Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/59

 

***т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Б.Энэрэл,

хохирогч ***,

яллагдагч ***, түүний өмгөөлөгч Д.Цолмон, Ч.Амарбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/2557 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дугаартай эсэргүүцэл, хохирогч ***ын гаргасан давж заалдах гомдлоор ***т холбогдох эрүүгийн 2102001831210 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

***, 1976 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** хотод төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,

Яллагдагч *** нь “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “*** ***” ХХК-тай байгуулсан “***” *** дугаартай гэрээг ашиглан, “***” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад нийт 91,383,668.96 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*** дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар хянах прокурорын үүргийг хуульчилсан.

Гэтэл мөрдөгч, прокурор ***т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоож чадаагүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

Улсын яллагч яллах дүгнэлтдээ *** нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын сар хүртэл хугацаанд “*** ***” ХХК-тай байгуулсан *** *** дугаартай гэрээг ашиглан 91,383,668.96 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлтийн үндэслэл болсон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд борлуулалтын илүү олгосон хөнгөлөлт, үнэгүй нийлүүлсэн барааны хөнгөлөлт, албан тоотоор олгосон хөнгөлөлт, идэвхжүүлэлтийн урамшуулал /Турк аялал/, ХТ нарын урамшуулал, ***тай холбоотой компанид төлөх төлбөр гэсэн ангиллаар хохирлын хэмжээг тогтоосон байна.

Энэхүү шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа “*** ***” ХХК-ийн 15 боть, “***” ХХК-ийн 13 боть баримт хүлээн авсан болно гэх тодорхойгүй байдлаар бичиж тухайн дүгнэлтэд бичигдсэн хүснэгтэн мэдээллүүд нь аль компанийн ямар цаг хугацаанд хамаарах тайлангаас авсан, ямар эх сурвалжид үндэслэн энэхүү дүгнэлт гарсан нь тодорхойгүй, хэрэгт шинжээчийн дүгнэлт хийсэн баримтыг хавсарган ирүүлээгүй, ерөнхий байдлаар дүгнэсэн, мөн гүйцэтгэх захирлын зээл, урамшуулал хэлбэрээр эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, цохолтоор авсан төлбөрийг санаатай гэмт хэргийн хохиролд оруулан тооцсон нь шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ.” гэж заасан.

Хохирлын хэмжээгээр хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ өөрчлөгддөг гэмт хэрэгт холбогдуулан яллаж байгаа тохиолдолд хохирол, хор уршгийн хэр хэмжээг бодитой, үндэслэл бүхий, эргэлзээгүй тогтоох шаардлагатай ба аливаа санхүүгийн тайланд шинжилгээ хийх тохиолдолд хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн баримтын хүрээнд бус эрх бүхий төрийн байгууллагаар баталгаажсан тайлан мэдээлэлд үндэслэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцнэ.

Үүнээс гадна шинжээчийн дүгнэлтэд дурдсан борлуулалтын илүү олгосон хөнгөлөлт, үнэгүй нийлүүлсэн барааны хөнгөлөлт, албан тоотоор олгосон хөнгөлөлт, идэвхжүүлэлтийн урамшуулал /Турк аялал/, ХТ нарын урамшуулал зэргийг “***” ХХК-ийн ямар албан тушаалтны ямар шийдвэрт үндэслэн “*** ***” ХХК-д олгосон, *** “***” ХХК-ийн хөрөнгө захиран зарцуулах, мөнгөн гүйлгээний үйл ажиллагаанд бие даан шийдвэр гарган оролцдог эсэх, түүнчлэн санхүүгийн баримтад 1, 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй этгээд эсэх, түүний ямар гарын үсэг, зөвшөөрөл шийдвэрээр энэхүү хөнгөлөлт, урамшууллыг олгогдсоныг баримтаар тогтоосны эцэст гэмт хэргийн нотлох ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн “***” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал, Ерөнхий нягтлан бодогч нар байгууллагын санхүүгийн харилцаанд ямар чиг үүрэгтэй оролцдог, ажлын байрны тодорхойлолт, эрх хэмжээ, хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсон баримтуудыг хэрэгт хавсарган тогтоох нь “***” ХХК-д учирсан гэх хохирол нь аль ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйг тогтоох, цаашлаад гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилгыг тогтооход чухал ач холбогдолтой. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсан урамшуулалт, хөнгөлөлт, идэвхжүүлэлтийн урамшуулалт нь “***” ХХК-ийн мөнгөн хөрөнгөөр санхүүжигдсэн үү, эсхүл гадаадын харилцагч байгууллагуудын идэвхжүүлэлтэд зориулсан урамшуулалт, хөнгөлөлтөөр санхүүжигдсэн эсэхийг тодорхойлох, гэрээний дагуу “*** ***” ХХК-д тодорхой дүн бүхий хөнгөлөлт, урамшуулал шилжүүлсэн тохиолдолд эдгээр төлбөрөөс *** өөртөө ямар давуу байдал бий болгож, хэдэн төгрөгийг завшиж хувийн хэрэгцээндээ зарцуулсан талаар тогтоох ажиллагааг дутуу хийжээ.

