Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/01441

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/01441

 

 

Г.Чимэдханд нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00737 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Чимэдханд, Г.Самбууням, Г.Гончиг, Г.Жигмэд нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Түмэнцэцэг, Г.Лхагвадорж нарт холбогдох

 

Бизнесийн хамтын үйл ажиллагаа эрхэлж байсныг тогтоолгох, үйл ажиллагаанаас олсон дундын хөрөнгөөс нэхэмжлэгч нарт ногдох 288 645 455 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандинцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбартаа:

Б.Ганбаатар, Ц.Мандах нар нь гэр бүлийн хамтын бизнесийг анхлан үүсгэн байгуулсан бөгөөд зохигчдын эцэг эх юм. Б.Ганбаатар, Ц.Мандах нар нь 1974 онд гэр бүл болсон. Энэ бизнесийг анх явуулж эхлэхэд эд хөрөнгө, санхүүгийн хувьд саалийн үнээнээс олсон орлогоос гадна эцэг эхээс өвлөгдөн ирсэн эд хөрөнгө орж байж хоёрдогч түүхий эд боловсруулдаг энэ бизнес эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ бизнесийн үр дүнд олсон ашиг орлого, эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад эд хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн байна. Энэ үйл ажиллагааг эрхлэх явцад 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр том хүү болох Г.Дэмиддорж нь таалал төгссөн. Хамтын бизнес үйл ажиллагаагаар бий болсон 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нээлгэсэн Голомт банкны 4905001218 тоот харилцах дансанд 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, сүүлд ирсэн лавлагаагаар эцсийн байдлаар нийт 274 081 000 төгрөг байна. Мөн Хаан банкны 58909392 тоот дансанд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 124 175 960 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн Хас банкны 5000376544 дугаарын дансанд 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 13 205 630 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хасбанкинд нээлгэсэн 5000375142 дансанд 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 30 000 000 төгрөг байна. Эдгээр дансыг хамтын үйл ажиллагаагаар хуримтлуулсан эд хөрөнгө мөн юм гэж үзэж байгаа. Тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, анхан шатны бэлтгэл ажиллагааг Г.Жигмэд, Г.Самбууням гэсэн бусад дүү нар нь хийж гүйцэтгэж байсан гэдэг үүднээс энэ мөнгөн эд хөрөнгө нь хамтын дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ү-2205019571 бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 4 хороо, 2 дугаар хорооллын төмөр замын 56 дугаар байрны 46 тоот, 18 мкв бүхий 1 өрөө орон сууц байгаа. Үүнд сүүлд үнэлгээ хийлгэхэд 46 897 325 төгрөгөөр үнэлсэн. Энэ эд хөрөнгөөс гадна 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц захиалгын гэрээтэй, гэрчилгээ нь гараагүй байгаа 137 837 700 гэсэн гэрээний үнийн дүнтэй, 245 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 6-А байрны, 59.67 мкв бүхий орон сууц байгаа. Энэ хоёр орон сууцыг уг хадгаламжид байгаа мөнгөн хуримтлалаас буюу хамтын үйл ажиллагааны үр шимээс худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө юм гэж үзэж байгаа. Дээрээс нь Хөвсгөл аймгийн гараж болон контейнер байгаа. Үүнийг уг үр шимээс худалдаж авахаас гадна бас тухайн хамтын бизнест дотор нь мах хадгалах, агуулах байдлаар ашиглаж байсан гэдэг утгаараа эдгээр эд хөрөнгүүд нь хамтын үйл ажиллагааны үр шимээс бий болсон дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн юм гэж үзэж байгаа. Тийм учраас хамтын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсныг тогтоож өгнө үү. Эдгээр хөрөнгөөс нийт 4 нэхэмжлэгч тус бүрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Түмэнцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 577 290 091 төгрөгөөс нэг хүнд ногдох 72 161 363 төгрөг, нийлээд 288 645 455 төгрөг гэсэн байна. Ер нь бол маргаанд дурдагдаад байгаа ихэнх хүмүүс гэр бүл гэсэн шинжийг хадгалж чадахгүй байгаа. Тухайлбал н.Мандах, н.Ганбаатар нар нь тусдаа гэр бүл гэж явж байгаа. Энэ нь оршин суугаа газрын тодорхойлолтоор нотлогдох байх. Харин нас барагч Г.Дэмиддорж болон хариуцагч Н.Түмэнцэцэг нар нь 4 охины хамт амьдардаг байсан тусдаа гэр бүл. Г.Лхагвадоржийн хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа бас тусдаа гэр бүл. Г.Чимэдхандын хувьд Улаанбаатар хотод хүүхдийн хамт тусдаа амьдардаг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзээд байна. Гэр бүлийн гишүүд гэж гэрлэгчид болон тэдгээртэй хамт амьдарч байгаа бусад гишүүд, төрлийн болон садны хүнийг хэлнэ. Манай талаас өгсөн баримтаар 2000 оноос хойш 2013 он хүртэл Г.Дэмиддорж, Н.Түмэнцэцэг нар өөрсдийн төрсөн охид болох Д.Энхжаргал, Д.Жаргалмаа, Д.Азжаргал, Д.Дэлгэржаргал нарын хамт амьдарч байсан нь тогтоогддог. Тийм учраас гэр бүл тусдаа тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн зохицуулалт үйлчлэхгүй. Хэрэв Г.Дэмиддоржийг бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нь гэр бүлийнхэн нь тусалж байсан, хөрөнгө оруулж байсан гэж үзэж байгаа юм бол хөрөнгө оруулсан хэмжээгээ нотлоод шаардлага гаргах эрх байж болох юм гэж үзэж байгаа. Маргаан бүхий эд хөрөнгүүд нь нийтдээ 8 хөрөнгө байгаа. Баянгол дүүрэг, 4 хороо, 2 дугаар хорооллын төмөр замын 56 дугаар байрны 46 тоотод байгаа 1 өрөө орон сууц нь эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлд Г.Дэмиддоржийн гэсэн 1 хүний эд хөрөнгө гэсэн бүртгэлтэй байгаа. Одоо энэ эд хөрөнгө бол Г.Дэмиддоржийн нэр дээр байдаг бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт зааснаар энэ хөрөнгө бол Н.Түмэнцэцэг, нэр бүхий төрсөн 4 охиных нь дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 6-А байрны 137 сая төгрөгийн үнэ бүхий 59 мкв байрны гэрээ нь Г.Дэмиддоржийн нэр дээр хийгдсэн. Энэ хөрөнгийг өөрийн бизнесийн үйл ажиллагаагаар олсон бөгөөд энэ олсон гээд байгаа орлого нь маргалдагч талын дундын эд хөрөнгө гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байгаа. Н.Түмэнцэцэг, Г.Дэмиддорж нар нь 2001 онд албан ёсоор гэрлэсэн бөгөөд энэ байр нь гэрлэснээс хойш бий болсон учраас харин ч 6 хүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа. Яагаад орон сууцны асуудал дээр хамтран өмчлөгчийн асуудлыг яриад байна вэ гэхээр хэрвээ шүүхээс нэхэмжлэгч тал бизнесийн үйл ажиллагааг хамтран эрхэлж байсан учраас энэ хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй гэж дүгнэх юм бол үүний цаана Г.Дэмиддоржийн гэр бүл гэгдэх Н.Түмэнцэцэг, түүний 4 хүүхдийн асуудал яригдах учир энэ 6 хүний дундын эд хөрөнгө гэдгийг онцлон тэмдэглэж байна. Банкинд байгаа хадгаламжийн хувьд мөн л ялгаагүй Г.Дэмиддоржийн нэр дээр байгаа. Г.Дэмиддорж нь энэ хөрөнгийг аав, ээж болон ах дүү нарын хамтын оролцоотойгоор бий болгон олж авсан талаар хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй учраас энэ бол Г.Дэмиддорж болон түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна. н.Ганбаатар нь өөрийнхөө хөрөнгийн эх үүсвэрийг н.Баадай гэдэг аавтайгаа холбож тайлбарладаг. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Ганбаатар нь н.Баадайн хөрөнгийг олж авсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Дараа нь Б.Ганбаатар нь ааваасаа өвлөн авсан болон өөрт байгаа аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоо нас барагч Г.Дэмиддорж гэдэг хүнд бизнесийн үйл ажиллагаа хамтран эрхлэх зорилгоор өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа. Гэхдээ төрөл садны хүмүүсийн хувьд бие биедээ зарим тохиолдолд биеэр болон хөрөнгөөр туслалцаа үзүүлж болно. Тэглээ гээд энэ хөрөнгө бол төрөл садны хамтын бизнес гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрэгт цугларсан олон баримт болон гэрч нар мэдүүлэгтээ 1995 оноос хойш энэ бизнесийг хийсэн, тухайлбал энэ бизнесийг эрхлэхэд нь 1991 онд төрсөн хоёр ихэр хүүхэд жишээ нь тусалж дэмжиж байсан гэж тайлбарласан гэрчийн мэдүүлэгт ихээхэн эргэлзэж байгаа. Учир нь 1995 онд бизнес эрхлэх үед Г.Гончиг болон Г.Жигмэд гэсэн ихрүүд насны хувьд 3-4 настай хүүхдүүд байсан бөгөөд насны хувьд ч гэсэн үүнд оролцоо байсан эсэх талаар анхаарч үзэх ёстой. Мөн гэрчийн этгээдүүд Г.Чимэдхандыг энэ бизнесийн үйл ажиллагааг эрхэлж байсан гэдгийг мэдэхгүй, харин ч эмнэлэгт ажиллаж байсан гэдгийг гэрчлээд байдаг. Ах дүү нар учраас бие биедээ тусалсан асуудал байхыг үгүйсгэхгүй. Харин тусаллаа гээд энэ хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн зохицуулалтаар шийднэ гэдэгт эргэлзэж байна. Эдгээр нь гэр бүлийн гишүүн биш байсан гэдгийг нэхэмжлэгч тал ч өөрөө нэхэмжлэлдээ дурддаг. Хэрэгт цугларсан нийт баримтаар эдгээр хөрөнгө нь Г.Дэмиддоржийн нэр дээр байгаа гэдэг нь тогтоогддог. Хэрэв Г.Дэмиддоржийн хөрөнгө бүгдийнх юм бол нэхэмжлэл гаргаж байгаа хүмүүсийн бүх хөрөнгө Г.Дэмиддоржийн хөрөнгө гэдэг логик гарч ирээд байна. 1989 онд батлагдсан Хүүхдийн эрхийн конвенцид оролцогч улс орнууд, ялангуяа шүүхэд маргаан хянан шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд баримтална гэсэн заалт байгаа. Мөн Гэр бүлийн тухай хууль болон 2006 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн хамгааллын тухай хууль нь энэ зарчимд нийцсэн. Тэгэхээр энэ бүх хөрөнгийн цаана хүүхдийн эрх яригдаж байгаа. Тийм учраас хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ энэ бүхнийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Лхагвадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Эцэг эх Б.Ганбаатар, Ц.Мандах нар нь өөрийн эцэг эхээс өвлүүлэн ирсэн хурдан морь, мал болон эд зүйлсийг худалдан гэр бүлийн бизнесээ анх эхэлж байсан. Тэд 1995 онд өөрийн том хүү Г.Дэмидорж нь цэргээс халагдан ирсэн тул гэр бүлийн бизнесээ удирдан явуулахыг даалгасан бөгөөд Г.Лхагвадорж нь тухайн үед 10 жилийн сургуулиасаа гарч, гэр бүлийн бизнестээ туслах болсон. Г.Лхагвадорж нь Г.Чимэдханд, Г.Гончиг, Г.Жигмэд, Г.Самбууням нарын хамт арьс шир цуглуулах, зөөх, ачих, буулгах, шөнө манаж хонох, хүйтний улиралд хөлдүү арьсыг гэсгээх, дэлгэх, дулааны улиралд муутгахгүйн тулд давсалж дэлгэх, шавьж үргээх, хялгасыг нэг бүрчлэн түүх зэргээр анхан шатны боловсруулалт хийсэн түүхий эд, ноос ноолуурыг Улаанбаатарт аваачиж борлуулах зэрэг үйл ажиллагаанд оролцон өнөөг хүртэл хамтран ажиллаж байлаа. Уг бизнес эхэлсэн үеэс хойш Б.Ганбаатарын гэр бүлийн 8 гишүүн огт хөдөлмөр эрхэлж байгаагүй бөгөөд гагцхүү гэр бүлийн бизнесээс олсон орлогоор амьдарч ирсэн. Тухайн үед хуулийн этгээд байгуулаагүйгээс гэр бүлийн бүх эд хөрөнгө том хүү Г.Дэмиддоржийн нэр дээр бүртгэгдсэн тул уг маргаантай асуудал үүссэн байна. Иймд Б.Ганбаатарын гэр бүл нь гэр бүлийн дундын бизнес эрхэлдэг байсан нь үнэн тул хариуцагч Г.Лхагвадорж нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч нарт ногдох хувийг гарган өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Түмэнцэцэг, Г.Лхагвадорж нарт холбогдуулан гаргасан талийгаач Г.Дэмиддоржтой хамтын аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсныг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь 288 645 455 төгрөг гаргуулах тухай Г.Самбууням, Г.Чимэдханд, Г.Жигмэд, Г.Гончиг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 601 177 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандинцэцэг давж заалдах гомдолдоо:... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Лхагвадоржийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарт /ХХ-ийн 52 дахь тал / нэхэмжлэлийн шаардалгыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх үүнийг авч үзэлгүй дан ганц Н.