| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Должинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0076/З |
| Дугаар | 128/ШШ2026/0730 |
| Огноо | 2026-08-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2026/0730
2026 08 13 *******8/ШШ2026/0730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ургийн овогт Б Б (Рд:)
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О (ШТЭ:24*******)
Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А нарын хооронд үүссэн захиргааны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар эцэслэсэн болно. Үүнд:
1.1. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ: “1/Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газрын “Зөвшөөрөлгүй барилгын тухай” 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/ дугаар албан тоотоор мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2/Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг нөхөн олгохыг даалгах тухай” гэж шаардлагаа тодорхойлсон.
1.2. Улмаар нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Маргаан бүхий барилга дээр барилгын хаяг, дугаар олгохыг хариуцагчид даалгах” гэж шаардлагаа нэмэгдүүлдэг.
1.3. Харин 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь “1/СБД-ийн 18 дугаар хороо, 49 дүгээр гудамж, дугаар тоот хаягт байрлах ******* айл өрх бүхий барилга дээр барилгын чанарын дүгнэлт гаргуулах, 2/улсын комисс ажиллуулахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн
Энэхүү өөрчилсөн “улсын комисс ажиллуулахыг даалгах тухай” шаардлагын хүрээнд тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *******8/ШЗ2025/ дугаар шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар Нийслэлийн хяналт шалгалтын газрыг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
1.4. Дахин 2026 оны 04 дүгээр сарын -ны өдөр 1-т “СБД-ийн 18 дугаар хороо, 49 гудамж, тоот хаягт байрлах барилга дээр бүхэлд нь чанарын дүгнэлт гаргуулах”, 2-т “...Улсын комисс ажиллуулахыг хариуцагчид даалгах”, 3-т “...барилга дээр байрны хаяг, дугаар олгуулахыг даалгах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
1.5. Мөн нэхэмжлэгчээс 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 49 дүгээр гудамж, тоот хаягт байрлах ******* айл өрх бүхий үйлчилгээний барилгад Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нөхөж олгохыг даалгах” гэж нэмэгдүүлдэг.
1.6. Шүүхээс нэхэмжлэгчийн дээрх байдлаар тодруулсан болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн *******8/ШЗ2026/ дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авч, цаашлаад шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад товлогдсон шүүх хуралдаан бүрд нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлох болон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн зөрүүтэй байдлыг арилгах боломжийг нэхэмжлэгчид олгож, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан.
1.7. Ингээд нэхэмжлэгч нь сүүлийн байдлаар 2026 оны дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “1/ Хариуцагчийн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байгаа, олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг даалгах, 2/ Барилгын зураг төслийг батлахыг хариуцагчид даалгах” гэж тодруулж, эцэслэсэн.
1.8. Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн тухайд:
2.1.Нэхэмжлэгч, иргэн Б.Бын 2013 оны 02 дугаар сарын -ны өдөр гүйцэтгэх захирлаар нь томилогдсон “Ү ” ХХК[1] нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 18-р хороо, ийн ам гэх газарт 2010 онд “А таун ” хотхон барих ажлын зураг болон эскизийг “Ф-” ХХК-иар хийлгэж, улмаар ажлын зургийг 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн /2011 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулжээ[2].
Тус эскиз болон ажлын зургийг тухайн үеийн Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газрын дарга нар (Э.Х, Н.Н) баталсан байдаг.[3]
2.2. Батлагдсан ажлын зургийг үндэслэн “Ү ” ХХК-д 2011 оны ******* дугаар сарын 05-ны өдөр 401/2011 дүгээр “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг 20******* оны ******* дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар олгожээ[4].
Энэхүү төсөл нь иргэн Б.Бын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны А/*******9 дүгээр захирамжаар олгогдсон *******,278 м2 талбай бүхий Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 49 гудамж, тоот хаягт байрлах газарт хэрэгжсэн байдаг[5].
2.3. Ингээд тус “А таун ” хотхоны барилгыг 20******* оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор барьж дуусгаж, 2013 оны ******* дугаар сарын -ны өдрийн 2013/ дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.[6]
2.4. Харин “Ү ” ХХК-ийн “А таун ” хороололд 20******* оноос эхлэн үйлчилгээтэй орон сууцны барилга нэмэлтээр барих ажлын зургийг “Ф-[7]” ХХК-иар хийлгэж, улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Боос “2010 онд батлагдсан зураг төсөлд өөрчлөлт орж, үйлчилгээтэй орон сууц нэмэгдсэн” гэх үндэслэлээр тухайн зураг төсөлд өөрчлөлт хийлгэх хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан байна[8].
2.5. Хот байгуулалт, хөгжлийн газар буюу одоогийн хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан асуудлаар Төлөвлөлтийн талбайн схем зургийг гаргаж, эргэлтийн цэгүүдийн солбицлыг тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталгаажуулжээ[9].
2.6. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчид маргаан бүхий барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх, хаяг дугаар олгуулах асуудлаар хандаж, харин хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01-05/373 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/ дугаар албан бичгээр тус тус татгалзсан хариуг өгсөн байна[10].
2.7. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх татгалзлыг эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандсан ба тус хүсэлтийн дагуу Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны ******* дугаар сарын 02-ны өдөр татгалзсан хариу өгчээ.[11]
2.8. Иймээс иргэн Б.Б нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2025 оны *******8/ШЗ2025/ дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.
Гурав. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...“Ү ” ХХК нь "А Town House" хотхоны СБД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа , нэгж талбарын дугаартай газарт баригдсан үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгад хаяг, дугаар авах, мөн дутуу барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар 2020 оноос хойш хөөцөлдөж явж байгаа билээ. Уг хотхоны төслийн зургийг 2010 онд "Ф-" ХХК хийж, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд УБ хотын ерөнхий архитектор Н.Н баталсан. 2011.*******.05 өдөр барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргээ хуулийн дагуу авч "А таун хотхон"-ы барилга угсралтын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулсан. 13 жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан "А таун хотхон"-доо үйлчилгээний барилгын зураг төслийг хуулийн дагуу баталгаажуулж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинээр авахаар бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хотын стандартын газарт өгсөн. Гэтэл "Зөвшөөрөлгүй барилгын тухай" гээд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/ дугаартай албан тоотоор хариу өгснийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үл зөвшөөрч байна. Иргэн Б.Б миний нэр дээр дурдсан хотхоны газрын эзэмших эрхийн гэрчилгээ нь бүртгэлтэй байдаг учир хотхоны барилга баригдаж байх 20******* онд оршин суугчид хотхон дотроо худалдаа үйлчилгээний төвтэй болгох хүсэлт гаргасны дагуу 20*******- 2013 онд зураг төслийн компанитай зөвшилцөн батлагдсан зурагт өөрчлөлт оруулан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн. Гэтэл энэ үеэр манай хотхоны ойролцоох хашааны оршин суугч барилгын түр хашааг авто зам руу ойртуулан барьсан, цахилгааны өндөр хүчдэлийн шугамыг стандартын дагуу угсраагүй хотхоны эдэлбэр газрыг тойруулан блокон хашаа барихдаа үерийн ус урсах голдирлыг хаасан гэх гомдлыг Мэргэжлийн хяналтын газарт өгсөн байсан. Энэ дагуу манай компанийн зураг төсөл, зохих зөвшөөрөл, газрын асуудалд ямар нэгэн зөрчилгүйг холбогдох газрууд шалгаж, зөрчилгүй талаар 20******* оны 11 дүгээр *******-ны өдрийн //2*******1 дугаартай Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 02-07-/ дугаартай Улсын ахлах байцаагчийн өөр нэгэн зөрчил арилгуулах албан шаардлага ирснийг бүрэн биелүүлж, зөрчлийг арилган, гүйцэтгэлийг баримтжуулан фото зурагтай нь хавсарган албан бичиг хүргүүлэхэд Мэргэжлийн хяналтын газраас ирж шалган Улсын ахлах байцаагчийн 2015 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн 02-07-/ дугаартай "Зөрчил арилсан” албан тоот бичиг ирүүлж, энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэж дууссан. Ийнхүү барилгын зураг төсөл, зохих зөвшөөрөл, газрын асуудалд ямар нэгэн зөрчилгүй, иргэн, байгууллагын эрх, ашгийг зөрчөөгүй гэдэг нь батлагдаж, нотлогдсон тул Нийслэлийн барилга Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт зураг төслийн өөрчлөлт хийлгэхээр манай байгууллага хүсэлтээ гаргасан юм. Гэтэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Хот байгуулалт, хотын стандартын газар нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/ тоот албан бичгээр ирүүлсэн хариундаа "... 20*******-2013 онд оршин суугчдын хүсэлтээр худалдаа, үйлчилгээтэй төв барихаар зураг төслийг өөрчилсөн боловч Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна.", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д "барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;", 40 дүгээр зүйлийн 40.1.*******-д барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх" заалтуудыг тус тус зөрчин 2 блок барилгын угсралтын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж, 1 блок барилгыг орон сууцны зориулалтаар иргэдэд ашиглуулж байна. Иймд Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7 дугаар зүйлийн 7.2 "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно" гэсэн заалтын дагуу манай байгууллагаас барилгын ажлын үе шатны зөвшөөрлийг нөхөж олгох боломжгүй байгааг үүгээр уламжилж байна." гэжээ. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д "Барилга байгууламжийн үндсэн бүтцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна." гэж заасан. Тухайн үед оршин суугчид худалдаа үйлчилгээний төвтэй болох хүсэлт гаргасны дагуу манай компани зураг төслийн компанитайгаа зөвшилцөн батлагдсан зураг төсөлд өөрчлөлт оруулан хуулийн дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ерөнхий төлөвлөгөөний газраар зөвшөөрлөө хөөцөлдөж, Нийслэлийн барилга Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт барилгын зураг төслийн өөрчлөлт хийлгэхээр хүсэлтээ гаргасан боловч манай компанийн зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. дахь хэсэгт "Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана:", 27.3.1-д "хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй;", 27.3.2-д "зураг төсөлд магадлал хийгдээгүй;" 27.3.3-д "энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон”, 37.1.3-т "барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, дугаартай Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Хот байгуулалт, хотын түүнд заасан нөхцөлийг биелүүлэх" гэж заасан байдаг. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/ стандартын газрын "Зөвшөөрөлгүй барилгын тухай албан тоотоор барилгын ажлын үе шатны зөвшөөрлийг нөхөж олгох боломжгүй гэж тайлбар ирүүлсэн нь хуулийн хувьд үндэслэлгүй юм. Нийслэлийн барилга Хот байгуулалт, хотын стандартын газар нь манай байгууллагын барилгын өөрчлөлтийн зураг төслийг маань хэлэлцүүлэхгүй, архитектур төлөвлөлтийн даалгавраа бүрэн эхээр нь авах гэсэн боловч өгдөггүй, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/ дугаартай Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Хот байгуулалт, хотын стандартын газрын “Зөвшөөрөлгүй барилгын тухай" албан тоот нь бидний хууль ёсны эрхийг зөрчиж, манай барилгын үйл ажиллагаа зогсож, өөрчлөлтийн зураг төсөл хурлаар орохгүй саатаж, мөн санхүү эдийн засгийн хувьд ч хүнд байдалд оруулж, захиалагч нар болон манай компани хохирч байгаа ба бид уг асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах" эрхийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дээд шатны байгууллага болох Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Н*******т гомдол гаргасан. ... Иргэн миний бие уг барилга баригдсан газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн барилгыг барьж буй "Ү " ХХК нь миний үүсгэн байгуулсан 1 гишүүнтэй компани. Одоо энэ газар дээр баригдсан 50 айлын таун хотхоны 200 гаруй оршин суугчдын эрх ашгийн төлөө баригдаж байгаа барилга дээр архитектур төлөвлөлтийн даалгавар авч ажлыг дуусгах шаардлагатай байгаа болно. ...Захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгч болон байр захиалагч иргэд, оршин суугч нарт хууль ёсоор авсан үл хөдлөх эд хөрөнгийнх нь өмчлөх эрхийн гэрчилгээ олгож чадахгүйд хүрч, олон иргэдийн эрх зөрчигдөж байгаа болно. Захиргааны байгууллагын хууль бус акт нь захиргааны байгууллагын удирдлага, албан хаагч олон удаа солигдож, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо муутай байснаас болсон гэж үзэж байна. ...” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2026 оны дугаар сарын 25-ны өдөр тодруулахдаа: “Хариуцагчийн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байгаа, олгохоос татгалзсан нь нь хууль бус болохыг тогтоож, Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг даалгах, барилгын загвар зураг төслийг батлахыг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн талаар. ...Нэхэмжлэгч нь анх өөрсдийн нийт эзэмшил газрын төлөвлөлтийн хүрээнд буюу "А таун хотхон"-ы хэмжээнд төлөвлөж одоогийн маргаан бүхий барилгад Архитектур төлөвлөлтийн даалгавар авахаар хүсэлтээ өгсөн. Гэтэл манай гаргасан хүсэлтийг бүрэн ойлгохгүйгээр 70х30 хэмжээний шаардлага хангахгүй гэж үзэж татгалзаад байсан. Манай хүсэлт гаргасан асуудал нь "А таун хотхон”-той нэг төлөвтэй байсан, нийт эзэмшил газрын хэмжээнд тооцсон асуудал байсан. Гэтэл одоо баригдах барилгын хэмжээнд газрын хэмжээг тооцож татгалзсан нь буруу байсан болно. Хот байгуулалт, хотын стандартын газрын Зөвшөөрөлгүй барилгын тухай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/ дугаартай албан тоотоор мэдэгдсэн шийдвэр нь хууль бус юм. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар нь нэхэмжлэгч Б.Бын 20*******-2013 онд өөрчлөлт оруулсан зураг төслийг үндэслэн барилгын солбицлын цэгийг шинээр тогтоож, Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтыг олгосон атлаа Архитектур төлөвлөлтийн даалгаврыг эцэслэн бүрэн олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 49 дүгээр гудамж, тоот хаягт байрлах ******* айл өрх бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгад Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нөхөж бүрэн олгохыг даалгах үндэстэй. Хариуцагч өөрчилсөн зураг төслийг хүлээн зөвшөөрч солбицлын цэг тогтоосон, даалгаврын хавсралтыг олгосон. Энэ нь зөвшөөрөл олгох үйл ажиллагааг эхлүүлсэн боловч дуусгаагүй, захиргааны байгууллагын дутуу үйл ажиллагаа мөн. Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, шуурхай байх, үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн. Маргаан бүхий, зөвшөөрөлгүй баригдсан гэх уг үйлчилгээтэй ******* айл өрх бүхий барилга нь нэхэмжлэгч Б.Б миний барьж, хэрэгжүүлсэн "А таун хотхон"-ы үргэлжлэл, үлдсэн 2 блок барилга бөгөөд анх 2010 онд "Ф-" ХХК зураг төсвийг нь хийж, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар баталж, 2011.*******.05-ны өдөр барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу эхэлж байсан, харин уг барилгыг баригдах явцад үйлчилгээтэй барилга болгохоор болж, 20******* онд зураг төсөв өөрчлөгдсөн юм. Уг өөрчлөгдсөн зураг төсвөө батлуулж, архитектур төлөвлөлтийн даалгавар шинээр авахаар холбогдох зураг төсөв, бичиг баримтаа хариуцагч байгууллагад өгсөн боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар энэ хугацаанд үйлчилгээтэй барилга баригдаж дууссан юм. Иймд уг барилгыг огт зураг төсөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, зөвшөөрөлгүй баригдсан гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч байгууллагыг бидэнд архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт олгоход нь зөвшөөрөл өглөө гэж ойлгосон, гэтэл хавсралт нь байсан. Бид зөвшөөрлөө аваад ажлаа хийсэн. Гэтэл асуудал үүссэн. Бидэнд архитектур төлөвлөлтийн даалгаврын эхний хуудсыг өгөх ёстой буюу архитектур төлөвлөлтийн даалгаврыг гүйцээж өгөх ёстой гэж маргаж байгаа...” гэжээ.
3.3. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зураг төсвөө өөрчилж батлуулах хүсэлт гаргаж байсан гэдгийг хариуцагч зөвшөөрдөг. 2 нэгж талбар дээр өөрчлөлт орж байгаа юм байна, 2 нэгж талбараа 100% гэж үзвэл 60 хувьд нь барилга, 20 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь зогсоол байх ёстой гэдэг шаардлага тавиад байгаа. Тийм учраас 2 нэгж талбар дээрээ барилга төлөвлөсөн. Гэтэл барилгын 2 нэгж талбар зөвхөн хоёрхон нэгж талбар биш. Энэ бол бүхэлдээ хотхон. Энэ бүхэл том зургаараа ногоон байгууламж зогсоолыг бүгдийг нь шийдчихсэн. Тийм учраас 2 нэгж талбар дээр 60 хувьд нь байшин барь, 20 хувьд нь ногоон зогсоол барь, 20 хувьд нь ногоон байгууламж барь гэвэл ойлгохгүй байна. 1,3 га газар дээр барьж байгаа төсөл дээр ногоон байгууламж, зогсоол нь шийдэгдчихсэн байж байгаа. Байшин барьж байгаа 2 нэгж талбарын тухайд бусад ногоон байгууламж өөр хүмүүсийн газар байсан бол өөр. Б.Б гэдэг хүний газар дээр барилгаа барьж байгаа. Тэгээд бүхэлдээ нэгж талбар, төлөвлөлт дээрээ зогсоолоо бүрэн шийдчихсэн байгаа. Хариуцагч байгууллагын өөрийнх нь шаардлагаар 2 газраа тусад нь болго гэнгүүт нь тусад нь болгочихсон чинь ногоон байгууламж, 40% нь зогсоол байх ёстой гэдэг юм яриад байгаа. Нэг л хүний газар дээр 40% байтугай ногоон байгууламж, зогсоолоо шийдчихсэн байгаа. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс 2 нэгж талбарыг тусад нь гаргаад өг гээд гаргаад өгүүлчихсэн. Хариуцагч байгууллага маргаан бүхий объектын харилцааг ерөнхий төлөвлөлтөөс нь салгаж яриад байгаа. Зөвхөн нэгж талбарын хэмжээнд явцуугаас л дүгнэлт хийгээд байна. Хоёрхон нэгж талбар дээр яаж 60/40 харьцаа гэх юм. Тэгэхээр нэгэнт өөрсдийнхөө байгууллагын баталсан хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөлтийн хэмжээнд нь л асуудлаа ярих ёстой. Тэгэхээр ерөнхий төлөвлөлтөөс нь салгаад, 2 нэгж талбарын хэмжээнд явцуу болж үзэж байгаа нь буруу. Анхнаасаа тусдаа бие даасан барилга байсан бол өөр хэрэг. Батлагдсан зураг төсвийн дагуу явж байгаа төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа барилга байгаа. Тэгэхээр ногоон байгууламж, нийт хотхоны хэмжээнд зогсоол, ногоон байгууламжийн хувьд тавигдаж байгаа 20/20 гэдэг шаардлагыг ерөнхий төлөвлөлтийн байдлаар л хангаж байгаа. Хариуцагч байгууллага эргэлтийн цэг тогтоосон хавсралтыг архитектур төлөвлөлтийн даалгавар биш гэж үндэслэлгүй зүйл ярьж байна. Тухайн бичиг дээр чинь архитектур төлөвлөлтийн даалгаврыг хавсралт гээд бичсэн байгаа. Эргэлтийн цэг гээд бичиг өгчихсөн бол бид нар буруу ойлгохгүй байсан. Хариуцагч байгууллага хариуцлагагүйгээр иргэний хууль ёсны итгэлийг нь алдагдуулж байна. Захиргааны байгууллага зөвшөөрөл олгох процессоо эхлүүлчихсэн, албан ёсны бичиг баримтыг хавсралтаа өгчихсөн хэр нь архитектур төлөвлөлтийн даалгавар биш гэж байгаа нь хууль ёсны итгэлийг алдагдуулж байна. Төрийн байгууллага биднийг дур мэдэн барьсан гэж байгаа. Энэ барилга 1,4 га 7000 м2 газар дээрээ барилгын зураг төсвөө батлуулаад, архитектур төлөвлөлтийн даалгавраа аваад барилгын ажил эхлүүлээд ерөнхий төлөвлөлтөө батлуулсан барилгыг өмнөх хүмүүс нь халагдаж солигдоод дараагийн орж ирсэн хүмүүс нь ийм хариуцлагагүй үг хэлж байгаа юм. Ийм байдлаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа явж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм болохоор хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Иргэн гомдол гаргасан маргааны шийдвэр хүртэл шийдэх боломжгүй гэсэн ч 2015 онд зөрчил арилсан тухай улсын байцаагчийн шийдвэр ирчихсэн байхад хариуцагч байгууллага зөрчлөө арилгаад шийдвэрээ гаргах ёстой байсан гэж үзэж байгаа. ******* айлыг дүрэм журмыг нь бариад оруулаагүй явсан бол өнөөдөр би залилан мэхлэгч болчихсон явж байх ёстой байсан. Тэгэхгүйн тулд бид нар үндсэн хийц, каркас суурь тухайн үед зөвшөөрөгдчихсөн байсан зураг төслөө бариад барилгаа үргэлжлүүлж болно гэсэн шийдвэрийг сонсоод зураг төслийн компанийн захирал, ерөнхий архитектур нарынхаа үгээр барилгаа бариад явж байсан. Дунд нь гацаж 7 жил болсон. Гүйцээж бариад айлуудаа оруулахгүй бол хүнд байдалд орсон. Үүнийхээ дагуу бичиг баримтаа бариад хөөцөлдсөн. Хот байгуулалт, хотын стандартын газраар олон удаа яваад захиргааны байгууллагын зөвлөсний дагуу бүх юмнуудаа хийгээд бүрдүүлээд явсан. Тэгээд хавсралт өгсний дагуу 2023 онд ******* айлаа ашиглалтад оруулаад 2023 оноос хойш амьдарч байгаа. Тухайн оршин суугчдын эрх зөрчигдөж байгаа, үл хөдлөхийн гэрчилгээ авч чадахгүй байгаа, хаяг дугаар авч чадахгүй байгаа бүртгэл хийгдэхгүй маш хүнд нөхцөл байдал яваад байгаа юм. Захиргааны байгууллагын үе үеийн ажиллаж байсан ажилтнуудын солигдсон асуудал байгаа. Тухайн үед зураг төслийг нь батлаад өгчихсөн байсан бол бүх юм ном журмаар явах байсан. Тэр зураг төслийг нь Ф арт компани батлуулах гэж зөндөө явсан. Үйлчилгээтэй барилга гээд батлагдчихсан тамга тэмдэгтэй магадлал хийгдчихсэн, барилга нь байгаа. Бид нар түүнийг үйлчилгээтэй орон сууц болгож өөрчилсөн, дээрээс нь ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн, ******* айлын таун байсныг үйлчилгээтэй орон сууц болгож өөрчилсөн. Энийг нь бүгд хүлээн зөвшөөрөхөд тухайн үед улс төр орж энэ асуудлыг гацаасан байгаа. Тухайн үеийн манай хорооны Сүхбаатар дүүргийг хариуцсан архитектурын гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байгаа. Иймд зөв талд нь шийдэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэв.
Дөрөв. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...1/Иргэн Б.Б "Ү " ХХК-ийн нэр дээр 2010 онд 1-ээс ******* дугаарлалт бүхий таун барилгын төлөвлөлт бүхий Загвар зураг батлуулж байсан байна. 2/Иргэн Б.Б 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барилга, байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврын схем зургийн эргэлтийн цэгийн солбицол өөрчлүүлэх хүсэлт гаргаж тус газраас 1-ээс 10 хүртэл дугаарлалт бүхий эргэлтийн цэгтэй төлөвлөлтийн талбайн зураг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон байна. 3/Нэхэмжлэгч нь тус газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Зөвшөөрөлгүй барилгын тухай" 01/ дугаар албан бичгийг хүчингүй болгож Архитектур төлөвлөлтийн даалгавар нөхөж олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан байна. Тус газраас өсөн хариу нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 "Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна", 37 дугаар зүйлийн 37.1.3 "захиалагч барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх", 40 дүгээр зүйлийн 40.1.******* дахь заалт "барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх", Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7.2 дахь хэсэг (Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно) гэсэн заалтууд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа заалтуудыг үндэслэн хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно" гэж заасныг зөрчин орон сууцны зориулалтаар зураг төсөл батлагдаагүй, магадлал хийгдээгүй, зөвшөөрөлгүй барьсан барилгыг иргэдэд ашиглуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.” гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б нь Ү компанийн нэр дээр 2010 онд барилгын төлөвлөлтийг батлуулж тэнд Аан таун ыг барьж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулахдаа 2010 оны батлагдчихсан төсөлд өөрчлөлт оруулж, үйлчилгээтэй орон сууц болгон нэмэгдүүлэн түүнийгээ өөрчлүүлэх гэж оруулж ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус газарт гаргасан барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврын схем зураг, эргэлтийн цэгийн солбилцолд өөрчлөлт оруулах хүсэлтийг хяналтын хуудсыг бөглөн гаргасан хүсэлт дээрээ нотлогддог. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороон дээр 146314610, 146314611 гэсэн 2 нэгж талбарын дугаартай газар дээр үйлчилгээтэй орон сууцын барилга зураг төслийг батлуулахаар хүсэлт гарган оруулж ирсэн байна. Нэгж талбарын дугаар дээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг хавсралтыг олгосон гээд байгаа. Хүсэлт гаргагч нь хорооны батлагдсан зураг төсөлд өөрчлөлт оруулж үйлчилгээтэй орон сууцын нэмэлт өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасныхаа дагуу эргэлтийн цэгүүдийг барилга барих талбайг тодорхойлж өөрчлөлт оруулж ашиглагдаж байсан даалгаврыг бас хавсралт дээр эргэлтийн цэгүүдээр баталгаажуулж иргэнд олгосон байдаг. Энэ нь архитектур төлөвлөлтийн даалгавар биш. Архитектур төлөвлөлтийн даалгавартай хамаарахгүй. Иргэн маань шүүхэд эрх ашгаа сэрээлэхээр хүсэлт гаргасан. Хамгийн сүүлийн байдлаар болохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор оруулж ирсэн байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахдаа тодорхой хууль болон дүрэм журамд нийцүүлэн шаардсан шаардлага бүрдүүлбэрийг ханган хүсэлт гаргах ёстой. Иргэн нь бол тухайн газар дээр барилгаа барьчихсаны дараа даалгаврыг нөхөн гаргуулахаар хүсэлт гаргасан болохоор хуульд нийцэхгүй байгаа. Барилгын тухай хуулийн *******.8-т барилга байгууламжид зураг төсөл нь хот, тосгоны байгууллагын ерөнхий төлөвлөгөө бол хэсэгчилсэн хөтөлбөр, төлөвлөгөөний шийдлүүд олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбайн тухайн газрын 60%-аас доошгүй барилгажуулахаар нийт газар нутгийн 20-оос доошгүй хувьд нь ногоон байгууламж, байгууламж 20-оос доошгүй хувьд нь зогсоол байна гэж хуульчилсан. Нэхэмжлэл гаргагч нь 2023 оноос өмнөх хүсэлт гаргасан болбол энэ барилгажих талбай 70%-аас ихгүй байна гэсэн заалтад хамаарна. Гэтэл шаардлагыг хүсэлт гаргагчийн 2 нэгж талбарын дугаартай нэг талбай хангахгүй байгаа юм. 2-т тухайн нэгж талбар дээр барилгыг дүүргэж төлөвлөөд 20% цэцэрлэг, ногоон байгууламж 20 хувьд нь авто зогсоол гэсээр энэ шаардлага хангагдахгүй яваад байна. Тиймээс архитектур төлөвлөлтийн даалгаврыг тухайн нэгж талбарын дугааруудтай уялдах боломжгүй. Хуулийн тодорхой шаардлагуудыг хангахгүй байгаа учраас иргэн Б.Б нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйл, 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг хангалгүй, барилгын ажлыг гүйцэтгэсэн. Энэ нь архитектур төлөвлөлтийн үе шатын даалгавруудыг авах, мөн эргэлтийн цэгийг тогтоолгох, мөн барилгын загвар зургийг батлуулах, барилга шинээр барих ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гаргуулахгүйгээр барилгыг дур мэдэн барьж ашиглалтад оруулж, тухайн үе шатын зөвшөөрлүүдийг нөхөн авахаар шүүхэд хандаад байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үнэлээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Нэг. “Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын хүрээнд:
1.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтэд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/ дугаар “Зөвшөөрөлгүй барилгын тухай” албан бичгээр дараах агуулга бүхий хариуг хүргүүлсэн байна[*******].
Ингэхдээ “...20*******-2013 онд оршин суугчдын хүсэлтээр худалдаа, үйлчилгээтэй төв барихаар зураг төслийг өөрчилсөн боловч Барилгын тухай хууль (20*******.02.05)-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж тус тус заасныг зөрчиж, 2 блок барилгын угсралтын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж, 1 блок барилгыг орон сууцны зориулалтаар иргэдэд ашиглуулсан” гэж нэхэмжлэгчийн маргаан бүхий барилгын үе шатны зөвшөөрлийг олгохоос татгалздаг.
Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хариуцагчийн 2024 оны 01/ дугаар албан бичиг нь татгалзсан захиргааны акт болно.
1.2. Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны А/*******9 дүгээр захирамжаар тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 49 гудамж, тоот хаягт нийт *******,278 м2 талбай бүхий газрыг иргэн Б.Бод эзэмших эрх олгосон байдаг.
Тухайн газарт “Ү ” ХХК (гүйцэтгэх захирал, эцсийн хувьцаа эзэмшигч нь иргэн Б.Б) нь “А таун хотхон” төслийг 2010 онд барихаар төлөвлөж, тус төслийн ажлын зураг болон эскиз зургийг эрх бүхий албан тушаалтнаар батлуулж, 2011 оны 596/2011 дүгээр магадлалын дүгнэлт гаргуулсан[13].
Улмаар “Ү ” ХХК-д Нийгмийн мэргэжлийн хяналтын газраас 2011 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 401/2011 дүгээр “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2 давхар ******* орон сууцны барилга, үйлчилгээний 3 давхар зоорьгүй барилгад” гэж олгожээ[14].