Компанийн гүйцэтгэх захирал нь санаатай, өөртөө ашиг хонжоо олж, хувьдаа ашиглах, давуу байдал олгох сэдэл төрж идэвхтэй үйлдлээ хэрэгжүүлнэ “***” ХХК-д учирсан гэх хохирлыг учруулсан уу, эсхүл хэн нэг ажилтны буруутай, алдаа дутагдал гаргасан үйлдлийн улмаас гүйцэтгэх захирал хянаагүй гэдэг агуулгаар энэхүү нөхцөл байдал хүрсэн үү гэдгийг санхүүгийн харилцааг удирдаж байгаа ажилтан бүрийн чиг үүрэг, эрх хэмжээг харьцуулан тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Гэрч, хохирогчийн мэдүүлэг нь үнэн зөв байх хуулийн шаардлагатай тул цаашид санаатайгаар эрс зөрүүтэй мэдүүлэг өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа гэрч, хохирогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг хэрэгжүүлнэ ажиллавал зохино.

Эцэст нь хэргийг 4 жилийн хугацаанд шалгахдаа хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг дутмаг, гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, эдгээр ажиллагааг дутуу хийсний улмаас тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтүүд бодитой, үндэслэлтэй гараагүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн яллагдагч ***т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр *** дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтийг “***” ХХК-ийн аудитын “***” ХХК-ийн нийт авлага 91,386,294.22 төгрөг болсон байна...” гэх дүгнэлтэд /4хх 120-128/ үндэслэхээс гадна, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны “*** ***” ХХК-ийн 15 боть, “***” ХХК-ийн 13 боть санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэж, санхүүгийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчид шинжээчийн дүгнэлт гарсан.

Аудитын тайлан, шинжээчийн дүгнэлтүүдийг гаргахад яллагдагч ***ыг ажиллаж байсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны санхүүгийн баримтуудыг үндэслэсэн болох нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан борлуулалтын илүү олгосон хөнгөлөлт, идэвхжүүлэлтийн урамшуулал, ХТ нарын урамшуулал зэргээр ангилж задалсан байгаагаас тодорхой харагдаж байна.

Дээрх шинжээчийн дүгнэлт нь “***” ХХК, “***” ХХК-уудын хооронд *** гэрээ хийгдэж ажиллаж эхэлснээс хойших үйл ажиллагааны тооцооллуудыг гаргасан байдаг тул шинжээчийн дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай хамааралгүй хугацааны баримтуудыг оруулж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шинжээч нар удаа дараагийн дүгнэлтүүдэд шаардлагатай бүхий л санхүүгийн баримтуудыг бүрэн хамруулж дүгнэлт гаргасан болох нь хавтаст хэрэгт цугларсан дүгнэлт, тайлангуудаар тогтоогдож байх тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр анхан шатны шүүх уг шинжээчийн дүгнэлт ямар хэдий хугацааны ямар эх сурвалжид үндэслэсэн нь тодорхойгүй тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж дүгнэх боловч шүүх шийдвэртээ уг шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахад яг ямар баримтууд шаардлагатай байгааг тодорхой тусгаагүй, эх сурвалжгүй, эргэлзээтэй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Хөрөнгө завших гэмт хэргийн хохирол, хор уршгийг тооцохдоо яллагдагчийн үйлдсэн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээгээр тооцсон бөгөөд хэрэв шүүх хохирлын зарим хэсгийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд хамаарахгүй гэж үзвэл хохирлыг нэг мөр тогтоож, шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдвол зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх эрх хэмжээ нь шүүхэд олгогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлын нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

Хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч ***ын “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон тушаал шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргээр *** нь тухайн байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж, өөрийн хариуцсан салбар нэгжийн бүхий л асуудлыг шийдвэрлэдэг байсан, мөн зааварчилж, чиглэл өгч ажилладаг байсан болох нь тогтоогдох бөгөөд яллагдагч *** нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “***” ХХК-тай *** тоот “*** гэрээ”-г өөрийн гарын үсгээр зурж байгуулсан, уг гэрээний дагуу зохион байгуулагдсан ажил, арга хэмжээний гүйцэтгэлийг дүгнэх, аян зарлах, шагнаж урамшуулах зэргээр бүхий л асуудлыг өөрийн албан тушаалын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

Яллагдагч *** нь урамшуулал, хөнгөлөлт, идэвхжүүлэлт аянтай холбоотойгоор гадаад улсын харилцагч байгууллагаас “***” ХХК-д ашиглах, зарцуулах эрхийг олгосон санхүүжилтийг өөрийн албан тушаалтын байдлаа ашиглаж, “***” ХХК-д давуу эрх олгож, ашигласан нөхцөл байдал тогтоогдсон.

“***” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал, ерөнхий нягтлан бодогч нар болон байгууллагын гүйцэтгэх захирал байгууллагын санхүүгийн харилцаанд ямар чиг үүрэгтэй оролцдог талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр ялгагдаж харагдахаас гадна, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судлах замаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэртэй танилцахад хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тодруулбал урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримт шинжлэн судлаагүй байхад гэмт хэрэг мөн эсэх талаар дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан, түүнээс гадна хэргийн талаар урьдчилсан дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл бий болж байна.

Анхан шатны шүүх хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн.

Мөн шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй” гэх заалтуудыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2557 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.

...Хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэх асуудал яригдсан. Шүүх эмнэлгийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлт нь эргэлзээтэй, санхүүгийн анхан шатны баримтад үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан талаарх асуудал яригдаж хэрэг буцсан. “***” ХХК-ийн 13 боть санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэж санхүүгийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх шинжээчийн дүгнэлт нь “***” ХХК, “***” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ хийгдэж ажиллаж эхэлснээс хойших үйл ажиллагааны тооцооллуудыг гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай хамааралгүй баримтуудыг оруулж дүгнэлт гаргасан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шинжээч нар удаа дараагийн дүгнэлтүүдэд шаардлагатай бүхий л санхүүгийн баримтуудыг бүрэн хамруулж дүгнэлт гаргасан болох нь хавтаст хэрэгт цугларсан дүгнэлт, тайлангуудаар тогтоогдож байна. Иймд дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь үндэслэлгүй байна. Яллагдагч *** 2018 оноос хойших нотлох баримтыг оролцуулаагүй. 2020 он 04 дүгээр сараас хойш ямар үйл ажиллагаа явуулсан, нотлох баримтад үндэслэж 91,383,668.96 төгрөгийн хохирол гарсан эсэхийг нарийвчлан тогтоосон. Энэ дүгнэлтийг эх сурвалж болгосон талаар дурдсан байдаг. Иймд дахин шинжээч томилох үндэслэл байхгүй. Хэргийн бодит хохирлыг нэг бүрчлэн тогтоосноор хэргийн зүйчлэл яригдах нь зөв, анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтад үндэслэж хэргийн зүйчлэл, хохирлыг тооцож хөнгөрүүлэх эрх байгаа. Санхүү эрхэлсэн захирал, гүйцэтгэгч захирал нар тус бүрийн ажил байдлын тодорхойлолтоор олгосон чиг үүрэгтэй ажилтнууд юм. Хавтаст хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгүүдээр ямар нэг үйлдэл оролцоо байхгүй. Ажлын алдаа дутагдал гаргаагүй гэдгийг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг авагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа буюу шүүгчийн захирамжид дурдагдаж байна. Яллагдаг ***ын өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдлууд, мөрдөн шалгах ажиллагаагаар 4 жилийн хугацаанд хангалтай нотлогдон тогтоогдсон учраас уг ажиллагааг хийх шаардлага байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байгаа бол анхан шатны шүүх хуралдаанаар оролцуулах бүрэн боломжтой. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүгч гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээ бүхий, хэрэгт шинжээчийн дүгнэлт хийсэн баримтыг хавсарган ирүүлээгүй, ерөнхий байдлаар дүгнэсэн гэж хэргийг прокурорт буцаасанд гомдолтой байна. Уг хэрэгт нийт 4 удаагийн аудитын дүгнэлт гарсан байдаг. “***” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр 91,386,294 төгрөгийн хохирол батлагдсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч ***ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр 71,205,493 төгрөг батлагдсан. Гэвч шинжээч *** шинжээч нь ***ын компанийн бараа, материалаас дур мэдэн хувьдаа авч ашигласан 18,159,025 төгрөгийг шалгаагүй орхигдуулсан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч ***, ***, *** нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр 73,958,831 төгрөг гэж хохирлыг дүгнэсэн. *** шинжээчийн орхигдуулсан ***ын хувьдаа авч ашигласан байгууллагын бараа, материалын дүн 18,159,025 төгрөгөөр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Харин Турк аяллын зардал 29,400,000 төгрөгийг хохирогч талаас санхүүгийн холбогдох баримтуудаа ирүүлээгүй гэж дүгнэлт гаргахаас татгалзсан байдаг ба манай компанийн зүгээс холбогдох бүх баримтуудаа эх хувиар нь актаар өгч байсан тул дахин шинжилгээ хийлгэх гомдол гаргасан. Хамгийн сүүлд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч ***, ***, *** нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр 91,383,668 төгрөг гарсан. Энэхүү дүгнэлтээр өмнөх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан Турк аяллын 29,400,000 төгрөгийн зардлын хохирол батлагдсан.

Ийнхүү удаа дараагийн аудитын дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан их хэмжээний хохирол батлагдсаар байхад одоог хүртэл хэргийг шийдэхгүй, прокурорт буцааж байгаад гомдолтой байна. Энэ хэрэгт удаа дараа шинжээч томилж шалгасан тул хохирлыг хангалттай шалгасан гэж үзэж байна.

Шинжээчээс шаардсан санхүүгийн баримтуудыг манай компанийн зүгээс бүгдийг нь эх хувиар нь актаар хүлээлгэн өгч, шалгуулж байсан бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан шиг цаг хугацаа нь тодорхойгүй нэг ч санхүүгийн баримт байхгүй болно. Хавтаст хэрэгт баримт хүлээлцсэн актууд авагдсан байдаг. Иймд энэ хэрэгт дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.

2. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсан урамшуулал нь “***” ХХК-ийн мөнгөн хөрөнгөөр санхүүжигдсэн үү, гадаадын харилцагчийн урамшуулалт хөнгөлөлтөөр санхүүжигдсэн эсэхийг тодруулаагүй” гэжээ. Энэ асуудал нь шинжээчийн дүгнэлтэд “Турк аяллын зардал 29,400,000 төгрөг” гэж тусгагдаад шалгагдсан асуудал юм. Турк улсын *** компани нь манай компанид *** брэндийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор *** группийн Ерөнхийлөгч ***т эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 15,000ам.долларын урамшууллыг олгосон /төлбөрөөс суутгасан/ тул энэ нь манай өмч юм.

“***” компаниас олгосон урамшууллын эрхтэй холбоотойгоор тухайн үед “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ***т борлуулалтын үйл ажиллагаанд ашиглах эрх олгож байгаагүй болно.

Гэтэл *** нь өөрт олгогдоогүй эрхийг ашиглан зарласан хөтөлбөрийн үр дүнгийн гүйцэтгэл нь төлөвлөгөөндөө хүрээгүй байхад “***” ХХК-д 29,400,000 төгрөгийг олгож, манайд хохирол учруулсан. Энэ талаарх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шийдэх боломжтой байхад шүүх хэргийг прокурорт буцааж байгаад гомдолтой байна.

Эцэст нь шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч, шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримтын талаар урьдчилан дүгнэлт хийх ёсгүй атал гэм буруугийн талаар урьдчилан дүгнэлт хийж нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй байж гэмт хэрэг биш гэж дүгнэн хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй юм.

...Яллагдагч *** нь 2018 оноос манай компанид ажилд орсон. Гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн материалаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч нарыг оролцуулах боломжтой. Яллагдагч *** албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн. Манай компанийн бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй. *** хохирлоо өөрийн биеэр өгч албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэндээ уучлалт хүсэж, хохирол төлбөрөө бэлэн мөнгөөр төлсөн. Гэтэл эргээд анхан шатны шүүх дээр ойлгомжгүй зүйл ярьсан. Ийм учраас миний бие өөрийн биеэрээ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Шинжээчийн 4 удаагийн дүгнэлт байна. Хангалттай шинжээчийн дүгнэлт гаргасан учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлага байхгүй. 2 удаа 3 хүний бүрэлдэхүүнтэй, 1 удаа 1 хүний бүрэлдэхүүнтэй нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан. Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. ...”  гэв.

Яллагдагч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээх, цааш нь үргэлжлүүлэн материалыг шалгуулах хүсэлттэй байгаа. Нягтлан бодох бүртгэлийн хуулиар нийт 11 удаагийн тооцоо нийлсэн актуудыг буцаасан. Харилцагчаас ирсэн урамшууллыг захиран зарцуулах хөтөлбөрийг танилцуулсны хүрээнд, санхүүгийн нэг, хоёр дугаар гарын үсэг гэж байгаагүй. Миний бие мөнгө шилжүүлэх эрхгүй байсан. Гэрээ хийсэн үнэн. Гэрээний нөхцөл байдлыг тогтоогоогүй. 2020 оны 01 дүгээр сард “Ковид-19” цар тахал гарсны улмаас гэрээнд хийгдсэн үйл ажиллагаа зогссон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж өнөөдрийг хүртэл шүүж байгааг би ойлгохгүй байна. 4 жилийн хугацаанд шүүх, цагдаагаар явсан цаашид ажил хийх шаардлага гарсан учраас ***ын хэлснээр хохирол төлбөр төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч ***ын өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан байна. Прокуророос шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай хамааралгүй баримтуудыг оруулж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй талаар эсэргүүцэлдээ дурдаж байна. Гэтэл удаа дараа гарсан шинжээчийн дүгнэлт 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны баримтаас шинжилгээ хийж нийт 91,383,668.96 төгрөгийн тооцоо гаргасан. *** нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус компанид гүйцэтгэх захирлын албан тушаал томилогдож, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. ***ыг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдэж 91,383,668.96 төгрөгийн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гаргасан боловч түүний ажил хийгээгүй үеийн хугацааг хамруулж шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайлбал 32 дугаартай дүгнэлтийн “21.1-д 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн баримтын хүрээнд тогтоогдож байна. Мөн 2.1.2 дахь заалтад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны борлуулалтын мэдээ, хоёр талын тооцоо нийлсэн акт зэрэг баримт, материалуудыг үндэслэж тогтоосон, Мөн 2.2. дахь заалтад 100 хувийн хөнгөлөлтэй хөтөлбөрийн гүйцэтгэлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн борлуулалтын менежер н.Батбаяр, гүйцэтгэх захирал н.Алтанчимэг баталж дүгнэсэн. ***ын ажил хийгээгүй үеийн цаг хугацааг хамруулж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. 91,383,668.96 төгрөгийн хохирлыг санхүү эрхэлсэн захирал 15.000.000 төгрөгийн зээлд хамруулсан. Захирлын цохилтоор зээл олгосныг өөрөө завшсан гэж хохирлын тооцоонд оруулж байгаа нь хохирлын хэмжээг бодитой тогтоож чадаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан. Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай, хохирлын хэр хэмжээ үндэслэл бүхий эргэлзээгүй тогтоох шаардлагатай гэх заалт нь үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн хүсэлтээр “***” ХХК-ийн ерөнхий захирал ***, ерөнхий нягтлан бодогч Нарангэрэл нарын и мэйл хаягт үзлэг хийх хүсэлт гаргаж уг хүсэлтийг хүлээж авсан. Уг хүсэлтэд Турк аялал, ХТ болон бусад гадаад санхүүжүүлэлтийн компаниас мөнгө орсон нь харагддаг, гэтэл хохирогч ***, гэрч Нарангэрэл нар нь мэдүүлгүүд зөрүүтэй 15.000 ам доллар орж ирээгүй талаар мэдүүлж байсан, мөн дараагийн мэдүүлгээр 15.000 ам доллар “***” ХХК-ийн өглөг, авлагын тайланд тусгагдсан талаар мэдүүлсэн байдаг. Ийм эргэлзээтэй байдал үүссэн байхад энэ талаар шалгаагүй. Хохирогч *** гомдолдоо *** өөрт олгогдоогүй эрхээ ашиглаж, гарсан хөтөлбөр үр дүндээ хүрээгүй байхад “*** ***” ХХК-д 29.400.000 төгрөг олгож хохирол учруулсан гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд дурдсан. Шинжээчийн дүгнэлтээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *** биш, ажлаас гарсны дараах үеийн захирал дүгнэж уг урамшууллыг олгосон болох нь баримтуудаар тогтоогдож байгаа. Прокурорын эсэргүүцэлд шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хариуцлага талаар хэлэлцээгүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байдаг. Шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн “Нотолбол зохих байдал” гэж заасныг бүрэн тогтоож чадаагүй. Анхан шатны шүүхийн 2557 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч ***ын өмгөөлөгч Ч.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Шинжээчийн дүгнэлтэд “***” ХХК-д хийсэн аудитын дүгнэлт дээр шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт гарсан. Гадны байгууллагаас урамшуулалтай холбоотой баримт шалгаж өгөх талаар гомдол гаргахад прокурорын зүгээс шалгах шаардлагагүй гэж үзсэн. Энэ хэрэгт цагаатгах талын баримт авагдахгүй байгаа. Энэ хэрэг 2 дахь удаагаа урьдчилсан хэлэлцүүлгээр орсон. Эхний асуудал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт хамаарч байгаа эсэх талаарх асуудал тавьсан боловч прокурорын зүгээс шийдвэрлэж өгөөгүй. Энэ нөхцөл байдлаас үүдэж гэм буруугийн тал дээр маргаантай асуудал яригдаж байна. Хохирогч талаас ***ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж ярьж байгаа боловч үндсэндээ “*** ***” ХХК хохирлыг төлж байгаа. Урамшуулал авсан учраас мөнгө гаргаж өгсөн. *** өөртөө ашиг орлого буюу хөрөнгө олж авсан зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ***т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Учир нь, гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Аудитын, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14 дүгээр, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтүүд гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудыг эх хувиар хүлээлцсэн акт, нотлох баримтууд 8, 9 дүгээр хавтаст хэрэгт авагджээ. 

 Хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх нь анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон бүрэн эрх болно.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтойгоос гадна прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан хуулийн агуулгад тус тус нийцнэ.

Өөрөөр хэлбэл, яллагдагч ***т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал бий болсон  тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах хуулийн зохицуулалттай болно.

Иймд, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн ***ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогч ***ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч шийдвэрлэлээ.

Яллагдагч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/2557 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч ***ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангасугай.

2. Яллагдагч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                                         Ц.ОЧ

                          ШҮҮГЧ                                                         С.БОЛОРТУЯА