Түмэнцэцэг гэх хариуцагчтай мэтээр түүнд хамааруулан хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэлгүй цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй хэт нэг талыг баримтлан ганц хариуцагчтай мэтээр түүнд хамруулан хэргийг шийдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-эрдэнэ давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас маш тодорхой харж болно. Уг заалтад Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийг үндэслэн гэж заажээ. Гэтэл 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Гэр бүлийн тухай хуульд 29 дүгээр зүйлийн 29.4 гэсэн зохицуулалт огт байхгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 29.1, 29.2 гэсэн зүйл нь "Эцэг, эх байх эрхийг хязгаарласныг хүчингүй болсон тооцох" талаар зохицуулсан зүйл байна. Мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэмээн шийдвэрлэсэн байна. Хуулийн уг зүйлд "Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ" гэсэн зохицуулалт байх ба харин эсрэгээрээ нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг маш тодорхой зохицуулж өгсөн байна. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй асуудлыг шүүгч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, зарим талаар огт харгалзан үзээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Үүнд: шүүгч хавтаст хэрэгт авагдсан нийт 17 гэрчийн мэдүүлэг, түүн дотороо талийгаач болон нэхэмжлэгч нарын эцэг Б.Ганбаатар, эх Ц.Мандах нарын мэдүүлэг, түүхий эд бэлтгэн нийлүүлэх, энэ чиглэлээр бизнес эрхлэгч нийт 6 байгууллагын тодорхойлолт, талийгаачийн банкинд байрших дансны хуулгаар нотлогдсон нэхэмжлэгч нарын хийж байсан гүйлгээ, хариуцагч Г.Лхагвадоржийн тайлбар зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд голлох ач холбогдол бүхий баримтыг огт үнэлээгүй. Нөгөө талаас хариуцагч Н.Түмэнцэцэг нь маргаан бүхий эд хөрөнгө болон банкны дансанд байх мөнгийг ямар эх үүсвэрээр хэрхэн авснаа огт нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж зохицуулсан байна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлд оролцогчийн хувь хэмжээ оролцооны талаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа нь хуулийн эдгээр зохицуулалтад бүрэн хамаарч байна. Иймд шийдвэр нь хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул дээрх шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Чимэдханд нар нь хариуцагч Н.Түмэнцэцэг, Г.Лхагвадорж нарт холбогдуулан бизнесийн хамтын үйл ажиллагаа эрхэлж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанаас олсон дундын хөрөнгөөс нэхэмжлэгч нарт ногдох 288 645 455 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Түмэнцэцэг эс зөвшөөрөн маргаж, харин хариуцагч Г.Лхагвадорж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэгдүгээр шатны түүхий эд боловсруулах ажлыг Г.Чимэдханд, Г.Самбууням, Г.Гончиг, Г.Жигмэд нар гар бие оролцож хийж гүйцэтгэдэг байсан гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч Г.Лхагвадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан хариу тайлбартаа ... Б.Ганбаатарын гэр бүл нь гэр бүлийн дундын бизнес эрхэлдэг байсан нь үнэн тул хариуцагч Г.Лхагвадорж нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч нарт ногдох хувийг нь гаргаж өгөх нь зүйтэй гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 50 -51 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Г.Лхагвадорж нь талийгаач Г.Дэмиддоржтой Хаан банкны хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигч болох нь тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Түмэнцэцэг, Г.Лхагвадорж нар тус бүрийн шаардлагын хэмжээг тодруулаагүйгээс гадна хариуцагч Г.Лхагвадорж, талийгаач Г.Дэмиддоржтой нарын хамтран эзэмшдэг Голомт банкны 4905002218 дансан дахь мөнгөн хөрөнгийн талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулаагүйгээс талуудыг маргааны үйл баримтын үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийж маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Г.Чимэдхандын төлсөн 1 601 177 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ц.ИЧИНХОРЛОО