Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/79

 

                                                              ***д холбогдох

                                                        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ундармаа /томилолтоор/,

шүүгдэгч ***,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411003931246 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

***, 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамж мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,

Шүүгдэгч *** нь ***ы фейсбүүк цахим хаягийн нүүр зураг болон фэйсбүүк дэх бусад зургийг ашиглан *** дүүргийн нутаг дэвсгэр, “***” нэртэй цахим тоглоомын газарт байхдаа “***” гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд цахим орчинд “Санхүү өгнө, авна, шалдан зураг бичлэгээ зарна, чат бичээрэй” гэх утга бүхий зар нийтэлж ***ы нэр төр, алдар хүндэд халдсан буюу илт худал мэдээллийг нийтэлж халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж худал мэдээлэл олон нийтэд тараасан,

мөн “***” гэх хуурамч фейсбүүк хаягаас бусад руу “чи миний нүцгэн зургийг авах уу” гэх утгатай чат явуулан хуурч, улмаар иргэн ***эс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *** дүүрэг, *** дугаар хороо, *** дэлгүүр орчимд явж байхдаа 10,000 төгрөг шилжүүлснийг, ***аас 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо, *** тоот гэртээ байхдаа 20,000 төгрөг шилжүүлснийг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***оос *** дүүргийн *** дугаар хороо, *** тоот гэртээ байхдаа 10,000 төгрөг шилжүүлснийг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***оос *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоот гэртээ байхдаа 10,000 төгрөг шилжүүлснийг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ***аас *** дүүргийн *** дугаар хороо, *** тоот гэртээ байхдаа 10,000 төгрөг шилжүүлснийг, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ***оос *** дүүргийн 13 дугаар хороо, *** тоот гэртээ байхдаа 5,000 төгрөг шилжүүлснийг, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ***эс *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод байхдаа 20,000 төгрөг шилжүүлснийг тус тус өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар хүлээн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

*** дүүргийн прокурорын газраас: ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэр төр, алдар хүндэд халдсан буюу илт худал мэдээллийг нийтэлж олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /1 нэгж=1000 төгрөг/ 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хэрэг ерөнхий шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын *** нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эс 20,000 төгрөгийг гаргуулан хохирогч ***д, 10,000 төгрөг гаргуулан хохирогч ***т, 5,000 төгрөг гаргуулан ***од, 10,000 төгрөг гаргуулан ***д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг гар утсыг шүүгдэгч ***д буцаан олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 3 сараар хязгаарлаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Миний бие нь хөгжлийн бэрхшээлтэй, Банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй, ажлаас гарсан байсан. Шинээр ажлын ярилцлагад орсон ба хөдөө ажиллах нөхцөлтэй байгаа тул дээрх гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байгаа болно. Торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би маш их зээлтэй. Зээлтэй холбоотой хэргүүд бүгд шүүх дээр ирсэн байгаа. ...” гэв.

Прокурор Д.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч ***ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ***ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч *** нь ***ы фейсбүүк цахим хаягийн нүүр зураг болон фейсбүүк дэх зургийг ашиглан *** дүүргийн нутаг дэвсгэр дэх “***” нэртэй цахим тоглоомын газарт байхдаа “***” гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд цахим орчинд “Санхүү өгнө, авна, шалдан зураг бичлэгээ зарна, чат бичээрэй” гэх утга бүхий зар нийтэлж ***ы нэр төр, алдар хүндэд халдсан буюу илт худал мэдээллийг нийтэлж халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж худал мэдээлэл олон нийтэд тараасан гэмт хэрэг,

мөн “***” гэх хуурамч фейсбүүк хаягаас бусад руу “чи миний нүцгэн зургийг авах уу” гэх утгатай чат явуулан хуурч, улмаар иргэн ***эс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *** дүүрэг, 3 дугаар хороо, *** дэлгүүр орчимд явж байхдаа 10,000 төгрөг, ***аас 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *** дүүргийн 28 дугаар хороо, *** тоот гэртээ байхдаа 20,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***оос *** дүүргийн *** дугаар хороо, *** тоот гэртээ байхдаа 10,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ***оос *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоот гэртээ байхдаа 10,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ***аас *** дүүргийн *** дугаар хороо, *** тоот гэртээ байхдаа 10,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ***оос *** дүүргийн *** дугаар хороо, *** тоот гэртээ байхдаа 5,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ***эс *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод байхдаа 20,000 төгрөг тус тус шилжүүлснийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар хүлээн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч ***ы “…Миний хувьд фейсбүүк цахим орчинд *** гэсэн хаягийг 4 жилийн өмнөөс эхлэн нээж одоог хүртэл ашиглаж байгаа юм. Би өөрийн фейсбүүкт оруулах нийтэд тохиргоотой хийдэг ба стори зэргийг оруулсан тохиолдолд бас нийтэд тохиргоотой оруулдаг. 2023 оны 11 дүгээр сард миний зургийг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээж бусад руу нүцгэн зураг явуулах, мөн нүцгэн усанд орж байгаа бичлэг зэргийг явуулж Хаан банкны данс байршуулж мөнгө шилжүүлэн аваад байгааг мэдсэн. Тухайн үедээ тоолгүйгээр орхичихсон юм. Тэгсэн чинь сүүлдээ тухайн *** гэх хуурамч хаяг 1 зураг оруулсан байсан чинь сүүлдээ миний зурагнаас нэмж оруулаад байсан. Яг миний үндсэн хаягийг тухайн мөнгө шилжүүлсэн хүмүүс нь заналхийлэх, мөнгөө буцаж авъя гэх зэргээр дайрах болсон. …” /хх 17-19/,

хохирогч ***ийн “...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “***” гэх фейсбүүк хаягаар newsfeed үзэж байхад “нүцгэн бичлэг зарна, миний өөрийн бичлэг шүү гэсэн зар байхаар нь “***” гэх фейсбүүк хаяг руу чат бичиж зураг бичлэгийг авахаар 10,000 төгрөгийг шилжүүлэхэд “***” гэх фейсбүүк хаягтай хүн миний фейсбүүк хаягийг “block” хийгээд алга болсон. …” /хх 24/,

хохирогч ***ын “…2023 оны 10 дугаар сард гэртээ байж байх үед *** гэх фейсбүүк хаягаас чи миний нүцгэн зураг, бичлэгийг худалдаж авах уу гэсэн утга бүхий зурвас ирээд миний бие сонирхож үзэх гээд сонирхъё гээд хариу бичтэл удалгүй *** гэсэн *** гэсэн нэртэй данс ирсэн. Миний бие тухайн данс руу 1 удаа 10,000 төгрөг, ахин нэг удаа 20,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн боловч тухайн *** гэх фейсбүүк хаяг миний фейсбүүк хаягийг блок хийсэн. …” /хх 28/,

хохирогч ***ийн “…2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк хаягаа шалгаж байх үед миний newsfeed дээр нүцгэн бичлэг зарна, миний өөрийн бичлэг шүү гэх зар байсны дагуу өөрийн “***” гэх фейсбүүк хаягаас “***” гэх хаяг руу “энэ ямар учиртай бичлэг вэ, чи өөрөө мөн юм уу” гэж асуухад “өөрийн бичлэг мөн, итгэхгүй байвал би өөрийнхөө нэг зургийг явуулъя” гээд нэг зураг илгээж 10000 төгрөгөөр өөрийн нүцгэн бичлэгийг зарна шүү, чи авах уу гэхээр нь сонирхоод данс руу нь шилжүүлсэн. …” /хх 33/,

хохирогч ***ын “…“нүцгэн бичлэг зарна, миний өөрийн бичлэг шүү” гэсэн зар байхаар нь “***” гэх фейсбүүк хаяг руу чат бичиж зураг бичлэгийг худалдаж авахаар болоод 10,000 төгрөгийг шилжүүлэхэд “***” гэх фейсбүүк хаягтай хүн миний фейсбүүк хаягийг “block” хийгээд алга болсон. ...” /хх 39/,

