| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00740/И |
| Дугаар | 304/ШШ2025/00616 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00616
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б******* аймаг, Х*******-******* сум, ******* ** дүгээр багт оршин суух Б.*******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00740/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б*******мөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Галт овогтой Б*******мөнх нь 2025 оны 05 дугаар сарын 04-нд тугалтай үхэр авна гэсэн зар оруулсны дагуу Б овогтой ******* нь тугалтай үхэр зарна гэж надтай холбогдож мөнгө нь одоо хэрэгтэй байна. Дараа нь манайхаас очоод тугалтай үхэрээ сонгоод аваарай гэсний дагуу ******* гэх хүний данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсний дараа тохирсон цаг хугацаандаа үхэр авах гээд очсон боловч өгөөгүй зуны 3 сар маргаантай явсаны эцэст наймаагаа буцаая мөнгийг миний данс руу хийчих гэж удаа дараа гуйж аргадаж, загнаж үзсэн. Гэвч тэр хүн өгөхгүй чаддаг юм бол аваарай гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б*******мөнх нь хариуцагч Г.*******ад холбогдуулан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Б*******мөнхийн нэхэмжлэлтэй Б.*******ад холбогдох 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 19,475 /арван есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Б.*******аас 19,475 /арван есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА