Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 90

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Иргэний нэхэмжлэгч: П.Батбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт Б.М-д холбогдох 1726001810072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,******* овогт Б.М

Шүүгдэгч Б.М нь машин механизм ашиглаж, /Д.Б эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй Мустанг-5 маркийн мотоцикль/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хар чулуутын тоглоомт” гэх газар оршин суух хохирогч Т.Д-н монгол гэрт /орон байранд/ нэвтэрч биет 500000 төгрөг, их гарын даваа толгойтой, орчин цагийн хийцтэй манан хөөрөг хулгайлж нийт 1700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн хөөргийг мөрдөгч ******* хураалгасан. Гэмт хэрэг үйлдэхдээ аавынхаа эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан. Хохирол төлбөрт 1700000 төгрөг төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч П.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Манай хүүхэд миний эзэмшлийн мотоциклийг унаад явсан байсан. Мотоциклио нэхэмжлэхгүй. Мотоциклийг надад олговол буцааж авна гэв.

Хохирогч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд манай гэрээс хөөрөг болон биет 500000 төгрөг алдагдсан. Тухайн үед манай гэр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутагт байх “Хар чулуутын тоглоомт” гэх нэртэй газар нутаглаж байсан. Тэр үед манай гэрт хулгай хийсэн гэх залуу Б.М 3 хоног байж байгаад явсан. Сүүлд мэдэхэд тэр залуу манай гэрээс эд зүйл хулгай хийсэн байсан. Уг мөнгө бол би хүнд 1 тооны адуу 520000 төгрөгөөр зарсан бөгөөд тэр адууны мөнгө байсан. Б.М тухайн үед надтай адуу заралцсан. Мөн би адууны мөнгө болох 500000 төгрөгийг боодолтой нь эхнэрт өгөхөд эхнэр авдар дотор хийж байхыг Б.М хараад зогсож байсан. Би Б.М-с нийт 1500000 төгрөг авсан. Уг мөнгийг би манай гэрээс бэлнээр хулгайлсан 500000 төгрөгт болон хөөрөг маань 1200000 төгрөгөөр үнэлэгдсэн. Одоо надад 200000 төгрөг хохиролд өгч барагдуулах ёстой. Б.М-н аав болох Б үлдсэн хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Б.М нь зорьж ирж хулгай хийж аваад явсан болохоор би хөөрөгөө авахгүй гэж бодож байгаа. Хулгайн гар дамжсан эд учраас би авахгүй. /хх-ийн 60-61 хуудас/,

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Т.Д-тэй 1999 онд гэр бүл болсон. Тэрнээс хойш хамт амьдарч байгаа. Т.Д худалдаж аваад 4 жил гаран болж байгаа том хөөрөг байдаг. 500 мянган төгрөгийг тэр хөөрөгний хамт хулгайд алдсан. 500000 төгрөг нь адуу агтанд өгсний мөнгө гэж байсан. 2017 оны 11 дүгээр сард яг хэдийгээр гэдгийг нь санахгүй байна. Манай гэрийн авдар дотор байсан мөнгө Г.Г гээд залуу манайд ирээд 3 хоноод явсны дараа л алга болсныг нь мэдсэн. Манайд Г.Г гэж хүн ирсэн. Сүүлдээ Б.М болж таарсан. /хх-ийн 14 хуудас/,

Гэрч Л.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 11 дүгээр сарын дундуур Өвөрхангай аймгийн Богд сумын “Хүнхрээгийн гол”-оор явж байгаад Цагаантолгой гэх газар өөрийн гэртээ ирэхэд Г. Г гэдэг залуу гэрт байж байсан. Би тэр залуутай танилцаад “Хүнхрээгийн гол”-оор адуу хайж яваад гэртээ ирсэн. Манайд Г. Г хоёр хоноод явсан. 2018 он гарсны дараа сумын цагдаа Ж.Отгонбаатар нь Г.Г асууж ярьж байсан. Тэгэхэд тухайн залууг Г.Г гэдэггүй Б.М гэдэг гээд ярьж байсан. /хх-ийн 15 хуудас/,

Гэрч Т.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 12 дугаар сарын эхээр цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой өөрийнхөө нэрийг Г.Г гэж танилцуулсан залуу манай гэрээс холгүй хойд талд мотоциклийн хойд дугуй эвдэрсэн, багаж байдаггүй гээд байж байхаар нь би манайд багаж байгаа, очоод янзлахгүй юу гэж хэлсэн. Тэгээд манайд дугуйгаа янзалчихаад 0.5 литрийн “Алтан түрүү” нэртэй архи хувааж уучихаад уурхай руу яваад өдөртөө эргэж ирсэн бөгөөд ирэхдээ мотоциклийн ком багаж, мотоциклийн бүтээлгэ, насос, мотоциклийн судар, шуудайнд архи пивонууд авч ирсэн. Оройноос нь эхлээд авч ирсэн архийг нь уугаад хоёр хоноод гурав дахь хоног дээрээ манайхаас явсан. Г.Г гэдэг залууг явсны маргааш нь сумын цагдаа Ж.Отгонбаатар утсаар над руу залгаад танайд хүн байна уу? гэж асуухаар нь манайхаас явсан талаар хэлсэн. Г.Г жижигхэн цагаан хөөргөөр хөөргөлсөн. Том цагаан хөөрөг надад үзүүлээд хөөргөө буцаагаад өвөртөлсөн. Г.Г гэдэг залуу хөөрөг хулгайлсан гэж сүүлд нь сонссон. /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.М-с хөөрөг худалдаж авсан. Тухайн үед хөдөө хээр явж байсан болохоор тэмдэглэл үйлдэж авч чадаагүй. Прокурорын шийдвэрээр тухайн хөөргийг хураалгасан. /хх-ийн 92 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №03/10 дугаартай үнэлгээний тайлан, хохирол төлсөн баримт, шүүгдэгч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 54, 56-57, 74-75, 78, 82 хуудас/,

Шүүгдэгч Б.М-н хувийн байдлыг тогтоосон Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 73 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68-69 хуудас/,

Шүүгдэгч Б.М-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.М нь иргэний нэхэмжлэгч Д.Б-н эзэмшлийн цэнхэр өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль ашиглаж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутаг “Хар чулуутын тоглоомт” гэх газар оршин суух хохирогч Т.Д-н монгол гэрээс биет 500000 төгрөг, их гарын даваа толгойтой, орчин цагийн хийцтэй манан хөөрөг хулгайлж нийт 1700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Д-н 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд манай гэрээс хөөрөг болон биет 500000 төгрөг алдагдсан. Тухайн үед манай гэр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн нутагт байх “Хар чулуутын тоглоомт” гэх нэртэй газар нутаглаж байсан. Тэр үед манай гэрт хулгай хийсэн гэх залуу Б.М 3 хоног байж байгаад явсан. Сүүлд мэдэхэд тэр залуу манай гэрээс эд зүйл хулгай хийсэн байсан. Б.М тухайн үед надтай адуу заралцсан. Мөн би адууны мөнгө болох 500000 төгрөгийг боодолтой нь эхнэрт өгөхөд эхнэр авдар дотор хийж байхыг Б.М хараад зогсож байсан. Гэрч Б.Д-н Т.Д худалдаж аваад 4 жил гаран болж байгаа том хөөрөг байдаг. 500000 төгрөгийг тэр хөөрөгний хамт хулгайд алдсан. 500000 төгрөг нь адуу агтанд өгсний мөнгө гэж байсан. Манайд Г.Г гэж хүн ирсэн. Сүүлдээ Б.М болж таарсан. Гэрч Л.Х-н манайд Г.Г хоёр хоноод явсан. 2018 он гарсны дараа сумын цагдаа Ж.Отгонбаатар нь Г. Г-г асууж ярьж байсан. Тэгэхэд тухайн залууг Г.Г гэдэггүй Б.М гэдэг гээд ярьж байсан. Гэрч Т.Ч-н Г.Г жижигхэн цагаан хөөргөөр хөөргөлсөн. Том цагаан хөөрөг надад үзүүлээд хөөргөө буцаагаад өвөртөлсөн. Г.Г гэдэг залуу хөөрөг хулгайлсан гэж сүүлд нь сонссон гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №03/10 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.М-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.М, хохирогч Т.Д, гэрч Б.Д, Л.Хүрэлбаатар, Т.Ч нарын мэдүүлгүүдээр Г.Г гэх хүн нь шүүгдэгч Б.М болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь хохирол төлбөрт хохирогч Т.Д-д 1700000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хохирол төлсөн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Б.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 162FMJ12053892 хөдөлгүүрийн дугаартай, LRYJCKL08B0016280 арлын дугаартай, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоцикль нь иргэний нэхэмжлэгч П.Б-н эзэмшлийн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч П.Б, шүүгдэгч Б.М-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 162FMJ12053892 хөдөлгүүрийн дугаартай, LRYJCKL08B0016280 арлын дугаартай, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоцикль 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч П.Б-т буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж заасан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өндөр нь 8.5 см, өргөн нь 6.5 см, цайвар ягаан өнгийн даваа толгойтой, цагаан өнгийн метал нуухтай, төмөр халбагатай, цайвар цагаан болон хүрэн бор өнгө бүхий чулуун хөөрөгийг улсын төсөвт шилжүүлж,

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Т.Д-д хохирол төлбөрт 1700000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч П.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогт Б.М-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.М-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Т.Д-д хохирол төлбөрт 1700000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч П.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 162FMJ12053892 хөдөлгүүрийн дугаартай, LRYJCKL08B0016280 арлын дугаартай, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн хуучин мотоцикль 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч П.Б-т буцаан олгож, өндөр нь 8.5 см, өргөн нь 6.5 см, цайвар ягаан өнгийн даваа толгойтой, цагаан өнгийн метал нуухтай, төмөр халбагатай, цайвар цагаан болон хүрэн бор өнгө бүхий чулуун хөөрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.