Мөн “А таун хотхон” төсөл нь анхнаасаа үйлчилгээ болон орон сууцны зориулалттай ажлын зураг батлагдсан талаар тухайн үеийн ажил хариуцсан албан хаагч Д.*******-*******ын мэдүүлэг болон батлагдсан ажлын зураг, магадлалын дүгнэлтээр тус тус нотлогдож байх тул “дан ганц орон сууцны барилгын ажлын зураг байсан боловч үйлчилгээний барилга нэмэгдсэн нь шинээр ажлын даалгавар, үе шатны зөвшөөрөл авна” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
1.3. Нөгөө талаараа, “Ү ” ХХК нь 20******* оноос эхлэн “Ф-” ХХК-иар 2010 онд батлагдсан ажлын болон эскиз зурагтаа одоогийн маргаан бүхий өөрчлөлтийг оруулахаар зураг төсөл боловсруулж, тухайн үед ажил хариуцсан төрийн албан хаагч нартай уулзалт хийж байсан нь гэрч Д.*******-*******, Б.О******* нарын мэдүүлгээр тогтоогддог.
Харин тус өөрчлөлт нь иргэн Г.Ч*******ын өргөдөл, гомдлын дагуу үүссэн маргааныг шийдвэрлэхтэй холбоотойгоор 20*******-2015 оны хооронд зогсож[15], ингээд 20******* оноос эхлэн нэхэмжлэгчийн тухайн нэмэлтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан барилгын төсөлд ногдох 917 м2 талбай бүхий газарт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 63[*******] дугаар тогтоол, Улаанбаатар хотын төлөвлөлтийн хойд бүсийн “Д******* нэгж хороолол”-ын 2020 он хүртэл хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөд[17] “Үйлчилгээтэй орон сууц”-ны төслийг хэрэгжүүлэхээр тусгагдсан нь эдгээр хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, хариуцагчийн албан бичгээр тус тус нотлогдож байна.
1.4. Цаашлаад нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн *******278 м2 талбайд газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг гаргуулж[18], үүнээс маргаан бүхий барилгад ногдох 1/ нэгж талбарын дугаар бүхий 405[19] м.кв газрыг гэр, орон сууц хашааны зориулалтаар, нэгж талбарын дугаар бүхий 5*******[20] м.кв талбайг мөн зориулалтаар тус тус салгаж, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийг гэрчилгээ авчээ.
Нэхэмжлэгчээс тухайн үеийн Хот байгуулалт, хотын хөгжлийн газарт 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “2010 оны батлагдсан зураг төсөлд өөрчлөлт орж, үйлчилгээтэй орон сууц нэмэгдсэн” гэх үндэслэлээр газрын солбицол өөрчлүүлэх хүсэлт гаргаж, улмаар Нийслэлийн Ерөнхий архитектур Б.Тулга нь “Барилга, байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврын схем зургийн эргэлтийн цэгийн солбицол өөрчлүүлэх хүсэлтийн хяналтын хуудас”-т тус хүсэлтийг зөвшөөрч, гарын үсэг зурсан байна[21]. Мөн “Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт” гэж, Төлөвлөлтийн талбайн схем зургийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан[22] ба ингэхдээ нийт төлөвлөж буй талбайн солбицол, одоо байгаа нийт талбайд буюу 1,2 га газарт байгаа барилгын талбай болон авто зам, талбайн мэдээллүүдийг тусгаж, баталгаажуулжээ.
Хариуцагчийн уг хавсралт нь 2023 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 20******* оны 108 дугаар тогтоолын хавсралт “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.3-т заасан “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т тавигдах шаардлагатай нийцэхгүй байх тул Барилга, байгууламжийн архитектур төлөвлөлтийн талбайн схем зургаар солбицол баталгаажуулсныг маргаан бүхий барилгад хамаарах архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлагдсан гэж үзэх боломжгүй.
1.5. Үүнээс дүгнэхэд, 2010-2025 оныг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс үл шалтгаалах нөхцөл байдал, мөн захиргааны байгууллагын хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх” зарчмыг зөрчсөн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан иргэний “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим үйлчлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Тодруулбал, ““Ү ” ХХК-ийн анхны төсөл нь орон сууц болон үйлчилгээний зориулалтаар олгогдсон, түүнчлэн 2017 онд Нийслэлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн нэмэлтээр хэрэгжүүлэхээр маргаан бүхий төслийг тусгасан, мөн 2023 онд архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт гэх солбицлыг тогтоож, эрх бүхий этгээд тус өөрчлөлтийг зөвшөөрсөн” зэрэг нөхцөл байдал нь иргэн Б.Бын тухайн барилгыг барих, ашиглалтад оруулахад нөлөөлсөн буюу хууль ёсны итгэлийг бий болгосон байна.
1.6. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хот байгуулалтын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь …барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.” гэснийг нийт эдэлбэр газарт хамааруулан үзэхэд нэхэмжлэгчийн төсөл хангахгүй байгаа тул мөн архитектур төлөвлөлтийн даалгавар олгох боломжгүй” гэж тайлбар өгдөг.
Харин нэхэмжлэгчийн 2010 оноос эхлүүлсэн “А таун хотхон” буюу үйлчилгээтэй орон сууцны төсөл нь нийт *******,278 м2 талбай газарт хэрэгжиж байгаа ба тухайн үед батлагдсан эскиз болон ажлын зурагт өөрчлөлт оруулах замаар нэмэлт төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч илэрхийлсэн байдаг тул хариуцагч нь эхний ээлжинд нэхэмжлэгчийн хүсэл зориг, бодит нөхцөл байдлыг тогтоох буюу шинээр, нэмэлтээр эсхүл өмнөх төслөө өөрчлөн хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулж, улмаар төсөл хэрэгжих нийт газрын хэмжээг зөв тодорхойлж, түүнээс хуульд заасан харгалзах хувийг хэрхэн тооцохыг шийдвэрлэх ёстой.