хохирогч ***ын “…“нүцгэн бичлэг зарна, миний өөрийн бичлэг шүү” гэсэн зар байхаар нь “***” гэх фейсбүүк хаяг руу “ямар учиртай бичлэг вэ, чи өөрөө мөн юм уу” гэхэд итгэхгүй бол нэг зураг явуулъя гээд нэг зураг явуулсан. Би сонирхоод *** гэх эзэмшигчтэй Хаан банкны данс руу 10,000 төгрөгийг шилжүүлэхэд “***” гэх фейсбүүк хаягтай хүн намайг “block” хийгээд алга болсон. ...” /хх 44/,

хохирогч ***ын “...“…“нүцгэн бичлэг зарна, миний өөрийн бичлэг шүү” гэсэн зар байхаар нь “***” гэх фейсбүүк хаяг руу чат бичиж зураг бичлэгийг авахаар 5,000 төгрөгийг шилжүүлэхэд “***” гэх фейсбүүк хаягтай хүн миний фейсбүүк хаягийг “block” хийгээд алга болсон. ...” /хх 49/,

хохирогч ***ийн “...*** фейсбүүк хаягтай хүн “нүцгэн зураг, бичлэг зарна” гэсэн байхаар нь 20,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Тэгтэл “***” фейсбүүк хаягтай хүн намайг блок хийгээд алга болсон. ...” /хх 52/,

шүүгдэгч ***ийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 10 сараас эхлэн “урьд өмнө нь нээгээд ашиглаж байгаагүй фейсбүүк хаягийн нэрийг “***” болгон өөрчлөөд тухайн “***” гэх хаягтай хэрэглэгчийн зургуудыг татаж аваад фейсбүүк хаягт байршуулсан. Би “***” гэх фейсбүүк хаягтай хүнийг танихгүй бөгөөд хөөрхөн охин байхаар зургийг нь ашигласан. Тухайн үед зээл аваад, зээлээ буцаан төлөх боломжгүй болоод мөнгөний хэрэг маш их байсан. Мөнгө хэрхэн олох талаар бодож байсан чинь фейсбүүкийн “санхүү өгнө, авна” гэсэн групп чатанд “зураг, бичлэг” зарна гэсэн худлаа шүү гээд фейсбүүк хаягийг нь байршуулсан байдаг байсан. Тухайн үеэс эхлэн энэ аргаар мөнгө олж болох юм байна гэж бодоод *** гэх фейсбүүк хаягаас “Санхүү өгнө, авна” гэсэн групп чатанд “өөрийн нүцгэн зураг бичлэгийг зарна” гэсэн зарыг байршуулахад хүмүүс худалдаж авъя гээд чат бичээд ороод ирдэг байсан. ...” /хх 184/ гэсэн мэдүүлгүүд,

цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 63-66/, гар утас, жи мэйл, фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 67-81/, “*** дугаартай “***” загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн магадалгаа /хх 88-92/, ***ийн *** дугаартай Хаан банкны депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 96-97/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх 99-130/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч ***ийг “Нэр төр, алдар хүндэд халдсан буюу илт худал мэдээллийг нийтэлж олон нийтэд тараасан”, “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

Шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч ***ийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг ерөнхий шийдвэрлэх тухай хуулийн...” гэж хуулийн нэрийг буруу бичсэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж, 5 дахь заалтад “Шүүгдэгч *** шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотын *** нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.” гэж тус тус зорчих эрх хязгаарлах ял, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ эсэх нь ойлгомжгүй байдлаар бичсэн, мөн шүүгдэгч ***эс хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн зохих заалтыг баримтлаагүй зэрэг хайнга, хариуцлагагүй алдаа гаргасан байна.

Дээрх алдаанууд нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

  Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “Эрүүгийн хэрэг ерөнхий шийдвэрлэх тухай хуулийн...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн...” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын *** дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглохоор тус тус тогтоож, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж,

8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч ***ийн гаргасан ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.          

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА