Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 91

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Д.Д-д холбогдох 1826001610092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт Д. Д

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс барааны захын ертөнцийн зүгээр хойд хэсэгт байрлах ******* худалдааны төвийн барааны лангуун дээрээс Т.Б-н эзэмшлийн I PHONE-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймгийн ******* сумын Хүнс барааны захын “*******” худалдааны төв дотор барааны лангуун дээр бараа үзэж байгаад нэг утас олсон. Тэгээд гэртээ авч очоод нөхөртөө хэлтэл манай нөхөр наадах чинь хүний утас байх гээд буцааж аваачиж өгсөн. Би өөр хүн бараа үзэж байгаад орхисон байх гэж бодсон. Хуулийн мэдлэг дутуугаасаа болж ийм хэрэгт холбогдлоо. Би өөрөө сурган хүмүүжүүлэгч хүн. Анх удаа ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээрээ буюу “*******” төвд лангуу дээрээ байж байхад 15 цагийн үед үйлчлүүлэгч С хүн рүү залгах гээд миний утсыг авсан. С миний утсыг өгөлгүй метрийн бараа худалдаж аваад явсан байсан. Би хэсэг хугацааны дараа утсаа санаад С рүү залгатал би наана чинь таны утсыг орхичихжээ гээд буцаж ирээд хайгаад олохгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд манай нөхөр Б-т Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар цэцэрлэгт ажилладаг Д.Д-н нөхөр гэх хүн авч ирж өгсөн байсан. I PHONE-6 маркийн утас бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 700000 төгрөгөөр “Очир хурд” гар утасны дэлгүүрээс манай нөхөр Б авч өгсөн. Миний утас цагаан шаргал өнгөтэй содон шинж тэмдэг гээд байх зүйлгүй шинэ утас байсан. Гар утсаа буцааж авсан тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 5-7 хуудас/,

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээрээ утсаа орхисон байсан учир худалдагч Н /Т.Б/ эгчээс утсаа өгөөч гэж утсыг нь гуйж аваад миний залгасан оёдолчин утсаа авахгүй байхаар нь Н эгчийн утсыг буцааж өгөлгүй бариад хувцас үзэж явж байгаад бараанууд дээр тавиад мартчихсан байсан. Тэгээд тэндээс гарч ажил дээр очоод байж байтал Н эгч утсаар залгаад миний утсыг өгөлгүй явчихсан байна гэхээр нь гэнэт санаад буцаад “*******” худалдааны төв ороод утсыг нь хайгаад олоогүй. Утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд гap утас нь байхгүй болохоор би цагдаад гомдол гаргаж үнэлгээний компаниар үнэлгээ гаргуулсан. Т.Б утсаа буцааж олж авсан гэсэн. /хх-ийн 8-9 хуудас/,

Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай эхнэр Т.Б утсаа ажил дээрээсээ алдсан. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 04-ний өдөр намайг ажил дээрээ буюу “*******” худалдааны төв дотор байхад нэг эрэгтэй хүн орж ирээд манай эгч гэлүү манай хүн гэлүү өчигдөр лангуун дээрээс утас авчихсан байна, буцааж өгөх гэсэн юм гэж хэлээд манай эхнэрийн I PHONE-6 маркийн гар утсыг авч ирж өгчихөөд явсан. /хх-ийн 15 хуудас/,

Гэрч Т.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны орой гэртээ байх үед манай эхнэр Д.Д орой ажлаасаа ирээд “*******” худалдааны төвд явж байгаад бараан дээрээс утас оллоо гээд аваад ирэхээр нь наадах чинь хүний утас байж таараа, буцааж өг гэж хэлээд маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “*******” худалдааны төвд гар утасны эзэнд нь өөрөө аваачиж өгсөн. /хх-ийн 16 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/16 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14, 22-24, 30 хуудас/,

Шүүгдэгч Д.Д-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар цэцэрлэгийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15 тоот, Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36-38 хуудас/,

Шүүгдэгч Д.Д-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүнс барааны зах “*******” худалдааны төвийн барааны лангуун дээрээс хохирогч Т.Б-н эзэмшлийн I PHONE-6 маркийн гар утсыг хулгайлж хохирогч Т.Б-д 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Б-н 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд манай нөхөр Батсуурьт Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар цэцэрлэгт ажилладаг Д.Д-н нөхөр гэх хүн миний I PHONE-6 маркийн гар утсыг авч ирж өгсөн байсан. Гэрч Б.С-н би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээрээ утсаа орхисон байсан учир худалдагч Нямаа /Т.Б/ эгчээс утсаа өгөөч гэж утсыг нь гуйж аваад залгачихаад утсыг нь буцааж өгөлгүй бариад хувцас үзэж явж байгаад бараанууд дээр тавиад мартчихсан байсан. Тэгээд тэндээс гарч ажил дээр очоод байж байтал Н эгч утсаар залгаад миний утсыг өгөлгүй явчихсан байна гэхээр нь гэнэт санаад буцаад “*******” худалдааны төв ороод утсыг нь хайгаад олоогүй. Гэрч Ш.Б-н 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай эхнэр Т.Б утсаа ажил дээрээсээ алдсан. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 04-ний өдөр намайг ажил дээрээ буюу “*******” худалдааны төв дотор байхад нэг эрэгтэй хүн орж ирээд манай хүн өчигдөр лангуун дээрээс утас авчихсан байна, гээд манай эхнэрийн I PHONE-6 маркийн гар утсыг авч ирж өгсөн. Гэрч Т.С-н намайг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны орой гэртээ байх үед манай эхнэр Д.Д орой ажлаасаа ирээд “*******” худалдааны төвд явж байгаад бараан дээрээс утас оллоо гээд аваад ирэхээр нь би наадах чинь хүний утас байж таараа, буцааж өг гэж хэлээд маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “*******” худалдааны төвд гар утасны эзэнд нь өөрөө аваачиж өгсөн гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/16 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Д-д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч Д.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг,

Мөн шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Д.Д-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Д.Д-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Д-д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, мөн шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.