| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2026/0049/з |
| Дугаар | 119/ШШ2026/0054 |
| Огноо | 2026-09-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 119/ШШ2026/0054
Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ** овгийн **-ын ** /ИБД:**/,
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга /**/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан Баян-Өндөр сумын 2026 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг, ** дүгээр хороолол ** хэсэгт байрлах нэгж талбарын ** дугаартай 809 м.кв газрын ашиглалтын зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий 119/2026/0049/3 дугаар индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, түүний өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, түүний өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нарын 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч ** өөрийн эзэмшлийн 809 мкв газрын зориулалт өөрчлүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхийг Орхон аймгийн Засаг даргад даалгах шаардлагыг гаргасан.
Энэхүү шаардлагатай холбоотойгоор хүсэлтийг шийдвэрлүүлэхийг гэснийг хангаж шийдвэрлүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж тодруулж байна. Тухайлбал, өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа 56 дугаартай Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол гарсантай холбоотойгоор, мөн уг тогтоолыг үндэслэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн нэхэмжлэгчийн газрын зориулалт өөрчлөх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэл байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хариуцагчтай харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь газар эзэмшихтэй холбоотой зөрчлүүдээ арилгах буюу одоо баригдсан байгаа нийтийн зориулалттай орон сууцны доорх газрын хэмжээгээр эзэмшил газрынхаа хэмжээг холбогдох хууль, журмын дагуу нэмэгдүүлэх арга хэмжээг авах, зохих газрын төлбөрийг хуулийн дагуу барагдуулахаар,
2.Нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулинд заасан норм стандартыг хангаж, гаргасан зөрчлөө арилгахаар,
3.Хариуцагч нь дээрх зөрчлүүдийг арилгасны дараа газрын зориулалт өөрчлөн шийдвэрлэх,
3.Эвлэрлийн гэрээгээр гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байхаар талууд сайн дурын үндсэн дээр эвлэрч байна” гэх гэрээг байгуулж, маргаанаа эвлэрлийн журмаар дуусгавар болохоо илэрхийлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, түүний өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар нь “Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан Баян-Өндөр сумын 2026 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг, ** дүгээр хороолол ** хэсэгт байрлах нэгж талбарын ** дугаартай 809 м.кв газрын ашиглалтын зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт дээрх эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцсэн.
Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлон эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус хуульчилсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан **ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох “Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан Баян-Өндөр сумын 2026 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг, ** дүгээр хороолол ** хэсэгт байрлах нэгж талбарын ** дугаартай 809 м.кв газрын ашиглалтын зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, түүний өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нарын 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй бөгөөд гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