн нотлоод өгсөн болно. ТШЗ 19.1.2 дахь заалтад ажилд шаардлагатай техник хэрэгслийн тоо, хэмжээ, хүчин чадлын шаардлага тавьсан. Энэ дээр "А" компанийн зарим техник хэрэгслийн улсын дугаар харагдахгүй байдлаар фото зураг ирүүлсэн гэж үзсэн. Тухайлбал, экскаваторын шанага дугаарыг хааж, фото зургаар дугаар харагдаагүй нөхцөл байдал байдаг. Гэтэл захиалагч, Үнэлгээний хороо, Тендерийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтын дагуу тодруулга авах боломжтой байсан, мөн Авто тээврийн үндэсний төвийн нээлттэй мэдээллийн санг ашиглан шалгах боломжтой байсан атал үндэслэлгүйгээр татгалзсан нөхцөл байдал үүссэн болно. "М" ХХК болон "Д" ХХК нар нь түншлэлээр оролцсон. Эдгээр компаниудын шаардлага хангаагүй байсныг тайлбарлая. Тус түншлэл нь тендерийн баримт бичигт түншлэлийн гэрээгээ өгөөгүй байна. Түншлэгч байхын тулд түншлэлийн гэрээтэй байх шаардлагатай. Уг гэрээгүй байгаа нь ТШЗ 7.1 дэх заалтад заасан шаардлагыг хангахгүй болно.
Мөн хоёр байгууллага түншилж оролцохдоо нэгийг эрх бүхий этгээд болгож томилсон шийдвэр гаргаж өгөх ёстой байсан боловч ийм шийдвэр гаргаж өгөөгүй нь ТШЗ 7.1(в) дэх заалтыг зөрчиж байна. Эдгээр компаниудын хэрэгжүүлсэн, эрх авсан ажлын хувьд, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэх гэрээ, 10 тэрбум төгрөгийн энэ ажлыг санал болгосон боловч уг үнийн дүнгээр хийсэн гэрээ болон захиалагчийн тодорхойлолт байхгүй болно. Хүний нөөцийн шаардлагын хувьд, ТШЗ 19.1 дэх заалтад нэгдүгээрт, тус сургуулийн барилгын төслийн удирдагч барилгын инженерийн мэргэшсэн зэрэгтэй байх шаардлага тавьсан. Уг шаардлагад гуравдагч этгээд Ц.Ц хэмээх хүнийг санал болгож, иргэний, үйлдвэрлэлийн барилгын мэргэшсэн үнэмлэхийн МИ-173326 дугаартай баримтыг ирүүлсэн.
Гэтэл Барилгын хөгжлийн төвийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/370 тоот албан бичигт уг дугаартай мэргэжлийн зэрэг өөр иргэний нэр дээр бүртгэлтэй байна гэсэн лавлагаа ирсэн. Хоёрдугаар хүний нөөцийн шаардлага буюу барилгын инженерийн шаардлагад Э.М хэмээх хүний нотариатаар баталгаажуулсан баримтыг ирүүлсэн. Уг иргэний, үйлдвэрлэлийн барилгын мэргэшсэн үнэмлэхийн дугаар мөн МИ-173326 гэж, өмнөх Ц.Цийн үнэмлэхтэй яг ижил дугаартай болно. Өөрөөр хэлбэл нэг үнэмлэх дээр зөвхөн нэрийг сольж баримт материал болгож ирүүлсэн болно. Барилгын хөгжлийн төвийн лавлагаанд МИ-173326 дугаар өөр хүний нэр дээр байгаа бөгөөд Ц.Ц, Э.М хоёрын аль алины нэр дээр байхгүй гэдэг лавлагаа ирсэн. Дараагийн шаардлага буюу халаалт, агаар сэлгэлтийн мэргэшсэн инженерийн шаардлагад [И] хэмээх хүнийг санал болгосон. [И]-ийн мэргэшсэн зэргийн хугацаа 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуусаад, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар хугацаагүй болсон байна. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэдэг нь тухайн тендер нээгдэж, шалгаруулалт явагдаж байх үед [И]-д мэргэшсэн инженерийн зэрэг байгаагүй гэсэн үг болно. Өөрөөр хэлбэл, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл мэргэжлийн зэрэггүй байсан нөхцөл байдал болно. Дараагийн шаардлага буюу ус хангамж, ариутгах татуургын мэргэшсэн инженерийн шаардлагад Б.Т хэмээх хүнийг санал болгосон. Уг хүн мэргэшсэн инженерийн бүртгэлийн санд бүртгэлгүй нь Барилгын хөгжлийн төв болон Монголын барилгын инженерүүдийн холбооны албан бичгээр тогтоогддог болно. Дараагийн шаардлага буюу цахилгааны мэргэшсэн инженерийн шаардлагад Б.Б хэмээх хүнийг санал болгосон. Б.Б мөн мэргэшсэн инженерийн бүртгэлийн санд бүртгэлгүй бөгөөд энэ талаар Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын инженерүүдийн холбоо хоёулаа албан бичиг ирүүлсэн болно. Дараагийн шаардлага буюу талбайн даамлын шаардлагад барилгын инженер, эсхүл барилгын техникч байх шаардлагад Б.Эрдэнэбаатар хэмээх хүнийг санал болгосон. Гэтэл Боловсролын ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн бичгийн хавсралтаар, уг хүн Уул уурхайн ашиглалтын инженер буюу барилгын биш, уул уурхайн салбарын инженер болохыг тогтоосон. Дараагийн шаардлага буюу механик инженерийн шаардлагад Ц.Н хэмээх хүнийг санал болгосон. Гэтэл Ц.Н Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлгүй, дээд боловсролтой этгээд эсэх нь тодорхойгүй, мэргэшсэн инженерийн мэдээлэлд ч бүртгэлгүй болно. Ийнхүү нийт 9-10 чиглэлийн ажиллах хүчний туршлагын шаардлагаас долоо, найм нь зөрчилтэй, шаардлага хангахгүй болно. Мөн барилгыг барихад шаардагдах тээврийн хэрэгслийн шаардлагын хувьд, зарим тээврийн хэрэгсэл эдгээр компаниудын нэр дээр бүртгэлгүй болно. Тухайлбал, экскаваторт санал болгосон *** улсын дугаартай экскаватор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авто тээврийн үндэсний төвөөс авсан лавлагаагаар Д.Б хэмээх хүний нэр дээр байгаа бөгөөд гуравдагч этгээд компаниудын нэр дээр байхгүй болно. Тухайлбал, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс "М" ХХК-д, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс "Г" ХХК-д, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс Д.Бд шилжсэн тээврийн хэрэгсэл санал болгосон болно. Мөн ковш байх ёстой шаардлагад *******УН гэсэн ковш санал болгосон боловч энэ нь Ж.У хэмээх хүний нэр дээр бүртгэлтэй, гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэл байхгүй болно. 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжсэн бөгөөд 2019 оны ** дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл "М" ХХК-ийн өмчлөлд байсан. Тендер нээхээс найман хоногийн өмнө Ж.Уд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тендерт орохын өмнө өөр этгээдэд шилжүүлсэн техникээ уг тендерт санал болгосон болно. Ийнхүү ерөнхийдөө тендерийн баримт бичгийн гол шаардлагуудын дийлэнхийг хангаагүй компанийг шалгаруулсан нь хариуцагч байгууллагын үндэслэлгүй шийдвэр, үйл ажиллагаа болно. Улмаар тендерт оролцох эрхийг хязгаарлаж, Сангийн яамны хар жагсаалтад мөрдөгдөх, мөн цагдаагийн байгууллагаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр гэмт хэргийн, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулах боломжтой нөхцөл байдал үүссэн ийм компанийг шалгаруулсан байна” гэв.
12. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиалагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, нэхэмжлэгчийн Тамгын газартай холбогдуулан нийт гурван шаардлага байна. Эдгээр гурван шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгдүгээр шаардлага нь гүйцэтгэгчээр шалгарсан "М" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг хүчингүй болгуулах, хоёрдугаарт, гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, гуравдугаарт, "А" ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах шаардлага гаргасан байна. Энэ дээр би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгуулахаар шаардаж байгаа гэж ойлгож байна. Бусад үйл баримтын тухайд, энэхүү ** дүгээр сургууль нь байршлын хувьд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийтийн буудалд байрладаг. Тус хорооны гадаад сургуулийн барилгад орон байргүй болсон хүүхдүүд сурдаг, орон байргүй болсон асуудал байна. Тендер сонгон шалгаруулалт 2024 оноос эхэлсэн. 2024 онд эхлээд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендер явж байхад, 2025 оны тендер нь төсвийн тодотгол орж, зураг, төсөв магадлан батлагдсаны дараа сонгон шалгаруулалт явсан. Төсөв нь 2025 оны 09 дүгээр сарын Иргэдийн Хурлын тогтоолоор батлагдсан. Захиалагчийн зүгээс, Үнэлгээний хорооны гаргасан зөвлөмж, сонгон шалгаруулалттай холбоотой зохион байгуулалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглодог. Захиалагч ганц шийдвэрлэдэг зүйл нь Үнэлгээний хорооноос гарч, захиалагчид хүргүүлсэн зөвлөмж болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтад зааснаар, хоёроос дээш оролцогч байгаа бол зургаан хоногийн хугацаанд гомдол гаргах, зургаан хоногийг хүлээгээд гэрээ байгуулах зохицуулалттай. Зөвлөмжийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн байна. Тендер сонгон шалгаруулалтад оролцсон гурван компани, нэхэмжлэгч, "М" “О” ХХК нар оролцсон бөгөөд худалдан авах ажиллагааны төв байгууллагад гомдол гаргасан компанийн мэдээлэл ирээгүй тул холбогдох хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн болно Хууль зүйн үндэслэлийн хувьд, гэрээтэй холбоотой хүчингүй болгох, мэдэгдэлтэй холбоотой даалгах шаардлагын хувьд, нэхэмжлэгч тал Засаг даргын Тамгын газартай захиргааны хэрэг үүсгэх хүртэл хугацаанд харилцан ямар нэгэн албан бичиг харилцаж, захиалагчийн зүгээс татгалзсан шийдвэр гаргаагүй болно. Шүүх хууль хэрэглэх хувьд ч нэхэмжлэлийн шаардлагыг гэрээ байгуулахыг шууд "А" ХХК-д даалгах гэж тодорхойлж байгаа нь “О” ХХК-ийн эрх ашгийг хөндөж байгаа гэж ойлгож байна. Тендер сонгон шалгаруулалтад гурван аж ахуйн нэгж оролцсон учир "О" ХХК-ийн ч асуудал яригдана. Иймд шүүх нэхэмжлэлийн цар хүрээ, шүүхийн харьяаллын хүрээнд эдгээр асуудлыг шийдэх боломжтой. Баримт бичиг, хүний нөөц, ажиллах хүчний чадавх, техникийн чадавхтай холбоотой асуудал байгаа бөгөөд хамгийн бага үнийн саналаараа шалгарсан “О” ХХК-ийн баримт хэрэгт авагдсан байдаг. Өнөөдрийн байдлаар Үнэлгээний хорооны шийдвэр болон холбогдох баримтуудыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байхгүй, шууд хүчингүй болгуулах гэж тодорхойлж байна. Иймд хууль бус зүйл байхыг тогтоолгох шаардлагагүй бол, захиргааны байгууллагын хуульд заасан хүрээнд хийсэн гэрээ, мэдэгдэл, албан бичгийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж үзэж байна.” гэв.
13. Хариуцагч Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, тус газрын тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар татгалзалдаа: “...Дүүргийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/448 дугаар захирамжаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог байгуулсан бөгөөд тус үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулан хамгийн сайн үнэлэгдсэн "М” ХХК-тай гэрээ байгуулах тухай 01 дугаартай зөвлөмжийг Худалдан авах ажиллагааны албаны дарга 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 480 дугаар албан бичгээр захиалагчид ирүүлсэн.
Захиалагчийн зүгээс зөвлөмжийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1- т заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “М” ХХК-д хүргүүлсэн. Улмаар мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доош өдрийн дотор хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон тухай шийдвэр захиалагчид ирээгүй. Иймээс хуульд заасны дагуу захиалагч 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "М” ХХК-тай ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажлын *** дугаартай гэрээг байгуулсан. Захиалагч дээрх үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй мөн нэхэмжлэгчид татгалзсан болон эс үйлдэхүй гаргасан ямарваа нэгэн шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
14. Хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, тендерийн үнэлгээний хорооны өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Худалдан авах ажиллагааны алба Үнэлгээний хороотой холбогдуулан ХУДХ-*** дугаартай асуудлыг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэсэн байна. Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт үндэслэн зөвхөн тендерийн дугаараар гомдол гаргасан бөгөөд анхны нэхэмжлэлд гарсан техникийн алдааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тодруулгыг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Иймд эдгээр асуудлууд аль хэдийн шийдвэрлэгдсэн болно. Хоёрдугаарт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан шаардлагын хувьд: Үнэлгээний хорооны тэмдэглэл нь болсон үйл явдлыг баримтжуулсан баримт бичиг болохоос биш эрх зүйн үр дагавар үүсгэдэг захиргааны акт биш юм. Зөвлөмжийн хувьд, Үнэлгээний хорооноос гарсан зөвлөмжид захиалагчийн хяналт, мөн Сангийн яамны хяналт тавигддаг бөгөөд өнөөдрийн байдлаар Үнэлгээний хороо, түүний үйл ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоосон үйл баримт байхгүй байна. Харин нэхэмжлэгч талаас хуурамч бичиг баримттай гэдэг асуудлыг дурдаж байгаа. Тендерийн баримт бичигт төслийн удирдагч мэргэшсэн байхыг шаардсан бөгөөд барилгын инженер, техникчийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, хуурамчаар хүргүүлсэн гэдгийг нотолсон ямар нэгэн баримт бичиг байхгүй болохыг анхаарна уу. Дараагийн асуудал бол ажлын гүйцэтгэлийн туршлагатай холбоотой. Тендерт 2024, 2025 оны аль нэгэнд үндсэн гүйцэтгэгчээр 5 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байхыг шаардсан. Энэ шаардлагад 10 дугаар сургуулийн барилгын ажлыг ирүүлсэн боловч уг барилгын тухайн жилийн ажлын хувьд зөвхөн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэхийн тулд 1 тэрбум 300 сая төгрөгийг авсан байна. Иймд ирүүлсэн гурван баримт материал гурвуулаа шаардлага хангахгүй байгаа юм. Дараагийн асуудал бол тухайн компанийн төрийн болон орон нутгийн өмчөөс авсан бусад ажлуудыг шалгахад Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хоёр удаа тендер авсан нь тогтоогдсон. Эдгээр тендерийн нэгэнд нь хугацаа хэтрүүлснээс гадна зардлыг 272 хувиар, нөгөөд нь 172 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д тендерийг хэмнэлттэй байх зарчмаар зарладаг гэж заасан байдаг. Иймд тухайн компани нэг тендерээр ажил авсны дараа нэмэлт санхүүжилт авч, тендерийн хуулийн зорилго, зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг компани болох нь нотлогдож байна. Үнэлгээний хороо дотоод итгэлээрээ, мөн холбогдох хуулийн зохицуулалтад үндэслэн энэ компанийг татгалзсан байна. Дараагийн асуудал бол техник, тоног төхөөрөмжийн гэрэл зургийн шаардлага юм. Энэ шаардлагыг тавьсан зорилго нь бичиг баримт биш, харин техник бодитоор байгаа эсэх, бичиг баримттай нь таарч байгаа эсэхийг нотлох явдал байсан бөгөөд энэ нь нотлогдоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал зөвлөмжийг хүчингүй болгуулах үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасантай холбож тайлбарлаж байгаа боловч энэ зүйл нь Үнэлгээний хороо илт хууль зөрчсөн байхыг шаарддаг атал тухайн зөрчлийг нотлох баримт өнөөдрийн байдлаар байхгүй байна. Иймд Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсч байна. Худалдан авах ажиллагааны алба нь Үнэлгээний хорооноос гарсан үнэлгээг цааш дамжуулах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өөрөө шийдвэр гаргах эрх, үүрэг хүлээдэггүй гэж ойлгож байна. Дараагийн асуудал бол тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүний хувьд, Төрийн сангийн дарга ахалж, үнэлгээний хороо үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ талаар ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн үйл баримт нотлогдоогүй тул Үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсч байна. Эцэст нь, анхаарууштай нэг зүйлийг дурдвал: 480 суудалтай уг сургуультай холбоотой энэ маргаанаас болж 2024 оноос хойш Өлзийт хорооллын хүүхдүүд аюулгүй, тохиромжтой орчинд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хохирсоор байна. Ердөө нэг-хоёр жилийн дотор баригдах ёстой сургуулийн барилга өнөөдрийг хүртэл баригдаагүй байгаа нь энэ маргааны цаана нийтийн эрх ашиг хөндөгдөж байгааг харуулж байна. Улмаар маргаан удаан үргэлжлэх тусам төсөв, зардал улам нэмэгдэж, хохирол улам нэмэгдэж байгаа тул энэ асуудал зөвхөн нэхэмжлэгч компанийн эрх ашгийн хүрээнд хязгаарлагдахгүй болохыг анхаарна уу” гэв.
15. Хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үнэлгээний хорооны манайхаас татгалзсан мэдэгдэлд гурван агуулгын хэсэг тогтоолгох мэдэгдэл ирүүлсэн. 19.1 дэх заалтын хувьд хүний нөөцийн мэдээлэл гаргасан. Санал болгосон хүний нөөцийн мэдээлэл нь техникийн баримт бичгийн 71 дүгээр хуудсанд ерөнхий жагсаалтаар 10 хүн орсон байна. 157 дугаар хуудсанд Б.Эын мэдээлэл байна. Б.Эын хувьд манай тендерийн баримт бичигт 3 жил буюу 36 сарын мэдээлэл шаардсан бол эхний 34 сарын мэдээлэл ирүүлсэн, цахим системээр шалгаж болно гэж тендерийн баримт бичигт заасан. Тэрхнийхээ дагуу бид шалгаж, нэгтгэсэн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн. Б.Эын мэдээллийг тендерт тавьсан өдрийн байдлаар татахад 2025 оны 8, 9, 10 дугаар сарын мэдээлэл ирсэн байна. Иймд ирүүлсэн жагсаалтад 8, 9, 10 дугаар сарын мэдээлэл орсноор тооцоход 34 сар болно. Нэхэмжлэлд бид өмнөх мэдээллийг өөрсдөө шалгаж болох байсан гэж дурдсан боловч, манай систем зөвхөн сүүлийн 3 сарын мэдээллийг тооцдог тул 2022 онд яаж ажиллаж байсныг шалгах боломжгүй. Ирсэн материалд 34 сар байсан гэдгийг л нотлох боломжтой” гэв.
16. Хариуцагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэгдүгээрт, Худалдан авах ажиллагааны албанаас гаргасан мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай шаардлагад. Худалдан авах ажиллагааны алба нь Үнэлгээний хорооноос гарсан шийдвэрийг баталгаажуулж хүргүүлдэг байгууллага болохоос гэрээ байгуулах эрх олгодог байгууллага биш. Гэрээ байгуулах эрх олгодог байгууллага нь Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба Тендерийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх заалтыг л хэрэгжүүлдэг. Хоёрдугаарт, Сангийн яамны шийдвэрийн хувьд, гомдол гаргасан асуудлаараа Сангийн яам буруу шийдвэр гаргасан гэдэгт бид тайлбар өгөх эрхгүй болно. Хяналтын тухай хуулийн дагуу 05 дугаар сарын 31-ний хугацаа хүртэл нийслэл, дүүргийн төсөвт өртгийн ажлыг зарлаж, гүйцэтгэж, гэрээ байгуулах ёстой байсан. П.Эын хувьд, хуульд заасан 36 сарын мэдээллийг ирүүлэх ёстой байсан бол ирүүлсэн материалд 34 сар тооцогдож байна. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс сүүлийн гурван сарын нийгмийн даатгалын лавлагаа давтагддаг. Тендер 2025 оны 11 дүгээр сарын 03-нд нээгдсэн тул тэгш тоолбол 35 сар байх ёстой байв. Гэтэл тухайн компани өөрсдөө гурван жил гэдэг үүднээс сарыг тооцоолж ирүүлэх ёстой байсан. Ижил төстэй ажлын хувьд, Үнэлгээний хороо юугаар үнэлж, ямар шийдвэрт хүрснийг дахин тайлбарлана. Гэхдээ нэмж хэлэхэд, гүйцэтгэгч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн материалаа ирүүлэхдээ тоон гарын үсгээр материалаа үнэн зөв гэдгийг өөрөө батламжилж ирүүлдэг. Тэрхнийхээ дагуу ТШЗ-ийн 3 дугаар заалтад зааснаар ижил төстэй ажилд тооцуулахаар гурван ажлын саналыг ирүүлсэн болно. Иймд тэдгээрийн 2022 оны ажлыг тооцуулахгүй байх нь боломжгүй. Иргэн Б.Атай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ 2018 оны 06 дугаар сард эхэлж, дуусах хугацаа 2022 онд байгаа боловч, тухайн ажлын нийт үнийн дүн, төлбөрийн баримт зэрэг нотлогдоогүй байна. Дараагийн ажил, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай 10 дугаар сургуулийн барилгын ажил, эхлээд 2021 онд төсөвт өртөг нь 4.5 тэрбум төгрөгөөр зарлагдаж, шалгарсан дүн нь 4.3 тэрбум төгрөг болсон. Ажил 2021 онд эхэлж, гэрээгээ гурав, дөрвөн удаа сунгасан. Тухайлбал, 2020 онд 50 сая төгрөгийн, 2021 онд 3.25 тэрбум төгрөгийн, 2022 онд 2.219 тэрбум төгрөгийн, 2023 онд 2.3031 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр комиссын дүгнэлт гарган хүлээлгэж өгсөн. Уг ажил нь дөрвөн жил дараалан үргэлжилсэн болно. Иймд тендерийн баримт бичигт заасан 2023, 2024 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа 5.7 тэрбум орчим төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг 2024 оны хувьд авч үзвэл, 2024 онд санхүүжилт байхгүй, нийт төсөвт өртөг 7.75 тэрбум төгрөг гурав, дөрвөн онд хуваагдсан. Тухайн ажил анх сургуулийн барилгыг бүхэлд нь барьж гүйцэтгэж байснаа, 2024 онд нэмэлт санхүүжилт хийж гадна тохижилтын ажлыг хийхээр Хануул дүүргийн Засаг даргын Тамгын газар нэмэлт хөрөнгө оруулж, тендер зарласан бөгөөд эдний компани уг тендерт шалгарсан болно. Иймд иргэнтэй хийсэн ажлын гэрээ хугацаандаа дуусахгүй байдаг байсан бол, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгддэг ажлууд ихэвчлэн хоёроос дөрвөн жилийн хугацаанд хийгддэг. Иймд ижил төстэй ажлын мэдээллийг цахим системээс харахад, ихэвчлэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан ажлууд бусад ажилд шаардлага хангаагүй гэж шалгараагүй тохиолдол их гардаг. Тухайлбал, ** дүгээр сургуулийн байрыг 2024 онд зарлахад эдний компани оролцож, дахин шүүхийн маргаанд орж, 2024 онд гэрээ гүйцэтгэгч компани шалгараагүй, 2025 онд нэмэлт санхүүжилт, төсөв тодотголоор дахин зарлагдаж, дахин гомдол гарсан болно. Иймд Үнэлгээний хороо ижил төстэй ажлын гурван саналыг аль алийг нь тооцож үзээгүй, зөвхөн иргэн Б.Атай хийсэн 20 тэрбум төгрөгийн ажлын нотлогдохгүй байгаа шалтгаанаар татгалзсан байдаг. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд компанийн ирүүлсэн бүх материал файл хэлбэрээр байдаг бөгөөд маргаж буй хоёр автомашины улсын дугаар харагдахгүй фото зураг ирүүлсэн байгааг үндэслэн хүлээн авсан болно. Худалдан авах ажиллагааны алба Үнэлгээний хорооны мэдэгдлийг баталгаажуулж хүргүүлдэг, Үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагчид хүргүүлдэг байгууллага болно” гэв.
17. Гуравдагч этгээд “М” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 сарын 04-ний өдрийн 04/1836 тоот мэдэгдэлд “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 хоногийн дараа буюу тендер хүчинтэй байх хугацаанд гэрээг баталгаажуулан, гүйцэтгэлийн баталгааны хамт захиалагчид ирүүлнэ үү..." гэсний дагуу бид 2026 оны 01 сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай дугаар *** "** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажлын гэрээ (14 дүгээр хороо)"-г байгуулсан. Улмаар "Х" ХХК-тай ** тоот “Гүйцэтгэлийн баталгааны гэрээ"-г байгуулан, гэрээт ажлын гүйцэтгэлд 540,000,000 (таван зуун дөчин сая) төгрөгтэй тэнцэх дүнгээр Хан-уул дүүргийн засаг даргын тамгын газарт 2027 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар даатгагчийн баталгаа гаргуулсан.
Манай компани түншлэгч "Д" ХХК-ийн хамтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаж, шударгаар өрсөлдөн "Хамгийн сайн" үнэлэгдсэн оролцогчоор шалгарсан. Үнэлгээний хорооны 2025 оны 12 сарын 02-ны өдрийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна” гэжээ.
18. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер шалгаруулалтад оролцож, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шалгарсан. 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0/041836 тоот албан бичигт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн зарласан тендерт хамгийн сайн тендерээр үнэлэгдсэн тул зургаан хоногийн дотор гэрээ байгуулж баталгаажуулах ёстой гэсэн шийдвэр ирсэн. Манай "М" ХХК нь тус тендерт 70 хувийн хувьцаат компанитай түншлэн оролцсон болно. Түншлэлийн гэрээгээрээ тус тусын хариуцах баримт бичиг, шаардлагыг бүрдүүлж оролцоно гэсэн нөхцөлтэй байсан. "М" ХХК-ийн зүгээс тендерийн баримт бичигт заасны дагуу өөрийн хариуцах хэсгийг үнэн зөвөөр бүрдүүлж, тендер шалгаруулалтад оролцсон болно. Тендер шалгаруулалтад оролцсон байгууллагуудаас манай компанийг, түншлэлийг хамгийн сайн тендер гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон учраас, төрийн байгууллагын шийдвэрт итгэж, гэрээ байгуулсан. Иймд бид итгэл хамгаалах зарчмын хүрээнд ажилласан гэж ойлгож байна. Бид төрийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэн, заасан хугацааны дагуу гэрээ байгуулж ажил хийж эхэлсэн.
Манай компани тухайн тендерт заасан ажлыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөө гаргасан. Гэрээ 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсанаас хойш ажлыг эхэлж, хуваарийн дагуу гүйцэтгэсэн. Энэ хугацаанд төлөвлөгөөнд заасан ажлын 10 орчим хувь хийгдэж, манай компани нийтдээ 1.1 тэрбум орчим төгрөгийн бодит зардал гаргасан. Эдгээрээс, урьдчилгаа төлбөрт нэг тэрбум орчим төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас, төсвийн санхүүжилтээс авсан. Урьдчилгаа төлбөрийг хэрхэн зарцуулсныг харуулах тооцоо, баримтыг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар шүүхэд гаргаж өгсөн болно. Ажлыг гүйцэтгэж, зардал гаргаж явж байх үед, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар актын биелэлт түдгэлзэж, ажил зогссон болно. Иймд манай компанийн хувьд ажил зогссоноос болж санхүү болон бусад байдлаар маш хүнд нөхцөл байдалд орсон болно. Ажлыг гүйцэтгэхээр хүний нөөц, техник хэрэгсэл, бараа татан авалт зэрэг олон ажил хийсэн боловч, ажил зогссоны улмаас хүний нөөцийн хувьд зогсонги байдалд орсон болно. Барилгын талбай дээр хийгдсэн ажлууд хагас жил орчмын хугацаанд элэгдэж, татан авсан материалын ашиглалтын чанар алдагдсан байна. Ер нь Үнэлгээний хорооны удаа дараагийн хуралдааны тэмдэглэлд энэ ** дүгээр сургуулийн барилгын ажил 2024 оноос хойш нэн даруй зарлагдах шаардлагатай ажил гэж дурдагдсан. Иймд бид ч мөн яаралтай гэдэг утгаараа гэрээ байгуулснаасаа хойш төлөвлөгөөнд заасан ажлаа хурдавчлан явуулсан. Гэтэл барилгын ажил зогссон. Одоо бид төрийн байгууллагын шийдвэрийн дагуу гэрээ байгуулж ажлаа хийж явж байтал, барилгын ажил зогсож, ** дүгээр сургуулийн хүүхдүүдийн сурах орчин нөхцөл хангалтгүй болсон тухай уг сургууль, Хан-Уул дүүргийн удирдлагаас олон удаа баримт ирүүлсэн болно. Иймд хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн нөхцөлд энэ ажлыг яаралтай явуулах шаардлагатай гэж харж байна. Манай компаниас зардал гарсан бөгөөд энэхүү маргаанаас болж төрийн санхүүжилттэй ажлууд царцаж байна. Дараа нь дахин тендер зарлавал төсөв нэмэгдэх болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад тендер нь үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд үндэслэх ёстой гэж заасан байдаг. Уг зохицуулалтыг зөрчсөн асуудал болж явж байна. Манай компанийн хувьд, Үнэлгээний хорооны шийдвэр, Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийн дагуу ажлаа хийж явж байна” гэв.
19. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдээр оролцож буй "М" ХХК болон "Д" ХХК-ийн хувьд, түншлэлийн хүрээнд тендерийн баримт бичигт заасан шалгуур, шаардлагыг хангасан баримтыг холбогдох хуульд заасан хугацаанд бүрдүүлж өгч, холбогдох субъектүүд буюу захиалагч, Үнэлгээний хороо зохион байгуулалтын ажлыг хийж, холбогдох дүгнэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн. Захиалагчийн зүгээс хууль тогтоомжид нийцсэн гэрээ байгуулж явж байгаа гэж ойлгож байна. Нэхэмжлэгч тал өөрсдийн компани тендерийн баримт бичиг буюу тендер шалгаруулалтын зааварчилгаанд заасан шалгуурыг 100 хувь хангаж, бусад нь хангаагүй байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Хариуцагч тал бас үндэслэлтэй тайлбар хэлсэн. Товчхон дурдвал, тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1.3 дахь заалтад ижил төстэй ажилтай холбогдуулан сүүлийн хоёр жил буюу 2023, 2024 онд хийсэн ажлын материалыг нэрлэх шаардлага тавьсан. Гэтэл нэхэмжлэгч тал илүү материал ирүүлснийг нь хуульд нийцэхгүй байна гэдэг дүрэмтэй гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй болно. Ижил төстэй ажлын хамааралтай ирүүлсэн гурван материал нь гурвуулаа хэрэг эрхлэлтийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй байна гэж хариуцагч тайлбарласан нь үндэслэлтэй болно. Тухайлбал, 2022 оны материал 2024 онд гэж байгаа боловч, түрүүн хариуцагчийн тайлбарласнаар 2021 онд эхэлсэн ажил гурван жилийн хугацаанд үргэлжлээд 2024 онд хэрэгжсэн байна. Иймд энэ материал ч шаардлага хангахгүй болно. Гуравдагч этгээдийн хувьд, холбогдох материалыг, тухайлбал "М" ХХК-ийн хувьд түншлэлээр оролцож буй, өөрт хамааралтай хөрөнгө оруулалт, техникийн ажилтан, техниктэй холбоотой баримт бичгийг хууль тогтоомжийн хүрээнд шаардлага хангасан баримтаар бүрдүүлсэн. Тухайлбал, инженер Б.Иийн хувьд, төрийн бус сонгон шалгаруулалт явж байх үед нэг шалгалт, шалгаруулалт явагдаж байсан. Уг шалгалтад хамрагдаж, сертификатаа авсан огноо нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байна. Гэвч Б.И 2014 онд анх мэргэшсэн инженерийн сертификат авсан хүн болно. Зөвхөн цаг хугацааны хувьд ийнхүү мэдэгдсэн тохиолдол байна. Иймд Үнэлгээний хорооны техникийн, сонгон шалгаруулалтын зохион байгуулалтын ажлыг мэдээж түрүүн тайлбарласнаар, тендерийн ажил 2024 онд явагдаад хүчингүй болж, дахин явагдсан ажил болно. Үүний цаана хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашигтай холбоотой асуудал яригдаж байгаа тул худалдан авах ажиллагааны зарчимд нийцүүлж, үр өгөөжтэй байх, оролцогч талууд ажлыг хэр бодитой, хурдан гүйцэтгэх боломжтой, аль нь илүү боломжит үнийн саналыг тавьж байгаа, техник, ажиллах хүчний хувьд гэсэн олон талаас нь харгалзан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Иймд хариуцагч буюу Үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна. Дараагийн асуудал нь түрүүн хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас, холбогдох субъектүүдийн шийдвэрийг хүчингүй болгож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага болно. Тухайн субъектүүдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг, өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгохгүйгээр шууд шийдвэрийг хүчингүй болгоход үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
20. Гуравдагч этгээд “Д” ХХК-иас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 сарын 04-ний өдрийн 04/1836 тоот мэдэгдэлд “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 хоногийн дараа буюу тендер хүчинтэй байх хугацаанд гэрээг баталгаажуулан, гүйцэтгэлийн баталгааны хамт захиалагчид ирүүлнэ үү...” гэсний дагуу бид 2026 оны 01 сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай дугаар *** “** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажлын гэрээ (14 дүгээр хороо)-г байгуулсан. Улмаар “Х” ХХК-тай ** тоот “Гүйцэтгэлийн баталгааны гэрээ”-г байгуулан, гэрээт ажлын гүйцэтгэлд 540,000,000 (таван зуун дөчин сая) төгрөгтэй тэнцэх дүнгээр Хан-уул дүүргийн засаг даргын тамгын газарт 2027 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар даатгагчийн баталгаа гаргуулсан.
Манай компани түншлэгч “Д” ХХК-ийн хамтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаж, шударгаар өрсөлдөн “Хамгийн сайн” үнэлэгдсэн оролцогчоор шалгарсан. Үнэлгээний хорооны 2025 оны 12 сарын 02-ны өдрийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “А” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэв.
2.“А” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ХУДХАА/*** дугаартай тендер шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1.Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна” гээд 11.1-д “захиргааны акт, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан.
2.2.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлийн үндсэн дээр харьяалан шийдвэрлэхээр байна.
2.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан.
2.4.Дээрхээс үзвэл, Үнэлгээний хорооны шийдвэр нь зөвлөмж хэлбэртэй байх бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар хурлын тэмдэглэл нь захирамжилсан, эрх зүйн үр дагавар бий болгосон байх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны акт биш байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
2.5.Иймд нэхэмжлэл гаргагчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.Нэхэмжлэгчийн гаргасан “А” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 481 дугаартай шийдвэр болон 01 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай хавсралтыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд;
3.1.Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчийг сонгох ХУДХАА/*** дугаартай нээлттэй тендерийг зарласан байна.
3.2.Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-д маргаан бүхий тендерт шалгараагүй талаар мэдэгджээ.
3.3.Уг мэдэгдэлд тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.1-д “Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана” гээд өгөгдлийн хүснэгтэд холбоо дохиоллын инженер 3 болон түүнээс дээш жил ажилласан байх туршлагыг шаардсан боловч “А” ХХК-ийн холбоо дохиоллын инженер П.Э “... мэдээллийн хэмжлэгийн электроник мэргэжилтэй. Үндсэн ажилтан. Нийгмийн даатгал 34 сар ...” гэх үндэслэлээр шаардлага хангаагүй гэжээ.
3.4.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн нийгмийн даатгалын лавлагаагаар Н.Э нь 2022 оны 01 дүгээр сараас 2026 оны 1 сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгал төлсөн байгаа нь нотлогдож байх ба уг тендер нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээсэн бөгөөд тухайн хугацаанд Н.Эын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн талаарх 2022 оны 01 дүгээр сараас 2025 оны 10 сар хүртэлх хугацааны лавлагааг нэхэмжлэгчээс захиалагчид өгсөн баримтаар нийт 34 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь тогтоогдож байна.
3.5.Дээрхээс үзвэл, “А” ХХК-ийн холбоо дохиоллын инженер П.Э нь тус компанид холбоо дохиоллын инженерээр 3 болон түүнээс дээш жил ажилласан байх боловч тендерийн баримт бичигтээ нийт 34 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу 3 жил хүрэхгүй хугацааны лавлагааг ирүүлсэн байх тул ирүүлсэн лавлагааг үндэслэн шаардлага хангаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.
3.6.Мөн Ажил гүйцэтгэхэд ашиглагдах тоног, төхөөрөмж, техник хэрэгслийн шаардлагын “в”-д “тухайн ажилд санал болгож буй тээврийн хэрэгслийн 50-иас дээш хувь нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд санал болгож буй тээврийн хэрэгсэл, машин механизмын гэрчилгээ, лавлагааг ирүүлэх шаардлагагүй. Улсын дугаарыг тод харуулсан фото зургийг ирүүлнэ” гэж заажээ.
3.7.Нэхэмжлэгчээс маргаан бүхий тендерт бүрдүүлж өгсөн баримт бичигт Экскаватор *** ММА өөрийн эзэмшил боловч улсын дугаар харуулсан фото зураг байхгүй. Ковш *** ММА өөрийн эзэмшлийн улсын дугаар харуулсан фото зураг байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
3.8.Нэгэнт уг тендерийн шаардлагад техник хэрэгслийн фото зургийг хавсаргахаар шаардсан байхад “А” ХХК-иас гаргаж өгөөгүй нь хариуцагч нарыг буруутгах, тендерийг буруу үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.9.Дээрх хоёр үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ.
3.10.Харин нэхэмжлэгчийг тендерийн ТШЗ 19.1.3-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага:“Шаардана” гээд ижил төстэй гүйцэтгэсэн туршлагын хувьд “... Сүүлийн 2 жил /2023 он, 2024 он/-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа 5,497,150,700 төгрөгөөс дээш үнийн дүнтэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна” гэх шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагч нарын шийдвэр үндэслэлгүй байна.
3.11.Тодруулбал, нэхэмжлэгч “А” ХХК нь Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар 2021-2024 оны хугацаанд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай 7,750,453,421 төгрөгийн өртөг бүхий 10 дугаар сургуулийн барилга, гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байхад он дамжуулан хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр сүүлийн 2 жилийн нэг жилд тооцох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
3.12.Учир нь дээрх ажлын нийт өртөг нь тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд 2024 онд дуусаж, комисс ажиллаж ашиглалтад орсон байх тул тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байна гэж үзэв.
3.13.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заасан.
3.14.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нар нь нэхэмжлэгч “А” ХХК-ийг тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан гурван шаардлагыг хангаагүй тендерийг ирүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан байх бөгөөд татгалзсан гурван үндэслэлийн хоёр үндэслэл нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.
4.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаартай “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “М” ХХК-тай 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан *** дугаар ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд;
4.1.Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчийг сонгох ХУДХАА/*** дугаартай нээлттэй тендерийг зарлаж, тус тендерт гуравдагч этгээд “М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийг хамгийн сайн тендер гэж сонгон шалгаруулсан байна.
4.2.Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр гэрээ байгуулах эрхийг “М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлд олгож, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан *** дугаар гэрээг захиалагчтай байгуулжээ.
4.3.Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэх хүний нөөц:Шаардана гээд “Төслийн удирдагч” 6 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан, барилгын инженер мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй байх”, “Барилгын инженер” 5 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан байх, “Халаалт агаар сэлгэлтийн инженер” 5 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан, мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй байх, “Ус хангамж, ариутгах татуургын инженер, цахилгааны инженер, механик инженер” нь 5 болон түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан, мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй байх” гэж тус тус заасан байна.
4.4.“М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийн хувьд төслийн удирдагчаар Г.Цыг томилж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийг “Иргэний ба үйлдвэрийн барилга” мэргэжлээр төгссөн. Барилга хот, байгуулалт Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/122 дугаар тушаалаар *** дугаар мэргэшсэн инженерийн гэрчилгээ авсан гэх баримтуудыг,
4.5.Барилгын инженерээр С.Эг томилж, Барилга хот, байгуулалт Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/122 дугаар тушаалаар *** дугаар мэргэшсэн инженерийн гэрчилгээг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг,
4.6.Халаалт агаар сэлгэлтийн инженерээр З.Иийг томилж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/52 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн дулаан хангамж, агаар сэлгэлтийн систем угсралт, засварын ажлын” хүрээнд мэргэшлийн зэрэг шинээр авч, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/84 дугаар тушаалаар мэргэшлийн зэргээ сунгуулсан. Уг сунгуулсан гэрчилгээнд уг зэргийн гэрчилгээ нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хүчинтэй гэх баримтуудыг,
4.7.Ус хангамж, ариутгах татуургын инженерээр С.Тг, цахилгааны инженерээр Л.Бг, механик инженерээр Ц.Ныг тус тус сонгож, С.Т нь 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийг сантехникийн инженерийн мэргэжлээр төгссөн. Нийгмийн даатгалын шимтгэл 46 сар төлсөн,
4.8.Л.Б нь Барилгын коллежийн “Үйлдвэрийн ба иргэний барилгын цахилгаан хангамжийн инженер”-ийн зэргийг 2001 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олгосон баримт, нийгмийн даатгал ** сар төлсөн,
4.9.Ц.Нийг М” ХХК-ийн захирлын 2025 оны 11 дүгээр сарын 11 дүгээр өдрийн Б25/23 дугаар “Хөлсөөр ажиллах тухай” тушаалаар механик инженерээр томилсон, МИ-24/145 дугаар “Автотээврийн удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтад хамрагдсан сертификатын хамт баримтуудыг тус тус гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4.10.Харин Барилгын хөгжлийн төвийн 2026 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 01/370 дугаар албан бичгээр “...Г.Ц нь мэргэшлийн зэрэгтэй талаарх мэдээлэл бүртгэгдээгүй. *** дугаар мэргэшлийн зэрэг нь өөр иргэний нэр дээр бүртгэлтэй байна. З.И нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/52 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн дулаан хангамж, агаар сэлгэлтийн систем угсралт, засварын ажлын” хүрээнд мэргэшлийн зэрэг шинээр авч, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/84 дугаар тушаалаар мэргэшлийн зэргээ сунгуулсан. Сан дээрх мэдээллээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мэргэшлийн зэргийн хугацаа дууссан ба хүчингүй төлөвтэй байна, С.Т, Л.Б, Ц.Н нарын мэргэшлийн зэргийн талаарх мэдээлэл 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх хариуг шүүхэд ирүүлсэн байна.
4.11.Мөн С.Э нь нийгмийн даатгалын шимтгэл 20 сар төлсөн, төслийн удирдагч Г.Цтай ижил *** дугаар мэргэшлийн зэрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
4.12.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно” гээд 17.2.3-т “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл” гэж, 17.4-д “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасан.
4.13.Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээр “М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийн инженер техникийн ажилтнууд нь өгөгдлийн хүснэгтийн шаардлагыг хангахгүй байгаа нь нотлогдож байна.
4.14.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заасан.
4.15.Иймд нэгэнт тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагыг хангахгүй “М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийг хамгийн сайн тендер гэж сонгон, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус байх тул уг хууль бус баримтуудыг үндэслэн гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй байна.
4.16.Тодруулбал, гуравдагч этгээд “М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагуудыг хангахгүй байхад хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу тус түншлэлийн тендерээс татгалзаагүй хариуцагч нарын шийдвэр үндэслэлгүй байна.
4.17.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаартай “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөмж нь нэгэнт хэрэгжээд тэдгээрийг үндэслэн гэрээ байгуулагдсан байх тул дээрх мэдэгдэл, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоож, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4.18.Харин дээрх мэдэгдэл, зөвлөмжийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан *** дугаар гэрээ нь хүчин төгөлдөр байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.ХУДХАА/*** дугаартай, ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Худалдах авах ажиллагааны албанд, ХУДХАА/*** дугаартай ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд;
5.1.Нэхэмжлэгч “А” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байх тул хамгийн сайн тендерээр шалгарсан талаар мэдэгдэл гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.2.Маргаан бүхий тендерт 2 аж ахуй нэгж, 1 түншлэл нийт 3 субъект оролцсон байх бөгөөд оролцсон бүх компани, түншлэлийн тендерүүд нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагуудыг хангахгүй байх тул хариуцагч нар нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар бүх тендерээс татгалзаж шийдвэрлэхээр байжээ.
5.3.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, бүх тендерээс татгалзалгүй гуравдагч этгээд “М” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан хариуцагч нарын шийдвэр хууль бус бөгөөд үндэслэлгүй байна.
5.4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заан” гэж заасны дагуу маргаан ХУДХААА/*** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.4. 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, -т заасныг тус тус баримтлан “...“А” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ХУДХАА/*** дугаартай тендер шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан “А” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 481 дугаартай шийдвэр болон 01 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай хавсралтыг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, ХУДХАА/*** дугаартай, ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах мэдэгдэл гаргаж, захиалагчид хүргүүлэхийг Хан-Уул дүүргийн Худалдах авах ажиллагааны албанд даалгах, ХУДХАА/*** дугаартай ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04/1836 дугаартай “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.
4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг тус тус Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын “М” ХХК-тай 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан *** дугаартай гэрээг хүчингүй болгосугай.
5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг баримтлан ХУДХААА/*** дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр сургуулийн 480 суудалтай өргөтгөлийн барилга ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанд даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