Гэтэл шууд нэмэлтээр барих барилгад ногдох 917 м2 талбайгаас тооцож, 60 хувьд барилга, 20 хувьд зам, 20 хувьд ногоон байгууламж байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
1.7. Иймд, хариуцагчийн 2026 оны 01/ дугаар албан бичгээр “барилгын үе шатны зөвшөөрлийг олгох буюу барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар олгох”-оос Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй, хууль бус захиргааны акт гэж шүүхээс үзлээ.
Хоёр. “Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилгын зураг төслийг батлахыг хариуцагчид даалгах” шаардлагын хүрээнд:
2.1. Нэхэмжлэгчийн А таун хорооллын “Үйлчилгээтэй орон сууцны барилга”-ын ажлын зургийг 20******* оны 02 дугаар сард “Ф-” ХХК нь боловсруулж, 20******* онд *******_А-*******/******* дугаар зургийн шифртэй төсөл нь хэргийн материалд авагдсан байдаг.
Харин Барилгын тухай хуулийн ******* дугаар зүйлд “Барилгын зураг төсөлд тавигдах шаардлага” болон Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 211 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 2-4 дүгээр бүлэгт заасан шаардлагыг тус баригдсан барилга нь одоо хангасан эсэхийг хянаж, нэхэмжлэгчээс холбогдох материалуудыг гаргуулах замаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
2.2. Тодруулбал, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах болон барилгын зураг төслийг батлахтай холбоотой Барилгын тухай хууль тогтоомжид заасан тусгай мэдлэг, ур чадвар шаардагдах захиргааны субъектийн хяналт тавих, шалгах үүрэг буюу захиргааны байгууллагын хуулиар олгосон чиг үүргийг шүүх хэрэгжүүлэхгүй тул маргаан бүхий шийдвэрийг гаргахыг хариуцагчид шууд даалгах боломжгүй.
Тиймээс, шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, тус орон сууцыг эзэмшиж, 10 гаруй жилийн хугацаанд амьдарч байгаа иргэдийн эрхийг хөндөхгүй байх, цаашлаад тухайн маргаан бүхий барилга нь хүчин төгөлдөр хууль тогтоомжид заасан стандарт, дүрэм, журмыг хангасан эсэхийг сайтар нягталж үзсэний үндсэн дээр ажлын даалгавар олгох, боловсруулсан зураг төслийг батлах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
2.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ маргаан бүхий газрын эрхийг шалгах, үүнтэй холбоотой хязгаарлалт аливаа байдлаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэх тул шүүхээс тухайн газруудын эрхийг 2024 онд түдгэлзүүлж байсан асуудлаар тухайлан дүгнэлт өгөөгүй, нотлох баримт цуглуулаагүй болно.
Гурав. Тус захиргааны хэрэгтэй хамааралтай бусад үйл баримтын тухайд:
3.1. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэснийг үндэслэн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, улмаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг хасах, өөрчлөх байдлаар тодруулсан.
Тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасагдсан болон өөрчлөгдсөн шаардлагатай холбоотой бусад асуудлаар түүний шүүхээр маргах эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүй болохыг тэмдэглэв. (Жишээлбэл, комисс ажиллуулах, хаяг олгохыг даалгах г.м)
3.2. Нэхэмжлэгч нь 2026 оны дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлж, энэ хүрээнд Нийслэлийн хяналт шалгалтын газарт холбогдох “маргаан бүхий барилгад комисс ажиллуулахыг даалгах, хаяг дугаар олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага хасагдсан.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө “Нийслэлийн мэргэжлийн хяналт шалгалтын газрыг хариуцагчаас хасах хүсэлт гаргаж, хэргийн оролцогчид зөвшөөрсөн” тул шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, хүсэлтийг хүлээн авсан болно.
3.3. Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 5451 дүгээр “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч тус газар нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шинжээчээр ажиллахаас татгалзсан.
Харин Хот байгуулалт, хотын стандартын газрын Барилга, байгууламжийн чанар, стандартын хэлтэс нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 31-нд маргаан бүхий барилгад хэмжилт хийж, Барилгын тухай хууль тогтоомжид заасан стандарт, шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт гаргасан байдаг.
Тус дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус үндэслэн нотлох баримтаар хэргийн оролцогчдоос гаргуулсан тул шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт биш болно.
Иймд нэхэмжлэгчийн энэхүү дүгнэлтийг гаргуулахтай холбоотой нэхэмжлэгчээс гарсан 2,280,352 төгрөгийн төлбөр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.”, гэж, мөн зүйлийн 44.3.1-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс” гэж заасан шүүхийн зардалд хамаарахгүй тул шүүхээс тусгайлан шийдвэрлээгүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.3.4, 1.3.******* дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.8, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн ******* дугаар *******.1 дэх хэсгийг тус тус баримтлан Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 01/ дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хууль бус болохыг тогтоож, Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгох, зураг төслийг батлах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийн дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН