Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2025/00327

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ж*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт “6,435,864.36 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.Ж******* нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-155573 дугаартай зээл 379 хоног, 93001-155575 дугаартай зээл 379 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:

  1. 93001-155573 дугаартай зээлд
  • Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,003,000.00 төгрөг
  • Зээлийн хүү: 1,508,672.48 төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 53,593.88 төгрөг, нийт 4,565,266.36 төгрөг,

  2. 93001-155575 дугаартай зээлд

  • Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,204,000.00 төгрөг
  •  Зээлийн хүү: 604,875.67 төгрөг
  •  Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 21,222.33 төгрөг, нийт 1,830,098.00 төгрөг,

"******* ******* ******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.Ж*******т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Э.Ж******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 228268 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-155573 дугаар 93001-155575 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,207,000.00 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,113,548.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 74,816.21 төгрөг, нотариатын зардалд 40,500.00 төгрөг, бүгд 6,435,864.36 (зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуун жаран дөрөв зууны гучин зургаа) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.Ж*******аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ******* овогт Э*******ы Ж******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “******* ББСБ-аас Э*******ы Ж******* би зээл авсан. 6,435,864.36 төгрөгийг 6 хуваагаад төлөх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээж авна уу, хүлээн зөвшөөрч байна.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.Ж*******т холбогдуулан 6,435,864.36 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Э.Ж******* нь 6,435,864.36 төгрөгийг “******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн МА-228268 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 93001-155573 дугаартай цахим зээлийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн  93001-155575  дугаартай цахим зээлийн гэрээ Э.Ж*******ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,435,864.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,435,864.36 (зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуун жаран дөрвөн төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,924 төгрөгөөс тавин хувь 58,962 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 58,962 төгрөгийг, хариуцагч Э.Ж*******аас улсын тэмдэгтийн хураамж 58,962 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 6,435,864.36 (зургаан сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуун жаран дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Э.Ж******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,924 төгрөгөөс тавин хувь 58,962 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 58,962 төгрөгийг, хариуцагч Э.Ж*******аас улсын тэмдэгтийн хураамж 58,962 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Ж******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР